Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/00346

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бийн Өийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Гын Д д холбогдох,

Ажлын хөлс, нэмэлт материалын үнэ, нийт 361.000 /гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2015/1262/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгнэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Г.Д , хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Д оор 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сурталчилгааны ананас өлгөх зориулалтаар 2 ширхэг төмөр рамыг байрны хананд тогтоолгохоор ярилцаж тохирон ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Ажлын хөлсөнд хамгийн хямд үнэ 300.000 төгрөг өгөхөөр болж, гэрээ байгуулья гэхэд рам хийхэд квадрат метрээр нь тооцож хөлсөө авдаг тул үнэтэй тусна. Иймд гэрээ байгуулахгүй гэсэн.

Төмөр рамыг байрны хананд 2015 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд тогтоож, ажлын хөлс 300.000 төгрөгийг 2 өөр дансанд шилжүүлж төлбөрийг хийсэн. Эхний рамыг тогтооход би өөрийн биеэр харж байсан, дараагийн рамыг тогтооход байгаагүй, тогтоосны дараа харсан. Гэтэл 3 хоногийн дараа хүмүүс над руу сурталчилгааны ананас унах гэж байна гээд утсаар ярьсан. Очоод үзэхэд нэг рам нь гагнаасаараа хугарсан, хананаас хуурсан байсан. Г.Д нь удахгүй дахин сайн тогтоож өгнө, мөнгө авсан баримт өгнө, 1 жилийн баталгаа гаргаж өгнө гэж хэлсэн боловч олон удаа утсаар ярьж, мессэж бичиж гуйлгаснаар 11 дүгээр сарын 20-ны өдрийн үед тогтоож өгөхөөр болсон. Рамны голоор хөндлөн төмөр гагнаж, дам нуруун дээр нь сайн бэхэлнэ, чи материалаа ав гэсэн тул 2 ширхэг угольник төмөр, 3 ширхэг тайрагчийн ир, гагнуурын электроднийт 61.000 төгрөгийн материал авсан. Гэтэл миний авч өгсөн 2 ширхэг угольник төмрийг хавтгай болгож тасалчихаад тогтоох боломжгүй юм байна гээд материалыг орхиод явсан байсан. Надад гомдолтой байна. Одоо би Г.Д оос хугарч унасан рамын хөлс 150.000 төгрөг, үлдсэн 1 рамын эдэлгээний хугацаанд баталгаа гаргаж өгөөгүйн улмаас ашиглах боломжгүй тул түүний хөлс 150.000 төгрөг, нэмэлт материалын үнэ 61.000 төгрөг, нийт 361.000 төгрөгийг гаргуулж авна гэв.

Хариуцагч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өтэй Мөрөн сумын ХААН банкны урд талд байрлах 32 айлын орон сууцны хойд хананд сурталчилгааны ананас байрлуулах 2 ширхэг төмөр рам байрлуулж өгөхөөр харилцан тохиролцсон. Ханш нь 500.000 гаруй төгрөг байсан. Би тухайн үед ажилчдын цалинг тооцоод өөртөө ашиггүйгээр 300.000 төгрөгөөр хийж өгөхөөр тохирсон. Ажлыг 10 сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд бүрэн гүйцэтгэсэн. 61.000 төгрөгийн 2 угольникийг өөрөө аваад манай гагнуурчин дээр очоод гагнуулахаар бэлдсэн байсан. Тухайн рамыг байрлуулсан байрны хана шаардлага хангахгүй байсан болохоор хугарч унасан байсан. Би Б.Өт 150.000 төгрөг өгье гэхэд шүүхээр шийдүүлнэ гэсэн. Баталгаа гаргаж өгнө гэж хэлээгүй. Харин ч тухайн рамыг 10см-ийн хадаасаар хадах байсныг 30см-ийн хадаасаар хадаж, метр нь 3.500 төгрөгийн үнэтэй зөөлөн тороосоор оосорлож тогтоож өгч байсан. Нэг рамд нь 10 метр тороос орсон. Хугарч унаагүй үлдсэн нэг рам нь одоо болтол байж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас унасан рамын ажлын хөлс 150.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Тогтоосон рамын ажлын хөлс 150.000 төгрөг, нэмэлт материалын үнэ 61.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Г.Д т холбогдуулан ажлын хөлс, нэмэлт материалын үнэ, нийт 361.000 /гурван зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч сурталчилгааны ананас байрлуулах 2 ширхэг төмөр рам байшингийн хананд суурилуулж, ажлын хөлсөнд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг өгч авсан, 1 ширхэг рам хугарч унасан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хугарч унасан рамын ажлын хөлс 150.000 төгрөг, үлдсэн 1 рамын эдэлгээний хугацаанд баталгаа гаргаж өгөөгүйн улмаас ашиглах боломжгүй тул түүний хөлс 150.000 төгрөг, нэмэлт материалын үнэ 61.000 төгрөг, нийт 361.000 төгрөг гаргуулж авна, хариуцагч эдэлгээний хугацаанд баталгаа гаргаж өгнө гэж тохироогүй, нэмэлт материал нэмж аваарай гэж хэлээгүй тул хугарч унасан рамын ажлын хөлс 150.000 төгрөгийг өгнө, үлдэх нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343 дугаар зүйлийн 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулсанд тооцохоор заасан байх тул Б.Ө, Г.Д нарын хооронд сурталчилгааны ананас байрлуулах 2 ширхэг төмөр рам байшингийн хананд суурилуулж, ажлын хөлсөнд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг өгч авахаар тохиролцсноор ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдаж, захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Захиалагч болох Б.Ө нь тохирсон ёсоор ажлын хөлс төлөх үүргээ биелүүлсэн ба ажил гүйцэтгэгч Г.Д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй учир зохигчийн хооронд маргаан үүсчээ.

Б.Ө ажлын хөлсөнд 300.000 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5890290107 тоот дансанд 100.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5913126363 тоот дансанд 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн, Г.Д ын гэрээгээр гүйцэтгэсэн ажил болох 1 рам хугарч унасан, түүнийг дахин тогтоохоор нэмэлт материал авахуулсан болох нь зохигчийн тайлбар, ХААН банкны Хөвсгөл төв тооцооны төвийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б.Өийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 61.900 төгрөгийн материал авсан тухай зарлагын баримт, төмөр рам хазайсан гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул захиалагчид хохирол учирсан байна.

Иймд 1 рам тогтоох ажлын хөлсөнд өгсөн 150.000 төгрөг, нэмэлт материалын үнэ 61.000 төгрөг, нийт 211.000 төгрөгийг хариуцагч Г.Д оос гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч нь хугарч унаагүй үлдсэн 1 рамын эдэлгээнд хугацааны баталгаа гаргаж өгөөгүйн улмаас ашиглах боломжгүй тул түүний хөлс 150.000 төгрөг гаргуулж авна, хариуцагч нь нэмэлт материал авах шаардлагатай гэж хэлээгүй, өөрөө авсан гэж мэтгэлцэж байгаа ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 211.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 6.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Г.Д оос ажлын хөлс, нэмэлт материалын үнэ, нийт 211.000 /хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д оос улсын тэмдэгтийн хураамж 6.980 /зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНБЯМБА