Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/01019

 

Т.Цогбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03307 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1225 дугаар магадлалтай,

Т.Цогбаярын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр эхнэрийн хамт “Транскапитал” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Ү-2203001579 тоот улсын бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8-р байрны 57 тоот 3 өрөө байрыг барьцаалсан. “Транскапитал” ББСБ-ын нэхэмжлэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3189 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 883 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 дугаар тогтоолоор 54 260 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 3/5289 тоот мэдэгдэл ирүүлж, орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ 1 м.кв нь 2 150 000 төгрөгт тооцож, 58.1 м.кв талбайтай, нийт 125 000 000 төгрөг гэж үнэлснийг зөвшөөрөхгүй.

Учир нь уг орон сууц 1975 онд баригдсан, тухайн үед мөрдөгдөж байсан стандартын дагуу талбайн хэмжээ 39 м.кв гэж тогтоогдсон. Харин 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Орон сууцны барилгын доторх сууцны талбай хэмжих MNS6058:2009 тоот аргачлалаар тооцвол 65 м.кв талбайтай, байрлал сайтай тул 1 м.кв талбай 2 500 000 төгрөг хүрнэ. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь орон сууцны талбай хэмжих зөвшөөрөлгүй атлаа дураараа орон сууцыг 58.1 м.кв талбайтай гэж хэмжсэн. Уг орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш 162 500 000 төгрөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Тус алба үнэлгээчин томилсон, үнэлгээ хийсэн талаар огт мэдэгдээгүй, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоосон эхний үнийг 30 хувь бууруулж дуудлага худалдаанд оруулдаг, хэрэв тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй бол мөн хуулийн 177.4.-т зааснаар анхны үнэлгээнээс 50 хувь бууруулж худалддаг. Хариуцагчаас явуулсан ажиллагааны хүрээнд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зохих ёсоор тогтоогдсон бол ийм маргаан гаргахгүй, 125 000 000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 дугаар тогтоолоор Т.Цогбаяр Э.Ариунцэцэг нар 54 829 250 төгрөгийг “Транскапитал” ББСБ-д төлөхөөр шийдвэрлэсний дагуу зохих ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Т.Цогбаярын хамтын өмчлөлийн Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 8 дугаар байрны 57 тоотод байрлах 3 өрөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/12 тоот дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2016/01 тоот тогтоолоор хураасан. Төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2.-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус 3 өрөө байрыг 125 000 000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувиар тооцож, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Т.Цогбаяр үнэлгээнд гомдол гаргаж, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандсан. Төлбөр төлөгч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тооцохдоо 1 м.кв талбайг 2 150 000 төгрөгөөр тооцож, 58.1 м.кв талбайгаар бодож 125 000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Манай алба эд хөрөнгөд үнэлгээ тогтоогоогүй, хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн аргыг авах нь учир дутагдалтай байсан тул харьцуулах аргаар үнэлж, хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргийг харгалзан үнэлгээ тогтоосон байдаг. Иймд төлбөр төлөгч үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3189 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 883 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 783 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 5-р хороолол, 8 дугаар байрны 57 тоот 3 өрөө байрыг битүүмжлэн хурааж, анхны дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад санал нэгдээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан журмын дагуу үнэлгээчин томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход 125 000 000 төгрөгөөр үнэлснийг бодитой гэж үзэж байгаа бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээнээс үзвэл ямар үндэслэл, аргыг сонгож үнэлсэн талаар тодорхой байгаа. Төлбөр төлөгч тал үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Цогбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.Цогбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07152 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдол шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1225 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалын хянавал хэсэгт “үнэлгээний талаар нэхэмжлэгчид 2016 оны 02 дугаар сарын 02, 08-ны өдрүүдэд мэдэгдсэн нь хэрэгт авагдсан түүний гарын үсэг бүхий баримтаар тогтоогдож байх тул үнэлгээг огт мэдэгдээгүй гэж нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй” гэжээ. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2/46 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарсан гэдгийг мөн сарын 08-ны өдрийн 3/5289 тоот мэдэгдлийг гардан авахдаа мэдсэн. Тухайн өдрөө маргаж буй орон сууцыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлүүлсэн нь шинжээч томилсон тогтоолд гомдол гаргах хариуцагчийн эрхийг хязгаарласан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн магадлалд “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилох тогтоолоор томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь дуудлага худалдаагаар худалдах орон сууцны талбайн хэмжээний талаар бус тухайн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох үүрэг хүлээсэн этгээд юм. Иймд уг компанийг хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд орон сууцны талбайн хэмжээг дураараа тогтоосон гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв” гэжээ. Г.Цогбаяр нарын эзэмшлийн Ү-2203001579 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 8-57 тоот 3 өрөө орон сууц нь 1975 онд баригдсан бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан стандартын дагуу талбайн хэмжээг 39 м.кв гэж тогтоосон бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээн дээр одоог хүртэл 39 м.кв гэж байгаа. Харин 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс дагаж мөрдсөн Орон сууцны барилгын доторх сууцны талбай хэмжих МNS6058:2009 тоот аргачлалаар тооцвол 65 м.кв талбайтай орон сууц юм. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох үүрэг хүлээсэн этгээд мөртлөө орон сууцны талбайн хэмжээг 58.1 м.кв-аар бодож үнэлсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар уг компани хэмжилт хийх тухай зөвшөөрөлгүй болох нь харагддаг. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7.-д заасныг үндэслэн мөн хуулийн 16.2-т зааснаар шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзах ёстой байсан. Мөн байрлал сайтай хуучнаар хүүхдийн 100-гийн дэргэд байдаг тул 1 м.кв нь  2 500 000 төгрөг хүрнэ гэж үзэж байгаа. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:           

Нэхэмжлэгч Т.Цогбаяр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан орон сууцны үнэлгээг хүчингүй болгох шаардлагыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргажээ. Нэхэмжлэгч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг орон сууцны талбайн хэмжилт хийх зөвшөөрөлгүй, орон сууцны талбайн хэмжээ MNS6058:2009 аргачлалаар тооцоход 65 м.кв талбайтай байхад 58.1 м.кв талбайтай гэж буруу тогтоосон, хотын төвд байрлалтай орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2 500 000 төгрөг байхад 2 150 000 төгрөгөөр үнэлсэн нь алдаатай болсон гэж буруутгажээ.

Т.Цогбаяр нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3189 дүгээр шийдвэрээр “Транскапитал” ББСБ-д 54 260 000 төгрөг төлөх үүрэгтэй, үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул шинжээч томилсон, шинжээчийн үнэлгээ зэрэг маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн дүгнэлт буюу орон сууцны үнэлгээг нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх ба 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/5289 дугаар мэдэгдэх хуудсаар анхны албадан дуудлага худалдаа явуулах өдрийг мэдэгдсэнээр нэхэмжлэгч үнэлгээний талаар мэдсэн, улмаар 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Маргааны зүйл болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот дүгнэлт үндэслэлгүй болохыг тогтоосон баримт, нотолгоог нэхэмжлэгч Т.Цогбаяр шүүхэд гаргаагүй байна.

Иймд хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэнгийн хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03307 дугаар  шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1225 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР                                    

                                      ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА