Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2023/0764/З |
Дугаар | 128/ШШ2023/0883 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2023/0883
2023 11 22 128/ШШ2023/0883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Э******* /РД:*******/
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д******* /Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн хууль зүйн асуудал хариуцсан референт/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* /Хэм хэмжээний актын бүртгэл, кодификаци хариуцсан ахлах мэргэжилтэн/ нарын хоорондын нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичиг Л.Баасандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ж.Э*******ээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5.1-д зааснаар 36 сарын тэтгэмжид 97,200,000 төгрөгийг олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.
1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Үндсэн цалин 2.700.000 төгрөгийн 65 хувийн нэмэгдэл болох 1.755.000 төгрөгийг 36 сараар тооцож нийт 63.180.000 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.
2. Нэхэмжлэгч Ж.Э******* нь 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар зарлигаар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр томилогдон ажилласан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, хариуцагч нь 36 сарын тэтгэмжид 97.200.000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр настны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Э******* нь дээрх хуульд зааснаар миний авч байсан цалингийн хэмжээгээр тэтгэмж олгоогүй, харин 1 сард олгогдох үндсэн цалин болох 2.700.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй гэж үзээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх ханган шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Дээд шүүх хэргийг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
3.Нэхэмжлэгч Ж.Э******* 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулахаар хүсэлт гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/1377 дугаартай хариу албан бичгээр хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.Нэхэмжлэгч Ж.Э******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар зарлигаар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, хариуцагч нь 36 сарын тэтгэмжид 97,200,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон.
Би иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх ханган шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хяналтын шатны шүүх гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгосон тэтгэмж нь зөвхөн шүүгчийн үндсэн цалингаас тооцож, шүүгчийн ажлын онцгой нөхцлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэргийг оруулж тооцоогүй нь үндэслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэжээ.
Би захиргааны хэрэг хянан шийдвэрлэх урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хандахад иргэний журмаар дээрх байдлаар шийдвэрлэснийг ташаа ойлгож миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэмжээн хариу ирүүлжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан тэтгэмжийг бүрэн олгоогүй нь миний эрхийг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5.1-д зааснаар 36 сарын тэтгэмжид 97,200,000 төгрөгийг олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн тоот тушаалаар надад тэтгэмж олгосныг мэдэх боломжгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ингэснээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжтой болох юм. гэжээ.
4.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: Миний бие шүүгчээр ажиллах хугацаандаа үндсэн цалин 2,700,000 төгрөг, 65 хувийн нэмэгдлийг (төрийн албаны 25%, онцгой нөхцөлийн 40 хувь) хамт авдаг байсан.
Тэтгэвэрт гарахад үндсэн цалингаар тооцож, 36 сарын тэтгэмжид 97,200,000 төгрөг олгосон. Шүүхийн тухай хуулийн 47.9-д шүүгчийн авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сараар тооцож тэтгэвэр тогтоолгохдоо нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг ШЕЗ зөрчиж, 65%-ийн нэмэгдлийг 36 сараар тооцож олголгүй хууль зөрчсөн. Иймд 65 хувийн нэмэгдэл 1,755,000 төгрөгийг 36 сараар тооцож нийт 63,180,000 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.2.Нэхэмжлэгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Илт хууль бус болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага хууль бус болгохыг тогтоож хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна.
5.Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн Ж.Э*******ээс "тэтгэмжийн зөрүү тус бүр 63.180.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.... гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн... сарын дундаж цалин... " гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.
1.1.Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.
Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
1.2. Нэмэгдэл, тэтгэмж
Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.
1.2.1.Нэмэгдэл
Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна.
Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:
-УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл,
-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;
-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.
1.2.2.Тэтгэмж
Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мен л албан тушаалын цалингаас тооцдог.
2. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.
36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.
Хоёр."Иргэн Ж.Э*******т тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ШЕЗ-ийн даргын тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтад зааснаар Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, тушаал гаргадаг ба хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон.
Энэхүү тушаалыг гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан хуулийн уг заалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй юм.
Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуульд заасан хувь хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ-ийн даргын тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:
1.Чиг үүргийн хамаарлын хувьд шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдсон нэг удаагийн тэтгэмж олгох асуудал нь МуштХуулийн 40 дүгээр зүйл, 47 дугаар зүйлд, 70 дугаар зүйлд заасанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
2.Тушаал гаргах эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтыг удирдлага болгон акт гаргасан.
3.Тушаалын агуулга хангалттай тодорхой байгаа бөгөөд давхардсан утга агуулаагүй, шүүгчид олгох тэтгэмжийн дүнг тодорхой тусгасан.
4.Тушаал нь хуульд нийцсэн бөгөөд тухайлбал МУШтХуульд заасан болзол шаардлага, хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, шүүгчээр томилогдон тангараг өргөсөн төрийн албан хаагч, шүүгчийн хувьд МУШТХуульд нарийвчлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа харилцаа тул Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиас илүүтэйгээ МУШТХуулийн тодорхой зохицуулалтаар тэтгэмж тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд МУШтХууль нь шүүгч эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Чиг үүргийн хамаарлын хувьд шүүгч өндөр настны тэтгэвэрт гаргахдаа нэг удаагийн тэтгэмж олгох асуудал нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 7, 40, 47 дугаар зүйлд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дүрэмт хамаарах асуудал гэж үзэж байна. Тушаал гаргах эрх зүйн үндэслэл нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг баримтлаад Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-т хэсгийг удирдлага болгоод акт гаргасан байгаа. Тушаалын агуулга нь хангалттай тодорхой байгаа бөгөөд давхардсан утга агуулаагүй. Шүүгчид тэтгэмжийн дүнг 97,200,000 төгрөгөөр олгосон байгаа. Уг тушаал нь хуульд нийцсэн бөгөөд Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүгчээр томилогдож тангараг өргөсөн төрийн албан хаагч Монгол улсын Шүүхийн тухай хуульд нарийвчлан заасан өндөр настны тэтгэмж тогтоолгож байгаа харилцаа тул Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хуулиас илүүтэйгээр Монгол улсын Шүүхийн тухай хуульд зааснаар тэтгэмж тогтоож олгосон байгаа учраас хуульд нийцсэн гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Э******* нь Үндсэн цалин 2,700,000 төгрөгийн 65 хувийн нэмэгдэл болох 1,755,000 төгрөгийг 36 сараар тооцож нийт 63,180,000 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ цалингийн хэмжээгээр тэтгэмж тооцож олгох байтал албан тушаалын цалингаар тооцож олгосон тул зөрүүг гаргуулахаар тайлбарлан маргаж байна.
2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаар зарлигаар Ж.Э*******ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан үндэслэлээр чөлөөлжээ.
3.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан Ж.Э*******т нэг удаагийн буцалтгүй тусламж 97,200,000 төгрөгийг олгосон байна.
4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч Ж.Э*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2022 оны 165 дугаар тушаалаас үзвэл /хэргийн 23 дахь тал/ өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид олгох нэг удаагийн тэтгэмжийг хавсралтаар баталж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг тэтгэмжийн зардлаас нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрсөн агуулгатай байна.
4.2.Тодруулбал, дээрх тушаалын хавсралтаар нэг удаагийн буцалтгүй тусламж 97,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Э*******т олгохоор тогтоосон буюу түүнд эерэг үйлчлэл бүхий эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн захиргааны акт байтал нэхэмжлэгч нь буцалтгүй тусламжийн хэмжээг буруу бодсон, зөрүү гаргуулах-аар маргаж байгаа атлаа өөрт нэг удаагийн тусламж олгохоор шийдвэрлэсэн акттай маргаж байгаа нь ойлгомжгүй байна.
4.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:54.1.5. ... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; гэж, 109 дүгээр зүйлийн 109.2.Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон тул шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч Ж.Э*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зөв гэж үзэв.
5.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн өндөр настны тэтгэмжид олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг зөрүү болох 63,180,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгч ... Үүнийг хүчингүй болгуулахаар 97,200,000 төгрөг үгүйсгэгдэнэ гэсэн үг. Нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгуулах гэхээсээ илүүтэй тооцооллын алдаатай хийсэн байна. Тийм учраас зөрүү мөнгөө нэхэмжилж авах хүсэлтэй байна. гэж нэхэмжлэл гаргасан үндэслэл, зорилгоо тайлбарласан хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болохоо дурдах нь зүйтэй.
5.2.Нэхэмжлэгч Ж.Э******* нь Шүүхийн ерөнхий зөвлөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцолгүйгээр 63,180,000 төгрөгийг дутуу олгосон гэж маргаж байгаа бол, хариуцагчаас сарын дундаж цалин гэдэгт дээрх нэмэгдлүүд орохгүй гэж тайлбарлан маргаж байна.
5.3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ., 46.4.Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй., 47 дугаар зүйлийн 47.9.Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно., Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46.2-т заасан нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно гэж тус тус заажээ.
5.3.Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.
5.4.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх хэсэгт дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1 дэх хэсэгт ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1 дэх хэсэгт нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээг тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох хууль болон журмын зохицуулалттай байна.
5.5.Түүнчлэн шүүх Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хурлын тэмдэглэлүүд, байнгын хорооны санал, дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны танилцуулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийг гаргуулан авч судлан үзэхэд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээ гэсэн томьёоллоор хуульд тусгагдаж, өөрчлөгдөөгүйг дурдах нь зүйтэй.
6.Гэтэл хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож, нэхэмжлэгчийн хувьд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй нь шүүгчээр ажиллаж байсан Ж.Э*******ийн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гаргасан байна.
7.Иймд нэхэмжлэгч Ж.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,080,000 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 675.000 төгрөг, нийт 1,755,000*36=63,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э*******ийн Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч Ж.Э*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4, 47.9, Шүүхийн тухай хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн өндөр настны тэтгэмжид олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг зөрүү болох 63,180,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА