Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Албадан эмчилгээнд хамрах иргэн Ц.О

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Ц.Оын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Ц.Оыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт бүхийн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус цагдаагийн газарт Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нийгмийн ажилтан Ч.Туяа, 4-р багийн иргэн Д.Чанцал нараас ирүүлсэн Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийн дагуу Монгол улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2 дугаар хэсэг 132 тоотод оршин суух Цагааны Отгонбаатар /РД:МЭ85062211/-г албадан эмчилгээнд явуулахаар холбогдох материалыг хүргүүлэв. Хүлээн авч шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Ц.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би архи уудаг архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ манай багийн хэсгийн байцаагч өөрөө мэргэжлийн эмч хүн шиг яриад байгааг гайхаж байна. Эмч нар намайг үзээд Улаанбаатар хотод шинжилгээ өгч эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Албан ёсоор эмч нарын зөвлөгөөний хариу гараагүй байгаа. Би архины эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ эхлээд өвчнөө эмчлүүлсний дараа явах хүсэлтэй байгаа юм. Шинжилгээний хариу гарсны дараа 2 сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэдэг юм. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийдвэрээр:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Мэргэд овогт Цагааны Отгонбаатар /РД:МЭ85062211/-г албадан эмчлэх эмнэлэгт 3 сарын хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ц.Оыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэр гарсан талаар Ц. Отгонбаатарын гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ц.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагааны Отгонбаатар миний бие сэтгэцийн өвчний учир Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг ба энэ өвчний учир группт байдаг. Хавар, намарт байнга унаж татдаг. Сая эрүүлжүүлэгдэж байхдаа татаж унасан, энэ үед ээжийг маань дуудаж уудаг эмийг маань авчруулсан байсан. Мөн миний бие 2017 онд зүрхний хүнд хагалгаанд орж тэр үеэс хойш унадаг болсон. Одоо сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан юм. Иймд албадан эмчилгээнд явуулах тухай Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 96 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн амь насны баталгааг хамгаалж өгнө үү. Өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Архины эмчилгээнд явуулах гээд ОХУлсад очиж эмчлүүлэх гэж байгаа болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Оыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Ц.О нь давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Ц.О нь архи, согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдэж мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Зөрчлийн тухай хуулиар баривчлагдаж, албадан сургалтад хамрагдах зэрэг захиргааны шийтгэл хүлээж байсан бөгөөд тухайн байдалд нь Цагдаагийн газраас эмнэлгийн байгууллагад хандаж Согтуурах мансуурах донтой эсэх талаар дүгнэлт гаргуулсан байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын дүгнэлтээр Ц.Оыг Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, шарталтын байдал гэсэн онош тогтоож албадан эмчилгээнд хамруулах гэсэн дүгнэлт гаргажээ.

Тухайн дүгнэлтийг үндэслэн Ц.Оыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн газрын хүсэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудад зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Ц.О нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ миний биеийн байдлаас шалтгаалан тухайн эмчилгээнд хамрагдах боломжгүй байдлыг шүүх харгалзан үзээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт эмчилгээнд хамруулж болохгүй шалтгаан бүхий өвчтэй талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр албадан эмчилгээнд хамрагдаж болохгүй талаар дүгнэлт гараагүй байх тул түүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Албадан эмчлэх эмнэлэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байх бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж тухайн хүнийг зохих эмнэлэгт шилжүүлэх, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналыг шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг хуульд тусгасан.

Мөн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу эмчлүүлэгч нь эмчилгээ шинжилгээний талаар санал гаргах эрхтэй тул Ц.О нь хуульд заасан эрхийнхээ дагуу албадан эмчилгээнд хамрагдах өвчтэй эсэх талаараа хүсэлтээ эмчлэгч байгууллагадаа гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Албадан эмчлэх нь Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3-ийн 8-д албадан эмчилгээнд хамруулах хугацааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу тухайн этгээдийг албадан эмчлэх байгууллага тогтооно, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл ... хийнэ гэсэн заасан.

Өөрөөр хэлбэл шүүх албадан эмчлүүлэгчийн эмчлүүлэх хугацааг тогтоохгүй харин эмчилгээ хийж буй байгууллага эмчлүүлэгчийн биеийн байдал үр дүнгээс хамаарч тогтоохоор заасан байхад анхан шатны шүүх Ц.Оын албадан эмчлэх хугацааг шууд 03 сараар тогтоож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Мэргэд овогт Цагааны Отгонбаатар /РД:МЭ85062211/-г албадан эмчилгээнд хамруулсугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргагч Ц.О нь шүүгчийн 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 619 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН