Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/00348

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бнийн Тт холбогдох

Гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2016/00140 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Э.Б-, хариуцагч Б.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явах замд Э.Б- миний өмчлөлийн **** УНГ улсын дугаартай NISSAN BLUEBIRD маркын машиныг танил Б.Т нь жолоодон явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож, Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3, Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн билээ. Дээрх гэмт хэргийг хянан шалгах явцад Б.Т нь Э.Б- миний машиныг яасан нь мэдэгдэхгүй үрэгдүүлсэн бөгөөд миний бие тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээнээс өөр зүйлгүй үлдсэн. Одоог хүртэл хохирол барагдуулаагүй. Гэмт хэргийн улмаас Э.Б- надад эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд дээрх шийтгэх тогтоолын 6-д Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1... 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Э.Б- нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Т, Н.А нараас нэхэмжлэх эрхтэй... гэж дурдсан болно. Н.А, Б.Т нар нь зохих ял шийтгэлээ эдэлсэн боловч Э.Б- миний эд хөрөнгөд учирсан хохирлыг Б.Т нь өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд хариуцагч Б.Төөс NISSAN BLUEBIRD маркын автомашины үнэ болох 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Тосонцэнгэл сумын Тахилт гэх газар осол болсон бөгөөд би тухайн үед Б-ийн эзэмшлийн Ниссан машиныг барьж явсан. Б- надад машины жолоог өөрөө шилжүүлж өгсөн. Осол болсны дараа Цагдаагийн газрын шаардлагаар уг машиныг замаас холдуулж авахыг Б-, А нарт мэдэгдсэн. Уг осолтой холбоотой бусдад учруулсан оршуулгын зардал болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирлыг ах Уд нь миний бие төлж барагдуулсан. Мөн эрүүл мэндээрээ хохирсон С, /нөгөө хохирогчийн нэрийг санахгүй байна/ нарт тус бүрт нь 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг мөн миний бие төлж барагдуулсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар оршуулгын болон эрүүл мэндийн хохирлуудыг Б- төлөх ёстой байсан боловч Б- төлөхөөс татгалзсан тул би өөрөө төлж барагдуулсан. Миний бие Б-ийн машиныг хадгалах болон ашиглах, түрээслэх ямар нэгэн гэрээ байгуулаагүй, мөн машинаа авахыг удаа дараа мэдэгдсээр байтал өөрсдөө очиж аваагүйгээс уг машин алга болсон. Иймд би Б-ийн нэхэмжилж байгаа 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үндэслэлгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл далай үзэхээр явж байгаад Тосонцэнгэл суманд амьдардаг гэх манай ахын найз Б.Тийнд хоноод Мөрөн сум руу хөдөлсөн. Гэтэл Б.Т ахындаа очно гээд миний машиныг гуйж унаад, би түүний мотоциклтой явсан. Шулуун, бартаа саадгүй шороон зам дээр явж байгаад далангийн уруу руу хурд хэтэрснээс болж унасан байсан. Уг ослоос нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтэл авсан бөгөөд нэг хүнийг онгоцоор, нөгөө хүнийг нь машинаар Улаанбаатар хот руу явуулсан юм. Би Б.Тийг машиныг маань Мөрөн суманд эсвэл Тосонцэнгэл суманд аваад ирээч, би мөнгөтэй болоод ирээд авъя гэхэд за гэж хэлж байсан. Үүнээс 7 хоногийн дараа машин байгаа юу гэхэд айлын хашаанд тавьсан, айл нь хөдөө явсан байна гэж яриад дахиад ярихад машин тань олдохгүй юм шиг байна, ах, эгч машиныг хаана орхисныг мэдэхгүй байна гэж хэлсэн юм. Би ээжийнхээ тэтгэврийн зээл авч машин худалдаж аваад 14 хоноогүй байсан. Одоо машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Би эрүүгийн хэрэгт тогтоосон машины үнэлгээ 5.500.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо Б.Төөс машины үнэд 2.700.000 төгрөг гаргуулж авахыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б- нь найз залуу болон ахынхаа хамт Хөвсгөл далай явж байх замдаа манайд ирж хоноод бид хамт далай явахаар болсон. Тэгээд А, Э.Б- хоёр түрүүлж мотоциклиор яваад, би хойноос нь машинтай явж байгаад замын хажуу руу уначихсан юм. Э.Б-ийн машин алга болсон тухайд Цагдаагийн байгууллагаас худлаа дуудлага ирээд байна, машинаа замаас холдуул гэсэн. Машиныг нь осол болсон газраас холдуулах гэтэл Э.Б- өөрсдөө ирж машинаа авна холдуулахгүй байж бай гэсэн учраас холдуулаагүй орхисон. Ингээд мөн ах, эгч хоёр луу Цагдаагийн байгууллагаас машинаа холдуул гэж ярьсан учраас хавцал руу бүгдээрээ хамжаад хийсэн гэсэн. Би Э.Б-ийн машинд огт ойртоогүй бөгөөд энэ тухай хэлэхэд чи машиныг маань зарж идсэн, төлж өг гэж уурлаж байсан. Би 4.000.000 төгрөг хохиролд төлсөн. Одоо хадмын гэрт, хоёр ихэр хүүхэдтэйгээ амьдардаг, надад хэцүү л байна. Би хэрэв би уг мөнгийг төлөх бол Н.Атай хувааж төлнө. Н.А, Б.Т хоёроос иргэний журмаар нэхэмжлэхийг шийтгэх тогтоолд заасан байгааБи 5.500.000 төгрөг өгч чадахгүй. Шүүх хуралдаанд Э.Б- бид хоёр ярилцаад 2.700.000 төгрөг төлөхөөр тохиролцлоо гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч Б.Тт холбогдуулан гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 2.800.000 /хоёр сая найман зуун мянгатөгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2.700.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулахаар хариуцагч Б.Ттэй эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Төөс 2.700.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөг гаруулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тт холбогдох гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2.700.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Б- улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Төөс улсын тэмдэгтийн хураамж 58150 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

Г.ДАВААХҮҮ