| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0642/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 566
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч А.Мөнхзул,
хохирогч А.П,
шүүгдэгч П.О, өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708008340150 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пын О /РД:.../.
Яллагдагч П.О нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод хоорондын таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Пийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун чамархай, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, хүзүү, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, намайг уучлаарай” гэв.
Хохирогч А.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр энэ хэрэг болсон. Нөхрийн дүү М согтуу агсан тавиад байсан. О цахилгааны утас барьж ирээд манайхаас гэрэл авах гээд байсан. Манай утас муу утас байсан юм. Гэрэл авахгүй гэхэд М намайг элдвээр хэлээд орилж хашгираад байсан. Цагдаа дуудаад эрүүлжүүлэх рүү аваад явсан. О надтай хэрэлдсээр хашаанд орж ирээд үсдээд авсан. Ээж нь намайг цохисон. О гэр рүүгээ ороод гулууз барьж гарч ирээд намайг цохисон. Гомдол санал байхгүй. Энэ хүн мөнгө төгрөг байхгүй учраас нэхэмжлэхгүй” гэв.
Эрүүгийн 1708008340150 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Пийн: “...2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим гэрт нөхрийн дүү П.О хэл амаар доромжилж зодсон. О нөхрийнхөө хамт манай хашаанд “2 хоног л байя” гээд гэрээ бариад буусан. Тэгээд манай нөхрөөс “цахилгааны утас татъя” гэхээр нь манай нөхөр “татуулахгүй, манай цахилгааны утас даахгүй” гэсэн чинь Оын нөхөр манай нөхрийг зодсон байсан. Мөн нөхрийн дүү Мыг манай хашаа руу орилоод, дүү нараа дээрэлхээд байхаар нь би “болиоч” гэсэн чинь М “чи дуугай бай, янхан минь” гээд байхаар нь цагдаад барьж өгсөн. О манай ахыг цагдаад өглөө гэж намайг зодсон. О над руу дайрч багалзуурдаж, гурилын модоор толгой руу 2 удаа, гар руу цохьсон чинь ухаан алдаж унасан байсан. Намайг “Улаанбаатарын биеэ үнэлдэг янхан” гэж доромжилсон. Над руу хутга далайсан. Эмчилгээний зардал гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-7/,
Гэрч Д.Янжинхүүгийн: “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүү М согтуу ирсэн. Том хүүгийн эхнэр Отай нийлээд Мыг хашгичиж загнаад толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би эр хүний толгой руу дандаа цохиж байх юм, тэгж байхаар цагдаад бариад өгчих гэсэн чинь таяг булаагаад унагаагаад үснээс зулгааж, таягаар нуруу руу цохисон. Дунд охиныг “янхан, банзал” гээд орилоод байсан. Би “намайг аллаа” гэж хашгирсан чинь О гурил элдэж байсан элдүүрээ барьж гарч ирээд Пийг цохисон. П аймаар зантай, хэрүүл хийдэг, хүн хүн рүү үсчдэг, ам хэлээрээ хүнийг дайрдаг, гар нь их түргэн, хүн цохиод байдаг, хүний үг авдаггүй...” гэх мэдүүлэг /хх-11/,
Гэрч Б.Сарангуагийн: “...Би тухайн өдөр хадам аав Баярмагнайн гэрт охины хамт очсон. М гэх хадам аавын дүү гаднаас согтуу орж ирээд хашаан дотор орилоод агсам тавиад байхаар нь хадам ээж П цагдаа дуудаад өгөөд явуулсан. Тэгсэн чинь Мын дүү О гэх тухайн хашаанд байдаг эмэгтэй гэрээсээ гарч ирээд “чи манай ахыг цагдаад өглөө” гээд хадам ээжийг үсдээд дайраад байсан. Би тэр хоёрыг салгаад байж байтал хадам эмээ харж зогсож байснаа хадам ээжийн толгой руу 1 удаа таягаараа цохихоор нь би хадам эмээг холдуулсан. Хадам ээж хадам эмээгээс таягийг авч байтал О гэрээсээ гурилын элдүүр барин гарч ирээд хадам ээжийн толгой руу 2-3 удаа цохиход хадам ээж ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-31/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.02-ны өдрийн 9890 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.А.Пийн биед тархи доргилт, баруун чамархай, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, хүзүү цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-14/,
П.Оын яллагдагчаар: “2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэртээ хоолоо хийгээд байж байхад манай ах М гадаа согтуу унтаж байхад бэр эгч болох П ах руу чулуу шидээд “архичин минь” гээд байхаар нь ээж гэрээс гараад “чи яагаад хүүхэд рүү чулуу шидээд байгаа юм бэ” гэхэд П “та нар цагдаагаа дууд” гээд байсан. Тэгтэл ах Баярмагнайтай хэрэлдээд байсан. Удалгүй Баярмагнай ах гэрт ороод ирсэн. Тэгтэл П араас нь дагаж орж ирээд ээжид “танай хүү Баярмагнай чинь дандаа архи дарс уугаад намайг доромжилдог, танай хүүхдээс сална” гэхээр нь ээж дагаад гартал ээжийн таягийг булааж аваад хаяаны шороон дээр унагаагаад ээжийн толгой руу таягаар цохихоор нь би гэрээс гараад П эгч рүү “та яагаад хөл муутай хүнийг зодож байгаа юм” гэхэд “чам шиг янханд хамаагүй, та нар гэр бүлээрээ янхан” гэхээр нь “бид нар янхандаж явж үзээгүй” гэхэд “чи эцэггүй хүүхэд төрүүлээ биз дээ” гэхээр нь би уурлаад гартаа барьсан байсан ганжин модоор Пийн дух орчимд 2 удаа цохисон. Тэгтэл П гэр түшээд унасан. Удалгүй П манай гэр рүү ганцаараа орж ирээд намайг заамдаж үсдэхээр нь би адилхан үсдэлцсэн. Баярмагнай ах орж ирээд бид хоёрыг салгаад Пийг гэрээс аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-38/,
Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, А.Пийн өргөдөл /хх-5/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-54/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-58-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.О нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 46 дугаар гудамж, 38 тоотод хоорондын таарамжгүй харилцааны улмаас А.Птой маргалдан гурилын элдүүр модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, хүзүү цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Пийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр шүүх хуралдаанд “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь 1 нас 5 сартай, 4 настай хоёр хүүхэдтэй. Өрхийн орлогогүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулахыг хүсэж байна” гэж тус тус дүгнэлт гаргасныг тэмдэглэж байна.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 300 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Оыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.О бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР