Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0884

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.М******* /РД:*******/

Хариуцагч: Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.О******* /Төрийн захиргааны удирдлагын газрын Тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн/

Маргааны төрөл: Төрийн албаны маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.М*******аас Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороонд холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2023 оны улирлын урамшууллуудыг нөхөн олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Нэхэмжлэгч Ч.М******* нь Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын ёс зүйн хороонд ....цуг ажилладаг хэлтсийн албан хаагч болох О.Б*******, Г.Ш******* нар нь хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн төрийн жинхэнэ албан хаагч намайг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт үзүүлэх зэрэг үг үйлдлийг удаа дараа гаргаж байна, мөн өөр байгууллагаас шилжин ирсэнд шинэ хуучны ялгаа гаргалаа гэх гомдлыг гаргасан бөгөөд тус байгууллагын Ёс зүйн хорооноос 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноологдсон тогтоолоор ёс зүйн хариуцлага тооцсон байна.

3.Нэхэмжлэгч Ч.М******* Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан ба 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс ....Ёс зүйн хорооны тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг танд зөвлөе гэжээ. Уг хариуг нэхэмжлэгч Ч.М*******д 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардуулсан шуудангийн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч Ч.М******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Ч.М******* миний бие 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын ёс зүйн хороонд ... цуг ажилладаг хэлтсийн хоёр албан хаагч болох О.Б*******, Г.Ш******* нар нь хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн төрийн жинхэнэ албан хаагч намайг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт үзүүлэх зэрэг үг үйлдлийг удаа дараа гаргаж байна, мөн өөр байгууллагаас шилжин ирсэнд шинэ хуучны ялгаа гаргалаа гэх гомдлыг гаргасанд тус байгууллагын Ёс зүйн хорооноос 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноологдсон тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардан авч уг шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсанд, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс ... Ёс зүйн хорооны тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг танд зөвлөе гэсний дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороо нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг гаргахдаа Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.1.а.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах, 3.1.3.б.албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх, 3.1.4.д.албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих (Энэ дэд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн) 3.1.7.б.хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэхэд тус тус заасныг үндэслэн уг дүрмийн 4.2.2-т заасны дагуу мэргэжилтэн Ч.М******* надад сануулах ёс зүйн хариуцлага оногдуулжээ.

Тус тогтоолын үндэслэлд ... Ч.М******* нь чи бөгсөө худалдаж явдаг янхан биз дээ тогтоогдож байгаа ..., хөндлөнгийн гэрч нарын тайлбар, мэдээллээр батлагдаж байх тул ... ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ ... гэжээ. Би ийм гомдол гаргаагүй байхад хэний гаргасан гомдлын дагуу ийм шийдвэр гарж байгаа болоод хөндлөнгийн гэрчээр хэн хэнийг асуусан, тэдгээр гэрчийн хэнээс нь ямар тайлбар гаргасныг яаж үнэлсэн нь туйлын тодорхойгүй байдлыг үндэслэж, намайг хэлмэгдүүлэн шийдвэр гаргасан нь үнэнээс хол зөржээ.

Энэ Ёс зүйн хорооны 1 тоот тогтоол гарах болсон үндэслэл нь миний гаргасан гомдлоор үүссэн бөгөөд хэн ч надад хамаатуулан гомдол гаргаагүй байхад гомдол гаргасны минь төлөө надад буюу өөрт минь ёс зүйн хариуцлага тооцож байгаа нь хууль болоод журамд нийцэхгүй байна. Харин ч ахлах мэргэжилтэн О.Б*******г улам бүр давруулж, улмаар 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр цайны цагаар ажлын байран дээр буюу тус хорооны 309 тоот өрөөнд үзмэрч, хараал хийдэг хүн дуудан ирүүлж өрөөнд үзэж хардаг үйл ажиллагаагаа хийлгэсэн бөгөөд энэ талаар Ёс зүйн хороо үнэн зөвөөр шийдвэрлэхгүй нь нэгэнт тодорхой болсон тул төрийн албаны зөвлөлд хэд хэдэн асуудлыг хамтатган хандсан боловч манайх энэ талаарх асуудал шийдвэрлэдэггүй гэж хариу өгсөн. Үзмэрчийн асуудал болсноос хойш миний төрсөн дүүгийн орон гэр юу ч үлдэлгүй шатсан бөгөөд энэ мэт далд ертөнцийн байдал цаашид үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй юм. Мөн 21 аймаг, 9 дүүргийн харьяа газрын дарга нарын зүгээс О.Б*******гийн явуулгаар үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй албан ажилтай холбоотой гүтгэлгийг удаа дараа үзүүлсээр байгаа бөгөөд цаашид тус ажлыг хийхэд туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байгаа болно.

Мөн маргаан бүхий тогтоолыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч надад 2023 оны 1 дүгээр улирлын үндсэн цалингийн 40 хувийн урамшууллыг Ёс зүйн хорооны 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1 тоот тогтоолыг үндэслэн олгоогүй бөгөөд хүний нөөцийн мэргэжилтнээс тодруулахад ... 2023 оныг дуустал ямар ч урамшуулал олгохгүй болоод төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц сургалтад хамруулах боломжгүй гэж мэдэгдсэн тул миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, сөрөг үр дагаврыг бий болгоод байна.

Иймд Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1 тоот тогтоолын Ч.М******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4.1.Нэхэмжлэгч Ч.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Тус шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороонд 2022 оны 05 дугаар сард Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шилжиж ажилласан. Биеийн тамир, спортын хорооны хяналт шалгалт шинжилгээний, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнээр өрөөндөө гурвуулаа суудаг байсан. Нөгөө хоёр албан хаагч маань шинэ хуучны ялгаа гаргаад ёс зүйн хувьд удаа дараа зөрчил гаргасан. Тухайн нэг хоёр үйлдлийг нь өнгөрөөгөөд асуудлаа шийдэх гэж хэлтсийн даргадаа хүртэл мэдэгдсэн. Тэгтэл тоохгүй байсан. Байгууллагынхаа ёс зүйн зөвлөлд 2022 оны 12 дугаар сарын 14-д гомдол гаргасан. Ямар ёс зүйн асуудал байсан бэ? гэхээр ахлах О.Б******* нарийн бичгийн албан тушаалтай хүн юм зөөгөөд байдаг гэж ойлгодог байсан. Нэг шүүгчийн бичээчийг 10 жил хийж үзсэн чи нэг хүндээ үнэнч хүн юм байна. Чи бол миний хэлсэн юмыг л хий, миний нүүрний порлоныг нойл ороод базаад ир гэх мэтчилэн харилцааны хүнд үг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороонд үнэн учраа хэлсэн тэгтэл ерөөсөө ойлгодоггүй байсан. Нэг өдөр агентлагийн дарга манай өрөөний хүмүүсийг дуудаад сахилгын шийтгэл оногдуулж байна гэсэн. Сахилгын шийтгэлд хэлмэгдчихлээ гээд гомдол гаргахад сахилгын шийтгэл хүлээлгээгүй гэсэн байдлаар хүнээр тоглоом хийсэн. Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороо бол процессын дагуу ажлаа хийгээгүй. Миний гаргасан гомдлыг хүлээн аваад гишүүндээ хуваарилаад журмын дагуу ажлаа хийгээгүй. 2022 оны 12 дугаар сарын 14-д өгсөн гомдлыг 02 дугаар сарын 15-ны өдөр надад тогтоол гардуулсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ёс зүйн хороо ажиллагаа хийсэн баримт нэг ч ирүүлээгүй. Миний хувийн хэргийн татаад өгсөн байсан. О.Б*******, Г.Ш******* хоёр надад хандсан байдлаар Ёс зүйн гомдол гаргасан байсан. Хэрэгт авагдсан баримтыг надад танилцуулж байгаагүй. Ёс зүйн хороо миний гомдлыг хүлээн аваад манай өрөөний хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авсан зүйл ерөөсөө байхгүй. Ч.М*******д гомдол гаргасан байна гээд арга хэмжээ авсан. Тухайн үед надад хэцүү мэдрэмж төрж байсан одоо бүх зүйл ард хоцорсон байна. О.Б*******, Г.Ш******* нар Ч.М*******д холбогдуулаад гомдол гаргасан баримт хэрэгт авагдсан. Уг баримтыг надад танилцуулсан бол би тухайн үед нь нотлох баримт гаргаад, няцаасан байдлаар хариу тайлбар өгөх байсан. Үнэхээр миний буруутай ёс зүйн зөрчил байсан бол уучлалт гуйгаад явах байсан. Уг гомдол надад хамааруулаагүй гомдол байгаа. Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

5.Хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны ёс зүйн зөвлөлөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.М*******ы тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 14-ны дараа нэхэмжлэлтэй танилцан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Ч.М*******ы нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг зөрчсөн, 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна.

Хариуцагч Ч.М*******д Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1а, 3.1.3б, 3.1.4д, 3.1.7б-д тус тус заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь холбогдогч этгээдийн бичгээр ирүүлсэн тайлбар, албан хаагч О.Б*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Ёс зүйн хороонд бичгээр гаргасан гомдлоор тус тус нотлогдсон тул тус дүрмийн 4.2.2-т заасан сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн "Ёс зүйн хороо"-ны 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, 2023 оны улирлын урамшууллыг нөхөн олгуулах тухайд Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-д ажлын байранд ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгох зохицуулалттай тул "Ёс зүйн хороо"-ны 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор ёс зүйн хариуцлага хүлээсэн хариуцагч Ч.М*******д 2023 оны 1 дүгээр улирлын мөнгөн урамшуулал олгох үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ч.М*******ы тус шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 14- ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэх болгож өгнө үү гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Биеийн тамир, спортын хорооны хяналт шалгалт шинжилгээний, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Ч.М*******, болон Биеийн тамир, спортын хорооны хяналт шалгалт шинжилгээний, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Б*******, Биеийн тамир, спортын хорооны хяналт шалгалт шинжилгээний, үнэлгээ дотоод аудитор Г.Ш******* нарт Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооноос 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор, Төрийн захиргааны болон, үйлчилгээний албан хаагчийг ёс зүйн дүрмийг удирдлага болгоод уг 3 албан хаагчид сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Нэхэмжлэгч Ч.М*******д 2019 оны Засгийн газрын төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1-ийн А, Б 3.1.4-ийн Б, 3.4.7.1-ийг тус тус ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзээд сахилгын шийтгэл оногдуулсан. Ёс зүйн хорооны тэмдэглэл, тогтоол хэрэгт авагдсан байгаа. Ёс зүйн хорооны журамд хөдөлмөрийн дотоод журам. Засгийн газраас төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан дүрмээ баримтлаад тухайн албан хаагч нарт сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулсан үйлдлээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.М*******аас Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороонд холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2023 оны 1, 2, 3 дугаар улирлын[1] урамшууллуудыг нөхөн олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотолсон баримтаа, хариуцагчаас нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолсон баримтуудаа тус тус ирүүлсэн бөгөөд хариуцагч байгууллагад байхгүй гэх баримтыг шүүх шаардан гаргуулах боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж зааснаар хэрэг маргааныг хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгчээс Энэ Ёс зүйн хорооны 1 тоот тогтоол гарах болсон үндэслэл нь миний гаргасан гомдлоор үүссэн бөгөөд хэн ч надад хамаатуулан гомдол гаргаагүй байхад гомдол гаргасны минь төлөө надад буюу өөрт минь ёс зүйн хариуцлага тооцож байгаа нь хууль болоод журамд нийцэхгүй байна.

... Миний гаргасан гомдлыг хүлээн аваад гишүүндээ хуваарилаад журмын дагуу ажлаа хийгээгүй. 2022 оны 12 дугаар сарын 14-д өгсөн гомдлыг 02 дугаар сарын 15-ны өдөр надад тогтоол гардуулсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ёс зүйн хороо ажиллагаа хийсэн баримт нэг ч ирүүлээгүй. Миний хувийн хэргийн татаад өгсөн байсан. О.Б*******, Г.Ш******* хоёр надад хандсан байдлаар Ёс зүйн гомдол гаргасан байсан. Хэрэгт авагдсан баримтыг надад танилцуулж байгаагүй. Ёс зүйн хороо миний гомдлыг хүлээн аваад манай өрөөний хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авсан зүйл ерөөсөө байхгүй. Ч.М*******д гомдол гаргасан байна гээд арга хэмжээ авсан. Тухайн үед надад хэцүү мэдрэмж төрж байсан одоо бүх зүйл ард хоцорсон байна. О.Б*******, Г.Ш******* нар Ч.М*******д холбогдуулаад гомдол гаргасан баримт хэрэгт авагдсан. Уг баримтыг надад танилцуулсан бол би тухайн үед нь нотлох баримт гаргаад, няцаасан байдлаар хариу тайлбар өгөх байсан. Үнэхээр миний буруутай ёс зүйн зөрчил байсан бол уучлалт гуйгаад явах байсан. Уг гомдол надад хамааруулаагүй гомдол байгаа. хэмээн тайлбарлан маргаж байна.

3.1.Харин хариуцагчаас ... Нэхэмжлэгч Ч.М*******ы нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг зөрчсөн, 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна.

Хариуцагч Ч.М*******д Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1а, 3.1.3б, 3.1.4д, 3.1.7б-д тус тус заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь холбогдогч этгээдийн бичгээр ирүүлсэн тайлбар, албан хаагч О.Б*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Ёс зүйн хороонд бичгээр гаргасан гомдлоор тус тус нотлогдсон тул тус дүрмийн 4.2.2-т заасан сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн "Ёс зүйн хороо"-ны 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэл бүхий байна. гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4.Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Нэхэмжлэгчийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй 01 тоот тогтоолыг гомдол гаргагч Ч.М*******ы Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Б*******, мэргэжилтэн Г.Ш******* нар нь хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн төрийн албан хаагч намайг хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, дарамт үзүүлэх зэрэг ёс зүйгүй үйлдэл үг үйлдлийг удаа дараа гаргаж, Үндсэн хууль Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэх утга бүхий гомдол, мэдээлэлд үндэслэн ёс зүйн хорооноос тайлбар, мэдээлэл авах ажиллагаа явуулаад ирүүлсэн тайлбар, холбогдох баримт материалын талаар гишүүн Ц.Батцайзын илтгэснээр хянан хэлэлцэж гаргасан байна. /Хэргийн 55 дахь тал/

4.2.Маргаан бүхий тогтоолын Үндэслэх хэсэгт Ч.М*******ы гомдол, Г.Ш*******ын тайлбар, ахлах мэргэжилтэн О.Б*******гийн тайлбар, гомдол байх боловч Ч.М*******д холбогдуулан гаргасан гомдлыг түүнд танилцуулж, тайлбар аваагүй байна. Мөн хэсэгт дээр дурдсан албан хаагчдын гаргасан гэх зөрчил нь ... бусад баримтаар тогтоогдож байгаа, хөндлөнгийн гэрч нарын тайлбар, мэдээллээр батлагдаж байгаа ... гэж дурдсан атал тухайн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад дурдсан баримт буюу дуу бичлэг байхгүй талаар тайлбарласан.

5.Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. [2] гэж, уг хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дүрэм батлах тухай 33 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг хавсралт ёсоор баталсан байх ба уг дүрмийн 5.1.Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно. гээд ямар журмаар шалгалт явуулах талаар мөн дүрмийн 5.2 дугаар зүйлд тодорхой журамлажээ.

5.1.Түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг, хоёрдугаар хавсралтаар Ёс зүйн хорооны дүрмийг тус тус баталсан байна.

5.2.Уг дүрмийн 7.6-д гомдлыг хүлээн авсан гишүүний хэрэгжүүлэх ажиллагааг нэг бүрчлэн дурдсан байх ба ёс зүйн хороо шийдвэр гаргахдаа дараах байдлаар дүрмийн заалтыг мөрдөөгүй болох нь хэрэгт авагдсан ёс зүйн хорооны тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

5.3.Тухайлбал, дүрмийн 7.6.1.... гомдлын хувийг албан хаагчид гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоног дотор хүргүүлнэ. Албан хаагч тайлбараа 7 хоног дотор Ёс зүйн хороонд ирүүлнэ. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй бол гомдлын үндэслэлийг албан хаагчаас хүлээн зөвшөөрсөнд тооцно., 7.9.Ёс зүйн хорооны гишүүн энэ журмын 3.1.3-3.1.6-д заасан ажиллагааг явуулж, нөхцөл байдлыг шинжлэн судалж, шалгалт хийнэ. гэж заасан атал нэхэмжлэгч Ч.М*******аас ахлах мэргэжилтэн О.Б*******гийн гомдолтой холбогдуулан тайлбар аваагүй, ёс зүйн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг зохих журмын дагуу шалгаагүй байна.

5.4.Мөн дүрмийн аравдугаар зүйлд заасан оролцогчдын эрх, үүргийг нэхэмжлэгчид эдлүүлээгүй, арван нэгдүгээр зүйлд заасанчлан ёс зүйн хорооны шийдвэр гаргах ажиллагааг тогтоосон журмын дагуу явуулаагүй, тодруулбал 11.11.Ёс зүйн хорооны тогтоол нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна., 11.11.2.тодорхойлох хэсэгт гомдлын утга, албан хаагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шалгалтын танилцуулга зэргийг тусгана., 11.13.Тогтоолыг хуралдаан болсноос хойш 7 хоногийн дотор албажуулж гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга дарна ... , 11.14.... тэмдэглэлд хуралдаан даргалагч болон тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж, тэмдэг дарна. гэж тус тус заасныг зөрчиж маргаан бүхий тогтоолд гэрчийн мэдүүлгийг тусгаагүй(гэрчээс мэдүүлэг авсан гэх атлаа), тэмдэглэлд тэмдэг, тогтоолд тамга дараагүй, албажуулаагүй нь дүрмийн дээрх заалтад тус тус нийцээгүй байна.

5.5.Хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлах боловч дүрмийн 12.2.Албан хаагч болон гомдол гаргагчид Ёс зүйн хорооны тогтоолыг мэдэгдсэн тухай баримт үйлдэж, материалд хавсаргах бөгөөд энэ нь гомдол гаргах эрх бүхий этгээдүүдийн хугацаа тоолох үндэслэл болно. гэж зааснаар тогтоолыг мэдэгдсэн, гардуулсан талаарх баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч Ч.М******* нь маргаан бүхий 01 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт Зөрчилд холбогдогч тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлд бичгээр гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. гэсний дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/318 дугаартай хариу албан бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан болох нь шуудангийн зүүн доод булан дахь магадалгаа хэсэгт дарагдсан дардсаар тогтоогдож байна. Улмаар мөн оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байсан тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг маргааныг хэлэлцээд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.М*******ыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хууль тогтоомжид нийцүүлэн шалгаагүй, түүний гаргасан гэх зөрчил тогтоогдоогүй байхад Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэснийг зөв гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

6.2023 оны 1, 2, 3 дугаар улирлын урамшууллуудыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.... бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна:51.1.4.улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох, 52 дугаар зүйлийн 52.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ., 55 дугаар зүйлийн 55.2.Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална. гэж тус тус заасан.

6.2.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ыг баталсан бөгөөд уг журмын 2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно., 2.3.Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана. гэж тус тус журамлан зохицуулсан байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д дурдсанчлан сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийн нэхэмжлэгч Ч.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор урамшуулал олгохгүй байх үндэслэл арилж байх тул 2023 оны 1, 2, 3 дугаар улирлын урамшууллуудыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч Ч.М*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 52 дугаар зүйлийн 52.2, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.М*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Биеийн тамир спортын улсын хорооны Ёс зүйн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын Ч.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2023 оны 1, 2, 3 дугаар улирлын урамшууллуудыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРАНГУА