| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2022/0053/Э/ |
| Дугаар | 2022/ДШМ/08 |
| Огноо | 2022-09-23 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/08
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Прокурор Ш.Батсүх,
шүүгдэгч С.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ /ҮД:2461/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б
хохирогчийн өмгөөлөгч Г.Энхжаргал /ҮД:2336/,
хохирогчийн өмгөөлөгч Т.Урангэрэл /ҮД:0303/ /онлайнаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Э холбогдох 2117000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт С Э 1983 оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын дүгээр баг, - тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 он/ Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэж, 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр таслан шийдвэрлэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан гэх /РД: /,
Яллагдагч С.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн С сумын дугаар баг “- байшингийн” - тоот хашаанд байх иргэн О.О гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ээжийг нь хулгайч, янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг янхан” гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түлээний модоор түүний зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн талд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон А.Н мөн түлээний модоор цохиж, түүний толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн хэрэг учрал болсон гэх газраас зугтан Говьсүмбэр аймгийн С сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучнаар байр буюу гэрийнх нь цонхоор түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
Мөн Д.Н амьдардаг байранд хууль бусаар нэвтэрч хутга бэлдэн хүлээж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00:00 цагаас 00:30 минутын орчим Д.Н, А.Н нарын хамт орж ирэхэд Д.Н зүүн суганы орчим 1 удаа хутгалсан, гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүнийг алахыг завдсан,
Мөн Д.Н алах гэсэн үйлдлийг нь таслан зогсоохоор дундуур нь орсон иргэн А.Н зүүн гарын бугуйг нэвт 1 удаа, цээжний баруун дээд хэсэг 1, 2 дугаар хувирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: С.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт С Э хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүнийг алахыг завдсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х овогт С Э 14 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 19 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э оногдуулсан 19 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э цагдан хоригдсон 249 /хоёр зуун дөчин ес/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч А.Н өмсөж явсан саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хуучин авто төвийн байрны үүдний таамбарын вакум хаалганы дотор хэсэгт наалдсан хатсан цус мэт зүйлээс шинжилгээнд зориулж марланд шингээн авч, тусгай зориулалтын 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж “ХГҮ№1” гэж хаягласан эд, үйл явдал болсон гэх өрөөний баруун урд хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон цагаан өнгийн торон даавуун материалтай 85*35 см хэмжээтэй даавуу, таван хошуу бүхий дүрстэй саарал өнгийн 2,30*2,20 см хэмжээтэй буйдангийн бүтээлэг, цэцгэн хээтэй шар эрээн өнгийн 40*74 см хэмжээтэй буйдангийн дэр, AIGLE гэсэн бичиглэл бүхий 6 хэсэг болгож урж тасдсан даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон 80*53 см хэмжээтэй саарал өнгийн шалавч, газрын хөрснөөс дээж авч 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж ХГҮ№6 гэж хаягласан уг зүйлийг болон хар, цагаан өнгийн шигтгээтэй хар өнгийн үсний хавчаар, 26,3 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 14,5 см шар эрээн өнгийн бариултай, бариул нь 11 хэмжээтэй, ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон хутга, Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын - тоотоос баруун тийш 7,50 метр зайд газрын хөрс 4*5 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон байсан газрын хөрснөөс дээж авч 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж ХГҮ№7 гэж хаягласан эд зүйл, хохирогч Д.Н хар өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, хар саарал өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн 2 ширхэг хос гутал, улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг, С.Э өмсөж явсан саарал өнгийн малгай 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй 2 ширхэг 1 хос гутал, улбар шар өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгаж, Эд мөрийн баримтаар тооцсон сиди болон яддагдагч С.Э мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлэн авсан цагаан саарал өнгийн 2 ширхэг DVD-г уг хэргийн хадгарах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалаж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Э 12.747.501 /арван хоёр сая долоон зуун дөчин долоон мянга таван зуун нэг/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг дахь С сумын дугаар баг, - тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Ж Б олгож, нэхэмжлэлээс 6.980.000 төгрөгний өмгөөллийн зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Н гэм хорын төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлгэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний үйлчлүүлэгч С.Э холбогдох эрүүгийн 2117000000109 дугаартай хэргийг хянан шийдвэрлэж, 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс С.Э хохирогч А.Н амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, хохирогч Д.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар буюу онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь хохирогч А.Н амь насыг онц харгис хэрцгийгээр хохироосон гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар нь ойлгохгүй ба гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харицаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилготой үйлдлийг давхар харгалзан үзэх ёстой тул дээрх 2 нөхцлийг зайлшгүй тогтоосон байх шаардлагатай. Гэтэл хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтуудаас шүүгдэгч С.Э нь хохирогчийг зориудаар тарчлаан, зовоож шаналган үхэлд хүргэх сэдэлтэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа ба анхан шатны шүүх нотлогдоогүй нөхцөлөөр буюу “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” хэмээн зүйлчилсэн. Иймээс шүүгдэгч С.Э нь хохирогч А.Н амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хохирогч Д.Н эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь түүний амь насыг хохироох зорилготой байсан бөгөөд энэ үйлдлээ онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн гэж зүйлчлэхээс гадна 2 хохирогчийн амь насыг хохироох зорилготой байсан хэмээн дүгнэсэн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Н халдахдаа мөн тарчлаан зовоож шаналгах хүсэл зоригийн элемент байсан эсэх нь тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Н биед халдаж модоор цохисноо хүлээн зөвшөөрдөг боловч хохирогч А.Н руу чиглэсэн цохих үйлдэл гаргаагүй гэдгээ мэдүүлсэн. Мөн хохирогч, гэрч нарын мэдүүлгээс хохирогч А.Н эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх нь тогтоогдоогүй байтал шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс шүүгдэгчийн үйлдэл тус бүрийг ялган зүйлчилсэн тохиолдолд түүнд оногдуулах ял шийтгэх хөнгөрөх боломжтой тул давж заалдах гомдлыг хуульд заасны дагуу гаргаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой гэдэг үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 6.980.000 төгрөгний өмгөөллийн зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосонд миний өмгөөлүүлэгч гомдолтой байна. Үндсэн хуулинд зааснаар иргэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд өмгөөлөгч авах эрхээ эдэлсэн хэдий ч Ж.Б эхийг нь онц хэрцгийгээр алаагүй байсан бол хоёр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зардалд хэргийн ээдрээ төвөгтэй байдал, зарцуулагдах цаг хугацаа, гэмт хэргийн ангилал, орон нутагт ирж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох томилолтын зардал, шатахууны зардал түүнчлэн харилцаа холбоо, бичиг хэргийн зардал зэрэг багтсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт этгээд гэм буруутай нь тогтоогдох тохиолдолд өмгөөлөгчид хууль ёсны төлөөлөгч Ж.Б бодитой төлсөн зардал нь нөхөн олгогдохоор заагджээ. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дах хэсэгт өөрчлөлт оруулж өмгөөллийн зардалд төлсөн 6.980.000 төгрөгийг гэмт этгээдээс гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, өмгөөллийн зардал гэж ярьж байгаа. Миний үзэж байгаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т өмгөөлөгчид төлөх зардал өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд ялаас чөлөөлөгдсөн байсан ч гэсэн гарсан зардлыг төлүүлэх хуулийн зохицуулалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т гэм буруутайг шүүх тогтоох юм бол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг олговол холбогдох баримтыг үндэслэн гаргуулана гэсэн хуулийн заалт байгаа. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан С.Э гэм бурууг тогтоож шийтгэх тогтоол гарсан байхад 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өмгөөлөгчийн зардал гарна гэв.
Шүүгдэгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг талийгаач болон Д.Н хоёрыг О гэрт зодсон гэж үзэж байгаа. Миний бие талийгаачийг О гэрт байхдаа зодоогүй, Д.Н толгой хэсэгт нь 2-3 удаа цохисон. О талийгаачийг зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талийгаачийг алсан, Д.Н хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Зүйлчлэлийн хувьд шүүх хуулийг буруу хэрэглэж зүйлчилсэн гэх асуудал яригдаж байна. Амь хохирогч А.Н амь насыг С.Э нь онц, харгис хэрцгий аргаар хохироосон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Ямар нотлох баримтуудаар тогтоогддог вэ гэхээр хэдийгээр прокурорын яллах дүгнэлтэд дундуур нь орсон гэдэг үг байгаа боловч С.Э 1 удаа хутгалаад алах санаа зорилго байгаагүй бол болих байсан. Гэтэл хохирогч 3 удаагийн хутганы шархтай байсан. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэл байгаа. Тухайн гэрийн эргэн тойрон, өрөөний дотор тал бүхэлдээ цус болсон байдаг. Энэ нь хохирогч А.Н цус юм. Амь хохирогч тухайн үед энэ хүнтэй тэмцсэн, хэр хугацаанд тийм байдалтай байж цус алдсан асуудал харагдаж байна. Сэдэлт санаа зорилгын хувьд ална гэсэн санаа зорилго байгаагүй гэж байна. Хүнийг 3 удаа хутгалсан, гараад зугтаахад нь араас нь хөөсөн. Сэтгэхүйн хандлагын хувьд тухайн үед С.Э тухайн үйл баримтат үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байсан, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан гэдэг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тиймээс хохирогч А.Н онц хэрцгийгээр алсан гэдэг зүйлчлэл нь тохирч байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан нь тохирсон гэж үзэж байна. Хохирогч Д.Н алахаар завдаагүй, хүнд хохирол учруулсан гэдэг асуудал ярьж байна. Ямар учраас тийм асуудал ярьж байгааг ойлгохгүй байна. Учир юу гэхээр Д.Н амьдран суудаг, цуг амьдарч байсан байранд түрүүлж орж ирээд хутга бэлдээд хүлээж байна гэдэг тухайн хүнийг орж ирэхэд алах, амь насыг нь бүрэлгэх сэдэлт, санаа зорилготой байсан. Мөн Д.Н орж ирмэгц нэг удаа хутгалж, тухайн үйл явдлыг амь хохирогч таслан зогсоодог. Амь хохирогч гадагш гарахдаа С.Э давхралдаж унасан асуудал байдаггүй. Гэрчүүд мэдүүлдэг. Гадаа эмэгтэй хүн гүйж байгаад унасан гэдэг асуудал яригддаг. Гэтэл араас нь хөөж гараад буцаж орж ирэхдээ чамаас болж А.Н алдчихлаа гээд Д.Н далан тус газар нь дахиад хутгалчихаад гараад явсан. Үнэхээр алах сэдэлт байгаагүй бол дахин хутгалах ямар шаардлага байна вэ. Амь хохирогч А.Н эрүүл мэндэд С.Э хөнгөн хохирол учруулаагүй гэж байна. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс шууд цохисон, зодсон гэдгийг харсан гэрч байж энэ хэрэг нотлогдсон гэж үзнэ гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж байгаа. Амь хохирогч А.Н эрүүл мэндэд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэмтэл, бэртэл байхгүй байсан талаар гэрчүүд болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б мэдүүлдэг. Тухайн өдрийн 18 цагийн үед ээж хүүхэд ирж авсан, хэвийн байсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч Г тухайн өдөр манайд гэмтэл, шархгүй ирсэн гэдэг. Гэтэл С.Э Д.Н чи миний ээжийг янхан, хулгайч, дүүг минь эцэггүй хүүхэд төрүүлдэг янхан гэж хэллээ гэх шалтгаанаар энэ 2 маргалдаж Д.Н түлээний модоор толгой болон цээж хэсэгт нь зодсон. Энэ үед А.Н салгах үйлдэл гаргасан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтлүүдийг тухайн цаг үед үүссэн байх боломжтой гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр С.Э нь О хохирогч А.Н, Д.Н нарыг түлээний модоор зодож 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолд тайлбар хэлэхэд өмгөөлөгчийн зардлыг гаргуулж өгнө үү гэх асуудал яригдаж байна. Засгийн газрын тогтоолд энэ талаар тусгагдаагүй байгаа хэдий ч С.Э гэдэг хүний үйлдлийн улмаас А.Н амь нас нь эрсэдчихсэн байна. Үүнтэй уялдуулан түүний ар гэрээс хууль ёсны төлөөлөгч нь 2 өмгөөлөгчтэй гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа авсан байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хохирогч талын гомдлын тухайд гэм хороос үүдэн 6 980 000 төлсөн учраас гаргуулан өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч С.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дугаар баг - байшингийн - тоот хашаанд байх иргэн О.О гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ээжийг нь хулгайч, янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг” гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түлээний модоор түүний зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн талд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон А.Н мөн түлээний модоор цохиж, түүний толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн Д.Н амьдардаг байранд нэвтэрч хутга бэлдэн хүлээж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00:00 цагаас 00:30 минутын орчим Д.Н, А.Н нарын хамт орж ирэхэд Д.Н зүүн суганы орчим 1 удаа хутгалсан, гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүнийг алахыг завдсан, мөн Д.Н алах гэсэн үйлдлийг нь таслан зогсоохоор дундуур нь орсон иргэн А.Н зүүн гарын бугуйг нэвт 1 удаа, цээжний баруун дээд хэсэг 1, 2 дугаар хавирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Н ‘’ ... байрандаа ороод баруун хойд хэсэгт байх өөрийн амьдардаг өрөөндөө ороод гутлаа тайлаад гадуур хувцасаа тайлж амжаагүй байтал хажууд хүн зогсож байсан. Цочоод хартал Э байсан. Шууд үгийн зөрөөгүй миний хөхний доор хутгаар 1 удаа дүрсэн. ... Н түүнд чи Н алчихлаа ш дээ цус нь гоожоод байна ш дээ гэж байсан. ... тэгж байснаа Чи бас намайг яагаад хутгалж байгаа юм бэ гэж хэлээд авраарай гэж чанга хашгираад гараад гүйсэн. Н гараад зугтаахад Э араас нь дагаад өрөөнөөс гарсан. Нэг их удалгүй эргэж орж ирээд чамаас болж Н алдчихлаа гэж хэлээд миний нурууны ард зүүн уушгины орчимд дахиад 1 удаа хутгаар дүрчихээд өрөөний цонхоор гараад явчихсан. .... Г Э миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа модоор цохисон тэр үед талийгаач Н салгах гээд дундуур орсон тэгэхэд л Э цохиулсан байх гэж бодож байна ... гэх мэдүүлэг /1-р хх-76-78 хуудас/
Насанд хүрээгүй гэрч М.М “... хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн аллаа ш дээ гээд хашхираад гараад ирсэн тэр эмэгтэй хүний араас нэг хүн хөөж байгаа бололтой хүний сүүдэр цонхоор нь харагдсан. ...О-Э бид 2 эмнэлэг дуудаарай гэж хэлчихээд хамт очиж үзье гээд нөгөө газар унасан эмэгтэй дээр яваад очсон чинь эмэгтэй хүн зүүн урд чиг рүү харсан байдалтай хэл нь амнаасаа цухуйгаад доошоо хараад унасан байсан. Гар хөл нь цус болсон байдалтай доороос нь их хэмжээний цус гарсан, хөл нүцгэн гуталгүй байсан. Яг хаанаа хэд хутгалуулсан талаар нь хараагүй тухай үед цус их гарсан байхаар нь хутгалуулсан байна гэж бодсон. ... Тэгээд хажууд нь байж байсан чинь газар унасан эмэгтэй гүйж гарч ирсэн байшингаас дахиад эмэгтэй хүн хутгалчихлаа гээд хашиграх чимээ гарсан. ...Хаалган дээр нь очоод О-Э утасны гэрэл тусгасан чинь хойшоо харсан байдалтай эмэгтэй хүн намайг хүлсэн байна гээд хашхираад хэвтэж байсан. Газраар цус болсон байхаар нь хутгалуулсан байх гэж бодоод айгаад ойртож чадаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-102-103 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Н-Э “...хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн хашхирч гарч ирээд гүйж байгаад унаад өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-105 хуудас/,
Гэрч Н.О-Э “...хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн аллаа ш дээ гээд хашхираад гараад ирсэн тэр эмэгтэй хүний араас нэг хүн хөөж байгаа бололтой хүний сүүдэр цонхоор нь харагдсан. ...М хамт очиж үзье гээд нөгөө газар унасан эмэгтэй дээр яваад очсон чинь эмэгтэй хүн зүүн урд чиг рүү харсан байдалтай хэл нь амнаасаа цухуйсан, доошоо хараад унасан байсан. Гар хөл нь цус болсон байдалтай доороос нь их хэмжээний цус гарсан байсан ... унасан эмэгтэйн гүйж гарч ирсэн байшингаас дахиад эмэгтэй хүн хашхирах чимээ гарсан. ...Хаалган дээр нь очоод утасны гэрэл тусгасан чинь хойшоо харсан байдалтай эмэгтэй хүн намайг хүлсэн байна гээд хашхираад хэвтэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-107-108 хуудас/,
Гэрч Н.Т “...С сумын дүгээр баг хуучин авто тээврийн урд талбайд 2 эмэгтэй хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирж яаралтай явж очсон. Очиход эмнэлгийн машин ирсэн байсан бөгөөд эмнэлэгийн машины хажууд нэг эмэгтэй хүн ухаангүй байгаа бололтой насилкан дээр гаргаж байсан тэгээд би С.Г дагаад хуучин авто тээврийн төв байсан байшин руу орсон ороход хүн явдаг хэсгээр нь цус болсон байсан. ...эмэгтэй хүн хөлөө хүлүүлсэн байдалтай 2 гараа цээжиндээ авсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-110 хуудас/,
Насан хүрээгүй гэрч Ц.Э “...хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн аллаа ш дээ гээд хашхираад гараад ирсэн тэр эмэгтэй хүний араас нэг хүн хөөж байгаа бололтой хүний сүүдэр цонхоор нь харагдсан тэгээд нөгөө эмэгтэй нь хашхираад байшингаас гарч ирээд колонк чиглэж гүйгээд нэг их хол яваагүй унаад өгсөн. Харин араас нь хөөж байсан хүн байшингаас гарч ирээгүй хаалгаа хаагаад буцаад цаашаа явсан... гэх мэдүүлэг /1-р хх-115 хуудас/,
Гэрч Ц.Г “...С.Э гэнэт уурлаад манай гэрт гал түлэх гэж бэлдсэн байсан модыг зуухны урдаас аваад Д.Н эгчийг зодоод байсан Д.Н эгч гараараа толгойгоо хамгаалаад байсан. С.Э нилээд хэд цохих шиг болсон яг хаана хаана цохисон эсэхийг нь хараагүй ... талийгаач А.Н эгч бас болиулах гэж байгаад модонд хэд хэд цохиулсан байж магадгүй... гэх мэдүүлэг /1-р хх-125-126 хуудас/,
Гэрч Б.А “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан юм. ...Тэгээд үзлэг хийхэд амин үзүүлэлт тодорхойлох боломжгүй тодорхойлогдохгүй, зүрхний цохилт бүдэг, амьсгалын тоо цөөрсөн хүүхэн хараа өргөссөн байдалтай цээжний баруун талд 2-р хавирга хавьцаа хутгалуулсан 2 шархтай байсан. Мөн тухайн хүн ухаангүй буюу биеийн байдал нь нэн хүнд байдалтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-128-129 хуудас/,
Гэрч И.Б “...шөнө 2 цагийн үед эмнэлэгээс залгаад эхнэр чинь нас барчихлаа яаралтай ирээрэй гэсэн. ... эмнэлэг рүү ороод харахад зүүн гарын бугуйнаас нь цус гарсан, цээжний баруун дээд хэсэгт хутгалагдсан 2 шарх харагдсан. Бас нүүр ам гар хуруу нь нэл шороо болсон байдалтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-135-136 хуудас/,
Гэрч С.Г “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ... хуучин авто тээврийн төв байсан байшин руу ороход хүн явдаг хэсгээр нь цус болсон байсан. ...Д.Н хөлөө хүлүүлсэн байдалтай 2 гараа цээжиндээ авсан байдалтай нэлээд согтуу бололтой доошоо хараад хэвтэж байсан. Ойр хавиар нь болон доогуур нь нэл цус болсон байсан, бас хар цамцтай байсан бөгөөд нуруун дээр нь цус болсон бололтой зүйл харагдаж байсан... Э эргэж харахдаа гартаа хутга барьсан байхаар нь хутгаа хая гэсэн чинь хаяхгүй бид хоёр луу алхаж байгаад гэнэт зогсоод барьж байсан хутгаараа цээжин тус газраа дүрчихсэн. Эмнэлгийн машин ирж байгаа харагдахад Э өөрөө хутгаа сугалаад шидчихсэн. Э нь би өөрийгөө алчихъя гэж бодсон чадсангүй баригдчихлаа гэж ярьж байсан ...гэх мэдүүлэг /1-р хх-138-139 хуудас/,
Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Э хоёр ба түүнээс олон хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахаар завдсан, нэг хүнийг харгис хэрцгийгээр алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8-дахь хэсэгт зааснаар, хохирогч Д.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлээний модоор цохьсон, мөн дээрх үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон А.Н түлээний модоор цохиж тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, нийт 19 жил 3 сарын хорих ялаар шийтгэсэн нь үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.
Харин Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ‘’... онц харгис хэрцгийгээр бусдыг алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. ... талийгаачийг алах хүсэл сонирхол байгаагүй. ... талийгаачийг модоор цохьсон үйлдэл нотлогдоогүй байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү’’ гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Хэргийн газрын үзлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр тухайн орон байранд нилдээ цус болсон байдал, гэрт нь ирээд хутга бэлдээд хүлээгээд байж байгаа, талийгаач А.Н 3 удаа, хохирогч Д.Н 2 удаа хутгалж байгаа, талийгаач А.Н араас нь хөөж байгаад хутгалж байгаа, хохирогч Д.Н хүлсний дараа дахин хутгалж байгаа, 2 хүнийг алчихсан гэдэгт бүрэн итгээд өөрийгөө хутгалж байгаа зэрэг нь бусдыг алах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч Д.Н түлээний модоор цохиж байхад дээрх үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон талийгаач А.Н мөн модоор цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч Д.Н, гэрч Г нарын мэдүүлэгээр нотлогдсон байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн: ‘’...Өмгөөллийн зардал 6.980.000 төгрөгийг гаргуулж өгнө үү’’ гэсэн давж заалдсан гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.
Анхан шатны шүүхээс Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 6.980.000 төгрөгийг Засгийн газрын 2018 оны 161 дүгээр журмын 2.6.6-т зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг ....олгоно гэсэн заалтанд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Иймд хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ О.ОДНЯМАА