Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0831

 

 

 

 
2017 оны 11 сарын 28 өдөр     Дугаар 221/МА2017/0831             Улаанбаатар хот


С.Б, Б.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.Б, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Б.Л, гуравдагч этгээд Ж.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, Б.Б-с Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Р.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалаар “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Э А С Э Ж Э” ГХОХХК гэснийг “Э А С Э Ж Э” ХХК гэж, “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, захирлаар С.Б-ийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.С-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “С.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Ч нар давж заалдах гомдол гаргаж байна.
Дээрх шүүхийн шийдвэрээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, Б.Б-с Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий бүртгэгч Р.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-ийн 2016 оны 12-р сарын 28-ны өдөр гаргасан А/427 дугаар тушаалаар “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Э А С Э Ж Э” ГХОХХК гэснийг “Э А С Э Ж Э” ХХК гэж, “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, захирлаар С.Б-ийг тус тус бүртгэхийг хариуцагч Р.С-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.
1. “Э А С Э Ж Э” нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бүртгэл хийгдэхээс өмнө гадаадын хөрөнгө оруулалттай ХХК байсан. Тус компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ зэрэг баримт бичгүүд компанийн гүйцэтгэх захирал Ж.Т-д байсан болох нь Ж.Т-н тайлбар болон улсын бүртгэлийн байгууллагад гаргаж байсан албан бичгүүдээр нотлогддог. Гэтэл нэгэнт хүчин төгөлдөр бүхий тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн компанийн гүйцэтгэх захирал гэх хүнд байсан төдийгүй тухайн хүн нь түүнийгээ мэдэгдсээр байтал, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль журмын дагуу тухай тамга, тэмдэг, гэрчилгээгээ гаргуулан авах үйл ажиллагаа явуулахгүйгээр “хаяж гээгдүүлсэн” гэх хуурамч үндэслэл зохион улсын бүртгэлийн байгууллагад дахин хандаж, төөрөгдүүлэн тамга тэмдгээ хууль бусаар гаргуулан авсан. Өөрөөр хэлбэл “Э А С Э Ж Э” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр дахин олгосон үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүх хувьцаа иргэн С.Б, Б.Б нарт шилжихээс өмнө Австрали улсын “М Р к л” компанийн мэдэлд байсан. Тус компанийн зүгээс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүх хувьцааг иргэн С.Б, Б.Б нар худалдан авсан бөгөөд ийнхүү худалдан авсан гэрээний дагуу Монгол улсад бүртгэл хийлгэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Ийнхүү хандахын өмнө иргэн С.Б, Б.Б нар нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нэрээр өөрсдөө хурал хийж, уг хурлаасаа шийдвэр гарган уг шийдвэрүүдийнхээ дагуу улсын бүртгэл хийлгэжээ. Гэтэл Компанийн тухай Монгол улсын хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нэгэнт байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааг худалдан авч байгаа этгээдүүд эхлээд улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэсний дараа хуралдаанаа хийж шийдвэрээ гаргах бөгөөд өмнөх хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хүчин төгөлдөр байгаа учраас бүртгэгдээгүй этгээдүүд хувьцаа эзэмшигчийн хувьд шийдвэр гаргах боломжгүй юм. Тиймээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасан “эрх шилжүүлж байгаа үүсгэн байгуулагчийн шийдвэр” хуулийн шаардлага хангаагүй байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийсэн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаараа “2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр буюу “Э А С Э Ж Э” ХХК-ийн эрх С.Б, Б.Б нарт шилжсэнд тооцсугай” гэсэн шийдвэрийг гаргажээ. Компанийн тухай Монгол улсын хуулийн 62 дугаар зүйлд Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд уг бүрэн эрхүүдийн алинд нь ч шинээр хувьцаа эзэмшигч болох гэж байгаа бүртгэгдээгүй этгээдүүд өөрсдөдөө бүрэн эрх олгох шийдвэр гаргах эрхийг өгөөгүй байна. Нэгэнт С.Б, Б.Б нар эрх үүсээгүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан учраас тухайн хурлаар гаргасан бүх шийдвэр, түүнд үндэслэж хийсэн бүртгэл хүчин төгөлдөр бус болох учиртай.
3. Шүүхийн шийдвэрийн 15 дугаар талд “... Шинээр компани байгуулж бүртгүүлэхээр бүрдүүлсэн баримт бичгүүдэд … дугаартай тэмдгийг дарсан нь бүртгэл хийгдэж дууссаны дараа үйлдэгдсэн болох нь шинээр байгуулсан компанийн тэмдгийг үүсгэн байгуулсан бичиг баримтад нөхөн даруулдаг тогтсон жишгийн дагуу С.Б-г шаардаж дээрх үйлдлийг ...” хэмээн тодотгон үндэслэх хэсэгтээ дурдсан байх бөгөөд шүүх болон захиргааны байгууллага нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрэм журмуудыг баримтлан ажиллах ёстой болохоос жишиг тогтоох тухай ойлголт байж болохгүй төдийгүй, бүртгэл хийгдсэний дараа хийлгэсэн тэмдгээ нөхөж дарсан нь өөрөө хууль бус үйлдэл юм.
4. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагалдах бичиг баримтуудад Монгол улсын иргэн З.П гэгчид хувьцааны шилжилтийг бүртгүүлэхэд шаардлагатай бүрэн эрхийг итгэмжлэлээр өгсөн боловч уг этгээдэд олгосон итгэмжлэл огт хэрэглэгдээгүй байна.
Хоёр. “Э А С Э Ж Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ” нь бүртгэл хийлгэх шаардлага хангахгүй, хуульд заасан шаардлага хангахгүй гэрээ байсан. “М Р к л” компани өөрийн 100 хувийн эзэмшлийн “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүх хувьцааг Монгол улсын иргэд болох С.Б, Б.Б нарт худалдан борлуулах агуулга бүхий гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүх хувьцааг Монгол улсын иргэн С.Б, Б.Б нар авсан. Гэтэл гэрээнд дээрх 2 этгээдийн хэнд нь хэдэн хувийн хувьцааг шилжүүлж байгааг зааж өгөөгүй бөгөөд гэрээ байгуулсны дараа С.Б, Б.Б нар хувьцааг өөрсдийн тохиролцоогоор хувааж авсан байна.
Тиймээс энэхүү гэрээ нь гэрээний дагуу худалдан борлуулж буй гол зүйл болох “Хувьцаа”-г худалдан авагчдын хэнд нь ямар хувиар зарж байгаа, түүнийг худалдан авч байгаагийн төлбөр болох 500.000 ам долларыг хэн нь хэрхэн гаргах талаар тодорхой зааж өгөөгүйгээр байгуулагдсан бүртгэл хийлгэх шаардлага хангахгүй, хуульд заасан шаардлага хангахгүй хуульд нийцээгүй гэрээ болсон байна.
Хувьцаа худалдах худалдан авах гэрээнд дээрх 2 этгээдийн хэнд нь хэдэн хувийн хувьцааг шилжүүлж байгааг зааж өгөөгүй байдал нь тухайн гэрээг бүртгэлийн байгууллага хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байхад улсын бүртгэгч иргэн С.Б, Б.Б нарын хурлын тогтоолоор хувь эзэмшлийг тогтоож бүртгэсэн.
Гурав. “Э А С Э Ж Э” ХХК нь өөрчлөн байгуулагдах замаар шинээр байгуулагдсан гэж үзэн шүүх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байсан.
С.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийн хамгийн гол үндэслэл нь “Э А С Э Ж Э” ХХК-г худалдан авсан этгээдүүд болох С.Б, Б.Б нар нь гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-г худалдан аваад дотоодын хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосон нь өөрчлөн байгуулсан хэлбэр гэж үзсэн. Нэгэнт улсын бүртгэлд өөрчлөн байгуулах замаар шинээр хуулийн этгээд байгуулж байгаа учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан аргачлалаар бүртгэлээ хийлгэнэ хэмээн үзсэн. Тус компанийн нийт хувьцаа гадаадын компанид бүртгэлтэй байсныг дотоодын иргэд худалдан авснаар өөрчлөн байгуулагдсан гэж үзэхдээ “... Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 13 дугаар хавсралтаар хязгаарлагдмал хариуцлагатай компани ХХК, Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани ГХОХХК нь хоёр өөр хэлбэрийн хуулийн болохыг баталсан ...” гэсэн үндэслэл гаргасан. Монгол улсын шүүхийн тухай хуульд “Шүүгч гагцхүү хууль хэрэглэх” зарчмыг тодорхой тусган өгсөн байдаг. Өөрөөр хэлбэр аливаа эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ юун түрүүн хуулийг урьтал болгоно. Компани түүний хэлбэрийн тухай Монгол улсын Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна” гэж маш тодорхой зааж өгсөн байна. Маргаан бүхий бүртгэлийн тухайд хувьцаа эзэмшигч Австрали улсын “М Р к л” компани нь Монгол улсын иргэд болох С.Б, Б.Б нараар солигдсон буюу хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн юм. Мөн компани “өөрчлөн байгуулах” хэмээх ойлголтыг Монгол улсын Компанийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байна. Тус хуулийн дөрөвдүгээр бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” хэмээн заажээ. Өөрчлөн байгуулах гэсэн ойлголтод багтах эдгээр таван нөхцөлөөс нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах гэсэн дөрвөн агуулга ойлгомжтой бөгөөд “өөрчлөх” гэдгийг Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчилж болно” гэж заасан. Дээрх хуулийн агуулгуудаас үзэхэд хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээдээс дотоодын иргэн болох нь өөрчлөн байгуулах гэдэг ойлголт огт биш бөгөөд ингэж үзэх хуулийн хувьд боломжгүй болохыг харж болох бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримтлан бүртгэл хийгдэх ёстой юм.
Гэтэл шүүгчийн зүгээс улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалын хавсралтад заасан жагсаалтад үндэслэн өөрчлөн байгуулсан гэж шийдвэр гаргах үндэсгүй бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 13 дугаар хавсралтад хязгаарлагдмал хариуцлагатай компани ХХК, Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани ГХОХХК тусад нь бичсэн байдаг нь өмчлөгчийн онцлог статусыг харгалзан үзэж ийм байдлаар хийсэн болохоос өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэл биш гэдгээ тодорхой тайлбарласан.
Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10-р сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий бүртгэгч Р.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-н 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/427 дугаар тушаалаар “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож ...” гэсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргаж байгаа гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Т давж заалдах гомдолдоо: “... Зах зээлийн нийгмийн тогтолцоот аль ч улсад хуулиар хуулийн этгээд нь тухай иргэний өмч болох, түүнд ямар өөрчлөлт, шилжилт, хөдөлгөөн орсныг зөвхөн хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтад үндэслэн бүртгэж баталгаажуулах, үйл ажиллагааг төр хариуцаж байна.
Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, эдгээр хуулиудыг дагаж мөрдөх Хууль зүйн Сайдын 2015 оны А/39, А/42 дугаар тушаалаар нийтээр дагаж мөрдөхөөр баталсан холбогдох журмын заалтуудыг зөрчлөө.
Нэг. Анх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт С.Б, Б.Б нараас бүрдүүлж, хүлээлгэж өгсөн баримтын талаар.
1. 2016 оны 8 сарын 09-ны өдөр Австрали Улсын иргэн П.К-тэй иргэн С.Б, Б.Б нарын байгуулсан “Э А С Э Ж Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай” гэрээ англи эх хувь, монгол хэлээр орчуулга, /хавтаст хэргийн 1-р хавтас 113-115, 116-118, цаашид гэрээ гэх/.
2. Энэ компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг толгой компани болох “М Р К Л” компанийн захирлуудын шийдвэр 719-121,187-188x1 гэх англи эх хувь, монгол хэлээр орчуулга,
3. С.Б, Б.Б нараас 2016 оны 10 дугаар сарын 07 нд бичсэн УБ-05 маягт /Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэлд бүртгүүлэх өргөдөл: -2 хувьцаа эзэмшигч-бүртгэлийн дугаар өөрчлөх шинээр бүртгэх,-хэлбэр өөрчлөх/-аар өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл,
4. 2016.10.21. өдөр бичсэн УБ-04 маягт. /ГХОХХК-ний үйл ажиллагаа зогссон, дуусгавар болсон тухай/-аар бүртгүүлэх өргөдөл,
5. Дээрх өргөдлүүдэд хавсаргасан 2016.10.21-ний өдрийн “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол №01, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол Эрх шилжүүлэх тухай №02, Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол Компани үүсгэн байгуулах тухай №03, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол Захирал томилох тухай №04, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчилгээ тэмдгээ үрэгдүүлсэн зарын бичиг зэрэг баримтууд байдаг.
Энэ баримтаас: “Э А С Э Ж Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах гэрээ болон “захирлуудын шийдвэр” нь хоорондоо зөрчилтэй, захирлуудын шийдвэрт заасан хүний нэр засварласан, охин компанийн гэрчилгээ тэмдгийг үрэгдүүлсэн тухай баримтыг хуурамчаар бүрдүүлж зарлуулсан, олон улсад нээлттэй Австрали улсад бүртгэлтэй “М Р К Л” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл /шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл/ байхгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтаар бүртгэл хийснийг шүүх улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Тухайлбал:
1. Анхны баримт болох “гэрээ”, “Захирлуудын шийдвэр”-т компанийн нэрийг “M R C” буюу “М Р К” гэж бичсэн нь “М Р К Л” хувьцаат компаниас өөр компани гэж ойлгогдохоор байдаг.
“Э А С Э Ж Э” ХХК-ийн 2011 оны дүрэм түүний толгой компаний оноосон нэрийг “М Р К Л” хувьцаат компани гэж бичиж, тэр үеийн Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэж баталгаажуулсан байдаг. Түүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд толгой компанийн талаарх мэдээлэл өөрчлөгдөөгүй.
2. Мөн “Захирлуудын шийдвэр”-ийн англи хэл дээрх эх хувь, монгол хэл дээрх орчуулга хувь хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал: англи хэл дээрх эх хувьд “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүх хувьцааг “... Mr B.B, and Mr B, B ...” нарт худалдах гэж бичсэн. Монгол орчуулгад “С.Б, Б.Б” нарт гэж засч, хуурамч баримт бүрдүүлж Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээд улсын бүртгэлийн газарт, улсын бүртгэгч Г.А-д хүлээлгэж өгсөн байдаг. Баримт бичгийг зассан үйлдлээ С.Б шүүх хурал дээр хүлээсэн. Түүний энэ үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйл 17.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалтыг зөрчсөн байдаг.
Дээрх баримтад хуулийн этгээдийн болон хувь хүний нэр нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд байгаа болон нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхэд бичигдсэн эцгийн болон өөрийн нь нэрээс эрс зөрүүтэй байхад Улсын бүртгэлд бүртгэсэн. “М Р К” нэртэй хуулийн этгээд, Б, Б, Б, Б нэртэй иргэн байдгийг бид мэднэ, нэгээс нөгөөг ялгах гол зүйл нь овог, эцгийн болон өөрийн нэр, оноосон нэр билээ.
3. Мөн “Захирлуудын шийдвэр”-т: “M R C” компанийн талаас “...1. Захирал, компанийн нарийн бичгийн дарга нарт компанийн нэрийн өмнөөс худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгож байна...” гэж бичсэн байдаг. Гэвч гэрээнд П.К гэгч этгээд ганцаараа оролцож, гарын үсэг зурсан. Эндээс үзвэл “гэрээ” нь “захирлуудын шийдвэр”-тэй зөрчилдөж байгаа.
4. “Захирлуудын шийдвэр”-т гарын үсэг зурсан гэх этгээдүүд “М Р К Л” хувьцаат компанид захирлаар ажилладаг нь нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл олон улсад нээлттэй, Австрали Улсад бүртгэлтэй “М Р К Л” хувьцаат компани 430 гаруй хувьцаа эзэмшигчтэй, тэдний зүгээс компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг дээрх этгээдүүдэд олгосон тухай шийдвэр байхгүй, тус компани 2013, 2014, 2015 он болон 2016 оны 8 дугаар сарын 09 ны өдөр “Э А С Э Ж Э” ХХК -ийн хувьцааг худалдах хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй, компанийн хөрөнгийг худалдах тухай шийдвэр байхгүй, “Захирлуудын шийдвэр”-т гарын үсэг зурсан этгээдүүдэд эрх олгосон тухай ямар нэг баримт бичиг байхгүй юм.
Дээрх байдлаас үзвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг хийхэд гол үндэслэл болсон баримт бичиг “Захирлуудын шийдвэр”, хувьцаа худалдах гэрээ хоорондоо зөрчилтэй, засвартай, зарим баримтыг хуурамчаар үйлдсэн, гэрээг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулахдаа оролцогч талууд нэг өдөр гарын үсэг зурсан гэж ойлгогддог бөгөөд, үүнийгээ цахим сүлжээгээр дамжуулж гарын үсэг зурж, гэрээгээ өгч, авалцсан гэдэг боловч энэ нь цахим гарын үсгийн тухай Монгол улсын хуулийн шаардлага хангаагүй байдаг.
5. Мөн дээрх гэрээ, захирлуудын шийдвэр зэрэг баримтыг “Апостиль” гэрчилгээгээр баталгаажуулсан, нотлох баримтын шаардлага хангана гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч “Апостиль” гэрчилгээ нь баримт бичигт гарын үсэг зурсан хүний зөвхөн гарын үсэг нь энэ хүнийх, “үнэн зөв”-ийг баталгаажуулдаг ба баримт бичгийн агуулгыг гэрчилдэггүй болохыг “Гадаад албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д заасан. Дээрх баримт бичгийн агуулга нь улсын бүртгэлд бүртгэл хийх, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой билээ. Иймд цахим сүлжээгээр болон апостиль гэрчилгээтэй боловч хуулбар хувиуд нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.
6. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт “Э А С Э Ж Э” ХХК-ийн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-05 маягт, 2016.10.07 2 хувьцаа эзэмшигч, бүртгэлийн дугаар өөрчлөх шинээр бүртгэх, хэлбэр өөрчлөх/, өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-04 маягт. 2016 оны 10 дугаар сарын 21-ний. ГХОХХК үйл ажиллагаа зогссон, дуусгавар болсон/-ийг өгөхдөө зарим баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Үүнд: “Э А С Э Ж Э” ХХК-ийн гэрчилгээ, тэмдэг нь гүйцэтгэх захирал, Ж.Т толгой компанийн хувьцаа эзэмшигч/-д байсан, энэ тухайгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний Хуулийн этгээд улсын бүртгэлийн газар, улсын бүртгэгч Г.А-д 2016.9.14. 16/9/14-2, 2016.10.18. 16/07 дугаартай албан бичиг явуулж мэдэгдсэн, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр утсаар хэлж байсан боловч компанийн гэрчилгээ, тэмдгийг үрэгдүүлсэн гэж “Өдрийн сонины 2016 оны 8 дугаар сарын 31-ний №199-д хуурамч зар өгч баримт бүрдүүлсэн /хэргийн 1-р хавтас 180,191/-ийг мэдсээр байж тэмдгийг дахин хийлгэж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд үйлдсэн баримт бичгүүдэд нөхөж дарсан байдаг. Тухайлбал:
Мөн УБ-04, УБ-05 өргөдлийн маягтад болон С.Б, Б.Б нарын үүсгэн байгуулсан гэх “Э А С Э Ж Э” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол №01 тогтоол, хуралдааны тэмдэглэлд тус тус тэмдэг дарсан. Гэтэл шүүх “... Компанийн шинээр авсан тэмдгийг үүсгэн байгуулах баримт бичгүүдэд нөхөн дарсан нь бүртгэл хийгдэж дууссаны дараа үйлдэгдсэн учраас энэ үйлдэл нь тухайн бүртгэлийн үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм ...” гэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрсөн үйлдлийг хийх ёстой, компанийн тэмдгийг бүртгэл хийснээс хойш нөхөн даруулах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд дур зоргоороо хуулиар зөвшөөрөөгүй үйлдлийг бусдаар хийлгэсэн, шаардсан нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Улсын бүртгэгч Г.А нь С.Б, Б.Б нараас бүрдүүлсэн баримтыг хүлээж авахдаа УБ-04, УБ-05 өргөдлийн маягтыг бичүүлж авсан тухайгаа гэрчээр мэдүүлэхдээ: Компанийн хэлбэр өөрчлөгдсөнийг бүртгэхээс гадна хуулийн этгээдийн эрх шилжсэн, мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэсэн галаар тайлбарласан байдаг. Гэтэл эрх шилжүүлэх, мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхэд зарим баримтыг бүрдүүлээгүй байхад баримтыг хүлээж авсан, хүлээж авсны дараа ямар нэг шийдвэр гаргалгүй буцаасан, буцаасан тухай баримт бичиг үйлдээгүй зэргээр хууль зөрчсөн. Эрх шилжүүлэх, хувьдаа худалдан авах тухай гэрээний дагуу эрх шилжүүлсэн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэр, тэмдэглэл/-ийг заавал хавсаргах Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэхээр Хууль Зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан “хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх” журамд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй, өмнөх бүртгэл, гэрчилгээ, тэмдэг хүчинтэй байхад дахин бүртгэл хийж хуулиар хориглосон үйлдлийг хийсэн болно.
Дээрх үйлдлүүд нь: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйл. Улсын бүртгэлийн зарчим 3.1.4-д Үнэн зав, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 3.1.5-д Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; мөн хуулийн 5 дугаар зүйл. Улсын бүртгэлийг хөтлөх 5.1-д Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө. Мөн хуулийн 11 дүгээр зүйл. Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг 11.5.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах; 11.5.2-т энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 11.5.3-т энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах; мөн хуулийн 18 дугаар зүйл Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг 23.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; 23.1.4-д үүсгэн байгуулах баримт бичиг оруулсан өөрчлөлт; 23.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр; 23.3.4-д иргэний хуульд заасан холбогдох гэрээ.
Хууль Зүйн сайдын 2015 оны A/39 тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх /улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 3517-д бүртгэгдсэн/ журам”-ын
Дөрөв. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх 4.2.2-т үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол, /шийдвэр/ 4.2.4-д “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, 4.3-т Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана”.
Тав. Өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх, 5.3.2-т хэлбэр өөрчилсөн тухай тогтоол шийдвэр, 5.3.3-т дүрэм, хуульд заасан тохиолдолд гэрээ, 5.4-д “улсын бүртгэгч энэ журмын 5.1-5.3-т заасан баримт бичгийг хянаж бүртгэх эсэх шийдвэр гаргана” гэсэн заалт.
Хууль Зүйн сайдын 2015 оны A/42 тушаалаар батлагдсан “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох /улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 3520-д бүртгэгдсэн/ журам”-ын 2.2.1-д “шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг үндэслэн тамга, тэмдэг баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг маягтад тэмдэглэн, улсын бүртгэгчийн тэмдэг дарж, баталгаажуулан олгоно”, 2.2.3-т “тамга, тэмдэг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт, торгуулийн хуудас, эсхүл шийтгэвэр эрх барих дээд байгууллагын шийдвэрийг үндэслэн өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгож, хяналтын дугаар олгоно” гэснийг тус тус зөрчсөн болно.
Хоёр. Шүүх шийдвэрээ улсын бүртгэл хийгдсэнээс хойш цугларсан, боловсруулж гаргасан зарим баримт бичигт үндэслэж шийдвэр гаргасан, шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хэт нэг галыг барьсан гэж ойлгогдож байна. Тухайлбал:
1. Шүүх шийдвэртээ “Э А С Э Ж Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “М P К л” ХК-ийн төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал П.К нь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг С.Б, Б.Б нарт худалдсан “М р К л” ХК-ийн хувьцааг “М X л болон А Х” ХХК тус тус эзэмшдэг болох нь Австрали Улсаас ирсэн орчуулгын баримтаар тогтоогдож байх бөгөөд эдгээр компаниудын хувьцааг П.К эзэмшдэг гэсэн байх тул Ж.Т нь “М р К л” ХК-ийн хувьцаа эзэмшигч гэх тайлбар үндэслэлгүй байна” гэжээ. Мөн “... гуравдагч этгээд Ж.Т-н хувьд нэхэмжлэгч С.Б, Б.Б нарын шинээр “Э А С Э Ж Э” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхой бус байна. Гуравдагч этгээд Ж.Т “М р К Л” компанийн хувьцаа эзэмшигч биш атлаа тус компанийн бусадтай байгуулсан гэрээг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ.
“Э А С Э Ж Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцааг худалдах тухай гэрээнд оролцсон Петер Күүк гэгч нь олон улсад нээлттэй, Австрали улсад бүртгэлтэй “М Р К Л” хувьцаат компанийг тухайн үедээ төлөөлөх эрхтэй гэж шүүх үзсэн боловч үндэслэл болгосон зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй юм.
Дээр дурдсан орчуулгын материалууд 2016 оны 11 сарын 23-ны өдрийн хууль бус хуралдааны болон 2017 оны баримтууд бөгөөд “М Р К Л” хувьцаат компанийн хувьцааг дээрх нэр бүхий хоёр компани эзэмшдэг бус, 400 гаруй хувьцаа эзэмшигчтэй, тэрний нэг нь Ж.Т би 42'730'000 ширхэг хувьцааг эзэмшдэг, энэ тухай цугларсан баримтад байгаа болно. Миний эзэмшдэг хувьцааны тодорхой хэсэгт “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа, хөрөнгө орж байдаг бөгөөд энэ утгаараа энэ компанийн хувьцааг худалдахад миний эрх ашиг хөндөгдөж байна. Ер нь ганц би ч биш бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Ийм учраас гуравдагч этгээдээр энэ хэрэгт оролцсон болно.
Мөн шүүх “... П.К өөрийн эзэмшлийн бүх хувьцааг С.Б, Б.Б нарт худалдсан байна ...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд “Э А С Э Ж Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ, болон “Захирлуудын шийдвэр”-т “М Р К” компанийг төлөөлж “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа худалдах гэрээ хийх эрх олгосон гэжээ.
“М Р К Л” хувьцаат компани 2013, 2014, 2015 онд болон 2016 оны 8 дугаар сарын 09 хүртэл хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж хуралдуулаагүй, 2016 оны 11 сарын 23-ны өдөр хуралдахаар зарласан боловч уг хурал нь С.Б, Б.Б нарын бүртгэл хийлгэсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дараа болсон байдаг. Гэвч Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж 2013, 2014, 2015, 2016 оны 11 cap хүртэлх хугацааны 4 оны санхүүгийн тайланг хэлэлцсэн, зарим нэр бүхий хүмүүсийг /шүүхэд ирүүлсэн Г.Г-н мэдүүлэгт дурдсанаар/ захирлаар томилсон гэх боловч албан ёсны шийдвэр байдаггүй. Зүй нь шийдвэрийг нийт хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаас гаргах ёстой, шийдвэр гараагүй, хувьцаа эзэмшигчид Г.Г-н ярьсан томилогдсон гэх захирлууд болон шийдвэрийг хууль бус гээд хүлээн зөвшөөрдөггүй өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл шүүх хүчин төгөлдөр бус хурлын шийдвэр, компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах тухай гэрээ хийгдсэнээс хойш цугларсан, боловсруулсан баримтыг нотлох баримт болгож, намайг дээрх компанийн хувьцаа эзэмшигч бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч гэрээ, захирлуудын шийдвэр гэх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
2. Шүүх “Э А С Э Ж Э” ХХК-ийн энгийн 100 хувийн хувьцааны 70 хувийг С.Б, 30 хувийг Б.Б нар тус тус эзэмшихээр бүртгэгдэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг шинээр авах, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Э А С Э Ж Э” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, болон 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна ...” гэжээ.
Шүүх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Э А С Э Ж Э” ХХК-ийн талаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шийдвэр гаргахдаа нотлох баримт болгожээ. Гэтэл дээрх лавлагаа авч байх цаг хугацаанд уг компанийн талаарх шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/472 дугаар тушаал хүчингүй болгосон, шинээр олгосон гэрчилгээ, тэмдгийг хүчингүйд тооцсон байсан бөгөөд энэ талаар “... 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинээр олгосон бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгож, энэ тухай мэдээллийг www.burtgel.gov.mn сайтад байршуулсан ...” тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Б-с Ж.Т надад 2017 оны 03 дугаар сарын 10-ны 8/1907 дугаартай албан бичиг ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэгч Г.А-н “Э А С Э Ж Э” ХХК-тай холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 сарын 28 ны өдөр А/472 дугаар тушаалаар хүчингүй болгосноор дээрх бүртгэлийн талаарх мэдээлэл лавлагаанаас хасагдах байтал хасагдаагүй, хасаагүй, компани болон С.Б, Б.Б нартай холбоотой хүчингүй болсон мэдээлэл лавлагаанд байрласнаар шүүхэд худал мэдээлэл өгөх үндэслэл болсон. Бүртгэлийн үйл ажиллагаа A/472 тушаалаар хүчингүй болсон, энэ талаар захиргааны хэрэг үүссэн, асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад лавлагааг нотлох баримт болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.
3. Шүүхийн шийдвэрт “ ... гуравдагч этгээд Ж.Т нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу шүүх хуралдаан товлогдсон өдөр Н.Ж-д итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, гуравдагч этгээд өөрийн биеэр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байна... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Н.Ж хүрэлцэн ирээгүй бөгөөд гуравдагч этгээд Ж.Т нь өөрийн биеэр болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, Ж.Э нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нь хавтаст хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хуулбар хийх, нэхэмжлэлд болон хариуцагчийн тайлбарт хариу тайлбар өгөх, хэргийн талаар нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримтыг хасуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрийг гардаж авах, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг эдэлж шүүх хуралдаанд оролцох байсан боловч шүүх гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-д шүүх “хуралдаан товлогдсон өдөр итгэмжлэл олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэдгээр” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дэх хэсэгт заасан эрх эдэлж үүрэг хүлээх боломжийг олгосонгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-н хувьд өөрийн ажил үүргийн дагуу орон нутагт томилолтоор ажиллах тухайгаа шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэж хурал хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх хуралд оролцуулах шаардлагагүй гэснээр оролцогчийн эрхийг мөн хангасангүй.
Эдгээр нөхцөл байдал, баримтаас үзэхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28 ны өдрийн А/472 дугаар тушаалаар “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоосон байтал шүүхийн прецессийн явцад өмчийн эзэмших бүртгэлийг буруу хийснийг тодорхой хянаж үзээгүй шийдвэрлэсэн буруу байсан. Дээрх тушаал Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Улсын бүртгэлийн хяналтын дүрэм, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч болон Хяналтын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлт дээр үндэслэгдэн гарсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа анхнаасаа хууль, журам зөрчсөн ба мөн “Э А С Э Ж Э” ХХК-ийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлд бүртгэхдээ “М Р К л” ХК-ийн итгэмжлэлээр бүртгэх байтал итгэмжлэлгүйгээр бүртгэсэн зэрэг хууль бус үйлдлийг илт хамгаалсан шийдвэр гаргалаа.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна, хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч С.Б, Б.Б нар “Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-н 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалтай холбогдуулан “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, захирлаар С.Б-г тус тус бүртгэхийг хариуцагч Р.С-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Австрали улсын “М р к л” компанийн охин компани “Э А С Э Ж Э” ХХК болон тус компанийн 100 хувийн хувьцааг Монгол Улсын иргэн С.Б, Б.Б нарт худалдсан тухай 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах” тухай гэрээг Монгол Улсын иргэн С.Б, Б.Б болон “М р к л” компанийг төлөөлж компанийн захирал П.К нарын хооронд байгуулжээ.
Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай “Э А С Э Ж Э” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, “Э А С Э Ж Э” ХХК-ийн 100 хувийн хугацааны 70 хувийг С.Б эзэмшихээр, 30 хувийг Б.Б эзэмшихээр бүртгэж, тус компанийн гүйцэтгэх захирлаар С.Б-г бүртгэсэн өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Дээрх гадаадын хөрөнгө оруулалттай “Э А С Э Ж Э” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн талаарх гомдлыг /өмнө тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэлтэй байсан/ 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ж.Т-с Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ханджээ.
Уг гомдлын дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, Б.Г, Д.Ч нар “Э А С Э Ж Э” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрчлөлт оруулсан тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хяналт шалгалт явуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “Э А С Э Ж Э” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулан тус хуулийн этгээдийн 100 хувийн хувьцааны 70 хувийн хувьцааг С.Б, 30 хувийн хувьцааг Б.Б нар эзэмшигчээр бүртгэж, компанийн гүйцэтгэх захирлаар С.Б-г бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 22 дугаар зүйлд заасныг үндэслэл болон уг улсын бүртгэлийг хүчингүй болгосон тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлтийг гаргасан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлтийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь маргаан бүхий А/472 дугаар тушаалаар “Э А С Э Ж Э” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” гэж заанаар улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө”, 5 дугаар зүйлийн 5.4-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна”, 5.4.3-т “хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн” гэж тус тус заажээ.
“Э А С Э Ж Э” ХХК-ийн 100 хувийн хувьцааны 70 хувийн хувьцааг С.Б, 30 хувийн хувьцааг Б.Б нарыг эзэмшигчээр бүртгэж, компанийн гүйцэтгэх захирлаар С.Б-г бүртгэсэн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-н 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаал нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгүүдийг заахдаа баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана” гэж заасны дагуу “Э А С Э Ж Э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх бүртгэлийг улсын бүртгэлд  бүртгээгүй гэж үзлээ.
Учир нь, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дүгээр шийдвэрээр “... нэхэмжлэгч иргэн С.Б-с хариуцагч “Э А С Э Ж Э” ХХК-д нийт 2,829,308,265 /хоёр тэрбум найман зуун хорин есөн сая гурван зуун найман мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг буюу 6120000 ширхэг хувьцааг арбитрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 1 /нэг/ сарын дотор бүрэн төлсөн нөхцөлд хариуцагч “Э А С Э Ж Э” ХХК нь “Г т” ХХК-ийн 90 хувийн хувьцааг нэхэмжлэгч иргэн С.Б-д буцаан шилжүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд уг арбитрын шийдвэр биелэгдээгүй байна.
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Э А С Э Ж Э” ХХК-ийн улсын бүртгэлийг өөрчлөн бүртгэл хийхээс өмнө “Э А С Э Ж Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсан Ж.Т-с 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “арбитрын шүүхийн шийдвэр хэрэгжих шатандаа явж байгаа, ... компанийн тамга тэмдгийг хаяж үрэгдүүлсэн гэж худал мэдүүлэн шинээр тамга тэмдэг хийлгэсэн” гэсэн албан бичгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргаж байсан зэргээс үзэхэд “Э А С Э Ж Э” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь тодорхойгүй, өөрчилсөн бүртгэлийн үйл ажиллагаа хийгдэхээс өмнө тус хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан үүсч болзошгүй талаар хариуцагч байгууллагад мэдэгдсээр байхад дээрх өөрчилсөн бүртгэлийг хийсэн нь хуульд нийцээгүй байж болохоор байна.
Тиймээс хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаагаа зөвтгөсөн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг зөрчөөгүй тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-н 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаал үндэслэлтэй гэж үзлээ.
Гуравдагч этгээд Ж.Т нь “Э А С Э Ж Э” ХХК болон Австрали улсын “М р к л” компанид хувьцаа эзэмшиг ч эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шууд түүнийг тус хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигч биш атлаа тус компанийн бусадтай байгуулсан гэрээг хууль бус гэж үзэх байгаа нь үндэслэлгүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн буруу юм.
Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргээс үзэхэд “Э А С Э Ж Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Т бүртгэлтэй байсан бөгөөд Ж.Т-г гүйцэтгэх захирлаар чөлөөлсөн шийдвэрийн талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болоод тус хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой маргаан байж болохоор байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-н 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаалыг хэвээр үлдээх нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Б.Б нарын “Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-н 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан А/472 дугаар тушаалаар “Э А С Э Ж Э” ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалтай холбогдуулан “Э А С Э Ж Э” ГХОХХК гэснийг “Э А С Э Ж Э” ХХК гэж, “Э А С Э Ж Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн С.Б, Б.Б нарыг, захирлаар С.Б-г тус тус бүртгэхийг хариуцагч Р.С-д даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Ж.Т-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР