Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Н.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харнууд овогт Н-гийн О-т холбогдох 17160013600063 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ........... сумын харьяат, Говь-Алтай аймгийн ........... сумын 2-р баг, Хүрэн гол багт оршин суудаг, 1997 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Харнууд овогт Н-ийн О  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.О  нь 2017 оны 11 сарын 04 өдөр 1 нас 08 сартай хүү О.А-ынхаа зүүн хацрыг тогоотой халуун шөлөөр түлж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Ц-г байнга зодсон гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн өдрийн өглөө би хонинд явсан. Хонинд яваад ирэхэд эхнэр аав, ээж рүүгээ утсаар намайг дарамталаад байна, ирээд аваатах гээд ярьчихсан байсан. Орой нь хоол болж байх үеэр хадам аав, ээж хоёр ирсэн. Би тогоотой хоолоо өшиглөөд хүүгээ шөлөөр түлчихсэн. Өөр хэлэх юм байхгүй... Ой, 8 сартай... 2017 оны 07 сарын 10-нд хуримаа хийсэн... Хааяа маргалдаж зоддог... Гэмшиж байна... Би хүүхдээ тэгж их түлсэнээ мэдээгүй, энд ирж зургийг нь хараад мэдсэн... Би сорвины тос авч өгсөн... 2-3 удаа цохисон... Толгой руу нь цохисон... Гараараа цохисон... Хадам ээж бидний амьдралд оролцоод байдаг... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Ц-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай нөхөр 2017 оны 11 сарын 04-ны өдөр чи яасан их нулимстай юм гээд гараа атгаж байгаад толгой руу 3 удаа цохисон, маргааш нь би сүлжээнд гараад ээж аавыг дуудаад намайг ирж ав гэж хэлсэн. Аав ээж 21 цагийн үед ирсэн. Тэгээд аав за юу болоод байна гэхэд та нар яасан хүн ойлгодоггүй пизданууд бэ гээд зуухан дээр байсан тогоотой шөлөө өшиглөөд хүү бид хоёрыг түлсэн. Бид хоёр 2017 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүл болоод гэрлэлтээ 10 сарын дундуур батлуулсан юм. Гэрлээд 1 сар болж байсан байх 08 сарын дундуур цохиж авсан юм. Тэр үед Жу , Мө  хоёр орж ирээд юу болоод байгаа юм боль гээд болисон юм. Дараа нь 09 сарын үед манай нөхөр хониндоо явах гээд би хоол халааж байхад манай хүү 01 нас 08 сартай юм учир мэдэхгүй тогоотой халуун хоолруу дайраад байхаар нь боль гээд загнасан чинь хүү загналаа гээд уурлаад тэрнээс болоод хэрүүл болж намайг 2 удаа боож унагаагаад юу ч болоогүй юм шиг инээгээд тохуурхаад байсан. Дараа нь сая очиход толгойруу 3 удаа цохиод миний толгой хөдөлсөн байсан. Сумын эмч Эрдэнэбаатараар 2 бариулаад гайгүй болсон. Нийт 3 удаа зодсон тэгээд намайг ална, зайл гээд хөөгөөд байдаг юм...” гэх мэдүүлэг/хх 18-19-рт/,

Гэрч Р.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 09-ны өдөр Ц  хүүгээ тэврээд манай ажлын өрөөнд орж ирээд үзүүлэх гэсэн юм гэхээр нь үзэхэд хүүхэд А-ын зүүн шанаа нь түлэгдсэн, Ц-гийн баруун шанаа нь түлэгдсэн толгой нь хөдөлсөн байсан. Өөр гэмтэл илрээгүй. Би 2 удаа толгойг нь барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 22-рт/,

Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 05-ны өдрийн 17 цагийн үед охин Ц  залгаад зурагт засуулсан уу гэж их сандарч байхаар нь яасан талаар асуухад би энд байхад их хэцүү байна та нар ирж ав гэж хэлээд сүлжээ тасарсан. Тэгээд эргээд залгаад болохгүй байсан. Нөхөртөө хэлээд хүн гуйгаад яваад очтол охин хоолоо хийж байсан, хүргэн малдаа яваад ирсэн байсан. Бид нарыг очиход орой 21 цаг өнгөрч байсан, цай уугаад идээ идээд за юу болоод байна О  минь гэхэд та нар намайг яасан дарамталж ханадаггүй юм, би аавгүй хүний ганц хүү гэх зэргээр хэлээд зуухаа өшиглөөд тогоотой шөлөөр хүү охин хоёрыг түлсэн. Дахин өшиглөж баганаа өшиглөөд хоймор байсан зурагтаа баруун тийш цохиж унагаад авдараа аваад шидсэн. Тэгээд гэрэл унтарсан. Манай нөхөр гар чийдэн асаасан хамт явсан жолооч Б  О  ахын дүү юу болж байна ингэж болохгүй гээд тэврээд авсан. Тэгтэл та нарыг ална, гэр орныг чинь шатаана гэж авирлаад байсан. Аргалж үлдээгээд хүүгээ охиныхоо хамт аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 23-рт/,

Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хүргэн О-ынд ороод цай идээ болоод за хүүхдүүд минь юу болоод байна гэхэд манай хүргэн босож ирээд тогоотой хоолоо өшиглөөд хүү, эхнэр хоёрынхоо толгой нүүрийг түлээд охин хүү хоёр гараад явсан. Жолооч Б  О-г тэвэрч аваад одоо боль гэхэд гэрээ шатаана гээд авдар зурагтаа авч шидээд боль гээд овоо тайвшраад юм ярьж байгаад эхнэр хүүхэд хоёроо түлсэн байдлыг нь харуулаад эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 24-рт/,

Гэрч М.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 10 сарын сүүлээр манай дүү Ц , хүү А , нөхөр О  нар ирээд гэрлэлтээ батлуулах юм гэж байсан. Хоноод явна гэж байсан юм. Тэгээд тэд нар ажлаа амжуулаад орой 18 цаг өнгөрч байхаар нь би хоол хийх гээд байж байхад О  одоо явна гэхээр нь хоол хийж өгөөд хоноод яв гэхэд өө лай пиздаа одоо явна гээд гараад явсан. Эхнэр хүүхэд нь хувцасаа өмсөөд гарахад хаяад явсан байсан. Би хэд хоногоос хүргэж өгнө гэж дүүд хэлээд үлдсэн хүүхдийн амралт дөхөж байсан юм. Тэгээд хөдөөнөөс унаа ирэх байлгүй гэж бодоод үлдээсэн юм. 7 хоноод Ц  замын унаа олоод ойр зуурын юм аваад гэррүүгээ явсан. Хэд хоног байснаа ээжтэй Ц  утсаар холбогдоод намайг дарамтлаад зодоод байна гээд утсаар аав ээж рүү яриад тэр хоёр авч ирсэн. Эхнэр хүү хоёрыгоо түлээд аймаар болгосон байсан. Манай дүүг байнга дарамталж зоддог, дээрэлхдэг гэсэн, чамайг алаад хаясан байхад ээж аав чинь энэ газрыг хайгаад олохгүй гэж хэлсэн байсан. Гэрлэснээс хойш 3 удаа зодсон гэсэн. Бас боож унагасан гэсэн. Толгой тархи нь хөдөлсөн байсныг сумын эмчид үзүүлж, 2 удаа бариулсан...” гэх мэдүүлэг/хх 27-рт/,

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын дундуур байх тэднийх намаржаандаа буусан байсан үед дүү М  бид хоёр мал хайгаад тэднийд очсон. Тэгэхэд Н.О  эхнэр М.Ц  хоёр муудалцаад байсан. Эхнэрээ энгэрээс нь барьж авсан байсан. Тэгээд би салгасан юм...” гэх мэдүүлэг/хх 29-рт/,

Шүүгдэгч Н.О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...хадам аав М , хадам ээж Б нар манайд ирээд та хоёр болж бүтэхгүй байгаа бол би хүүхдээ авч явна гэхээр нь би уурлаад зуухан дээр байсан тогоотой шөлийг санамсаргүй өшиглөсөн. Тэгэхэд миний өшиглөсөн шөл үсрээд эхнэр хүүхэд хоёрыг түлсэн. Тэгэхдээ манай хүүхэд бүр илүү түлэгдсэн байсан. Юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан би малд явахаасаа өмнө өөрийн эхнэр М.Ц-тай маргалдаж түүний нүүрэнд нь нэг удаа гараараа цохичихоод хониндоо явсан…Хурим хийсний дараа эхнэртэйгээ маргалдаж муудалцаад түүнийг нэг удаа цохиж байсан. 2017 оны 08 сарын дундуур эхнэр Ц-гийн толгой дундуур нь бас нэг удаа цохиж байснаа санаж байна. Юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна...Миний уур хүрээд тогоотой шөлийг эхнэр хүүхэд рүү өшиглөсөн...Өмнө нь би эхнэрээ цохиж зодож байхдаа дандаа ганцаараа байдаг байсан. Харин нэг удаа цохиж зодож байхад Жу , Мө  хоёр орж ирээд намайг салгасан юм. Харин намайг тогоотой шөл өшиглөж байхад манай хадам аав, хадам ээж хоёр болон түүнтэй хамт явсан жолооч хамт байсан юм...” гэх мэдүүлэг/хх 42-43-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/х Д.Д-гийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №369 “...1.Иргэн Ц-гийн биед баруун шанаанд бор өнгийн сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 31-32-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/х Д.Д-гийн  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №368 “...1.Иргэн А-ын биед зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 36-37-рт/,

Аюулын зэргийн “...дунд...” гэх үнэлгээний маягт/хх 09-10-рт/,

Гэрэл зургийн үзүүлэлт/хх 11-рт/,

Гэрлэлтийн гэрчилгээ “...Н  овогтой О , М  овогтой Ц  нар нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 8231000010-рт бүртгэж гэрчилгээ олгов...” /хх 13-рт/,

О.А-ын төрсний гэрчилгээний хуулбар/хх 14-рт/,

Тодорхойлолт/хх 35-рт/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хх-18-19-р хуудсанд хохирогч М.Ц-гийн мэдүүлэг, хх-22-р хуудсанд гэрч Э-ын мэдүүлэг, хх-32-р хуудсанд шинжээчийн 369 дугаартай дүгнэлт, хх-29-р хуудсанд Б-гийн мэдүүлэг, хх-42-43-р хуудсанд яллагдагч Н.О-ын мэдүүлэг, хохирогч М.Ц-гийн мэдүүлэг, хх-9-10-р хуудсанд аюулын зэргийн үнэлгээ, хх-11-р хуудсанд фото зураг, хх-13-р хуудсанд гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү О.А-ын төрсний гэрчилгээний хуулбар, хүү О.А-ын шинжилгээний дүгнэлт  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.О  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.О  нь эхнэр М.Ц-тай  2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үл ойлголцож харилцан маргалдсаны улмаас зуухан дээр байсан халуун тогоотой шөлөө өшиглөсөн бөгөөд улмаар 1 нас 08 сартай хүү О.А-ынхаа зүүн хацрыг түлж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр М.Ц-г байнга зодсон гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/х Д.Д-гийн  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №368 актаар О.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдож байх тул уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эхнэр М.Ц-г  байнга буюу 3 удаа зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүдээр нотлогдож байх тул уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Н.О-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Хохирогч М.Ц  нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардалд 1000000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй байх тул шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.О-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, уур омогтой зан төлөв нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Н.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурор 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Н.О-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Н.О  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 75-рт/ байх тул шүүхээс прокурорын болон шүүгдэгчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг нэг хоногийн хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.О-ын жинхэнэ эдлэх ялыг 08 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харнууд овогт Н-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.О-ын жинхэнэ эдлэх ялыг 08 сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.О-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хохирогч М.Ц  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА