Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2020/0776/З |
Дугаар | 128/ШШ2023/0706 |
Огноо | 2023-09-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0706
2023 09 19 128/ШШ2023/0706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Боржигон овогтой Жамсранжавын Наранбаатар /РД:ХМ72111819/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Гэндэндаржаа овогтой Довчингийн Отгонтуяа /РД: СР80080904/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Урианхай овогтой Батмөнхийн Сувд-Эрдэнэ /РД: ХН74033169/
Хариуцагч: Хот байгуулалт хөгжлийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранбаатар /Дотоод хяналт, хуулийн хэлтсийн мэргэжилтэн/
Гуравдагч этгээд: Ц.Дашцэрэн /РД:ЕС72052331/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Э.Билэгсайхан /ШТЭҮД 2051/
Маргааны төрөл: Тусгай зөвшөөрөл
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ, Д.Отгонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, иргэдийн төлөөлөгч Ю.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Наранбаатар анх шүүхэд хандаж Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.1.Улмаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан ГБМЗХ 2020/13-027 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох-оор өөрчлөн тодорхойлсон.
2.Ц.Дашцэрэнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт Хот байгуулалт, хөгжлийн газраас БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27,5х24,3 метр хэмжээтэй, 16 давхар зоорьтой, оффис, үйлчилгээний барилга барих зөвшөөрөл олгосон байна.
2.1.Нэхэмжлэгч Ж.Наранбаатар нь Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, ойн гудамж, амины орон сууц, 4 тоот хаягт оршин суудаг бөгөөд Мэргэжлийн хяналтын газарт Барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн тухай гомдол хүргүүлэхэд ...архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Пи Си Ди Пи ХХК-д боловсруулсан ЗТ18-1001/17 шифртэй загвар зураг, ажлын зураг төслийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга нь иргэн Ж.Наранбаатарын амины орон сууцны барилгаас 11.38 м /хашааг орлож/ блокон 1 давхар гараашны түр барилгаас 5.58м байна.
Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх /Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх/, 22.1.2 дахь /эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх/ заалтуудын шаардлагыг хангаж байна. гэх хариуг хүргүүлжээ.
3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт барилга хоорондын зай зөрчигдсөн талаарх гомдол гаргасан боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02-03/3778 дугаартай албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй гэх агуулга бүхий хариу авсан.
4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч миний бие Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, ойн гудамж, амины орон сууц байр 4 тоот хаяг дээрээ 16 жил гэр бүлийн хамт амьдарч байгаа ба 2020 оны 7 сараас амьдран буй орон сууцны наран талд Барилга хоорондын зай хэмжээг зөрчин иргэн Ц.Дашцэрэнгийн 16 давхар үйлчилгээ, оффисын барилга баригдаж эхэлсэн.
Нэхэмжлэгч Ж.Наранбаатар болон гэр бүлийнх нь Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон Барилгын тухай хуулийн 7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Ерөнхий архитектур нь гуравдагч этгээд Ц.Дашцэрэнд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан болон барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хуулийн 7.5.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой байсан. Гэвч Ж.Наранбаатар болон түүний гэр бүлийн эрх ашгийг дараах байдлаар зөрчиж байна.
Нэгдүгээрт, 2020 оны 7 сараас эхлэн Ж.Наранбаатарын байшин болон хашаанд дээрээс барилгын элдэв биет материал унах, доргилт өгөх, барилгын хог хийсч орж ирэх, газар доогуур явсан цахилгааны шугамд гэмтэл учруулах, шөнө оройн цагаар барилгын цутгалт хийхэд маш их дуу чимээ гарах зэргээр бие сэтгэл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Мөн гуравдагч этгээд Ц.Дашцэрэнгийн 2 барилга гаднаа авто зогсоолыг эскиз зургийн дагуу шийдээгүйгээс үйлчлүүлэгч, түрээслэгчид нь Ж.Наранбаатарын хашааны хаалга, гарцыг хааж машинаа тавьснаас үүдэн ажил, хичээлдээ хоцрох үзэгдэл байнга давтагдаж, бухимдал үүсгэж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж заасан. Гэвч журмыг зөрчин оршин суугчидтай зөвшилцөөгүйн улмаас дээрх эрх, ашиг зөрчигдөж байгааг тогтоолгох.
Хоёрдугаарт, нэхэмжлэгч Ж.Наранбаатарын орон сууц болон гуравдагч этгээд Ц.Дашцэрэнгийн барилгажих олон нийтийн барилга хоорондын зай хэмжээ алдагдсанаас үүдэн барилгын чанга дуу чимээ яг хажууд сонсогдох, хашаанд дээрээс барилгын элдэв биет материал унах, доргилт өгөх зэрэг нөлөөлөл үүсэж байна. ЗТХХБСайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт дүрмээр Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 16 бол Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 20 метр байна гэж заасан. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Батсүрэнгийн газар дээрх үзлэгээр нэхэмжлэгч Ж.Наранбаатарын орон сууц, гуравдагч этгээд Ц.Дашцэрэнгийн баригдаж буй олон нийтийн барилга хоорондын зай 11.39 м тогтоогдсон. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий архитектур нь гуравдагч этгээд иргэн Ц.Дашцэрэнд барилгын архитектур төлөвлөлийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан болон барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо хууль бус үйлдэл байсныг тогтоолгох.
Гуравдугаарт, гуравдагч этгээд Ц.Дашцэрэнгийн баригдаж буй барилга болон баригдсан барилга нь нэхэмжлэгч Ж.Наранбаатарын орон сууцны урд болон баруун талд байрших бөгөөд тэдний амьдардаг сууцны цонхоор тусах нарны гэрлийг бүрэн хаасны улмаас хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн болон нян устгах, дулааны үр ашигтай нөлөө шууд алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан. Энэ нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий архитектур нь барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг батлахдаа иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг хөндөгдсөн эсэхийг хянах, хуулийн шаардлагыг биелүүлээгүйг тогтоолгох.
Дөрөвдүгээрт, мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/1148 дугаар захирамжаар Нийслэлийн иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм БНбД 31-01-04-ийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байхыг захирамжилсан. Гэвч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Ерөнхий архитектур нь барилгын норм, дүрмийг зөрчихөөс гадна дээд байгууллагаас гаргасан 2018 оны А/1148 дугаар захирамжийг зөрчин 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл байсныг тогтоолгох гэжээ.
4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гурван үндэслэлийг тавьдаг. Анх 2020 оны 10 сарын 06-ний өдөр нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргасан. Ц.Дашцэрэнтэй холбоотой архитектор төлөвлөлт барилга барих зөвшөөрөлтэй холбоотой гомдол гаргасан байдаг. Ц.Дашцэрэн, нэхэмжлэгч Ж.Наранбаатарын үл хөдлөх хөрөнгө оршин суугаа газрын баруун талд 16 давхар барилга барьсан, энэ барилгатай маргаагүй нарын хаагаад барилга хоорондын зай бариагүй байдаг. Яаг урд талд нь дахиад барилга баригдсан энэ барилгатайн маргаж байгаа. Ц.Дашцэрэнгийн 16 давхар орон сууц үйлчилгээний зориулалтай барилга нь Барилгын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1 5.2т зааснаар заавал мөрдөгдөх, дүрэм журмыг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч Ж.Наранбаатар түүний гэр бүлийн эрх ашгийг хөндсөн, амь нас аюулгүй байдалд нь заналхийлсэн гэж үзэж байна. Хамгийн эхний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн А/1148 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж байдаг. Захирамжид Нийслэлийн иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хот тосгоны төлөвлөлт барилга байгууламжийн норм дүрэм БНБД:31-01-04 хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгдөөд тусгасан, энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших ашиглах эрх барилга байгууламж, барих эрх зөвшөөрлийг олгохгүй байхыг Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосугай гэсэн захиргааны акт байдаг. Ц.Дашцэрэн архитектор төлөвлөлтийн даалгавраа 2020 оны 06 дугаар сард авсан байдаг. Барилга барих зөвшөөрлөө 2020 оны 07 дугаар сард авсан. Захиргааны актаас хойш гарсан зөвшөөрлүүд байдаг. Захиргааны акт бидэнд яагаад үйлчлээд байна гэж маргаж байгаа. Ц.Батсүрэн шүүгч Захиргааны актад Ж.Наранбаатарын эзэмшлийн газар багтаж байна уу гэж Нийслэлийн хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба руу хоёр удаа албан тоот явуулсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ж.Наранбаатарын эзэмшлийн газар нь Захиргааны актад заасан хориглолтын бүсэд хамаарагдсан байна гэж албан тоот ирсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр 2-6/11 тоот тушаалыг судлаад Ж.Наранбаатарын газар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаартай захирамжийн хавсралтад дурдсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 28 дугаар хэсгийн хориглосон бүсэд орсон байна гэсэн хариу ирсэн байна. Барилгын зөвшөөрөл авахдаа Барилгын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1 5.2т заасан хэсгийг барих ёстой байдаг. Барилга хоорондын зай зөрчсөн, нарны гэрэл халхалсан, гэсэн хоёр дүрмийг баримталж байна. Монгол улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар 23-ний өдөр 418 дугаар тушаал Орон сууц, барилга хоорондын, орчны барилга, байгууламжийн зайг хэмжээд орон сууц, барилга авто машины гарааш, ил зогсох зай хэмжээг заавал энэ дүрмээр мөрдөнө гэсэн байдаг. Бид нарын хамгийн гол барьж байгаа зүйл зай хэмжээ алдагдсан байгаа. Зай хэмжээний талаар судлаад үзэхэд барилга хоорондын зай норм нь барилга барих орчны байгаль, цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйл асуудлууд, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуй хортой нөлөөлөл дулааны энергийн эерэг сөрөг талууд болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусгалын, үргэлжлэх хугацаа барилга хоорондын сүүдэрлэл, барилга хоорондын орон зайн ашиглалт энэ орчныг бүрдүүлэхэд заавал шаардах агуулгыг ашиглана гэж тусгасан байдаг. Ж.Наранбаатар, Ц.Дашцэрэн хоёрын барилга хоорондын зай шинжээчийн дүгнэлтээр 11.4 гэж гарсан. Барилга хоорондын зай хэмжээг 12 дугаар хүснэгтээр барилгын тууш хөндлөн талуудын хооронд сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 32 метр байна гэж зааж өгсөн байдаг. Ж.Наранбаатарын барилга Ц.Дашцэрэнгийн барилгаас өмнө 15-16 жилийн өмнө баригдсан орон сууц барилга байгаа. Ц.Дашцэрэнгийн барилга он цагийн дарааллаараа бүүр дараа нь Ж.Наранбаатарын ойр орчмын барилгуудаас хамгийн сүүлд 2020 онд авсан зөвшөөрөл байгаа. Хамгийн сүүлд баригдсан учраас барилга хоорондын зайг маш сайн баримталж, барилгажих талбайгаа зөв тодорхойлох байсан, анх зөвшөөрлөө авахдаа гэтэл энэ дүрмийг мөрдөөгүй. Ж.Наранбаатарын барилга хаана баригдахын 32 метр байх ёстой гэх мэтээр дүрэмдээ 32 метр байх ёстой гэж зааж өгөх шаардлагатай. 32 метр хүний дуу чимээ, орчны бохирдол, нарны тусгалыг зааж өгсөн байна гэж ойлгосон. Нарны тусгалыг манайх үзэхгүй байгаа. Ц.Дашцэрэнгийн барилга баруун талын нар үзэх хэсгийг тэр чигээр нь хаасан. Урд талдаа нар үзэж байсан чинь дахиад Ц.Дашцэрэнгийн 16 давхар барилга баригдаад 1 дүгээр хэргийн 32 дугаар хуудсанд яаж хааж байгаа нь зургаар байгаа. Нарны дүрмээр 23-47 гэсэн дүрмээр явбал. Цонхоор орж ирэх нарны тусгалын үргэлжлэх хугацаа 2 цаг байна гэж заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр тэдэн цаг гэж байхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн эхнэр Б.Сувд-Эрдэнээс танайд яг хэдэн цагт нарны тусгал орж ирж байгааг бичлэг хийгээрэй гэхэд хамгийн эхдээ 30 минут орж ирсэн байдаг. 2 удаа бичлэг хийгээд хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. 2 цагийн нарны тусгал үзэх хугацаа байхгүй 30 40 минут үзэж байна. 3 жил маргалдаж байх хугацаанд нэхэмжлэгчийн эхнэр гэр бүлд нь нөлөөлж эхэлсэн байдаг. Өдөр та яаж байна гэж асуухаар даралт ихсээд бие өвдөж байна гэдэг хүний биед муу нөлөө үзүүлж байна. Үр дүн нь асар хор уршигтай одоо гарч байна. Дүрмүүдээ мөрдсөн бол бид нарт гомдол санал байхгүй. Дүрэм мөрдөгдөхгүй улмаас нэхэмжлэгчийн эрх маш ихээр зөрчигдөөд 3 жил болж байна. гэв.
4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх баригдсан цагаас амьдарсан. Анх баригдаж байх үед нар үзэж байсан болохоор тогтоогүй, яаг тулгаад газраа ухаж байсан. Очид энд барьж болохгүй гээд Нийслэлийн мэргэжлийн хяналт дуудсан. Тэгээд 11метр хэмжээтэй зам гарсан тэрнээс биш яг тулгаад нүхээ ухаж байсан. Тэрнээс хойш гуйгаад хэлээд ерөөсөө тоохгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цемент бороо орж байгаа юм шиг орж ирдэг, байнга хашаа хороо хогоор дүүрдэг, хажуу талд баар байдаг юм шиг байгаа нь шөнөжингөө хүмүүс ноцолдож, зодолддог ерөөсөө унтуулахгүй хэцүү байдаг. Урьд шөнө хүртэл зодолдоод 04 цагт унтсан. Байнга цагдаа дуудаад амьдрахад хэцүү байна. Би гомдолтой байна. гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн Ц.Дашцэрэн нь өмчлөх эрхийн нийт 3241 мкв газрын холбогдох хэсэгт барилга барих хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг судлан газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 726,4 кв талбайд 16 давхар хүртэл /Төслөөр-зоорьтой/ үйлчилгээ, оффисын барилга барих 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГБМЗХ2020/13-027 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу эскиз зургаа ПиСиДиПи ХХК-аар гүйцэтгүүлэн ирүүлж батлуулсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх энэ заалт нь орон сууцны барилгын дундах талбайд санал авах зохицуулалт бөгөөд тухайн маргаж буй нөхцөлд энэ нь хөрш залгаа буюу өмчлөлийн нэгж талбар байгаа болно. Дээр дурдсанчлан санал авах асуудлыг зохицуулсан журамд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо иргэдээс санал авах тухай зохицуулалт байхгүй болно.
Хоёрдугаарт, иргэн Ц.Дашцэрэнгийн барилга болон нэхэмжлэгч иргэний өмчлөлийн хашаа, амины орон сууц хооронд нормчлох норм дүрэм байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан БНбД 31-01-10 нь орон сууц, олон нийтийн барилга хоорондын зай хэмжээг тооцох норм болно.
Иргэн Ц.Дашцэрэнгийн барилгыг Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтны бүсийн нарны хангамж БНбД 23-04-07-ийн 3.2 дахь заалт нормчлогдох хугацааг хавар, намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн.
Иргэн Ц.Дашцэрэн нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т тус тус заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосон болно.
Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл Захиргааны акт илт хууль бус болох-д заасан ямар шинжийг тус дээр дурдсан захиргааны акт нь зөрчиж гарсан гэдгийг тодорхой үндэслэл шаардлагаар тайлбарлаж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Наранбаатарын нэхэмжлэлтэй, тус газарт холбогдох Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн ГБМЗХ2020/13-027 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар барилгын загвар зураг баталсан үйлдэл, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны хэрэгт тайлбар гаргаж байна. Иргэн Ц.Дашцэрэн өмчлөх эрхийн 3241 м.кв барилгын холбогдох хэсэгт барилга барих хүсэлт ирүүлсэн, хүсэлтийг судлан газар барилгачдын мэргэжлийн зөвлөгөө худалдаа дэмжигдэж, 726,4 м.кв талбайг 16 давхар хүртэл худалдаа үйлчилгээний барилга барих 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр маргаан бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч даалгаврын дагуу схем зураг гаргаж, Пи Си Ди Пи ХХК-аар гүйцэтгүүлэхээр баталсан байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны 04 сарын 10-ний өдрийн 5/14 тогтоолоор баталсан.Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох барилгын загвар зураг батлах барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан орон сууц барилгын дундах талбайг санал авах зориулалтай бөгөөд, дээр дурдсанчлан санал авах асуудлыг тус тус журамд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо иргэдээс санал авах зохицуулалт байхгүй. Ц.Дашцэрэнгийн барилга нэхэмжлэгч өмчлөх эрхийн хашаа, амины орон сууц хооронд норм дүрэмгүй. Барилга байгууламжийн норм дүрмийн 31 зүйлийн 31.1.10т орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн зай хэмжүүр тогтоох норм дүрэм юм. Ц.Дашцэрэнгийн барилга орон сууц, олон нийтийн барилгажилтын бүсийн нарны хана, Барилга байгууламжийн норм дүрмийн 23 зүйлийн 23.3.2, 23.4.7т заасан нормчлох хугацааг хавар намар улиралд тооцохгүй. Тухайн орон нутаг байгаль цаг уур агаарын болон барилгын онцлогийг тооцож, барилгын үргэлжлэх хугацааг нар мандах болон жаргасны дараа 1 цагыг тооцохгүй. Орон сууцны барилгын зураг төсөл, Барилга байгууламжийн норм дүрмийн 31 зүйлийн 31.5.26т Орон сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалыг үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут байх боломжтой гэж үзнэ гэсэн. Ц.Дашцэрэн Хот байгуулалт хөгжлийн газарт барилга байгууламж барих хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 зүйлийн 28.2 28.3 28.4 тус тус заасан баримт бичгийн бүрдүүлэх бүрдүүлбэрийг ирүүлсэн. Бүрдүүлбэрийг хянан үзээд 2020 оны 07 дугаар сарын 02-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус болохыг заасан ямар шинжийг агуулсан зөрчил байгааг тодорхойлж тайлбарлаж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан үйл баримтаар нарны өдөрт тусах тусгалыг 2 цаг 30 минут байх норм дүрмийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. гэв.
6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 02-ний өдөр БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэнээс хойш 3 дахь жилдээ явж байна. Хоёр ч удаа Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээр ороод шийдвэрлээд явсан. Тухайн үеийн дүгнэлтүүд хийгээд гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд удаа дараа бичгээр гаргаж өгсөн. Үндэслэлүүдээ удаа дараа тайлбарласан учраас нэг бүрдэгчлэн тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Гол үндэслэлийн хувьд нэхэмжлэгч гурван үндэслэлээр маргаж байдаг. Нэгдүгээрт Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо Барилгын тухай хуульд заасан тодорхой зөвшөөрлийг хангаагүй байгаа. Ц.Дашцэрэнгийн зүгээс ямар бүрдүүлбэрийг дутуу бүрдүүлсэн үндэслэлээ огт дурдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая дурдаж байна. Бүрдүүлбэрийн хувьд зөрчил байхгүй, холбогдох шатанд бүрэн хангаж өгсөн гэж. Нэхэмжлэгч анх Архитектор төлөвлөлтийн даалгавартай маргаагүй байсан. Зөвхөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахдаа хуульд заасан усны шинжийг заасан шинжилгээ хийгээгүй байна.
Харин Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээр нэг удаа шийдүүлсний дараа холбогдох, зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтүүдээ өгч байя гэсэн тайлбарууд өгч байсан. Энэ нөхцөл байдал одоо ч хэвээрээ байх гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн санах байх нэхэмжлэгчийн шаардлагатай урьдчилан шийдэх ажиллагааг зохиох ёсоор хийгдэж байсан муу үгүй муу энэ нөхцөл байдал одоо хэвээр байгаа юу гэдэгт дүгнэлт хийх байх гэж бодож байна. Хэрэг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс буцсаны дараа Архитектор төлөвлөлтийн даалгавартай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн ч урьдчилсан шийдэх ажиллагаа хийгдээгүй байна. Явцдаа нэхэмжлэлийн шаардлага өөрчлөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагатай явж байна үндэслэл хэвээрээ гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт барилга хоорондын норм дүрэм зөрчсөн, нарны холбогдох дүрмийг зөрчсөн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдагч этгээдийн хувьд холбогдох дүрэм журмыг тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Орон сууц барилгын зураг төсөлт төлөвлөлт /БНбД31-01-10/ дүрмээр барих ёстой. Сүүлд хүсэлтэй холбоотойгоор 32 м.кв байх ёстой гэсэн асуудлаар маргаж байгаа. Шинжээчид 20 м.кв зайг зөрчсөн байна гэдэг агуулгаар асуулт тавиад Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс энэ шинжилгээ хийх асуудлыг тодруулъя гэж асуулт тавиад. Шүүхээс шинжээч томилуулъя гэж буцаагаад Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаагаад, шинжээч томилсон шинжээчийн дүгнэлтээр хоёр зүйл тодорхой болсон гэж харагдаж байна. Орон сууц барилгын зураг төсөлт төлөвлөлт /БНбД31-01-10/ дүрмээр үйлчилгээний барилга орон сууцны барилга хооронд үйлчилдэггүй юм байна. Зөвхөн орон сууцны барилга болон нийтийн зориулалтай байшинд үйлчилдэг ийм стандарт байна. Энэ асуудалд үүсэхгүй гэсэн дүгнэлтийг хэлсэн. Ямар стандартыг баримтлах ёстой вэ гэвэл галын нормтой холбоотой дүрмийг баримтлах ёстой юм байна. Нарны эврелттэй холбоотой хоёр стандарт байгаа энэ стандартад холбоотой зөрчил байхгүй байна гэдгийг, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтэд мэргэжлийн шинжээчид томилогдоод хийгээд явсан. Нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотой нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг гаргасан, үүнийг хүлээж авахаас татгалзаад гомдоллоо гаргаад, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс шийдвэр нь гарсан гэж ойлгож байгаа. Норм стандартын хувьд Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 сарын 20-ний өдрийн 399 дугаартай тогтоолын хавсралтаар галын аюулгүй байдлын дүрмийн 6 дугаар бүлэгт суурин газарт баримтлах аюулгүй байдлыг шаардлага. 6.8 гэр, байшин хоорондын зай 5 метрээс дээш байна гэж заасан. 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай тушаалаар хот суурин төлөвлөлт барилагчдын норм ба /БНбД30-01-03/ заавал дагаж мөрдөх дүрмийн 4 дүгээр хавсралтад галын аюулаас хамгаалах шаардлага гэж зааж байгаа. 1 дүгээр хүснэгтэд галд тэсвэрлэх байдлаар орон сууцны хооронд гал тусгаарлах тусгаарлалтын зай 6 метр байна гэж заасан. Нэхэмжлэгч талаас дурдаж байсан маргаан бүхий барилгын хоорондын зайг хэлсэн. Энэ стандартыг зөрчсөн зүйл байхгүй.
Мөн нийслэлийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх зураг батлах, барилга угсралтын ажлын эхлүүлэх журам гэж байгаа. Энэ журмын дагуу санал аваагүй гэдэг агуулгаар нэхэмжлэгч маргаж байгаа. Тус журам дээр санал авах үүрэг олгосон зохицуулалт байхгүй. Санал авч болно гэсэн зохицуулалт байгаа. Энэ талаар анхан шатны шүүхэд дүгнэлт хийж байсан. Иймд үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байх өөрийн өмчлөлийн газар дээр гуравдагч этгээдийн зүгээс А даалгавар авсан. А даалгавар авахдаа Улаанбаатар хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд болон 2030 оны ерөнхий чиг хандлага, зүүн сэлбэ хорооллын барилгажилтын төсөлтэй уялдуулж холбогдох стандартын дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар авсан. Нэхэмжлэгчийн зүгээс маргахдаа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/11-48 дугаартай А даалгавар шинээр олгохоос хориглосон байгаа. Энэ цаг хугацаанд А даалгавар шинээр авсан байна. Иймд үндэслэлгүй гэдэг утгаар маргасан. Гэвч анх нэхэмжлэл гаргахдаа А даалгавартай биш барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй маргаад явж байсан. Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. н.Дашцэрэнгийн хувьд цоо шинэ архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй. Өмнө энэ газар дээр 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар авагдаад явж байсан. н.Дашцэрэнгийн хувьд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А даалгавар авахдаа, өмнө авсан архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулж давхрын хэмжээг өөрчилж авсан. Ямар нэгэн байдлаар нийслэлийн Засаг даргын хориглосон шийдвэрт хамаарагддаггүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хууль бус байсан болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байна гэж бидний зүгээс ойлгож байгаа. Энэ шаардлагыг гаргахын тулд үндсэн 3 нөхцөлийг хангах ёстой гэж харж байгаа. Хүчингүй болгох шаардлага гаргасан байх ёстой. Хүчингүй болгох шаардлагадаа урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн байх ёстой. Дараагийн хангах ёстой нөхцөл нь хүчингүй болгох шаардлагаа Захиргааны хэргийн шүүхэд ажиллагаа явагдаж байхад дийлсэн байх ёстой. Сүүлийн нөхцөл нь хууль бус байхыг үргэлжлүүлэн тогтооход нэхэмжлэгчийн онцгой эрх ашиг хөндөгдсөн байх ёстой. Ийм үндсэн шаардлагыг хангасан тохиолдолд шүүхээс хууль бус байсан болохыг тогтоох, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзнэ. Одоо байгаа 2 нэхэмжлэлийн хувьд хэлэхэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргасан байсан. Үүнд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. Хэрэг Нийслэлийн дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс буцсаны дараа архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэмж шууд тогтоох шаардлага гаргаж байгаа. Энэ хууль бус байсан болохыг тогтоох шаардлага гаргах нөхцөлийг хангахгүй байна. Мөн нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хэрхэн хөндөгдөөд байгаа вэ?. Хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид ямар эрх ашиг сэргэх вэ, ямар үр дагавар гарч онцгой эрх ашигт нөлөөлөх гэж байгаа вэ гэдэг дээр нэхэмжлэгч талаас огт тайлбар хэлээгүй. Иймд нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байхыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна. гэв.
6.1.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу аливаа Захиргааны акт, шийдвэр материаллаг болон порматив шаардлага хангасан байх ёстой гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актууд буюу архитектур төлөвлөлтийн даалгавар, бусад материалыг холбогдох хууль дүрмийн дагуу авсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр хэд хэдэн үндэслэл дурддаг. Нарны стандарт, барилга хоорондын стандартыг зөрчиж байна гэж хэлээд байгаа. Амины орон сууц, оффисын барилга хороонд ямар стандарт мөрдөгддөг юм. Иймд зөрчил байгаа юм уу гэдэг дээр шууд хараад дүгнэлт хийх боломжгүй. Үүний дагуу Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр тогтоосон. Дүгнэлтийг гаргах гэж 1 жил гаруй хугацаа зарцуулсан. Тус дүгнэлт дээр 310110 гэх барилга одоо маргаан бүхий 2 барилгад үйлчлэхгүй талаар дүгнэлт гарсан. Үйлчилж байгаа стандартын зай ийм юм байна, хуульд заасан стандартаа хангаж байна гэж гарсан. н.Дашцэрэнгийн хувьд 2021 онд Архитектур төлөвлөлт даалгаврыг өөрчлүүлж авсан, давхраа өөрчилсөн, 2004 оноос маргаан бүхий газруудад Архитектур төлөвлөлтийн даалгаврууд давхар давхраараа ологдоод явж байгаа. 2020 онд давхрын хэмжээнд өөрчлөлт оруулж авсан. Нийслэлийн Засаг даргын захирамж, гарсан шинээр газар эзэмших эрх болон зөвшөөрөл олгохгүй гэсэн. Бид нар өмнө олгосон А даалгавраа шинэчилж авсан. Хууль бус байсан болохыг тогтоолгосноороо эрх ашиг нь сэргэх вэ. Сэтгэл санааны хохирлоо нэхмээр байна гэж байна яг ямар хохирол учирсан бэ. Гэмт хэргийн шинжтэй байвал гэм хорын тухай ойлголт нь тусдаа байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой, нэхэмжлэлийн шаардлагад тодорхой харагдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна. гэв.
7.Иргэдийн төлөөлөгч Ю.Энхзаяа дүгнэлтдээ: Нэхэмжлэл нь тодорхой бус харагдаж байгаа. Сүүлдээ сэтгэл санааны хохирол гэх мэт тодорхойгүй байна. Үнэхээр ноцтой зөрчсөн зүйлгүй харагдаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгомоор санагдлаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Наранбаатар анх шүүхэд хандаж Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан.
2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан ГБМЗХ 2020/13-027 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
3. Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Маргаан бүхий акт болох Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГБМЗХ 2020/13-027 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-аар гуравдагч этгээдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 3241 м.кв газрын 726.4 м.кв талбайд үйлчилгээ, оффисын барилга бариулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Иргэн Ц.Дашцэрэнгийн үйлчилгээ, оффисын барилга загвар зураг батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр БА-253/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон байна.
5. Нэхэмжлэгчээс ...орон сууцны нар хаасан..., барилга хоорондын зай хэмжээг зөрчсөн ..., барилгажаагүй талбайд барилга барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг аваагүй, оршин суугчидтай зөвшилцөөгүй ..., Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийг зөрчиж хариуцагчаас 2020 онд барилгын зөвшөөрөл олгосон... гэж, хариуцагчаас ...барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоход иргэдээс санал авах тухай зохицуулалт байхгүй, ...нэхэмжлэгчийн амины орон сууц болон гуравдагч этгээдийн барилгын хоорондын зайтай холбоотой норм дүрэм байхгүй, ...Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн гэж тус тус маргажээ.
6. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно, 26.1.1. барилга байгууламжийг шинээр барих гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно, 27.1.3-д энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга гэж тус тус заасан байна.
7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт өөрийн өмчлөлийн газарт давхар зогсоол, үйлчилгээтэй оффисын 16 давхар барилга барих хүсэлтээ (1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар тал) гаргасны дагуу маргаан бүхий актууд гарчээ.
8. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн саналыг авч болно, 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад, 4.2.2-т гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барихад /амины орон сууцнаас бусад барилгын хувьд/ гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь гуравдагч этгээд барилга барих үйл ажиллагаанд хамааралгүй юм.
9. Тодруулбал, дээрх зохицуулалт нь орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад хэрэглэгдэх бөгөөд энэхүү маргааны хувьд зэргэлдээ өмчлөлийн нэгж талбар бүхий газарт амины орон сууц байгаа тул гуравдагч этгээд барилгаа барихдаа иргэн, хуулийн этгээдээс санал авах шаардлагагүй, энэ талаар нэхэмжлэгчээс ...барилгажаагүй талбайд барилга барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг аваагүй, оршин суугчидтай зөвшилцөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй.
10. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ ...барилга хоорондын зай ойртсноос эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж тайлбарлан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 30-01-10-г зөрчсөн талаар тайлбарладаг ч хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/3296 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд (3 дугаар хавтаст хэргийн 205-212 дугаар тал) Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/-ийг шинээр барих, сэргээн босгох, шинэчлэх, өргөтгөх 51 метр хүртэлх өндөр бүх төрлийн орон сууц болон нийтийн орон сууцны барилгын зураг төсөл зохиоход мөрдөнө. Иргэн Ц.Дашцэрэнгийн барилга нь орон сууцны барилга биш үйлчилгээ, оффисын зориулалттай барилга тул дээрх нормыг мөрдөхгүй гэсэн байна.
11. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй барилга хоорондын зайг баримтлахгүй гэсэн тул нэхэмжлэгчийн барилга хоорондын зай норм, дүрэм зөрчсөн гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ: амьдардаг орон сууцны цонхоор тусах нарны гэрлийг бүрэн хаасны улмаас хүний эрүүл мэнд, сэтгэлзүй, физиологийн болон нян устгах, дулааны үр ашигтай нөлөө шууд алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан гэж тайлбарладаг ч хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/3296 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд (3 дугаар хавтаст хэргийн 205-212 дугаар тал) Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж /БНбД 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг иргэн Ж.Наранбаатарын амины орон сууцны барилгад нарны шууд тусгал хангаж байгаа нь тус нормын 3.5, 3.6 дахь заалтыг зөрчөөгүй байна гэсэн байна.
13. Үүнээс үзвэл маргаан бүхий гуравдагч этгээдийн үйлчилгээ, оффисын зориулалттай барилга нь нэхэмжлэгчийн амины орон сууцны нарны тусгалыг хаагаагүй гэж үзэх үндэслэлтэй.
14. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/1148 дугаартай захирамжаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлийн бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж, барих зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
15. Нэхэмжлэгчийн маргаж буй барилга байрлах газар нь дээрх захирамжид заагдсан газарт хамаарч байгаа ч гуравдагч этгээдээс өмнө авагдсан байсан архитектур төлөвлөлтийн даалгаварт хуульд заасны дагуу өөрчлөлт оруулж зохих журмын дагуу авсан гэж тайлбарласан, мөн уг газарт өмнө нь 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БЗД/55/07, 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БЗД/15/03/10, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БЗД-12/А/457/1-16 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус олгож байсан байна.
16. Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсч буй актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд хууль бус шинжийг агуулахгүй байна.
17. Түүнчлэн гуравдагч этгээдээс нэхэмжлэгч Ж.Наранбаатар нь анх шүүхэд БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГБМЗХ 2020/13-027 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлага гаргах урьдчилсан нөхцлийг хангаагүй байна гэжээ.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:, 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу хэдийгээр нэхэмжлэгч нь захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахыг урьдач нөхцөл болгож шаардсан ч энэхүү маргааны хувьд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оноос эхлэн явагдаж байгаа, мөн нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагад дурдаж буй архитектур төлөвлөлтийн даалгавар нэгэнт хэрэгжсэн байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан ГБМЗХ 2020/13-027 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий Ж.Наранбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Наранбаатарын Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан ГБМЗХ 2020/13-027 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон БА-253/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ | Г.УРАНГУА |
ШҮҮГЧ | Т.МӨНХ-ЭРДЭНЭ |
ШҮҮГЧ | Д.ЧАНЦАЛНЯМ |