Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0729

 

2023 10 04 128/ШШ2023/0729

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:С.Нямхишиг /РД:ХА73020401/, С.Мөнхтулга /РД:ХА78112900/, С.Сарангэрэл /РД:УК92011200/, С.Мягмарсүрэн /РД:УХ82033073/

Нэхэмжлэгч С.Мөнхтулга, С.Сарангэрэл нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нямхишиг /РД:ХА73020401/

Нэхэмжлэгч С.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Борхүү /РД:РЭ89013113/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Отгонжаргал /Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч/

Гуравдагч этгээд: Г.Алимаа /ЛЮ78081063/

Гуравдагч этгээд Г.Алимаагийн өмгөөлөгч: Б.Баясгалан /ШТЭҮД: 2453/

Гуравдагч этгээд: Sawada Sosuke /ТR6524891/

Гуравдагч этгээд Sawada Sosuke-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Төрбат /РД:МК91012516/

Маргааны төрөл: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямхишиг, нэхэмжлэгч С:Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Нямхишиг , С.Мөнхтулга , С.Сарангэрэл, С.Мягмарсүрэн нараас Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот 49.3 м.кв гэрчилгээний №000004231, Y-2202011882 дугаартай нэг өрөө үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

1.1.Нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот, улсын бүртгэлийн Y-2202011882 дугаартай 49.3 мкв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэж тодруулсан.

2.С.Нямхишиг нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандсаны хариуд Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/6120 дугаар албан бичгээр ...2009 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай нотариатчийн олгосон 22 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эрхийн бүртгэлд бүргэснээс хойш өнөөдрийг хүртэл 2 удаа өмчлөх эрх шилжин улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул өмчлөлийн маргаантай асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү. гэх хариуг хүргүүлсэн байна.

3.Нэхэмжлэгч нар шүүхэд анх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2022/9167 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Уг захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар хүлээн авч, улмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4.Нэхэмжлэгч С.Нямхишиг, С.Мөнхтулга, С.Сарангэрэл , С.Мягмарсүрэн нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: С.Нямхишиг, С.Мөнхтулга, С.Сарангэрэл, С.Мягмарсүрэн бид Б.Сумъяагийн төрсөн хүүхдүүд бөгөөд бидний аав Б.Сумъяа 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зуурдаар нас барсан. Бидний аав Б.Сумъяа нас барах үедээ Ц.Энхтуяатай гэр бүл болж хамтран амьдарч байсан. Тухайн үед С.Сарангэрэл аав Б.Сумъяагийн асрамжид байсан бөгөөд С.Нямхишиг, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн бид гадаад улсад амьдарч, удаан хугацаагаар эмчлүүлж байсан.

Гэтэл Ц.Энхтуяа нь бидний аав Б.Сумъяагийн өмчлөлд байсан бидний болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот 49.3 м.кв, нэг өрөө орон сууцын хууль ёсны өв залгамжлагч болох бид нараас асуулгүй , хууль зөрчин 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өв залгамжлах 22 дугаартай эрхийн гэрчилгээг дангаараа гаргуулан авч , хууль ёсны өв залгамжлагч , өмчлөгч бидний эрхийг зөрчсөн. 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өв залгамжлах 22 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01510 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хууль ёсны өв залгамжлагч бидний эрх сэргээгүй байна.

Уг асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс захиргааны хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар хүлээн авч , захирамжид заасны дагуу дахин энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо ,Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот 49.3м.кв, гэрчилгээний №000004231, Y-2202011882 дугаартай нэг өрөө үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож , хууль ёсны өв залгамжлагч бидний эрх ашгийг сэргээж өгнө үү гэжээ.

4.1.Нэхэмжлэгч С.Нямхишиг шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот байрыг манай аав өөрийнхөө нэр дээр авсан болохоос биш Бетон Арматур ХХК-ийн 17,4 хувийг манайх эзэмшдэг байсан. 17,4 хувийг бид нарын ээж 1993 онд өнгөрсөн н.Оюунчимэг мөн С.Мягмарсүрэн, С.Мөнхтулга, С.Нямхишиг миний бие оролцсон. Бид бүгдийн хувьцаа гэж улсаас оногдож өгч байсан. Одоо 7 мянгын 3 мянгын гэсэн хувьцаанууд байгаа. Тэр хувьцаануудаар манайх Бетон Арматур ХХК-ийн 17,4 хувийг эзэмшдэг байсан. Манай гэр бүл 2006, 2007 оноос хойшоо бартераар авсан. 17,4 хувийг бид бүгдийн эзэмшилд байгаа хөрөнгө бартераар авсан байрыг маань хууль бусаар нэг ёсны бүүр хууль бус гэж бас хэлэхгүй. Манай хойд ээж бол одоо яах вэ. Баталгаатай гэр бүл нь үнэн. Гэхдээ хуулийн хугацаанаас өмнө 6 сарын дотор одоо өвлөх эрхийг нь нотариатаар хүн бол юу ч хүсэж болно. Өөрийнхөө хүсэл зорилгыг илэрхийлж ингээд би өвлөх эрхээ авах гэсэн юм аа гээд өгөхөд хуулийн хугацаа болоогүй байна. Бусад өвлөгч нараасаа юм аваад ир гэж хэлэхгүйгээр ийм байдалд өнөөдрийг хүргэсэн. Бид нарыг хохироогоод явж байгаад гомдолтой байгаа учраас шийдвэрлүүлэхээр явж байна. Бусад хүмүүсийн эрх ашгийг бас би ер нь бол ойлгож л байгаа. Яагаад гэвэл бид нар адилхан эрх тэнцүү эрхтэй л гэж бодож байна. гэжээ.

4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцтай холбоотойгоор сүрьеэгийн өмчлөлд Б.Сумьяа байсан. 2008 оны 12 сарын 02-ны өдөр нас барсан. Б.Сумъяагийн өмчлөх үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгө мөнгөтэй холбоотой харилцаа үүссэн. Маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор 2009 оны 07 сарын 06-ны өдөр 22 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ гарсан. Үл хөдлөх хөрөнгийн хуульд заасан хугацаа дуусаагүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. 2008 оны 07 сардаа улсын бүртгэл дээр өөрчлөлт орсон. 2, 3 удаагийн шилжилт хөдөлгөөнүүд хийгдсэн. 2017 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэж улсын бүртгэл дээр өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор өнөөдрийн маргаан гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт, нотариатын буруутай хууль зөрчсөн үйл ажиллагаа. Хоёрдугаарт, Улсын бүртгэлийн хууль зөрчсөн үйл ажиллагаа байна гэж үзэж байгаа. Нотариат хувийн эрх ашиг сонирхлын үүднээс хэн нэгнээс төлбөр мөнгийг нь аваад хууль бусаар нэмэлт гэрчилгээ гаргасан байна. Төрийн эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллага тухайн материалыг хуулиараа хяналт тавих үүрэгтэй байдаг. Үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шууд улсын бүртгэлийг өөрчилж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Үүнээс үүдэлтэйгээр дараа дараагийн олон хүмүүсийн эрх ашиг сонирхол хөндөгдөж өнөөдөр ингээд маргаан үүсээд явж байна гэж ойлгож байгаа. Улсын бүртгэлийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзээд тухайн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Нотариатын үйлдэл нь өөрөө шүүхээр ороод хүчингүй болсон. Үүнтэй холбогдуулаад улсын бүртгэлийн байгууллагад харуулсан. Танай бүртгэсэн бүртгэл чинь нотариатын үйлдлийг үндэслэж хийсэн. Нотариат үйлдэл нь өөрөө хүчингүй болчихлоо тийм учраас энэ бүртгэлээ цэгцэлж янзалж өгөөч. Гэдэг ийм агуулгатай хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй. Улсын бүртгэл бол үнэн зөв байна гэдэг ийм агуулгатай шүүхтэй хандаарай гэж бичиг ирсэн. Тийм учраас Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ийм үндэслэлээр нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Товчхондоо Б.Сумъяа хууль ёсны өмчлөгч өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Б.Сумъяа нь нас барсны дараагаар дараачийн өмчлөл рүү шилжихдээ хууль зөрчигдсөн үйлдэл байгаа. Хууль зөрчигдсөн гэдгийг тогтоож Улсын бүртгэлийг маргаан бүхий орон сууцын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэсэгт дурдсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байрны 30 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Сумъяа 2007 онд бүртгүүлэхээр мэдүүлэг түүнд холбогдох нотлох баримтыг хавсарган гаргасан байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Y-2202011882 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000004231 тоот гэрчилгээ олгосон байна.

Эрхийн улсын бүртгэлийн Y-2202011882 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 05 дугаартай нотариатч гэрчилсэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Ц.Энхтуяа (ХА53091401)- гийн өмчлөлд 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэж өмчлөх эрхийн 000075582 тоот гэрчилгээ олгосон байх бөгөөд иргэн Ц.Энхтуяа нь 135 дугаартай нотариатч (ЛЮ78081063)-гийн өмчлөлд шилжүүлэхээр 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг гаргасныг бүртгэж өмчлөх эрхийн 000099749 тоот гэрчилгээ, мөн иргэн Г.Алимаа нь 85 дугаартай нотариатч гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Япон улсын иргэн Савада Сосүкэд шилжүүлэхээр 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг гаргасныг бүртгэж , өмчлөх эрхийн 000260730 тоот гэрчилгээг олгосон байна.

Мөн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хувийн хэрэгт 5 дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/21918 тоот албан бичиг, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нотлох баримт гаргуулах тухай 2015 оны 10773 тоот шүүгчийн захирамж тус тус бүртгэлтэй байна.

Дээрх мэдүүлэг түүнд хавсарган гаргасан нотлох баримтууд нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003он/ 13 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 1 болон 3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан тул улсын бүртгэлд бүртгэж, мөн өмчлөх эрхүүдийг шилжүүлэн бүртгэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тус орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2009 оны 07дугаар сарын 07-ны өдрийн өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг иргэн Ц.Энхтуяагийн өмчлөлд шилжин бүртгэгдсэнээс хойш дахин 2 удаа өмчлөх эрх нь шилжин бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар Япон улсын иргэн Савада Сосүкэгийн өмчлөлд бүртгэлтэй байна.

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1510 дугаар шийдвэрт Сүхбаатар дүүргийн 5 дугаартай нотариатч Б.Энхээгийн үйлдлийг хүчингүй болгож, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон 22 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч өв залгамжлагч болон өмчлөгчийн асуудлыг шийдвэрлээгүй нь улсын бүртгэлийн байгууллага болон дээр дурдсан өмчлөгчид хүндрэл учирч байна. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа 00004231 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох /анхны өмчлөгч болох иргэн Б.Сумъяад олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ/ тухай дурдсан байгаа нь эрхийн улсын бүртгэлийн Y-2202011882 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж харагдаж байх бөгөөд энэ нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна . Учир нь иргэн Б.Сумъяагийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн бүртгэл юм.

Иймээс өв залгамжлагч болон өмчлөгчийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нотариатын үйлдлийг Улсын бүртгэлийн байгууллага зөв буруугийн шалгах эрхтэй байгууллага биш. 2009 оны өв залгамжлах эрхийн гэрээ тэр үеийн бүртгэл нь бол үнэн зөв байсан. Буцаах үндэслэл татгалзах үндэслэл байгаагүй. Яагаад гэвэл нотариат өв залгамжлалын эрх нээх ёстой эрх бүхий байгууллага нотариат үүргээ биелүүлээд өв залгамжлах эрхээ нээгээд өв залгамжлах эрхийн гэрчилгээ гаргаад өгсөн учраас Улсын бүртгэлийн байгууллага татгалзах ямар ч эрх байхгүй. Татгалзах үндэслэл мэдүүлэг хүлээж авах авахгүй үндэслэлүүд бүгд хуулиараа заагдсан байсан. 2003 оны хууль хэрэгжиж байсан тэр үед одоо 2018 оноос хойш Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдсэн байгаа.

Тийм учраас нотариатыг буруутгаж байгаа бол Иргэний хэргийн шүүхэд хандаад эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бодож байна. 2009 оны Улсын бүртгэлийн байгууллага буруу бүртгэл хийгээгүй. Тэр үеийн мэдүүлэг гаргасан нотлох баримтын хүрээнд дүгнэлтээ өгөөд тухайн үед бүртгэл хийгдээд явчихсан. Тэрний дараагийн үйлдлүүд ч худалдах худалдан авах гэрээ үзлэг хийгдсэн гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Нямхишигийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд анхны өмчлөгчөөсөө эхлээд маргаантай байсан юм уу гэсэн бодолтой байна. Өв залгамжлалын асуудлыг иргэний хэргийнхээ шүүхээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

6.Гуравдагч этгээд Япон улсын иргэн Сосүкэ Савадагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбат шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Япон улсын иргэн Сосүкэ Савада нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Алимаатай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 28 дугаар байр , 30 тоот хаягт байрлах нэг өрөө , 49.3 м.кв орон сууцыг худалдан авчээ. Энэхүү гэрээг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Япон улсын иргэн Сосүкэ Савадаг тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2202011882 дугаарт бүртгэж , 000260730 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Үүний өмнө 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Алимаа нь иргэн Ц.Энхтуяатай мөн адил гэрээ байгуулан дээрх орон сууцыг худалдаж авсан байх бөгөөд тус гэрээг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 000099749 дугаартай гэрчилгээг олгож байжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/01510 дугаартай шийдвэрээр иргэн Ц.Энхтуяад олгосон 2009 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 22 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгосонтой холбогдуулан түүний нэр дээр бүртгэлтэй байсан дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг иргэн С.Нямхишиг тус шүүхэд гаргасан байна.

Гэтэл дээр дурдсанчлан иргэн Г.Алимаа нь Ц.Энхтуяагаас 2010 онд , түүний дараа Япон улсын иргэн Сосүкэ Савада нь иргэн Алимаагаас 2013 онд дээрх орон сууцыг тус тус шилжүүлэн авах үед авах үед өв залгамжлах эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлаар маргаан үүсээгүй байсан бөгөөд энэ талаар мэдэх ямар ч боломжгүй байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5-д улсын бүртгэл үнэн зөв байх, нотлох баримтад тулгуурлах зарчмыг тусгасан бөгөөд энэхүү зарчмын хүрээнд тухайн үед үйлдсэн нотариатчийн өв залгамжлах эрхийг гэрчилгээг үндэслэн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас иргэн Ц.Энхтуяаг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 000075582 дугаартай гэрчилгээг олгосныг шууд хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 109.3-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх..., мөн хуулийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно, мөн хуулийн 183.1 д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг ташаа болохыг мэдэж байсан,эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан байна.

Япон улсын иргэн Савада Сосүкэ нь 2013 онд дээрх орон сууцыг худалдан авахад иргэн Г.Алимаа нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан, тухайн бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаан үүсээгүй буюу буруу ташаа болох талаар мэдэх боломж байгаагүй тул иргэн С.Нямхишиг нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ц.Энхтуяад олгогдсон Y-2202011882 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчинүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн нэг этгээдээс нөгөөд шилжилж байгаа бол уг хэлцлийг үл эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.9-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол.... эрхийн улсын бүртгэлд ...өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн эрх үүснэ гэж тус тус заасан бөгөөд дээр дурдсанчлан 2010 онд иргэн Ц.Энхтуяа нь Г.Алимаад худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцыг шилжүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болж , түүнд холбогдох бүртгэлийн дугаар нэгэнт хүчингүй болсон байх тул шүүхээс уг бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд дээрх хууль зүйн үндэслэл , тайлбарын дагуу иргэн С.Нямхишиг нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.1.Гуравдагч этгээд Япон улсын иргэн Сосүкэ Савадагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбат шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний хувьд Япон улсын иргэн Сосүкэ Савадагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа. Маргаан бүхий орон сууцын хууль ёсны өмчлөгчөөр Япон улсын иргэн Сосүкэ Савадагийн бүртгэлтэй байгаа. Хариуцагч талын гаргаж байгаа тайлбарыг дэмжиж оролцож байна. Үндсэндээ нэхэмжлэгч талын тавьж байгаа шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурийг дэмжиж оролцоно. Яг одоо энэ маргаан дээр төвлөрөөд ярихад маргааны шийдэл дээр анзаараад үзэхэд ерөөсөө цаг хугацааны дараалал шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх. 2010 онд тухайн үед байсан иргэн Ц.Энхтуяа, Г.Алимаатай гэрээ байгуулаад 2013 онд Японд орон сууцыг Г.Алимаагийн нэр дээр шилжүүлсэн. Худалдан авах гэрээний дагуу Япон улсын иргэн 2010 онд Г.Алимаагаас худалдаж авсан. Ц.Энхтуяатай гэрээ байгуулаад Г.Алимаагаас Монгол улсын худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Монгол Улсад Япон улсын иргэн Сосүкэ Савада 2011 онд ирсэн. Хэрэгт авагдсан материал гадаадын иргэн харьяаллаас ирүүлсэн материал хэрэгт авагдсан материалаар нотлогдоно. 2011 онд Монгол улсад Япон улсын иргэн Сосүкэ Савада 2 жилийн дараа орон сууцыг худалдан авахдаа 2010 онд аль хэдийн Ц.Энхтуяагаас Г.Алимаагийн нэр дээр шилжчихсэн байсан орон сууцыг маргаантай орон сууц гэдгийг мэдэх боломжгүй байсан. Энэ тохиолдолд Иргэний хуулиараа гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах арга хэрэгсэл бол байгаа. Иргэний хуулийн 109 зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар хариу тайлбартай уншсан байгаа. Иргэний хуулийн 108 зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар эрх ашиг нь хамгаалагдана. Тухайн бүртгэлтэй холбоотой асуудалд гуравдагч этгээд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзээд бүртгэлийг өөрийн нүдээр шилжүүлж авч байгаа ийм процесс байгаа. Г.Алимаа, Сосүкэ Савада нарын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн ийм байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. гэжээ.

7.Гуравдагч этгээд Г.Алимаа шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Алимаа нь С.Нямхишигийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр иргэний журмаар өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.С.Нямхишиг, С.Мөнхтулга, С.Сарангэрэл, С.Мягмарсүрэн нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан анх Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот 49.3 мкв, гэрчилгээний №000004231, Ү-2202011882 дугаартай нэг өрөө үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот, улсын бүртгэлийн Y-2202011882 дугаартай 49.3 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэгч талаас ... Нотариатын үйлдэл нь өөрөө шүүхээр ороод хүчингүй болсон. Үүнтэй холбогдуулаад улсын бүртгэлийн байгууллагад харуулсан. Танай бүртгэсэн бүртгэл чинь нотариатын үйлдлийг үндэслэж хийсэн. Нотариатын үйлдэл хүчингүй болчихлоо, тийм учраас энэ бүртгэлээ цэгцэлж янзалж өгөөч гэдэг ийм агуулгатай хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй. Товчхондоо Б.Сумъяа хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Б.Сумъяа нь нас барсны дараагаар дараагийн өмчлөгч рүү шилжихдээ хууль зөрчигдсөн үйлдэл байгаа. гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

3.1.Харин хариуцагч талаас Нотариатын үйлдлийг улсын бүртгэлийн байгууллага зөв бурууг нь шалгах эрхтэй байгууллага биш. 2009 оны өв залгамжлах эрхийн гэрээ тэр үеийн бүртгэл нь үнэн зөв байсан. Буцаах үндэслэл, татгалзах үндэслэл байгаагүй. ... Татгалзах үндэслэл, мэдүүлэг хүлээж авах авахгүй үндэслэлүүд бүгд хуулиараа заагдсан байсан. Тийм учраас нотариатыг буруутгаж байгаа бол иргэний хэргийн шүүхэд хандаад эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Тэр үеийн мэдүүлэг, гаргасан нотлох баримтын хүрээнд дүгнэлтээ өгөөд тухайн үед бүртгэл хийгдээд явчихсан. Тэрний дараагийн үйлдлүүд ч худалдах худалдан авах гэрээ бүгд хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна ... гэж,

гуравдагч этгээд Sawada Sosuke-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... энэ маргааныг шийдвэрлэхэд цаг хугацааны дараалал чухал ач холбогдолтой байх. 2010 онд тухайн үед байсан иргэн Ц.Энхтуяа, Г.Алимаатай гэрээ байгуулаад 2013 онд орон сууцыг Г.Алимаагаас Япон улсын иргэн Сосүкэ Савадагийн нэр дээр шилжүүлсэн. ... 2011онд Монгол Улсад ирсэн Япон улсын иргэн Сосүкэ Савада 2 жилийн дараа орон сууцыг худалдан авахдаа 2010 онд аль хэдийн Ц.Энхтуяагаас Г.Алимаагийн нэр дээр шилжчихсэн байсан орон сууцыг маргаантай орон сууц гэж мэдэх боломжгүй байсан. гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан буюу татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл бүртгэлийг нь хүчингүй болгуулахаар маргаж буй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу-28 дугаар байрны 30 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 49.3 мкв талбай нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр анх 2007 онд Монгол Улсын иргэн Бавуу овогтой Сумъяа/УБ0580736, ХА52032417/-г эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011882 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. /Нотлох баримт 1 дүгээр хавтас, 34 дэх тал/

4.1.Улмаар Б.Сумъяагийн эхнэр Ц.Энхтуяа нь түүний нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэх, өргөдөл, Засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нотариатч Б.Энхээд хандсан байх ба дээрх орон сууцыг өвлөх эрхийн 22 дугаартай гэрчилгээ болон Ц.Энхтуяагийн бүрдүүлсэн материал, мэдүүлгийг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн Боржигон овгийн Цэнджамцын Энхтуяа/ХА53091401/-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011882 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ./Нотлох баримт 1 дүгээр хавтас, 41 дэх тал/

4.2.Үүний дараа Ц.Энхтуяа нь иргэн Г.Алимаатай орон сууц худалдах, худалдан авах гэрээ /Нотлох баримт 1 дүгээр хавтас, 46 дахь тал/ байгуулж, 48 сая төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу-28 дугаар байрны 30 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 49.3 мкв талбай нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан байх ба 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын иргэн Боржигин овгийн Галзагдын Алимаа/ЛЮ78081063/-г эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011882 дугаарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон байна. /Нотлох баримт 1 дүгээр хавтас, 48 дахь тал/

4.3.Эцэст нь 2013 онд Г.Алимаа нь Япон улсын иргэн Sawada Sosuke-тэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж бүртгэлийг нь хүчингүй болгуулахаар маргаж буй орон сууцыг худалдсан байх ба /Нотлох баримт 1 дүгээр хавтас, 61 дэх тал/ Япон Улсын иргэн Sawada Sosuke г г эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011882 дугаарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж 000260730 дугаартай гэрчилгээ олгожээ. /Нотлох баримт 1 дүгээр хавтас, 63 дахь тал/

5.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нар нь өөрийн эцэг Б.Сумъяагийн өмчлөлд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу-28 дугаар байрны 30 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 49.3 мкв талбай нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлтэй маргаагүй, харин үүнээс хойшхи бүртгэлүүд болох уг эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Энхтуяа, Г.Алимаа, Япон улсын иргэн Sawada Sosuke нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа талаараа тайлбарласан болно.

6.Маргаан бүхий бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:3.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 3.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: гээд баримт бичгийн жагсаалтыг хуульчилсан ба 13.6.Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна., 14 дүгээр зүйлийн 14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно, 18 дугаар зүйлийн 18.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хуулбар хувийг хэрэгт хавсаргана. гэж тус тус зохицуулжээ.

6.1.Мөн дээрх бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам (Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/62 дугаар тушаалаар хүчингүй болсон)-ын 5.5.Өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ. хэмээн журамласан байна.

7.Шүүх хэргийн үйл баримт болон холбогдох хуулийн хэм хэмжээнд үндэслэн дүгнэлт хийхэд Б.Сумъяагаас Ц.Энхтуяад өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнээс хойш тус үл хөдлөх эд хөрөнгийг Г.Алимаа, Япон улсын иргэн Sawada Sosuke нарт шилжүүлсэн бүртгэлүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7.1.Тодруулбал дээрх бүртгэлүүд хийгдсэний дараа нэхэмжлэгч С.Нямхишиг нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан маргасан байх ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/01510 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хууль/1997 оны/-ийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхээгийн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай, Б.Сумъяагийн эхнэр Ц.Энхтуяад нас барагчийн өмчлөлд байсан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, 28-30 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011882 дугаарт бүртгэлтэй, 49.3 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өвлөх эрх олгосон гэрчилгээг хүчингүй болгосугай хэмээн шийдвэрлэсэн нь хариуцагч байгууллагын 2009, 2010, 2013 онуудад хийсэн бүртгэл хууль бус болохыг илэрхийлэхгүй юм.

7.2.Өөрөөр хэлбэл бүртгэл хийх үед хууль тогтоомж зөрчөөгүй атал цаг хугацааны хувьд дараа нь тогтоогдсон нөхцөл байдал буюу нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шийдвэрт үндэслэж өмнө нь хийгдсэн бүртгэлийг хууль зүйн үндэслэлгүй хийгдсэн гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан нотлох баримтууд бүгдээрээ үнэн зөв байсан учраас хуулийн дагуу бүртгэсэн. Мэдүүлэг гаргагч нь мэдүүлгээ үнэн зөв, өөрөө гаргах үүрэгтэй бөгөөд худал мэдүүлэг гаргаад бусдад учирсан хохирлоо өөрөө хариуцна гэсэн манай хуулийн заалт байгаа.

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

7.3.Шүүхээс нөхцөл байдлыг удаа дараа тодруулсан боловч өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбогдуулан улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр-тэй маргаагүй, харин өмнөх улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

7.4.Түүнчлэн нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ц.Энхтуяад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон энэ тохиолдолд холбогдох үр дагаврыг зохих журмын дагуу арилгуулахаар хандах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлаагүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Нямхишиг нарын нэр бүхий иргэдээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот, улсын бүртгэлийн Y-2202011882 дугаартай 49.3 мкв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА