Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00932

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00932

Хөвсгөл аймаг

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Р гийн Б ,

Хариуцагч: ХГгийн Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: 80,000,000 (наян сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00548/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б , түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Э шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Г.Г д холбогдуулан 80,000,000 (наян сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Талийгаач Д.Г нь над руу 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үед **** дугаар утсаар чамд мал худалдаж авч өгье, манай энд мал авч байгаа хүн алга, хямдхан үхэр олдохоор байна гэж удаа дараа ярьсан. Өмнө нь 2018 онд 2 удаа мөнгө өгч, ************ сумаас мал худалдан авахуулж байсан болохоор итгээд Д.Г , түүний эхнэр Г.Г нарын хамтран эзэмшдэг ХААН банкны *********** тоот данс руу, өөрийн ХААН банкны ************** тоот данснаас дараах мөнгийг шилжүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Бид хоёр үхэр худалдан авах нэг бүрийн үнийг 1,000,000-1,400,000 төгрөгөөр тооцож, 50-60 толгой үхрийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөнд тууж авчирч өгнө гэж тохиролцсон. Д.Г тай гэрээ байгуулахаар ярихад өөрсдийнхөө регистрийн дугаарыг бичүүлж, мөнгө авч байгаа дансаа эхнэртэйгээ хоёулаа хамтран эзэмшдэг гэдгээ хэлж байсан. Д.Г 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хүү Б-ын фэйсбүүк хаягаас над руу баахан үхрийн зураг явуулаад, эхний ээлжинд гучаад үхэр авлаа, дахиад нэмж авахад мөнгө хэрэгтэй гэж хэлж байсан, мөн үхэр авсан талаар бичлэг хийж явуулсан. 2023 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрийн үед жараад үхэр авлаа, туугаад Мөрөн лүү гарлаа гэж яриад дахиж холбогдохгүй болсон. Гэтэл арваад хоногийн дараа Д.Г ыг нас барсан талаар сонсоод түүний эхнэр Г.Г , том хүү Ж нартай утсаар холбогдож, мөнгөө нэхэхэд мэдэхгүй, шүүх, цагдаагаар явж ав гэж хэлээд хүлээж авдаггүй. Би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд үхэр худалдаж авахаар 80,000,000 төгрөг шилжүүлсэн тухай нэхэмжлэл гаргахдаа Д.Г ын эхнэр Г.Г г надаас мөнгө авсан хэлцэлд нөхөр Д.Г тайгаа хамтран оролцсон гэж хариуцагчаар татсан. Гэтэл миний нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан "зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.Г 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан тухай хариуцагч Г.Г гаас шүүхэд өгсөн************** дугаартай нас барсны гэрчилгээгээр нотлогдсон бөгөөд Д.Г тай гэр бүл байсан талаараа шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрч, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид тусгагдсан байдаг. Шүүхэд хүсэлт гаргаж, талийгаач Д.Г ын эрх залгамжлагчаар түүний эхнэр Г.Г г тогтоолгосон. Д.Г нас барснаас хойш Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйл, 528 дугаар зүйлийн 528.1, 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар Г.Г нь нас барсан нөхөр Д.Г ын өвийг хүлээж авсан тул түүний эдлэх эрх, гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх хуулийн зохицуулалттай учир түүнээс 80,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 515.2-д Өвлөгч хүлээн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэж заасан байх тул Г.Г гийн нөхөр Д.Г аас өвлөн авсан эд хөрөнгөтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Д.Г ын нэр дээр бүртгэлтэй Г.Г гийн өвлөн авсан эд хөрөнгийг дараах байдлаар үнэлж байна. Үүнд: 1. 1995 онд үйлдвэрлэсэн Toyota land cruiser маркийн автомашиныг 10,000,000 төгрөг, 2. 1999 онд үйлдвэрлэсэн Тоуоtа Саmi маркийн автомашиныг 5,000,000 төгрөг, 3. Хөвсгөл аймгийн ************ сумын 4 дүгээр багийн Цэгцэр ************* тоотод байрлах, 64мкв талбайтай хувийн сууцыг 25,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг болж байна. Эдгээр эд хөрөнгийн үнэлгээг автомашин болон үл хөдлөх эд хөрөнгийн зарын цахим хуудас, тухайн орон нутгийн эд хөрөнгийн үнэ ханш зэрэгт тулгуурлан тодорхойлсон. Хариуцагч Г.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өвлөж авсан 40,000,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн материалд авагдсан баримтаар зөвхөн Д.Г гэх хүний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө байж байгаад тухайн эд хөрөнгө Г.Г д шилжсэн байгаа.

Иймд нас барсан өвлүүлэгч Д.Г ын, миний өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж, Г.Г гаас 40,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-3, 98 дахь тал)

 

2. Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Б манай талийгаач нөхрийг 2018 оноос хойш таних болсон юм билээ. Энэ үеэс л мал мах авахуулж байсныг миний бие 2023 онд нэхэмжлэл гаргахад нь мэдсэн. Р.Б нь манай нөхрөөр 2018 оноос хойш мал мах авахуулж, бие биедээ эр хүмүүсийн хувьд итгэж, мөнгө төгрөгөө шилжүүлж, олон жил хамтран ажиллаж байсан гэж ойлгосон. Тийм ч учраас дахин дахин мөнгө шилжүүлээд байсан байдаг. Харин манай нөхрийн хувьд өөрийгөө наймаа арилжаа хийгээд болоод байна гэж бодоод яваад байсан. Нөхөр их алдагдалд орж, үүнийгээ давж гарч чадалгүй харамсалтайгаар амиа хорлосон. Энэ тухайгаа ч гэрээслэл бичиг үлдээсэн. Уг нь Р.Б - эхнэр нь манай талийгаач нөхөр 2 төрсөн ах, дүүгийн хүүхдүүд юм билээ. Өмнө нь олон жил харьцахдаа ашигтай л ажилласан болоод дахин дахин мөнгө шилжүүлээд байсан байж таарна. Г.Г миний бие талийгаач нөхрийнхөө хийж байгаа ажилд хэзээ ч оролцож байгаагүй. Хэдийгээр *********** дугаартай дансыг шүүлгэхэд миний бие хамтран эзэмшдэг боловч энэ дансны мэдээлэл надад огт ирдэггүй. Анх олон жилийн өмнө банкнаас зээл авахад л энэ дансыг хамтран эзэмшдэг болсон байх. Нөхөр Д.Г ыг ийм зүйл хийгээд гэр бүлээ ийм их өрөнд оруулаад гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлоно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Бид нэгэнт гэр бүл байсан учир миний бие өвлөх эрхээс татгалзах санал хүсэлтээ зохих байгууллагад өгч болохоор байлаа. Мөнгө төгрөгийг нь өгчихье гэхээр надад үнэхээр илүүчлэх зүйл байхгүй байна. Одоо манай хашаа байшин гэр доторх бүх тавилга, Ланд-80 маркийн хуучин машин зэрэг бүх хөрөнгө банкны барьцаанд байгаа. Би талийгаач нөхөр Д.Г , Р.Б нарыг юу өгөлцөж авалцсан, мөнгө шилжүүлснээс хойш буцааж юу юу авсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. Миний бие энэ мөнгийг төлөх учиргүй гэж үзэж байна гэжээ. (хавтаст хэргийн 38 дахь тал)

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд эрх залгамжлагчийн асуудлыг хөндсөн байдаг. Д.Г ад холбогдуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байхад Г.Г г эрх залгамжлагчаар тогтоож хууль зөрчсөн байна. Мөн Р.Б , Д.Г гэх хоёр хүний хооронд иргэний хуульд заасан ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй байна. Дансны гүйлгээний утгыг харахад Э, Б эс мах авна гэх мэт харагддаг. Талийгаач Д.Г нь ямар зорилгоор мөнгө авснаа хэлж чадахгүй учир тэрээр Р.Б эс мөнгө зээлсэн, эсхүл мөнгийг буцааж өгсөн эсэх үйл баримт нотлогдохгүй байна. Д.Г хүнээс мөнгө зээлсэн нь тодорхойгүй, харин хүнд зээлсэн болон буцаан авч байгаа талаарх дансны үйл баримтууд маш их харагддаг. Тэгэхээр Р.Б - өгсөн 80,000,000 төгрөг яг үхэр авах зориулалттай байсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Эдгээр хүмүүс хоорондоо амаар болон бичгээр хийсэн хэлцэл байдаггүй. Өв залгамжлагчтай холбоотой асуудал яригдаж байна. Хуульд заасан хууль ёсны өвлөгч Г.Г , Д.Г нарын дундаас төрсөн 4 хүүхэд хууль ёсны өвлөгч юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т зааснаас үзэхэд тухайн харилцаанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй бол өв залгамжлагчаас татгалзсан гэж үзнэ. Мөн Д.Г ын нэр дээр 2 ширхэг машин, 1 ширхэг байшин байгаа бол Иргэний хуулийн 125 дугаар зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Учир нь Г , Г нар 1999 онд гэр бүл болсон. Үүнээс хойшхи хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, уг хөрөнгийг зөвхөн Д.Г ын хөрөнгө гэж үзэж болохгүй. Тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-д дундын эд хөрөнгийг Д.Г , Г.Г нарын нэр дээр байгаагаас үл хамааран дундын эд хөрөнгө гэж хуульчилж өгсөн. Тиймээс Д.Г , Г.Г нар нь дундаасаа 4 хүүхэдтэй, Иргэний хуулийн 129.1.4-д зааснаар гэр бүлийн гишүүн нас барсан бол дундын эд хөрөнгийг тодорхойлох шаардлага үүсч байгаа учир Д.Г ын эзэмшлийн дээрх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд буюу 6 хүнд тус бүр тэнцүү хувааж, нас барсан хүний өмчлөгчийг тодорхойлсны үндсэн дээр өв залгамжлагчийн асуудал үүсэх юм. Үүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн уг хэргийн жинхэнэ хариуцагч нь Г.Г биш гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: Д.Г ын нас барсны гэрчилгээний хуулбар, ХААН банкны 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 15, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шилжүүлгийн мэдээллүүд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 155/ШЗ2024/00458 дугаар шүүгчийн захирамж, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 6-16 дахь тал)

4. Хариуцагчаас: Хариу тайлбар, 41 гэж дугаарласан бичвэртэй хуудсын хуулбар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 38, 39 дахь тал)

5. Шүүхээс: 5.1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хангаж, дараахь нотлох баримт бүрдүүлсэн. Үүнд:

а. Нас барсан Д.Г ын эрх залгамжлагчаар Г.Г г тогтоосон.

б. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Г ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Г , Г.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа гаргуулсан. (хавтаст хэргийн 4-5, 19-22, 25-27 дахь тал)

в. Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбар, Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар, Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбар, ХААН банкны Хөвсгөл салбараас тус тус Д.Г , Г.Г нарын харилцах данс байгаа эсэх талаарх лавлагаа, дансны гүйлгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс Д.Г ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Г ын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын тамгын газраас Д.Г ын өрхийн гишүүдийн судалгаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргуулсан. (хавтаст хэргийн 36-37, 40-45, 54, 55, 56, 57, 60-84, 58-59, 85, 86-88 дахь тал)

5.2. Шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч авах, түүнийг хэргийн материалтай танилцах боломж олгох тухай хүсэлтийг ханган, шүүх хуралдаан хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ажиллагаа удаа дараа хийсэн. Үүнд:

а. Хариуцагч Г.Г гийн гаргасан өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж, өмгөөлөгч П.Эт хэргийн материал танилцуулах хугацаа олгож, шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан. (хавтаст хэргийн 99, 105-106 дахь тал)

б. Дараагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох Т.Б нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан даалгавар гүйцэтгүүлэх журмаар хэргийн материалтай танилцах тухай гаргасан хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. (хавтаст хэргийн 112-114, 122-125 дахь тал)

г. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс даалгавар гүйцэтгүүлж ирсэн тул тус хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарласан шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гаргасан өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг хангаж, өмгөөлөгч П.Эт хэргийн материал танилцах хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан. (хавтаст хэргийн 161-162, 163-165, 177-178 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.   Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Г.Г д холбогдуулан 80,000,000 (наян сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, хариуцагч Г.Г гаас 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгаж байна.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талийгаач Д.Г нь над руу 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үед **** дугаар утсаар чамд мал худалдаж авч өгье, манай энд мал авч байгаа хүн алга, хямдхан үхэр олдохоор байна гэж удаа дараа ярьсан. Өмнө нь 2018 онд 2 удаа мөнгө өгч ************ сумаас мал худалдан авахуулж байсан болохоор итгээд Д.Г , түүний эхнэр Г.Г нарын хамтран эзэмшдэг ХААН банкны *********** тоот данс руу, өөрийн ХААН банкны ************** тоот данснаас дараах мөнгийг шилжүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Бид хоёр үхэр худалдан авах нэг бүрийн үнийг 1,000,000-1,400,000 төгрөгөөр тооцож, 50-60 толгой үхрийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөнд тууж авчирч өгнө гэж тохиролцсон... 2023 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрийн үед жараад үхэр авлаа, туугаад Мөрөн лүү гарлаа гэж яриад дахиж холбогдохгүй болсон. Гэтэл арваад хоногийн дараа Д.Г ыг нас барсан талаар мэдсэн. Би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд үхэр худалдаж авахаар 80,000,000 төгрөг шилжүүлсэн тухай нэхэмжлэл гаргахдаа Д.Г ын эхнэр Г.Г г надаас мөнгө авсан хэлцэлд нөхөр Д.Г тайгаа хамтран оролцсон гэж хариуцагчаар татсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхэд хүсэлт гаргаж, талийгаач Д.Г ын эрх залгамжлагчаар түүний эхнэр Г.Г г тогтоолгосон. Д.Г нас барснаас хойш Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан хугацаа өнгөрч, Г.Г өвийг хүлээж авсан тул түүний эдлэх эрх, гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх хуулийн зохицуулалттай учир түүнээс 80,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 515.2-д Өвлөгч хүлээн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэж заасан байх тул Г.Г гийн нөхөр Д.Г аас өвлөн авсан эд хөрөнгөтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, тухайн эд хөрөнгийг дараах байдлаар үнэлж байна. 1. 1995 онд үйлдвэрлэсэн Toyota land cruiser маркийн автомашиныг 10,000,000 төгрөг, 2. 1999 онд үйлдвэрлэсэн Тоуоtа Саmi маркийн автомашиныг 5,000,000 төгрөг, 3. Хөвсгөл аймгийн ************ сумын 4 дүгээр багийн Цэгцэр ************* тоотод байрлах, 64мкв талбайтай хувийн сууцыг 25,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг болж байна. Эдгээр эд хөрөнгийн үнэлгээг автомашин болон үл хөдлөх эд хөрөнгийн зарын цахим хуудас, тухайн орон нутгийн эд хөрөнгийн үнэ ханш зэрэгт тулгуурлан тодорхойлсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Г гийн өвлөж авсан 40,000,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн материалд авагдсан баримтаар зөвхөн Д.Г гэх хүний эзэмшлийн эд хөрөнгө байж байгаад тухайн эд хөрөнгө Г.Г д шилжсэн байгаа. Иймд нас барсан өвлүүлэгч Д.Г ын миний өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж, Г.Г гаас 40,000,000 төгрөг гаргуулж авна гэж тайлбарлалаа.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Р.Б нь манай нөхрөөр 2018 оноос хойш мал мах авахуулж, олон жил хамтран ажиллаж байсан гэж ойлгосон. Нөхөр их алдагдалд орж, үүнийгээ давж гарч чадалгүй харамсалтайгаар амиа хорлосон. Миний бие талийгаач нөхрийнхөө хийж байгаа ажилд хэзээ ч оролцож байгаагүй. *********** дугаартай дансыг шүүлгэхэд миний бие хамтран эзэмшдэг боловч энэ дансны мэдээлэл надад огт ирдэггүй. Бид нэгэнт гэр бүл байсан учир миний бие өвлөх эрхээс татгалзах санал хүсэлтээ зохих байгууллагад өгч болохоор байлаа. Одоо манай хашаа байшин гэр доторх бүх тавилга, Ланд-80 маркийн хуучин машин зэрэг бүх хөрөнгө банкны барьцаанд байгаа. Би талийгаач нөхөр Д.Г , Р.Б нарыг юу өгөлцөж авалцсан, мөнгө шилжүүлснээс хойш буцааж юу юу авсан талаар мэдэх зүйл байхгүй. Миний бие энэ мөнгийг төлөх учиргүй гэж тайлбарласан байна. (хавтаст хэргийн 38 дахь тал)

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талийгаач Д.Г ад холбогдуулан нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байхад Г.Г г эрх залгамжлагчаар тогтоож хууль зөрчсөн. Мөн Р.Б , Д.Г гэх хоёр хүний хооронд иргэний хуульд заасан ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй. Дансны гүйлгээний утгыг харахад Р.Б эс мөнгө зээлсэн, эсхүл мөнгийг буцааж өгсөн эсэх үйл баримт нотлогдохгүй байна. Д.Г хүнээс мөнгө зээлсэн нь тодорхойгүй, харин хүнд зээлсэн болон буцаан авч байгаа талаарх дансны үйл баримтууд харагддаг. Тэгэхээр Р.Б - өгсөн 80,000,000 төгрөг яг үхэр авах зориулалттай байсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Эдгээр хүмүүс хоорондоо амаар болон бичгээр хийсэн хэлцэл байдаггүй. Хуульд заасан хууль ёсны өвлөгч Г.Г , Д.Г нарын дундаас төрсөн 4 хүүхэд хууль ёсны өвлөгч юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т зааснаас үзэхэд тухайн харилцаанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй бол өв залгамжлагчаас татгалзсан гэж үзнэ. Мөн Д.Г ын нэр дээр 2 ширхэг машин, 1 ширхэг байшин байгаа бол Иргэний хуулийн 125 дугаар зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Учир нь Д.Г , Г.Г нар 1999 онд гэр бүл болсон. Үүнээс хойшхи хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, уг хөрөнгийг зөвхөн Д.Г ын хөрөнгө гэж үзэж болохгүй. Тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-д дундын эд хөрөнгийг Д.Г , Г.Г нарын нэр дээр байгаагаас үл хамааран дундын эд хөрөнгө гэж хуульчилж өгсөн. Тиймээс Д.Г , Г.Г нар дундаасаа 4 хүүхэдтэй тул Д.Г ын эзэмшлийн дээрх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд буюу 6 хүнд тус бүр тэнцүү хувааж, нас барсан хүний өмчлөгчийг тодорхойлсны үндсэн дээр өв залгамжлагчийн асуудал үүсэх юм. Үүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн уг хэргийн жинхэнэ хариуцагч нь Г.Г биш учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлав.

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

а. Д.Г нас барсан тухай зохигчийн тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний харьяалал: ***************** гэх бичилттэй CVL2467010************** дугаар Нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 27 дахь тал)

б. Нэхэмжлэгч Р.Б нь нас барсан Д.Г тай үхэр худалдаж авахаар тохиролцон түүний эхнэр Г.Г тай хамтран эзэмшдэг данс руу 80,000,000 төгрөг шилжүүлсэн тул уг мөнгийг авахад хамтран оролцсон гэх үндэслэлээр тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Г г хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан маргааны харилцаанд хариуцагчаар оролцох этгээд Д.Г нас барсан байна. Тус маргааны харилцаанд нас барсан хариуцагч этгээд Д.Г ын эрх залгамжлагчийг тогтоолгох тухай хүсэлт гаргаагүй, түүний эхнэр Г.Г г хариуцагчаар шууд татан оролцуулсан нь буруу байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 155/ШЗ2024/00458 дугаар шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагджээ. (хавтаст хэргийн 13-15 дахь тал)

в. Шүүх нэхэмжлэгч Р.Б - гаргасан хүсэлтээр нас барсан Д.Г ын эрх залгамжлагчаар эхнэр Г.Г г тогтоож, түүнийг хариуцагчаар татсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 155/ШЗ2024/01919 дугаар шүүгчийн захирамж, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай 155/ШЗ2024/01918 дугаар шүүгчийн захирамж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан Д.Г , Г.Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 19-23, 26-27 дахь тал)

г. Нэхэмжлэгч Р.Б нь худалдаж авах 1 үхрийн үнэ бүрийг 1,000,000-1,400,000 төгрөгөөр тооцон, 50-60 толгой үхэр өгч, авахаар Д.Г тай тохиролцон 80,000,000 төгрөгийг түүнд олон удаагийн үйлдлээр шилжүүлсэн, хариуцагч нь нөхрийнхөө хийж байгаа ажилд оролцдоггүй, мөнгө өгсөн тухай мэдэхгүй, Р.Б - өгсөн 80,000,000 төгрөг яг үхэр авах зориулалттай байсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Тэдний хооронд байгуулсан гэрээ байхгүй гэж маргаж байна.

д. Д.Г , Г.Г нарын эзэмшлийн ХААН банкны *********** тоот данс руу Р.Б 80,000,000 (наян сая) төгрөгийг шилжүүлсэн болох нь Р.Б - эзэмшлийн ХААН банкны ************** тоот данснаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр үхэр авахуулах Б гэх бичвэртэй 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, Эээс гэх бичвэртэй 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр B-s 5000.0 гэх бичвэртэй 5,000,000 төгрөг шилжүүлсэн тухай, 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр B-s G-d malin vne гэх бичвэртэй 5,000,000 төгрөг шилжүүлсэн тухай, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр B-s G-ad 8say t sniljulew гэх бичвэртэй 8,000,000 төгрөг шилжүүлсэн тухай, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр B-s 12000.000 гэх бичвэртэй 12,000,000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, ХААН банкны Шилжүүлгийн мэдээлэл-үүд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байх тул Д.Г , Р.Б нарын хооронд үхэр худалдах, худалдах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 73, 76, 78, 80, 7-12 дахь тал)

е. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан.

ё. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд Д.Г , Р.Б нар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үхэр худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна. Нэхэмжлэгч Р.Б нь үхэр худалдан авах төлбөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн байхад Д.Г үхэр буюу эд хөрөнгөө шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй нас барсан тул түүний эрх залгамжлагчаар эхнэр Г.Г г тогтоолгож, хариуцагчаар татжээ.

ж. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ, 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан. Хуульд заасан дээрх үндэслэлээр Д.Г ын нас барсан буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түүний өмчлөлийн эд хөрөнгөд өв нээгдсэн байна.

Нас барсан Д.Г ын хууль ёсны өвлөгчдөд 1. 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 1995 онд үйлдвэрлэсэн ***** ХӨВ улсын дугаартай, Toyota land cruiser маркийн автомашин, 2. 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэсэн **** ХӨВ улсын дугаартай, Тоуоtа Саmi маркийн автомашин, 3. 25,000,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн ************ сумын 4 дүгээр багийн Цэгцэр ************* тоотод байрлах, 64мкв талбайтай хувийн сууц буюу нийт 40,000,000 төгрөгийн эд хөрөнгө өвлөгдөн үлджээ. Дээрх эд хөрөнгийн үнэлгээг хариуцагч зөвшөөрөхгүй мөртлөө үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнэ ханшид нийцсэн гэж дүгнэсэн. Мөн **** ХӨВ улсын дугаартай, Тоуоtа Саmi маркийн автомашин 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буюу нас барсны дараа Д.Г ын эзэмшлээс хасалт хийгдсэн байх тул өвлөгдөж үлдсэн эд хөрөнгө гэж үзнэ. (хавтаст хэргийн 58-59, 85, 160 дахь тал)

Хариуцагч Г.Г нь нас барсан нөхөр Д.Г ын өвлөх эрхээс татгалзах хүсэлтээ зохих байгууллагад өгч болохоор байсан гэж тайлбарлаж байгаа боловч өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотлож чадаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ зааснаар түүнийг өв хүлээж авсан гэж үзнэ.

Нас барсан Д.Г ын хууль ёсны өвлөгч нь түүний эхнэр Г.Г , хүү ********************************* нар болох нь Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын тамгын газрын даргаас ирүүлсэн Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас татсан 2022-2023 оны хагас жил хүн амын түүвэр баримт, Хөвсгөл аймгийн ************ сумын Булган багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Дын Г (****************) нь нас барах хүртлээ Хөвсгөл аймаг, ************ сум, Булган багт Артель-84 хаягт гэр бүлийн гишүүд эхнэр Г.Г , хүү ******************* нарын хамт амьдран суудаг байсан нь үнэн болно гэх бичилттэй 150 тоот албан бичиг зэрэг баримтаар тогтоогдов.

Хариуцагч дээрх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Нас барсан Д.Г аас өвлөгдсөн эд хөрөнгө буюу 40,000,000 төгрөгийг хууль ёсны өвлөгч 5 хүнд адил тэнцүү хуваахад 1 хүнд 8,000,000 төгрөг ногдож байна.

Нэхэмжлэгч нь нас барсан Д.Г ын хууль ёсны өвлөгч 5 хүнээс зөвхөн Г.Г г эрх залгамжлагчаар тогтоолгон, хариуцагчаар татсан.

Нэхэмжлэгч Р.Б нь нас барсан Д.Г тай байгуулсан үхэр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасны дагуу түүний эхнэр Г.Г гаас шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Г.Г гаас 8,000,000 (найман сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Б д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,000,000 (гучин хоёр сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,000,000 (найман сая) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Д.Г ын нас барсны гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй, 41 гэж дугаарласан бичвэртэй хуудсын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбар, Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар, Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбар, ХААН банкны Хөвсгөл салбараас ирүүлсэн Д.Г , Г.Г нарын харилцах данс байгаа эсэх талаар лавлагаа, дансны гүйлгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримт тухайн хэрэгт ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 6, 39, 54-57, 61-72, 82-84 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Г гаас 8,000,000 (найман сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Б д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,000,000 (гучин хоёр сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б - улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г гаас улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОТГОНБЯМБА