Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/873

 

 

  2022             8             31                                         2022/ДШМ/873

                                                                                                               

Э.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч С.Б, түүний өмгөөлөгч П.Э ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/500 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Б, түүний өмгөөлөгч П.Э  нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ч.Батбаатарын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцэл зэргийг үндэслэн Э.М- д холбогдох эрүүгийн 2203001120184 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Цагаан дэлт овгийн Э-ын М 8 …………. оны …………. дугаар сарын ………….-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, …………. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл …………. эцэг, эх, эгч, дүү нарын хамт …………. дүүргийн …………. хороо, …………. дугаар гудамж, …………. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: …………. /

Шүүгдэгч Э.М  нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сан, КFС хоолны газрын баруун урд замд 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01:59 цагийн орчимд “Mitsubishi Рajеrо” маркийн 03-56 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Бг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.М- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.М- д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.М- ыг цагаатгаж, Э.М- д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Б- гийн хохирол, хор уршиг, нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цагаатгагдсан этгээд Э.М нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Б, түүний өмгөөлөгч П.Э  нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “ ... Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн үндсэн шинж нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, үүнээс улбаатайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг ... шинжүүд хамаарч, тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах шинжээч дүгнэлтээ гаргаснаар энэ гэмт хэргийн бүрдэл хангагддаг ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ ...” гэх хэсгийг үндэслэн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын шинжээч Ц.Цэвэгжав, Н.Мөнхзул, Д.Бадрах нарын гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шүүх шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэн Э.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцон цагаатгах шийдвэр гаргасан. Мөн шүүхийн шийдвэрт “... Өмгөөлөгч П.Э ын тайлбар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийн заалттай зөрчилдөж байгааг дурдая” гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. дахь хэсэгт зааснаар “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” ойлгоно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл шинжээч нь хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгт суурилан дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн "Тээврийн салбар”-ын шинжээч Ц.Цэвэгжав, Н.Мөнхзул, Д.Бадрах нарын гаргасан дүгнэлт нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэм хэмжээг хэргийн бодит байдалд нийцүүлэн тайлбарлаж, эрх зүйн хэм хэмжээг үнэлж дүгнэн, тухайн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд хамааруулан гэм буруугийн асуудлыг шууд тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоох бөгөөд хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстойг дээрх шинжээчийн дүгнэлт нь тус шүүх хуралдаанаас өмнө аль хэдийн шүүгдэгчийг буруугүй, мөн ослын шалтгаан нөхцлийг хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж тодорхойлсон нь шинжээч нарыг эрх хэмжээнээс хэтэрсэн, хуульд нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл шүүх тус дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэн, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээг зөрчиж, үнэлэх ёсгүй нотлох баримтыг үнэлэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Мөн “ ...шүүгдэгч Э.М- ын гэрчээр өгсөн мэдүүлэг “... эсрэг урсгалд нэлээд автомашинууд явж байсан ба уг автомашинууд гэрлээ хол дээр тавьсан явж байсан. Би хараа бага зэрэг муу, мөн эсрэг урсгалын гялбаанд орсон, мөн миний унаж явсан автомашины шил тортогтой зам сайн харагдахгүй байсан ба жолооч талын нэмэлт 6 жижиг гэрлийн 4 нь шатсан, 2 гэрэл нь асаалттай, жолоочийн эсрэг талын нэмэлт 6 гэрэл нь шатаагүй, бүрэн асаад явж байсан” гэх мэдүүлэг /хх26-27/, шинжээч Ч.Ононгийн дүгнэлт “1. Мицубиши маркийн пажеро загварын ………….улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал нь шаардлага хангахгүй байна. 2. Уг тээврийн хэрэгслийн урд нүүр хагарсан, копут гол хэсэгтээ хагарч дотогш чихэгдсэн, баруун талын их гэрлийн дээд суурийн чих хугарсан, ажлын тоормос болон зогсоолын тоормос зогсохгүй, хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 3. Урд нүүр хагарсан, копут баруун талаар дотогш чихэгдэж гол хэсгээр дээш овойж нугаларсан, урд гупер гол хэсэгтээ хагарч дотогш чихэгдсэн, баруун талын их гэрлийн дээд суурийн чих хугарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй нь ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтлүүд байна. Ажлын тоормос болон зогсоолын тоормос зогсохгүй, хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл байна. 4. Шингэн дамжуулгатай АВ8 системтэй, 1-р тэнхлэгийн баруун тал, 2-р тэнхлэгийн зүүн тал зогсохгүй, зогсоолын тоормос зогсохгүй тоормосны систем ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байна ...” гэх дүгнэлт /хх50-53/,  Техникийн шинжээчийн дүгнэлтийн 5 “ ... Mitsubishi Рajеrо маркийн ………….  улсын дугаартай автомашины хурдыг тооцож гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тооцож үзэхэд 51.14 км/ц-ийн хурдтай явж байсан болох нь тоггоогдсон байна. /хх73/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 312 дугаартай магадлагаа “Mitsubishi Рajеrо маркийн ………….  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М-  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй олсон,... эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон,...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа зэрэг нотлох баримтуудаас харвал шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн болон эрх зүйн удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэн гэх үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээс үзвэл шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт заасны дагуу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

            Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... яллагдагч Э.М-  нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сан, КFС хоолны газрын баруун урд замд 2022 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01:59 цагийн орчимд “Mitsubishi Pajero” маркийн …………. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-г мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдсон байдаг. Хэрэгт авагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 99 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Mitsubishi Pajero” маркийн …………. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна ... Ажлын тоормос болон зогсоолын тоормос зогсохгүй, хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна ... Шингэн дамжуулгатай, АВS системтэй. 1-р тэнхлэгийн баруун тал, 2-р тэнхлэгийн зүүн тал зогсохгүй, зогсоолын тоормос зогсохгүй тоормосны систем ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байна.” техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тухайн зам тээврийн осол нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01:59 цагийн орчимд гарсан бөгөөд Э.М- ын жолоодож явсан “Mitsubishi Pajero” маркийн …………. улсын дугаартай тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлагыг хангахгүй буюу бүдэг асдаг байсан нь явган зорчигч С.Б-г, жолооч Э.М-  харах зай, хэмжээнд нөлөөлөх бөгөөд мөн тухайн тээврийн хэрэгслийн 1-р тэнхлэгийн баруун тал, 2-р тэнхлэгийн зүүн тал зогсохгүй, зогсоолын тоормос зогсохгүй, тоормосны систем ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормосны мөр уртасах байдлаар нөлөөлж осол гарсанаар учрах хохирол ихсэж явган зорчигч С.Б-г мөргөсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Э.М- ын жолоодож явсан “Mitsubishi Pajero” маркийн …………. улсын дугаартай тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгалын чадал болон тоормосны систем стандартын шаардлага хангаж байсан бол явган зорчигч С.Б-г мөргөхгүй зогсох боломжтой байсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл камерын бичлэг зэргээс тодорхой харагдана. Мөн жолооч Э.М- ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар “ ... 25-н уулзвар дээр байгаа машинууд эсрэг талын урсгалд холын гэрлээ асаасан байсан ...би гэрлийн гялбаанд ороод явган зорчигчийг хараагүй ... ” гэж мэдүүлсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь хэсэгт заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Мөн шинжээч Д.Мөнхбаатарын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаартай “... автомашин нь А цэгээс В цэгийн хоорондох 16.80 метр зайг ойролцоогоор (31.01км/цаг-33.0км/цаг) хурдтайгаар туулж өнгөрсөн” гэх дүгнэлт гарсан бөгөөд жолооч Э.М- ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөн гэж мөрдөгч болон техникийн шинжээч дүгнээгүй бөгөөд харин 12.1 дэх заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон ... хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг баримтлан тээврийн хэрэгслийн хурдаа тохируулан явсан бол тухай зам тээврийн осол гарахгүй байх боломжтой байсан байна. Тухайн зам тээврийн осол гарахад явган зорчигч С.Б-гийн буруутай үйлдэл нөлөөлсөн боловч энэ нь жолооч Э.М- ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, харин эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болно. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13 дэх хэсэгт “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг.” мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэж тус тус заасан бөгөөд жолооч Э.М нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг баримтлаагүй хөдөлгөөнд оролцсон зэрэг нөхцлүүд нь дээрх зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан болсон гэж дүгнэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/500 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.М- д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч С.Б, түүний өмгөөлөгч П.Э  нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ч.Батбаатарын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Э.М- ыг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сан, КFС хоолны газрын баруун урд замд 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01:59 цагийн орчимд “Mitsubishi Рajеrо” маркийн …………. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Э.М- ыг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сан, КFС хоолны газрын баруун урд замд 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01:59 цагийн орчимд “Mitsubishi Рajеrо” маркийн …………. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч явган зорчигч С.Бг мөргөж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэмээн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /мэдээлэл/-ийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд, хохирогч С.Б-гийн “ ... 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 30, 40 минутын орчимд 25 дугаар эмийн сангийн “Тайж” зочид буудлаас гараад зам хөндлөн урдаасаа хойшоо гарахаар явсан. Тухайн үед замын хөдөлгөөн бараг байхгүй байсан. Замын хойд талын эхний 2 эгнээг гараад сүүлийн 3 дахь эгнээг яг гарахын өмнө хаанаас ч юм мэдэхгүй машин гарч ирээд миний баруун ташаа хэсэг рүү мөргөж зам дээр шидсэн. Зам хөндлөн гарах үедээ найз Г.Э хамт явсан. Г.Э миний урд талд нэг алхамын зайтай явж байсан, надаас түрүүлээд зам хөндлөн гарсан. Ослын улмаас зүүн хөл хугарсан, тархинд цус хуралт үүссэн.” /хх 16/,

хохирогчтой хамт явж байсан гэрч Г.Э “ ... С.Б бид хоёр зочид буудлын өрөөнд нэг шил 1 литрийн Эден нэртэй архи хуваан уугаад 2022 оны 2 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 40-45 минутын орчимд зочид буудлаас гараад зам хөндлөн урдаасаа хойшоо гарсан. Бид хоёр зэрэгцээд явж байгаад замын хойд талд яг зам гарахын өмнө би хоёр алхмын өмнө С.Б түрүүлээд гарсан. Яг зам хөндлөн гарах үед Батсүрэн замын 1 дүгээр эгнээгээр явж байсан цагаан өнгийн автомашинд мөргөгдөж зам дээр шидэгдсэн. С.Б-г мөргөсөн автомашин зүүнээсээ баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээнд явж байсан.” /хх25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  “ ... С.Б-гийн биед зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзавчин хальсан доорх цус харвалт, зүүн тахилзуур ясны далд хугарал, дух, зүүн шанаа, хамрын нуруу, зулайн хуйх, баруун өгзөг, зүүн гуянд зулгаралт, баруун дээд зовхи, баруун, зүүн бугалга, баруун шуунд, баруун мөр, хэвлий, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр 4-5 хоногийн өмнө үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 3500 тоот дүгнэлт, /хх 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаартай шинжээчийн “ ... шинжилж буй Ch19_20220224015823 mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:05:00 дэх секундэд дүрслэгдсэн цайвар өнгийн суудлын автомашин нь А цэгээс В цэгийн хоорондох 16.80 метр зайг ойролцоогоор ~(31.01 км/цаг - 33:00 км/цаг) хурдтайгаар туулж өнгөрсөн” гэх дүгнэлт /хх 42-47/,

зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/,

явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “ ... 2.91% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх 9/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “ ... 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх 10/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/,

2022 оны  2 дугаар сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх 14/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт /хх 50-54/,

мөрдөгчийн магадлагаа /хх 56-57/,

техникийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/17 дугаартай дүгнэлт /хх 71-73/  зэрэг баримтууд авагджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “ ... прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэснийг шүүгдэгч Э.М- ыг зөрчсөн гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/17 дугаартай дүгнэлтээр “явган зорчигч С.Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон байна” гэсэн нь Э.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг үгүйсгэж, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтад нийцэж байна” гэх дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Э.М- д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.

Хохирогч С.Б, түүний өмгөөлөгч П.Э нараас “ ... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн болон эрх зүйг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэн гэх үндэслэлгүй байна. Э.М-нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг баримтлаагүй хөдөлгөөнд оролцсон зэрэг нөхцлүүд нь дээрх зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан болсон гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол,

прокурор Ч.Батбаатараас “ ... Э.М-  нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлагыг хангахгүй буюу бүдэг асдаг ... тоормосны систем ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормосны мөр уртсах байдлаар нөлөөлж осол гаргасан ... жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөн ... зам тээврийн осол гарахад явган зорчигч С.Б-гийн буруутай үйлдэл нөлөөлсөн боловч энэ нь жолооч Э.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд шүүдэгч Э.М нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01:59 цагийн орчимд “Mitsubishi Pajero” маркийн 03-56 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч С.Б-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх явган зорчигч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн “тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байх, бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон  үзэгдэлд хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон”  гэх шалтгаанууд нь шүүгдэгч Э.М- д холбогдох энэ хэргийн хувьд “ослын үндсэн шалтгаан болохгүй осолд нөлөөлсөн байх магадлалтай” гэх эргэлзээ төрүүлсэн гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг буруутгахааргүй байна. 

Мөн Э.М нь  тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ... Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... эвдэрсэн, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “тээврийн хэрэгслийн хурдыг гаргахдаа тухайн автомашины тоормосны мөр, түүний урт авагдсантай харьцуулан” бодож гаргасан, мөн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн шинжээчийн дүгнэлтээр “... Автомашиныг  суваг дээр үзлэг хийж үзэхэд тос гоожилт байхгүй, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл гэмтэлгүй ... ” /хх 51-54/, “Mitsubishi Pajero” маркийн …………. улсын дугаартай тээврийн хэрэгслийг осол болохоос 1 сарын өмнө буюу 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр техникийн үзлэг оношилгоонд оруулсан талаарх баримт /хх 24/ зэргээс үзэхэд тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллагаатай байсан болох нь тогтоогдож байна. 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.М- ыг хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй гэж буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаартай шинжээчийн “ ... цайвар өнгийн суудлын автомашин нь А цэгээс В цэгийн хоорондох 16.80 метр зайг ойролцоогоор (31.01 км/цаг - 33:00 км/цаг) хурдтайгаар туулж өнгөрсөн” гэх дүгнэлт /хх 42-47/, техникийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/17 дугаартай “... 51.14км/ц ...” гэх дүгнэлт /хх 71-73/ зэргээр Э.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон байна. 

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж заасныг зөрчсөн гэж байгаа боловч гэрч Г.Э-ийн “ ... Бид хоёр зочид буудлын өрөөнд 1 шил 1.0 литрийн архи хувааж уусан. С.Б бид хоёр зам хөндлөн гарах үедээ явган хүний гарцаар гараагүй, зүүн талд КFС-н урд талд явган хүний гарц байдгийг сүүлд мэдсэн.” /хх 25/ , шүүгдэгч Э.М- ын “... 25 дугаар эмийн сангийн баруун талаас хүн гэнэт гараад ирсэн. Би харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй автомашиныхаа урд хэсгээр мөргөсөн. КFС хоолны газрын урд талын гэрлэн дохиотой гарцаар гарахдаа би бага зэрэг хурдаа хассан байсан. Осол болохын өмнө явган зорчигчийг мөргөхийн өмнө зүүн гар тийшээ дарах гэсэн чинь жижиг суудлын автомашин явж байсан.” /хх 88/ гэх зэргээр тухайн үед болсон явдлыг нотолсон шүүгдэгчийн гэм буруутайг үгүйсгэх нотлох баримт гэж үзэхээр байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М мөрдөн байцаалтын шатанд “... эсрэг урсгалд нэлээд автомашинууд явж байсан ба уг автомашинууд гэрлээ хол дээр тавьсан явж байсан. Би хараа бага зэрэг муу, мөн эсрэг урсгалын гялбаанд орсон, мөн миний унаж явсан автомашины шил тортогтой зам сайн харагдахгүй байсан ба жолооч талын нэмэлт 6 жижиг гэрлийн 4 нь шатсан, 2 гэрэл нь асаалттай, жолоочийн эсрэг талын нэмэлт 6 гэрэл нь шатаагүй, бүрэн асаад явж байсан” /хх26-27/ гэж мэдүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд “ ... Би ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй ... өмнөх мэдүүлэгт  хараа муутай зэрэг орсон байсан. Би гялбаанд ороогүй, хурдыг зохих хэмжээнд авсан явж байсан. ... Өөдөөс ирж байгаа машинууд холын гэрэлтэй явж байсан. Миний хараа шөнө жолоо барихад нөлөөлөх хэмжээний муу гэж хэлээгүй ...” гэж тус тус мэдүүлжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан сиди бичлэгийг судлахад шүүгдэгч Э.М- ын унаж явсан “Mitsubishi Pajero” маркийн ………….  улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал хэвийн ажиллаж байх бөгөөд түүнийг гэрлийн гялбаанд орсон, эгнээгээ өөрчилсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Э.М- ын өгсөн “ ... жолоочийн эсрэг талын нэмэлт 6 гэрэл нь шатаагүй, бүрэн асаж байсан” гэх мэдүүлэг болон 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн “... хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хагахгүй байна ...” гэх дүгнэлт зэргээс үзэхэд тус автомашины гэрлийн тусгал тодорхой хэмжээнд ажиллаж байсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгчдэгч С.М Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Э.М- ын “ ... Би гялбаанд ороогүй, хурдыг зохих хэмжээнд авсан явж байсан ...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.М- ыг тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж чадаагүй байх бөгөөд Э.М- ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг..., шүүгдэгч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч П.Э нарын хамтран гаргасан “ ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг болон прокурор Ч.Батбаатарын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай “...цагаатгах тогтооыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/500 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч П.Э  нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ч.Батбаатарын бичсэн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                      

ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН