Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнх-Эрдэнэ

Албадан эмчилгээнд хамрах иргэн Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Д.Гийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Д.Гийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт бүхийн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт 8 дугаар багийг хариуцсан хэсгийн байцаагчаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Сүхбаатар сумын 8 дугаар багт оршин суух Д.Г нь тухайн орчиндоо бүлэг, бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг гэсэн мэдээлэл ирсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтнаас ...Д.Гийг архидан согтуурч, тухайн орчиндоо өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул энэ хүнийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн газарт ирүүлсэн байгаа. Тухайн хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Д.Гийг хамруулж бүх төрлийн шинжилгээг авч, эмчийн хяналтаар оруулсан. Ингээд уг материалаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр орж уг хүнийг архинд донтох өвчтэй, архины эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байгаа тул уг дүгнэлтэд үндэслэн шүүхэд иргэний журмаар албадан эмчилгээнд явуулахаар хандсан. Хүсэлтээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Г нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй. Би нэг үе архи уудаг байсан нь үнэн, уухаараа 2-3 өдөр уучихдаг. Хэрэг зөрчил гаргаж байгаагүй. Ер нь архинаас гаръя гэсэн бодолтой л байсан гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай шийдвэрээр:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Дэмчигсүрэнгийн Ганхөлөг /ТА70102918/-ийг архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлсүгэй.

2. Согтуурах мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Гийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлсүгэй.

3. Албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай шийдвэрт намайг архины эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй гэж бичигдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ингэж хэлж яриагүй, харин эсрэгээрээ албадан эмчилгээнд явмааргүй байна гэж тайлбар гаргаж мэдүүлж байсан юм.

Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд миний өөрийн болон эхнэр хүүхдийн санал бодлыг харгалзах ёстой байсан гэж үзэж байна. Манай эхнэр намайг архины эмчилгээнд явуулахын эсрэг саналтай байсан юм. Эцэст эхнэр бид хоёр ярилцаж зөвшилцөөд энэ албадан эмчилгээнд явахгүйгээр сайн дураараа архинаас гарна гэсэн чин сэтгэлийн ухаарал, тэвчээр дээр суурилж архинаас гарах, эхнэр маань надад байнга сэтгэл санааны дэмжлэг, тусламж үзүүлэхээр болсон юм. Иймд бидний гэр бүл доторх байдлыг харгалзан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай шийдвэрийн холбогдох заалтыг албадан эмчилгээнд явуулах гэсэн заалтыг хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтнаас албадан эмчилгээнд явуулах тухай саналыг ирүүлсэн. Энэ саналын дагуу холбогдох материал цуглуулан шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлэсэн. Шүүхээр шийдвэрлэсний дараа Цагдаагийн газарт сар гаран хугацаанд архи хэрэглээгүй байгаа болон сайн дураараа эмчилгээнд хамрагдах хүсэлтээ холбогдох баримтын хамт ирүүлсэн байгаа. Иймд шүүх хуулийн дагуу шийдвэрлэхэд манай байгууллагын зүгээс тайлбар хийх боломжгүй байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн Д.Гийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг эс зөвшөөрч Д.Г нь давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Д.Г нь архи, согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдэж мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Зөрчлийн тухай хуулиар баривчлагдаж, албадан сургалтад хамрагдах зэрэг захиргааны шийтгэл хүлээж байсан бөгөөд тухайн байдалд нь Цагдаагийн газраас эмнэлгийн байгууллагад хандаж Согтуурах мансуурах донтой эсэх талаар дүгнэлт гаргуулсан байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын дүгнэлтээр Д.Гийг Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, шарталтын байдал гэсэн онош тогтоож албадан эмчилгээнд хамруулах гэсэн дүгнэлт гаргажээ.

Тухайн дүгнэлтийг үндэслэн Д.Гийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн газрын хүсэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудад зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Д.Г нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ, шийдвэрт архины эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй гэж бичигдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, албадан эмчилгээнд миний бие болон гэр бүлийн хүн маань хүсэлт гаргаагүй байхад явуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, шүүх хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийгээгүй гэжээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сум хорооны нийгмийн ажилтан нь албадан эмчлүүлэх тухай санал гаргаж болох бөгөөд тухайн саналыг мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн байгууллага хүлээн авч зохих байгууллагаар согтуурах мансуурах донтой эсэх тухай дүгнэлт гаргуулснаар эмчилгээ хийлгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Иймээс эмчлүүлэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн саналыг авахгүйгээр эрх бүхий этгээдийн саналаар албадан эмчилгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно. гэж заасан.

Албадан эмчлэх нь Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь тухайн хүнийг эмчилгээ хийлгэхээс чөлөөлж байгаа асуудал биш харин тухайн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг зохицуулсан ойлголт юм.

Түүнчлэн сайн дурын үндсэн дээр эмчилгээ хийлгэх үү эсхүл албадан эмчлүүлэх үү гэдэг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт гаргахаас өмнө хийгдэх ажиллагаа гэж ойлгоно.

Гэтэл гомдол гаргагч Д.Г нь сайн дураар эмчилгээ хийлгэх хүсэлтээ шүүхийн шийдвэр гаргасны дараа Цагдаагийн байгууллагаар дамжуулан давж заалдах шатны шүүхэд гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлэхгүй тул Д.Гийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Албадан эмчлэх эмнэлэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байх бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж тухайн хүнийг зохих эмнэлэгт шилжүүлэх, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналыг шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг хуульд тусгасан.

Мөн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу эмчлүүлэгч нь эмчилгээ шинжилгээний талаар санал гаргах эрхтэй тул Д.Г нь хуульд заасан эрхийнхээ дагуу албадан эмчилгээнд хамрагдах өвчтэй эсэх талаараа хүсэлтээ эмчлэгч байгууллагадаа гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар албадан эмчлүүлэгчийн эмчлүүлэх хугацааг эмчлүүлэгчийн биеийн байдал үр дүнгээс хамаарч эмчилгээний байгууллага тогтоодог болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар гомдол гаргагч Д.Гөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН