| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00236/И |
| Дугаар | 155/ШШ2016/00350 |
| Огноо | 2016-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/00350
| 2016 оны 3 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2016/00350 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Г.Ц-н хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Галингийн Ц миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1964 онд төрсөн. Миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10-н жилийн сургуульд сурч байгаад улмаар эвлэлийн илгээлтээр 1978 оны 6 дугаар сард хөдөө мал дээр аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Одоо миний бие 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, мөн 1978 оноос 1979 онуудад ажиллаж байсан хугацааны цалин ээж, аавын маань нэр дээр гарсан зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа тул миний Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ц нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,
Хүсэлт гаргагчид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлээс нээж олгосон Хөдөдмөрийн дэвтэр дэхь бичилтүүд,
Гэрч Б.Э-ны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ....Г.Ц нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан юм. Нэгдэл 1990-ээд оны үед тарсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Ч.С-ийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ....Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд хоньчноор 1990 оныг дуустал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг, монголын үйлдвэрчний эвлэлийн үнэмлэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй ба 1978, 1979 онуудын цалин хөлсний 70-р дансанд ********************** гэх хүмүүсийн нэрс байх тул түүнийг тухайн үед ажиллаж байсан байна гэж үзэх боломжгүй, мөн 1978 онд хүсэлт гаргагч нь 14 настай буюу хөдөлмөрийн насанд хүрээгүй байх тул уг хугацааг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 1979 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Мэндчилгээг шүүх үнэлгээгүй болно.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....хөдөө мал харах хүн байхгүй, мал төллөж байгаа.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх хамарт овогт Г.Ц -ийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ