Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03994

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 182/ШШ2024/03994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* /РД:*******/,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, *******ы ******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 333,656,931.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******, Т.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 333,656,931.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 3ээлдэгч *******, Т.*******, Э.******* нар нь Хаан банктай 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ/202247308960 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ202247308960 тоот Барьцааны гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай Хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 35,431,834.59 төгрөг, зээлийн хүүнээс 61,437,577.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,101.15 төгрөг нийт 96,896,513.20 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ/202247308960 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ202247308960 тоот Барьцааны гэрээний дагуу Зээлийн барьцаанд Э.*******ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017855 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №000836905 дугаартай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлааст 24 гудамж, 5866 тоот хаягт байршилтай 602 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцыг, Э.*******ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Э-2202005464 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №000174336 дугаартай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлаастын 24 гудамж, 5866 тоот хаягт байрлах 184 мкв талбайтай газрыг барьцаалуулсан байдаг. 

Зээлдэгч нар нь дээр дурьдсан зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэг, мөн хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч *******, Т.*******, Э.******* нараас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ/202247308960 тоот зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 260,305,360.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 70,966,139.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,385,430.89 төгрөг, нийт 333,656,931.02 төгрөг гаргуулж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ/202247308960 тоот зээлийн гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээнүүд хуулийн шаардлага хангасан. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ багтаан бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг банкны зүгээс зээлдэгчээс шаардах эрхтэй. Манайх тухай бүр шаардаад байсан. Зээлийн гэрээний 5 дахь хэсэгт зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний 6 дахь хэсэгт зээлийн гэрээг дуусгавар болгох зохицуулалт байгаа. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэрээний 6.1.1-т заасны дагуу зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах эрх нь банканд байгаа юм. Үүнийхээ дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар 537 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Банкны зүгээс хариуцагч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна гэв.

 

 

2. Хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Хариуцагч нар 2022 оны 03 сарын 04-ний өдөр Хаан банктай 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа барьцааны гэрээ байгуулж, Э.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017855 дугаартай, 000836905 гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо хайлааст 24-586Б тоот хаягт байршилтай, 602 м.кв талбайд үйлчилгээний зориулалттай орон сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн Э-2202005464 дугаартай, 000174336 тоот гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлаастын 24 дүгээр гудамж 586Б тоот хаяг байрлалтай, 184 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд барьцаалбараар бүртгүүлсэн. Харин газар нь харьяалах газрын албанд барьцаалбараар бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Үүнээс харахад барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд барьцаалбараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж харж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч ямар шалтгаанаар нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Манай талд хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаарх баримтаа шүүхэд өгсөн байгаа. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан бол тухайн мэдэгдлээ ирүүлэх ёстой. Гэтэл манайд тийм мэдэгдэл ирүүлээгүй. Зээлээ төлөхийг шаардсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тэгэхээр гэрээнээс татгалзаагүй байж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 6.3-т гэрээг цуцалсан нөхцөлд банк зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулах бөгөөд энэ тухай зээлдэгч нарт мэдэгдэнэ гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар мэдэгдэл өгөөгүй. Банк шүүхийн өмнөх урьдчилсан ажиллагааг явуулаагүй. Гэрээнд заасан эрх, үүргээ биелүүлээгүй байж барьцаалбараар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний 2.2.1-т заасан эрх үүргээ биелүүлээгүй байна. ИХ-ийн 85.1-т устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно, 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан байдаг. Тэгэхээр газрыг барьцаалбарт бүртгэсэн хууль ёсны үндэслэл шаардлага хангагдаагүй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 139/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/

3.3. Итгэмжлэл /хх 6-8/,

3.4. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/202247308960 дугаар Зээлийн гэрээний хуулбар /хх 9-12/,

3.5. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн БГҮ/202247308960 дугаар Барьцааны гэрээний хуулбар /хх 13-18/,

3.6. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 20/

3.7. Улсын бүртгэгч С.Энхчимэгийн 2022.03.04-ний өдөр үйлдсэн барьцаалбар /хх 21/

3.8. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт /хх 22-23/

3.9. Текотек трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /хх 34-37/

3.10. Зээл олгосон шилжүүлгийн баримт /хх 39/,

3.11. Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40-41, 140-141/

3.12. Зээлийн бүртгэлийн карт /хх 42, 113, 142/

3.13. Зээлийн хүсэлт, зээлдэгчийн анкет, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалах тухай хүсэлт, Текотек ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, протокол /хх 49-55/

3.14. Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл /хх 61-62, 64/,

3.15. Зээл төлөх мэдэгдэл /хх 65/.

 

4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Итгэмжлэл /хх 77, 89, 91-92/,

4.2. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/146 дугаар магадлал /хх 115-118/,

4.3. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн тусламж үзүүлсэн талаарх баримт, рентген зураг /хх 127-128/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 333,656,931.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь хариуцагч *******, Т.*******, Э.******* нартай 2022.03.04-ний өдөр ЗГ/202247308960 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн ба хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө банкны санаачилгаар цуцлаж, 2024.08.28-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлэн хүү болон үндсэн үүргийг шаардаж байна. Мөн барьцааны гэрээний дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлүүлнэ гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгосон цуцалсан талаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт мэдэгдээгүй учраас нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй, банкны зээлийн бүртгэлийн картанд нэмэгдүүлсэн хүүг торгууль гэж шаардсан, банк торгууль ашиглах эрхгүй, барьцааны гэрээгээр газар эзэмших эрх барьцаалсан атлаа эрх бүхий байгууллага болох газрын албанд тус гэрээг бүртгүүлээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө нь газрын үндсэн бүрдэл хэсэг болох тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, Т.*******, Э.******* нарын хооронд 2022.03.04-ний өдөр ЗГ/202247308960 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж, 84 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаар зээлийн эргэн төлөлтийн хуваариар харилцан тохиролцсон байна. /хх 9-12/

 

4.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Э.*******ын өмчлөлийн,

А. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 602 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202017855 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Б. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 184 м.кв талбайтай, нэгж талбарын 1501514400 дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2202005464 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхээр хангуулахаар ******* болон Э.******* нар тохирч 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр БГҮ/202247308960 дугаар Барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх 13-18/

 

Хариуцагчаас барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан ба мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ..., мөн хуулийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д Газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй, 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.5-д Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ тус тус заасан байна.

 

 Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан барьцааны гэрээнд Улсын бүртгэгч тамга дарж тэмдэглэл үйлдсэн, 16 дугаар талд авагдсан барьцааны гэрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба тамга дарсан байх бөгөөд барьцааны гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, дээрх хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцаа болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт 1-ээр тохиролцсон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байх ба ийнхүү зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний хавсралт 1-ээр зээлдэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2029 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл буюу 84 сарын хугацаанд, сар тутмын 02-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүнд тогтмол 6,520,000 төгрөг төлөх байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна.

 

Зээлдэгч нар нь үндсэн зээлд 39,694,639.6 төгрөг, зээлийн хүүд 61,437,577.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27,101.15 төгрөг, нийт 101,159,318.20 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй.

 

Гэвч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн зээлийг эргэн төлөх үүргийг 2023 оны 02 дугаар сараас зөрчиж, зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдон тогтоогдож байна. /хх 140-142/

 

Иймд зээлдэгч нар нь гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу, тогтоосон хэмжээгээр зээлийг төлөөгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн байна дүгнэв.

 

Мөн нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг 2023.06.28-ны өдөр хариуцагч Текотек трейд ХХК, Т.******* нарт хүлээлгэн өгсөн, 2023.06.05, 28-ны өдрүүдэд зээлдэгч Т.*******тай уулзаж, зээл төлөхгүй байгаа шалтгаан, цаашид зээлээ хэрхэн төлөх талаар тайлбар авч тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд эдгээр арга хэмжээний үр дүнд гараагүй, зээлдэгч нар зөрчлөө арилгаагүй байх тул зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Хаан Банк ХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.1 дэх заалттай нийцсэн байна. /хх 61-62, 65/

 

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгосон буюу цуцалсан талаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт мэдэгдээгүй учраас нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчээс гаргасан зээлийн бүртгэлийн картанд нэмэгдүүлсэн хүү тооцож, тайлбар хэсэгт торгууль хүү гэж бичсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн график тооцооллыг эдийн засагч нар гаргадаг бөгөөд нэмэгдүүлсэн хүүг торгуулийн хүү гэж банкны хэллэгээрээ бичсэн, торгуулийн хүү огт бодогдоогүй гэж тайлбарласныг үгүйсгэх баримтгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.

Энэхүү заалтын дагуу талууд зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээний 2.1.5-д тохиролцсон байх тул хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иймд шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Текотек трейд ХХК, Т.*******, Э.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 260,305,360.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 70,966,139.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,385,430.89 төгрөг, нийт 333,656,931.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,054,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,054,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Текотек трейд ХХК, Т.*******, Э.******* нараас 333,656,931.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Текотек трейд ХХК, Т.*******, Э.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Э.*******ын өмчлөлийн 

А. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 602 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202017855 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Б. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 184 м.кв талбайтай, нэгж талбарын 1501514400 дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2202005464 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2,054,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Текотек трейд ХХК, Т.*******, Э.******* нараас 2,054,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА