| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00190/И |
| Дугаар | 155/ШШ2016/00344 |
| Огноо | 2016-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2016/00344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Т.Б
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/0190/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч З.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 онд элсэн орсон. 1977 оны 1-р сарын 10-наас 1991 оны 05 дугаар сарын 30-ныг хүртэл тус нэгдэлд хоньчноор ажиллаж байсан болно. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Т.Б миний бие Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 1-р сарын 10-наас 1991 оны 05-р сарын 30-ныг хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь 1961 онд төрсөн. Сумын бага сургуулийг суралцаж төгсөөд эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад 1977 онд Пүрэвбаттай гэр бүл болж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд туслах малчнаар орж 1977 оноос 1991 оны дуустал тасралтгүй сувай, төллөх эм хонь маллаж байсан. Мөн 1984-1987 онд хонь харахын хажуугаар зун нь сүү тосны заводод ажиллаж байсан. Иймд Т.Бын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Т.Б Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Түвдэн овогтой Бын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, Түвдэн овогтой Бт БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр зарлигаар олгосон Монгол Ардын Хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10/85 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс 1977 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 1981 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч А.Ц*ын Т.Б Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1977 оноос 1991 оныг хүртэл хоньчноор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүний их эмчийн салбарт 1977-1990 оныг хүртэл сувилагчаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Д.С-ийн Т.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1977-1991 оныг дуустал буюу нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа эр сувай хонь хариулдаг төл мал малладаг байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1976-1990 оныг дуустал тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Т.Бын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хасынхан Түвдэнгийн Бын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ