Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00351

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: М.Т

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадын хоньчноор 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан. Гэтэл ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэргүй. М.Т надад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд тухайн нэгдэлд орсон, гарсан тушаал байхгүй.

Иймээс Энх-Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч М.Т нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч М.Х-гийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: ....М.Т нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1986 оноос 1991 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. Манайх айл саахалт байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ.... гэх мэдүүлэг,

Гэрч Х.Ч-ын 2016 оны 01 дүгээрсарын 14-ний өдөр өгсөн: ....М.Т нь Хөвсгөл аймгийн Энх-Амьдрал нэгдэлд 1986 онд мал тарааж, түрээсэлж байсан. Би тус нэгдлийн ерөнхий няглтан бодогчоор ажиллаж байхад хоньчноор элсэн оруулж 200 гаруй хонь өгч байсан. Тэгээд нэгдэл тартал буюу 1991 оныг дуустал ажилласан. Хоньчноор тасралтгүй ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ...зардал мөнгөгүй тул өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дуугаа овогт М. Т -г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Тг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ