Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 569

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бы Ад холбогдох 1703000010017 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ... ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Бы А  /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

1.1.Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 12 ны өдөр 13-14 цагийн орчимд ... УБП дугаартай Тоёото Приус маркын автомашиныг жолоодоод ээж, хүүхдийнхээ хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 1-р эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтай явж байхад зүүн гар талаас нэг машин шахах шиг болохоор нь би сандарсандаа баруун гар тийшээгээ жолоогоо дараад тоормос гишгээд шороон зам руу ороод явж байхдаа өөдөөс ирж явсан нэг эрэгтэй хүнийг мөргөсөн. Мөргүүлсэн хүн нэг эрэгтэй хүнтэй хамт явсан. Түргэн, цагдааг би өөрөө дуудсан. Тухайн өдөр замаар машины хөдөлгөөн их байсан. Зам хуурай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ...гэм буруу дээр маргахгүй, хохиролд нийт 7,400,860 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 75 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.2.Хохирогч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд найз Тийн хамтаар тамхи авчихаад буцаад гэр рүүгээ харихаар Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшийгээ замынхаа урд талын шороон хэсгээр алхаж явсан. Юу болсоныг мэдэхгүй. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. ...Замаар машины хөдөлгөөн их байсан. Т миний зүүн гар талд урд гараад явж байсан. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

1.3.Гэрч Ц.Төмөрчөдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замаар явган хүний замын шороон хэсгээр замаа дагаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Т бид хоёр алхаж явсан. Би урд талд нь явж байсан. Замаар машины хөдөлгөөн их, түгжрэлтэй байсан. Гэтэл нэг машин замаас гараад шороон хэсгээр орж ирээд миний хажуу талаар гараад хойно явсан Тийн урдаас нь мөргөөд унагасан. Намайг мөргөөгүй, их л хурдтай явсан. ... Дуут дохио өгөөгүй, тоормос гишгээгүй, цаана очиж зогссон. ...Зам хуурай байсан. ...”  гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 х/

 

1.4.Гэрч А.Ренчиндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А машин жолоодоод Соёолонгийн уралдаан үзчихээд буцаад хотын төв орохоор явсан. Тухайн үед би арын сандалд суугаад унтаж явсан. Гэнэт автомашин огцом тоормослоод түс хийгээд явсан. Тэгээд машин зогссон. Машинаас буугаад харахад нэг хүн мөргөсөн байсан. Би шууд 102, 103 руу утсаар дуудлага өгсөн. Осол, хэргийг хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 х/

 

1.5.Шинжээчийн 9067 тоот дүгнэлт

1.С.Тийн биед тархи доргилт, нүүрний шарх, баруун шаант ясны далд хугарал, баруун дал ясны хугарал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, цээж мөчдийн цус хуралт, хэвлийн зулгаралт, зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...гэх дүгнэлт /хх-ийн 48 х/,

 

1.6.Авто тээврийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17/53796 тоот дүгнэлт

1.... УБП улсын дугаартай автомашины тоормосны аппарат, гар тоормос, жолооны механизм, явах эд анги, дугуй стандартын шаардлага хангаж байна.

2.Уг тээрврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангаж байгаа учраас осол гарахад нөлөөлөхгүй.

3.Уг автомашины урд салхины шил хагарч бяцарсан, баруун урд их гэрэл хагарсан нь зам тээврийн ослын үед үүссэн болно. ... гэх дүгнэлт /хх-ийн 66-67 х/

 

1.7.Замын цагдаагийн албаны шинжээчийн 293 тоот дүгнэлт

1.Т.Приус маркын ... УБП улсын дугаартай автомашины жолооч Б.А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1. “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Т.Приус маркын ... УБП дугаартай автомашины дугуйн тоормосны мөрөөр уг автомашины хурдыг тодорхойлж гаргах боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 69 х/

1.8.Замын цагдаагийн албаны шинжээчийн 293 тоот дүгнэлт.

... 77.9 км/цагийн хурдтай явсан нь хурд хэтрүүлсэн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 69 х/

1.9.Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сарын хугацаагаар хассан 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Шийтгэвэр /хх-ийн 128 х/

1.10.Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан тухай ЦЕГ-ын Лицензийн төвийн 2017 оны 07 сарын 13-ны өдрийн лавлагаа /хх-ийн 79 х/

1.11.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 5-7 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

           

2.1.Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 х/

2.2.Б.Агийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 х/

 

Гурав:Хохирлын баримтууд.

 

3.1.Эмчилгээний зардлын болон хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 83-96, 116-117, 154 х/

3.2.Хохирлын мөнгө 5,000,000 төгрөг хүлээлцсэн баримт /хх-ийн 199 х/

3.3.Эмчилгээний зардалд 2,400,860 төгрөг зарцуулсан тухай шүүгдэгчийн тайлбар /хх-ийн 138 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 13-14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтийн замд “Тоёота Приус” маркийн ... УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын ... нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, -ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Тийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Агийн “2017 оны 07 дугаар сарын 12 ны өдөр 13-14 цагийн орчимд ... УБП дугаартай Тоёото Приус маркын автомашиныг жолоодоод ээж, хүүхдийнхээ хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ ... явж байхад зүүн гар талаас нэг машин шахах шиг болохоор нь би сандарсандаа баруун гар тийшээгээ жолоогоо дараад тоормос гишгээд шороон зам руу ороод явж байхдаа өөдөөс ирж явсан нэг эрэгтэй хүнийг мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч С.Тийн “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд найз Тийн хамтаар тамхи авчихаад буцаад гэр рүүгээ харихаар Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшийгээ замынхаа урд талын шороон хэсгээр алхаж явсан. Юу болсоныг мэдэхгүй. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 16-17 х/,

 

Гэрч Ц.Тийн “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замаар явган хүний замын шороон хэсгээр замаа дагаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Т бид хоёр алхаж явсан. Би урд талд нь явж байсан. Замаар машины хөдөлгөөн их, түгжрэлтэй байсан. Гэтэл нэг машин замаас гараад шороон хэсгээр орж ирээд миний хажуу талаар гараад хойно явсан Тийн урдаас нь мөргөөд унагасан. Намайг мөргөөгүй, их л хурдтай явсан. ...”  гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 х/,

 

Гэрч А.Ренчиндоржийн “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А машин жолоодоод Соёолонгийн уралдаан үзчихээд буцаад хотын төв орохоор явсан. Тухайн үед би арын сандалд суугаад унтаж явсан. Гэнэт автомашин огцом тоормослоод түс хийгээд явсан. Тэгээд машин зогссон. Машинаас буугаад харахад нэг хүн мөргөсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 х/,

 

Шинжээчийн 9067 тоот дүгнэлт

1.С.Тийн биед тархи доргилт, нүүрний шарх, баруун шаант ясны далд хугарал, баруун дал ясны хугарал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, цээж мөчдийн цус хуралт, хэвлийн зулгаралт, зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...гэх дүгнэлт /хх-ийн 48 х/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 293 тоот дүгнэлт

1.Т.Приус маркын ... УБП улсын дугаартай автомашины жолооч Б.А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1. “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, --ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Т.Приус маркын ... УБП дугаартай автомашины дугуйн тоормосны мөрөөр уг автомашины хурдыг тодорхойлж гаргах боломжтой.

77.9 км/цагийн хурдтай явсан нь хурд хэтрүүлсэн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 69 х/,

 

Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан тухай ЦЕГ-ын Лицензийн төвийн 2017 оны 07 сарын 13-ны өдрийн лавлагаа /хх-ийн 79 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх хэсгийн 1.4-т “Жолооч”-тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн гэж тодорхойлсон.

 Б.А автомашин жолоодох эрхээ хасуулсан ч гэсэн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тул дээрх “жолооч” гэсэн нэр томьёонд хамаарагдана.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд бичиж, яллах талын нотлох баримт болгосон Шинжээчийн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: a/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; гэснийг Б.А зөрчсөн гэх дүгнэлтийг шүүх яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь автомашин жолоодох эрхээ хасуулсан болох нь ЦЕГ-ын Лицензийн төвийн 2017 оны 07 сарын 13-ны өдрийн лавлагаа /хх-ийн 79 х/-аар тогтоогдсон.

 

Улсын яллагч “Биедээ жолоодох эрхийн үнэмлэхгүй явсан”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэх ойлголтуудыг адил мэтээр ойлгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

 

“Биедээ жолоодох эрхийн үнэмлэхгүй яваа” нь Зөрчлийн хуулиар шийдвэрлэгдэх, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон хуульчилсан.

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” болохыг ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн лавлагаагаар нотлох ёстой бөгөөд уг нотлох баримт хэрэгт авагдсан.

 

Б.А нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын ... нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, -ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Замын цагдаагийн албаны шинжээчийн 293 тоот дүгнэлт /хх-ийн 69 х/-ээр тогтоогдсон бөгөөд дээрх заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Прокурор яллах дүгнэлтэндээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн гэж бүхэлд нь бичсэн.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн Зам орчны байдал хэсэгт “Замын нөхцөл байдлыг асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, тусгаарлах зурвасгүй, эсрэг урсгалтай, 4 эгнээ, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй” гэж тодорхойлсноос үзэхэд уг зам нь суурингийн доторх, хөдөлгөөн ихтэй, явган хүний замгүй, хайс хашлагагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсноос үзэхэд жолооч нь “хөдөлгөөний эрчим, ... замын ... нөхцөл, ... хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн дүрмийн 9.3. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг мөн бүхэлд нь бичсэн.

Гэмт хэрэг гарсан зам нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “суурингийн доторх зам” гэж тэмдэглэгдсэн, шинжээч уг автомашины хурдыг 77.9 км/цаг гэж тогтоосон зэргээр Замын хөдөлгөөний дүрмийн 9.3. “... 60 км/цагаас ... хэтрүүлэхгүй” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдсон.

Цаашид хэрэг гарсан зам, орчин, цаг агаар, хөдөлгөөний эрчим, авто машины онцлог, ачаа тээшийн байдал, хэргийн үйл баримтууд зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч байж “дүрмийн” аль тохирох хэсэг, заалтыг оновчтойгоор сонгож яллах талын нотлох баримтын үндэслэл болгож байх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар.

Хохирогч С.Т нь хохиролд бэлнээр 5,000,000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 199 х/-аар нотлогдож байгаа тул Б.Аг бусдад төлөх төлбөргүй, иргэний журмаар хэлэлцэх хохиролгүй гэж шүүх үзсэн. Мөн эмчилгээний зардалд 2,400,860 төгрөг төлсөн гэх шүүгдэгчийн тайлбар /хх-ийн 138 х/ байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Б.А хохирлыг өөрийн сайн дураар бүрэн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хариуцлагын талаар.         

            Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жодоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд авто тээврийн чиглэлийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Б.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оноосон.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.О овогт Бы Аг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.­2-т зааснаар Б.Ад тээврийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, авто тээврийн чиглэлийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Ад мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

5.Б.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Б.Агийн 1124258 дугаартай В ангиллын жолоочийн түр зөвшөөрлийг Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ