Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/874

 

 

 

 

 

  2022             8             31                                       2022/ДШМ/874

 

С.П  болон Д.М - нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн    даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Д.М -, түүний өмгөөлөгч Ш.Т ,

шүүгдэгч С.П,  өмгөөлөгч Б.Г,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/Ш3/1147 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Солонгын бичсэн 2022 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч С.П , Д.М - нарт холбогдох Эрүүгийн 1811028801061 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

           ........ овгийн  С-ийн П, Монгол Улсын иргэн, ........  аймгийн   ........ суманд  ....  оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ..... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ........  аймгийн ........ сумын            ........ баг ........ тоотод байнга оршин суух бүртгэлтэй, ........ дүүрэг , ........ хороо, ........ тоотод түр оршин суудаг гэх, /РД: ................. /,

- ........ аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны...  дугаар сарын... -ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,          

........ овогтой Д-ын М, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ........ оны.... дугаар сарын ...... -ны өдөр төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, 2 зээ, охины хамт, ........  дүүргийн ........ дүгээр хороо, ........  байрны ... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, /РД: ............./,

-........  дүүргийн шүүхийн ........ оны .... дүгээр сарын ....-ны өдрийн ......дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн,

- ........  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........  оны ..... дүгээр сарын ...... -ны өдрийн .....  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаартай 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч С.П -нь ганцаараа:

1. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.Э-ээс  “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө, мөнгө зээлээч, нийгмийн даатгалын фондоос мөнгийг нь үрчихсэн юм тэр мөнгийг нь хийх гэсэн юм, хамаатны хүн нас барсан” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замар төөрөгдөлд оруулж 27.880.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. ........ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........ банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Д, Ц.Х нараас ........ банкны ........ тоот харилцах данснаас С.У-аар дамжуулан түүний эзэмшлийн ........  банкны ........ тоот харилцах дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. ........ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ........ банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Г-ээс иргэн С.У-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........тоот харилцах дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ........ банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч С.П түүний эзэмшлийн ........ банкны ........ тоот харилцах данснаас иргэн С.У-аар  дамжуулан түүний эзэмшлийн ........ банкны ........тоот харилцах дансаар 7.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б-ээс цахим банкны үйлчилгээ ашиглан иргэн С.У-аар дамжуулан түүний эзэмшлийн ........ банкны ........ тоот харилцах дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ........банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Л.Б аас иргэн Б.Лхагвабаярын эзэмшлийн ........банкны ........  тоот харилцах данснаас иргэн С.У -аар дамжуулан түүний эзэмшлийн ........ банкны 452584837 тоот харилцах дансаар 3.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ........ банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Х.Э-ээс 1.993.369 төгрөгийг С.У -аар дамжуулан түүний эзэмшлийн ........ банкны ........ тоот харилцах дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ........банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Д.Ц - түүний эзэмшлийн ........банкны ........тоот харилцах данснаас иргэн Б.Б-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар, 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ........ хотхоны........  дугаар байранд үйл ажиллагаа явуулах Шидэт дэрний эмчилгээний байранд хохирогч Д.Ц-д  “тэтгэврийн хэмжээг нэмж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Д.Ц -гээс нийт 1.552.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

10. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Д-д “тэтгэврийн хэмжээг нэмж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Б-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Д.М - нь ганцаараа:

1. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр хохирогч С.Н-д  “тэтгэврийн хэмжээг нэмж өгнө” гэж хуурч, 5.000.000 төгрөгийг авч залилсан,

Шүүгдэгч С.П -, Д.М - нар нь бүлэглэн:

1. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хохирогч Я.Г-г  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.М -гийн эзэмшлийн ........банкны ........ дугаарын данс руу 2.718.000 төгрөг, Ц-ийн эзэмшлийн ........ дугаарын данс руу 2.200.000 төгрөг буюу нийт 4.918.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хохирогч Н.Х-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.М -гийн өөрийн эзэмшлийн ........банкны ........ дугаарын данс руу 3.465.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч У.С-ээс иргэн Я.Г-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны 5099179666 тоот харилцах дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 04 дүгээр сарын 08-аас 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Д.М иргэн Я.Г-ээр  дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Т –ээс иргэн Я.Г-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар 1.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Я.Т-ээс иргэн Я.Г- ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар 1.500.000 төгрөг, Д.М -гийн эзэмшлийн ........банкны ........ тоот дансаар 1.500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч С.Э-ээс иргэн Я.Г-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........банкны салбараас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А-ээс иргэн Я.Г- ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........  тоот харилцах дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баянцагаан баг, Тосгоны 1-1 тоот гэрээсээ мобайл банкаар “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А-аас  иргэн Я.Г-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Х-аас иргэн Я.Г- ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........ тоот харилцах дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгаас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч С.А-ээс  иргэн Я.Г- ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........тоот харилцах дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          12. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Дархан-Уул аймагт байхдаа “Нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Г-ээс иргэн Я.Г-ээр дамжуулан түүний эзэмшлийн ........банкны ........  тоот харилцах дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, бусдад нийт 108.508.369 төгрөг буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.М , С.П -нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй ...  хохирогч болон иргэний хариуцагч нар нь тухайн гэмт хэрэгт оролцоотой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар С.У -ыг тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн ... Өөрөөр хэлбэл иргэний хариуцагчаар татагдсан С.У - нь яллагдагч С.П - залилах гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн хохирогч нарын бэлнээр болон шилжүүлсэн мөнгөн дүнгээс өөрөө ашиг хүртэн Д.Э-д өгдөг, Д.Э - нь нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж эс үйлдэхүйгээр тухайн гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй байна. ... хохирогч Д нь 4.000.000 төгрөгийг гэрч Б.Б - ын дансаар шилжүүлсэн, С.П -нь тухайн мөнгийг Б-гийн  дансаар авч захиран зарцуулах эрх үүссэний дараа тэрээр гэрч Д.Б-ийн хамт Гандангийн Ардын хоршооны бэлэн мөнгөний машинаас гарган авч нэр бүхий хүмүүс рүү шилжүүлснээр түүний залилах гэмт хэргийн үйлдэл төгссөн байхад сүүлчийн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж төгссөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэн Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэлдээ “ ... Шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Мөрдөн байцаалтын явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар С.У -, Д.Э - нар нь яллагдагч С.П -тэй бүлэглэн бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр С.У - нь Д.Э -ийн ярьсны дагуу “нийгмийн даатгалын нөхөн бичилт” хийлгэх боломжийг хохирогч Ц.Х -, С.Д - , Х.Э , Б.Г, Б.Б , Л.Б , С.П  нарт хэлж, тэднээс нийт 43.993.369 төгрөгийг авч, өөртөө 7.493.369 төгрөгийг авч, үлдэгдэл 36.500.000 төгрөгийг Д.Э -т өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ба хохирсон хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь шунахай сэдэлттэй, бусдаас авсан эд зүйлсээ буцааж өгөхгүй гэсэн шууд санаатай, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой идэвхтэй үйлдэл байдаг. С.У -ын хувьд яллагдагч С.П -тэй огт уулзаж байгаагүйгээс гадна урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогоогүй, харин түүний хамаатны эгч болох Д.Э - нь өөрөө “нийгмийн даатгалын бичилт хийлгэх”-ээр С.П - мөнгө өгсөн байдаг бөгөөд Д.Э - нь “нийгмийн даатгалын бичилт хийлгэх” боломж байгаа талаар С.У -т хэлснээр С.У - нь бусдад дээрх боломж байгаа талаар хэлж дундаас нь мөнгө авч ашиг авсан болохоос дээрх нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулсан гэж үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл С.П -ийг бусдыг хуурч залилж байгаа гэдгийг огт мэдээгүй байдаг. Улмаар хэрэг шалгагдаж эхлэх явцад С.У - нь С.П -гэгч бусдыг залилсан болохыг мэдэж өөрөө Х.Э , Б.Г, Б.Б , Л.Б , С.П  нарын хохирлыг бүрэн барагдуулж, Ц.Х , С.Д -  нарт 15.000.000 төгрөг өгөх ёстойгоос 4.250.000 төгрөгийг нь буцааж өгсөн байдаг тул Ц.Х -, С.Д -  нарт 10.750.000 төгрөгийг төлөх асуудалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар, харин С.П-ээс авсан 33.243.369 төгрөгийг хохирогч нарт өөрөө төлсөн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно. Хохирогч Д.Э -ийн хувьд өөрөө нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гэж мөн зээл хэлбэрээр нийт 27.880.000 төгрөгийг С.П - шилжүүлэн өгч залилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хэлбэл Д.Э, С.У - нар нь гэмт хэрэг үйлдэх талаар яллагдагч С.П -тэй урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдээгүй ба С.У , Д.Э - нарын хувьд бусдыг залилах субьектив санаа зорилгогүй байснаар залилах гэмт хэргийн хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Тус дүүргийн прокурорын газраас С.П -нарт холбогдох хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 690 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар хэргийг хүлээн авч “... сүүлийн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж төгссөн гэж дүгнэн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2022/ШЗ/148 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул хэргийг харьяаллын дагуу ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэн, 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2022/ШЗ/344 дугаартай захирамжаар хэргийг буцаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улмаар Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүд хэргийн харьяалал дээр маргасан учир Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Улсын Дээд Шүүхэд хэргийг хүргүүлж, Дээд шүүхээс хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоосноор тус шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл С.П нарт холбогдох хэрэгт Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас хэргийг хянаад хэргийн харьяаллыг тогтоож ирүүлсэн байхад “ ... сүүлчийн гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж төгссөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна ...” гэж хэргийг прокурорт буцаасан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Иймд шүүгчийн 2022/ШЗ/1147 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 Прокурор Ц.Хулан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж байна. Улсын Дээд шүүхээс харьяаллын асуудлыг шийдвэрлэсэн байхад прокуророос харьяаллыг тогтоосон мэтээр дүгнэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс хохирогч Э-г  нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж эс үйлдэхүйгээр тухайн гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй гэж үзсэн. Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаа идэвхтэй үйлдлээр илэрдэг учир Э-ийг эс үйлдэхүйгээрээ энэ гэмт хэрэгт оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. С.У-г иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж оролцож байна гэж дүгнэсэн. С.У нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж байгааг огт мэдээгүй бөгөөд шүүгдэгч нарыг танихгүй. Өөрийн хадам эгч Э-ээр дамжуулан нэр бүхий 7 хохирогчтой холбогдож, мөнгө аван цааш нь дамжуулсныг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.М -гийн өмгөөлөгч Ш.Т - шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй. Яллах дүгнэлтэд “Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг ........банкны салбарт ...” гэж бичигдсэн байдаг, Улаанбаатар хот 8 дүүрэгтэй гэмт хэрэг хаана болсон талаар тогтоож чадаагүй. Мөн шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилж, хохирлыг бодитой тооцож чадаагүй. Дундаас нь 7.500.000 төгрөг авсан С.У-г иргэний хариуцагч гэж үзсэн атлаа шилжүүлсэн мөнгийг нь дансаар аваад бүгдийг нь С.П - өгсөн Д.М -г гэмт хэрэгт хамтарч оролцсон гэж дүгнэсэн. Я.Г, С.П -нар мэдүүлэхдээ “Д.М -гийн дансанд 3 хүний мөнгө орсон” гэсэн байдаг ба хохирогч нар Д.М -г огт танихгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ асуудлыг үнэн зөв тогтоож чадаагүй. Д.М -гийн үйлдлийн улмаас хохирсон хүмүүс нь Замын-Үүд, Хөвсгөл, Орхон, Дархан байдаг хүмүүс, Д.М -  хэзээ энэ газруудад очиж хохирогчдыг хэрхэн залилсан гэдгийг тогтоож чадаагүй. Яллах дүгнэлтэд хэрэг хаана болсон талаар тогтоогоогүй байгаа тул харьяаллын асуудал ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.П - өмгөөлөгч Б.Г -ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний үйлчлүүлэгч хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Үүний дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж анхан шатны шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв. 

Шүүгдэгч Д.М - шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгчийн захирамжтай танилцсан. Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.П -ийг Д.М -тай бүлэглэн 12 удаа, ганцаараа 10 удаагийн үйлдлээр, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд  бусдыг хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгож, бусдад нийт 108.508.369 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэгийн 3.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.М -г С.П -тэй бүлэглэн 12 удаа, ганцаараа 1 удаагийн үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бусдыг хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгож, бусдад нийт 33.083.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “... хохирогч болон иргэний хариуцагч нар нь тухайн гэмт хэрэгт оролцоотой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар С.У -ыг тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн ... өөрөөр хэлбэл иргэний хариуцагчаар татагдсан С.У - нь яллагдагч С.П - залилах гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн хохирогч нарын бэлнээр болон шилжүүлсэн мөнгөн дүнгээс өөрөө ашиг хүртэн Д.Э -т өгдөг, Д.Э - нь нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж эс үйлдэхүйгээр тухайн гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй байна. ... Мөн хохирогч Д  нь 4.000.000 төгрөгийг гэрч Б.Б - ын дансаар шилжүүлсэн, С.П -нь тухайн мөнгийг Б-ийн дансаар авч захиран зарцуулах эрх үүссэний дараа тэрээр гэрч Д.Б-ийн  хамт Гандангийн Ардын хоршооны бэлэн мөнгөний машинаас гарган авч нэр бүхий хүмүүс рүү шилжүүлснээр түүний залилах гэмт хэргийн үйлдэл төгссөн байхад сүүлчийн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж төгссөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар иргэний хариуцагч гэж “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг ...” , мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.У - нь Д.Э -ээс “нийгмийн даатгалийн нөхөн бичилт хийлгэх” талаар олж мэдсэний дагуу хохирогч нарт хэлж, улмаар тэднээс нийт 43.999.369 төгрөгийг авч Д.Э -т өгсөн хэдий ч шүүгдэгч С.П -ийг залилах гэмт хэргийг үйлдсэн талаар мэдсэн даруйдаа хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан зэрэг үйл баримтуудаас үзэхэд С.У -ыг иргэний хариуцагчаар, Д.Э -ийг гэрчээр тус тус тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, ... зохиомол байдлыг зориудаар бий болгох ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд дээрх С.У , Д.Э - нарын үйлдлээс дүгнэхэд залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

            Иймээс С.П , Д.М - нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Улсын дээд шүүхээс яллагдагч Д.М , С.П нарт холбогдох эрүүгийн хэргийн үйлдлүүд нь “нийслэл, орон нутгийн хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үргэлжлэхдээ тоо, ноцтой байдал болон хохирол, хор уршгийн талаар нэгнээсээ илт давуу байдлаар ялгарах байдалгүй үйлдэгдсэн” гэж, тэдний сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн харьяалах шүүхийг уг хууль ёсны буюу үндсэн харьяаллын шүүх гэж үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг хэргийн харьяалалын талаар үндэслэлгүй маргасан гэж дүгнэжээ.

Дээрхээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байхаар тогтоосон байх тул анхан шатны шүүхийн “хэргийн харьяалал тодорхойгүй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/1147 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол С.П , Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

             ШҮҮГЧ                                                      Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН