Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Ш.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Номч овогт Ш-гийн Ч-д холбогдох 17160011700061 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ..... сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ..... багийн 4-35 тоотод оршин суудаг, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Алтай Улиастай” эрчим хүчний ТӨХК-д монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 4 сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ...... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Номч овогт Ш-гийн Ч  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Ш.Ч  нь 2017 оны 11 сарын 1-ний өдөр Говь-Алтай аймгийн ...... сумын Жинст багийн 41-2-9 тоотод Б.М-ын нүүрэн тус газарт аягаар цохиж, Б.М-ын баруун хацар, дээд уруулын дээд хэсэг, баруун эрүүнд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн ...........сумын Жинст багийн 41-2-9 тоотод 2017 оны 11 сарын 1-ний өдөр иргэн Б.М  нь нүүрэн тус газартаа аягаар цохиулж түүний баруун хацар, дээд уруулын дээд хэсэг, баруун эрүүндээ шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг шүүгдэгч Ш.Ч  үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ш.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Хүүхдийг нь цэцэрлэгээс аваад гуанз нь дээр 2 хүүхдийг нь хүргэж өгчихөөд бид 3 гадуур явж байхад Б.М  манайд ороод ганц юм ууя гэсэн. Байрных нь үүдэн дээр зогсож байхад намайг хаалганы код тайлаатах гэсэн. Би танай хаалганы кодыг мэдэхгүй гэхэд тайл гэж байна пизда минь гээд жаахан маргалдаад, гэрт орж маргалдсан. Юу болсныг сайн санахгүй байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би гэм буруугаа ойлгож байгаа. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү... Цалингийн зээл, байрны зээлтэй байгаа  тул 1-2 сараар хугацааг сунгаж өгнө үү... Гэм буруугаа ойлгож байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ч  нь надтай маргалдаж байгаад миний баруун шанааруу аягатай цайныхаа аягаар цохисон байсан. Тэгээд би эмнэлэгт очиж оёо тавиулсан юм...” гэх мэдүүлэг/хх 7-8-рт/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...эхнэр хүүхдээ авч гэртээ очихын тулд Ч , М  нарыг М-ын байрны гадна буулгаад Ч-ын машиныг унаад явсан юм...” гэх мэдүүлэг/хх 13-14-рт/,

Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 01-ний орой 21-22 цагийн хооронд Ч  болон манай нөхөр М  хоёр гэрт орж ирсэн. Тэгэхдээ архи уусан согтуу байсан. Би тэр хоёрт цай хийж өгөөд хүүхдээ аваад өрөөн дотор явж байхад тэр хоёр юм яриад сууж байсан. Тэгснээ гэнэт л Ч  нь манай нөхөр М-ыг аягатай цайгаар цохисон, тэгээд манай нөхрийн нүүрнээс нь цус гоожсон бөгөөд тэр хоёр барьцалдаад авсан. Манай буйдан тэр чигтээ цус болсон байсан. Би эхэндээ М-тын хамарнаас нь цус гарч байгаа юм байна гэж бодож байсан боловч Ч-ын цохисон аяга нь хагараад манай нөхрийн нүүрийг зүссэн юм...” гэх мэдүүлэг/хх 15-16-рт/,

Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Надад одоо энэ хэрэгт холбогдуулан гарах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ш.Ч  надад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгч миний хохиролыг барагдуулсан тиймээс гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх 9-10-рт/,

Шүүгдэгч Ш.Ч-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...М-ын гэрийн үүдэнд бид хоёр маргалдсанаа санаж байгаа юм. Тэгээд л М-ын гэрт нь орсон. М-ын толгой тус газар нь аягаар цохьсон байсан. Тухайн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тухайн хийсэн үйлдлээ гэмшиж байгаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж М-тай маргалдаж бие эрх чөлөөнд нь халдсан байсан бусдаар өш хонзон байхгүй...Би гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг/хх 28-29-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Д.Д-гийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №342 “...1.Иргэн Б.М-ын биед баруун хацар, дээд уруулын дээд хэсэг, баруун эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 19-20-рт/,

Хохирогч Б.М , шүүгдэгч Ш.Ч нарын Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан нотариатаар батлуулсан хүсэлт/хх 60-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б.М-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-9-10-рт/, шүүгдэгч Ш.Ч-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-28-29-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ш.Ч-ын хүсэлтээр: Нотариатаар батлуулсан хүсэлт/хх-60-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ш.Ч-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш.Ч  нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй...”/хх 29-рт/ гэж мэдүүлсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Надад одоо энэ хэрэгт холбогдуулан гарах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ш.Ч  надад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгч миний хохиролыг барагдуулсан тиймээс гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/9-10-рт/, Хохирогч Б.М , шүүгдэгч Ш.Ч  нарын Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан нотариатаар батлуулсан хүсэлт/хх 60-рт/ зэргээр тогтоогдож байна.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Ш.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Ч-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн хохирогчийн зүй бус харилцааны хандлага, шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ш.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан, прокурор 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Ш.Ч-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ш.Ч  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 65-рт/ байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ш.Ч-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Ч  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “... Цалингийн зээл, байрны зээлтэй байгаа тул 1-2 сараар хугацааг сунгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх харгалзаж үзэж түүнд оногдуулах торгуулийн ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Ч  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Ч  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх  нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжин ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Номч овогт Ш-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Ш.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Ч-д оногдуулсан дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Ч  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжин ирсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ш.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА