Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00954

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00954

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:У.Ч  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.М-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:  Таван тооны адууг нас, зүсээр нь, алга болсон болон үхсэн хоёр адууны төлбөрт 3,500,000 төгрөгийг тус тус гаргуулах

 тухай нэхэмжлэлтэй, 155/2024/00138/и инэдекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгч: У.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б

Хариуцагч: Х.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Ч би найз Бурмаагийн ах Д.Ц гэх хүнтэй 2019 оны 06 дугаар сараас эхлэн танилцсан, Д.Ц миний адуу малыг хараад “чи адуу мал сайтай юм байна, Х тийшээ адуу зарвал ах нь чамд туслаж болно шүү” гэж хэлсэн. Д.Ц ахад би 1 адуу, 3 бухан бяруу өгч мөнгө төгрөгийг нь аваад явж байсан, мөн өөрийгөө морь сайн уядаг гэж ярьж байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Д.Ц ахад зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага, зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн морь (соёолон морь) зэргийг би Д.Ц ахаар уяа сойлгыг нь тааруулж, наадамд уралдуулах гэж өгсөн юм. Тухайн үед ковидын улмаас баяр наадам болохгүй байсан бөгөөд тухайн үед Шинэ Идэр сумын сургуулийн ой болно, би даагыг чинь уралдуулаад өгье гэхээр нь би морьдоо уралдуулах гэж өгч явуулсан. Хүрэн гүүний эцэг азарга нь манай ахын унаган азарга бөгөөд Сэлэнгэ аймгийн наадамд 3 удаа айрагдсан, сумдын наадамд 10 удаа айрагдсан нийтдээ 13 айрагдсан хурдан удамтай азарга байгаа юм, энэ азарганы үр төл учир би хүрэн гүүг 6,000,000 төгрөгөөр үнэлнэ. Харин хүрэн гүүний төл болох тухайн үед даага байсан одоо соёолон насны хонгор морийг мөн хурдан удамтай Шинэ-Идэр сумын сургуулийн ойд 2020 оны 09 сарын 01-нд уралдаж 8-д давхисан гэж би Д.Ц ахаас сонсож байсан тул 8,000,000 төгрөгөөр үнэлнэ. 9 тоотой тамгатай хүрэн соёолон бол Төв аймгийн Аргалант сумын Бат-Эрдэнэ гэх хүний унаган адуу бөгөөд мөн хурдан удамтай, уг адууны төрсөн дүү нь улс аймгийн наадамд их сайн давхиж айрагдаж байсан тул би хурдан удамтай сайн давхих байх гэж бодоод 2020 онд аймгийн алдарт уяач Ц.Санжсүрэн гэх хүнээс худалдаж авч байсан тул одоо энэ морийг 12,000,000 төгрөгөөр үнэлнэ. Би тухайн үед Д.Ц энэ гурван морийг худалдаагүй бөгөөд уяа сойлгыг нь тааруулгуулж наадамд уралдуулах гэж өгсөн байсан. Д.Ц ах 2021 оны 01 дүгээр сарын 23-ны үед надад худалдах морь байна уу гээд ирэхээр нь би буурал духтай хүрэн үрээ зөв гуяндаа хурээтэй алхан тамгатай, хонгор эр сарваа, сартай хээр эр сарваа, саргүй хээр эр сарваа, хээр халзан эр сарваа нийт 5 тооны адууг үнэ хүргээд худалдаж өг гэж өгсөн юм. Буурал духтай хүрэн азарган үрээ бол миний унаган адуу бөгөөд эцэг нь сумын наадамд 2 удаа айрагдсан азарганы үр төл тул хурдан удамтай иймд би 3.000,000 төгрөгөөр үнэлнэ, хонгор эр сарваа бол миний унаган адууны төл бөгөөд мөн хурдан удамтай, Д.Ц өгсөний дараа сумын наадамд 1 удаа айрагдсан тул би 8,000,000 төгрөгөөр үнэлнэ, сартай хээр сарваа, саргүй хээр сарваанууд нь (одоо хязаалан морьд болсон)  Хишигсүрэн гэдэг хүний цэвэр орос азарганы төл бөгөөд 50 хувийн эрлийз адуу тул тус бүрийг нь 8,000,000 төгрөгөөр үнэлнэ. Д.Ц ах Шинэ-Идэр сумын харьяат Мөнх-Орших, Батзаяа нартай хамт Хялганатад манай ах Г.Түмэнжаргалынд ирээд хэд хоносон тэгэхдээ надтай уулзаад Мөнх-Орших нь хээр халзан сарвааг 700,000 төгрөгөөр авахаар болж надад мөнгийг нь өгсөн юм. Д.Ц ахтай би морьдоо өгсөний дараа уулзах холбогдох гээд чадаагүй удсан, надад охины гуйлга ирнэ надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлдэг байсан, би ойр тойрны хүмүүсээр дамжуулан холбогдох гэж их оролдсон боловч надад мөнгө төгрөг өгөөгүй байж байгаад 2021 оны 8 дугаар сарын үед миний Дорждавга Чинзоо гэсэн хаяг руу Д.Ц гэсэн хаягнаас “адуугаа тоо ёсоор, зүсээр нь ирж аваарай" гэж мессеж бичсэн байсан. Би тэгээд удалгүй очиж адуунуудаа авья гэж байтал Д.Цах 2021 оны 10 дугаар сард нас барсан. Миний хувьд Д.Цо-тай очиж уулзаж чадалгүй явж байгаад Д.Ц ахын эхнэр Х.М эгчтэй 2022 оны  7 дугаар сарын 01-ны үед гар утсаар ярьж адуугаа авмаар байна гэдгээ хэлэхэд Х.М эгч “чи намар энд ирээд явахдаа уулзахгүй яасан юм бэ” гэхээр нь би “тухайн үед дүү нь очиж чадсангүй” гэхэд Х.М“би адууг нь сайн мэдэхгүй байна” гэхээр нь би “та Баадигаас хонгор дааганы өртөг гэж хэлээд бэлэн мөнгө авсан байна лээ би хүнээс сонссон юм” гэхэд Х.Мэгч “би морины үнэ гэж ойлгоогүй юм аа хүүхдийн хуримын асуудал гараад мөнгө авч байгаа гэж ойлгосон” гэж хэлсэн юм. Уг нь бол Х.Мэгч, Д.Цах хоёр хамт Баадигаас хонгор эр дааганы үнэ гэж хэлээд мөнгө аваад Х.Мэгч цүнхэндээ мөнгөө хийгээд гарсан гэж би Баадигаас сонссон юм. 2022 оны сумын наадмаар хүрэн морь маань айргийн 3-т давхисан гэсэн, Баадигийн худалдаж авсан хонгор даага буюу одоо хязаалан морь айргийн 5-т давхисан гэсэн. Би Д.Ц, Х.М нарт өгсөн морьдоо буцааж авмаар байна, би өөрийнхөө адууг хэн нэгэн хүнд зүгээр өгөх үүрэг байхгүй, тэгэхээр би Д.Ц-ын эхнэр Х.М-аас дээр дурдсан 7 тооны адуугаа бүгдийг нь буцааж шаардах эрхтэй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Д.Ц өгсөн адууг зарж үрээд олсон ашиг нь тэдний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан гэдэг нь тодорхой байх тул гэр бүлийн гишүүн болох Х.М адуунуудыг буцааж өгөх үүрэгтэй.

Иймд Х.М-аас зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага (одоо соёолон морь), зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн соёолон (одоо их насны морь), зөв гуяндаа хүрээтэй алхан тамгатай буурал духтай хүрэн азарган үрээ (одоо хавчиг 6 настай), хонгор эр сарваа (одоо хязаалан насны морь), сартай хээр эр сарваа ( одоо хязаалан насны морь), саргүй хээр эр даага (одоо хязаалан насны морь) нийт 7 тооны адууг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний 7 тооны адуу бүгд зарагдсан эзэнтэй болсон байгаа. Уг адуугаа адуугаар нь авах хүсэлттэй байгаа. Зарим адуу алга болсон. Шинжээчийн дүгнэлтээр тухайн үеийн ханшаар тогтоогдсон хүрэн гүүг 2,000,000 төгрөг, хонгор даагыг 1,500,000 төгрөг, 9 тоо тамгатай хүрэн соёолонг 3,500,000 төгрөг, буурал духтай хүрэн хязааланг 3,000,000 төгрөг, хул сарвайг 1,500,000 төгрөг, саргүй хээр эр сарвайг 1,500,000 төгрөг, сартай хээр сарвай 1,500,0000 төгрөгөөр үнэлсэн байсан. Сартай хээр сарвай алга болсон. Хүрэн гүү үхсэн гэж байсан. Бусад адуу бол бүгд байгаа гэсэн. Одоо мөнгөн дүнгээр нийт 14,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Хэрэв хариуцагч боломжтой бол адууг зүсээр гаргуулах саналтай байна. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр талийгаачид 3 адууг би  авчирч өгсөн. Би өмнөх жил 6 насны морь тэжээгээд уралдаж чадаагүй байсан. Тэгээд талийгаач надтай утсаар яриад би морийг чинь уяад зараад өгье гэсэн. Тэгэхээр нь би 3 адуугаа авчирч өгсөн. Тэгээд дараа нь талийгаач өөрөө хүмүүс дагуулж очоод чиний адууг хурдан гэж хэлээд байна гээд 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр талийгаач н.Мөнх-Орших, н.Батзаяа нартай хамт 5 тооны адууг ирж авсан. Түүнээс н.Мөнх-Орших мөнгөөр нь худалдаж авсан. 2021 оны 7 дугаар сард утсаар ярихдаа манай охины гуйлга ирэх гэж байна. Ах нь хэсэг байж байгаад 2019 оны зунаас надтай нийлж гүү барьж танилцаж байсан. Одоо миний зүсээрээ байгаа адуунуудыг зүс, тамга тэмдэгтэй нь буцааж авах хүсэлттэй байна. Хүрэн гүү үхсэн. Сартай хээр хязаалан алга болсон гэж байна. Тэгэхээр би үлдсэн 5 адуугаа зүсээр нь гаргуулж авах хүсэлттэй байна. Алга болсон болон үхсэн адуугаа нийт 3,500,000 төгрөгөөр үнэлж, мөнгөөр нь гаргуулан авах хүсэлттэй байна. Өөр нэмж зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч талийгаачтай 2018 оноос танилцаж найз нөхөд болсон байдаг. Анх 2020 онд У.Ч 3 тооны адууг авчирч өгсөн байдаг. Дараа нь 2021 онд талийгаач хүмүүстэй очиж 5 тооны адуу авсан. Түүнээс н.Мөнх-Очир 700,000 төгрөгөөр нэг адуу авсан байдаг. Нэхэмжлэгч тал нийт 7 адуунд үнэлгээ гаргуулсан байгаа. Үнэлгээг гаргуулахдаа тухайн зарсан жилийн насаар нь үнэлгээг гаргуулсан. Тухайн үед ямар үнэтэй байснаар нь л нэхэмжилж байгаа. Шинжээч үнэлгээ гаргахдаа нийт 7 адуу 14,500,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн дүгнэлт бол тухайн авчирч өгсөн жилийн адууны насаар үнэлгээг гаргасан байсан. Тэгэхээр нэхэмжлэгч бол хурдан морины үнээр бол нэхэмжлээгүй. Гэрчийн мэдүүлгээр н.Шааравдорж, н.Батзаяа, н.Бат-Очир гэх хүмүүст шилжүүлж өгсөн гэсэн мэдүүлэг байдаг. Талийгаач н.Ц  болон Х.М нар бол гэр бүлийн гишүүд учраас шинжээчийн үнэлгээ болох 14,500,000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэв.

 

Хариуцагч Х.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд ирүүлсэн У.Ч-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах  тайлбарыг гаргаж байна. Уг нэхэмжлэлийн “...нийт 7 тооны адуу гаргуулах тухай” шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг адуунуудыг мэдэхгүй, хараа ч үгүй. Д.Ц гэдэг хүнтэй 1999 оноос гэр бүл болсон хэдий ч тогтвор суурьшилтай амьдраагүй, салж нийлж явсаар 2021 онд нас барсан. Бид хамт байх хугацаанд надад ийм адууны талаар ярьж байгаагүй, ер нь нэг их нээлттэй хүн биш, юмаа яриад байдаггүй, гэртээ байхаас байхгүй нь их. Аймаг аймгаар нутаг нутгаар их явдаг байсан. Хаана юу хийж явсан, хэнтэй ямар наймаа, яриа хөөрөө хийсэн  талаар би мэдэхгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлага надад огт хамаагүй. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд бол уг хүнтэй наймаа хийгээгүй. Манай талийгаач л наймаа хийсэн. Яг ямар адуу ирснийг сайн мэдэхгүй. Миний мэдэж байгаа нь н.Энхбаатарт нэг даагыг 1,000,000 төгрөгөөр зарж байсныг бол мэдэж байгаа. Би тэр дааганы мөнгөөс 100,000 төгрөгийг л авсан. Тэгээд үлдэгдэл 900,000 төгрөгийг л талийгаачид өгөхөд У.Ч-т шилжүүлнэ гэж байсан. Манай нөхөр нас барахаасаа өмнө надад юу ч хэлж байгаагүй. Их хаалттай хүн байсан. Би нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Миний мэдэхээр манай өрх гэрийн амьдралд талийгаач уг адуунуудыг зарж борлуулж огт хэрэглэж байгаагүй. Талийгаач нас барахдаа надад бол ямар ч зүйл ярьж байгаагүй учраас би уг адуунуудыг үнэхээр мэдэхгүй байна. Талийгаач манайхаар ирж очоод бид амьдардаг байсан. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсан болохоос биш бид хамтдаа амьдардаг нэр төдий л харилцаатай байсан. Манай талийгаач нөхөр архи уугаад л гадуур явж байдаг хүн байсан. Ийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Надад эвлэрэх санал бол байхгүй. Би бол үнэхээр эдгээр адуу малыг сайн мэдэхгүй. Би У.Ч-ийг танихаас цаашгүй. Нэг удаа л манайд ирж байсан. Сумын төв дээр ирээд явахдаа намайг дагуулаад явж хүмүүстэй уулзаагүй. Би хамт явсан бол тухайн адуунууд хаана байгааг мэдэх боломжтой байсан гэж бодож байна. Тухайн үед адуугаа талийгаач зараад мөнгөө авсан эсэхийг ч мэдэхгүй байгаа учраас эвлэрэх санал байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгч У.Ч-ийн иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгч Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ( хх-ийн 1-6 дугаар хуудас), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас шүүх хуралдааныг хойшуулах хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтын хамт 3 хуудас, нэхэмжлэгч У.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нараас гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, морьдын үнэлгээ хийлгэх хүсэлт 8 хуудас зэргийг,

Хариуцагчаас: Хариуцагч Х.М-ийн иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгч У.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын хүсэлтээр Л.Мөнх-Орших, Э.Батзаяа, Б.Энхбаатар нарыг гэрчээр асууж, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д овогтой Ц-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Д овогтой Ц, Х овогтой М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагааг, Х аймгийн Шинэ-Идэр сумын засаг даргын Тамгын газраас нас барагч Д.Ц, хариуцагч Х.М нарын нэр дээр 2018-2023 онд тоологдсон мал бий эсэх талаар мал тооллогын баримт буюу А дансны хуулбар, Шинэ-Идэр сумын 2020 оны улсын баяр наадамд шөвгөрсөн морьдын цуваа, Шинэ-Идэр сумын 2023 оны улсын баяр наадамд айрагдсан морины бай шагнал жагсаалт болон шагнал тараасан жагсаалт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар Х аймгийн Шинэ-Идэр суманд 2020, 2021 оны үед эр, эм даага (сарваа), (хурдан удамтай гэх) хурдан удмын үрээ, хязаалан, соёолон насны бол он хурдан удмын угшилтай гүү зэрэг морьд ямар үнэ ханштай байсан талаарх үнэлгээг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч У.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нас барагч Д.Ц-ын өөрөөс нь бусдад худалдан борлуулж мөнгийг нь өгөхөөр тохирсон зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага (одоо соёолон морь), зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн соёолон (одоо их насны морь), зөв гуяндаа хүрээтэй алхан тамгатай буурал духтай хүрэн азарган үрээ (одоо хавчиг 6 настай), хонгор эр сарваа (одоо хязаалан насны морь), сартай хээр эр сарваа ( одоо хязаалан насны морь), саргүй хээр эр даага (одоо хязаалан насны морь) нийт 7 тооны адууг нас барагчийн эхнэр Х.М-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрч нарын мэдүүлгээр хүрэн гүү үхсэн, сартай хээр сарваа алга болсон гэж байгаа тул тэдгээрийн үнэ болох 3500,000 төгрөгийг болон 2020 онд Д.Ц өгөх үед дааган настай байсан үхсэн гээд байгаа хүрэн гүүний унага зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага, зүүн гуяндаа 9-ийн тоон тамгатай хүрэн соёолон /одоо нас нийлсэн/, буурал духтай азарган үрээ /одоо бас нийлсэн, хул сарваа /одоо соёолон насных/, саргүй хээр даага /одоо соёолон насных/ зэргийг зүсээр нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Нас барагч Д.Ц 2020 онд нийтдээ 8-н тооны адуу өгснөөс нэг тооны адууны үнийг тухайн үед Д.Ц- тай хамт явсан Мөнх-Орших худалдан авч мөнгөө төлсөн. Харин Д. Ц нь 7-н тооны адууны үнийг өгөөгүй,

Д.Ц-ын эхнэр нь Х.М мөн тул түүнээс 5-н тооны адууг зүсээр нь үхсэн болон алга болсон 2 адууны үнэ 3,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3.Хариуцагч Х.М нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрчээ. Үүнд: Би тэр морь малны наймаа худалдаа хийснийг нь огт мэдэхгүй. Надаар ч мэдүүлдэггүй, аймаг аймгаар дамжиж хэсээд явдаг хүн байсан. Би энэ хүнтэй наймаа хийгээгүй энэ талаар мэдэхгүй тул зөвшөөрөхгүй. Тэр авчирч хүмүүст зарсан худалдсан мөнгөө авсан ч юм уу үгүй ч юм уу мэдэх зүйл байхгүй  гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Х аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын даргын албан бичиг, албан бичгийн хамт хавсарган ирүүлсэн баримтууд, Хөрөнгийн үнэлгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн дүгнэлт тайлан, Э.Батзаяа, Б.Энхбаатар, Л.Мөнх-Орших нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч У.Ч, нас барагч Д.Ц нарын хооронд У.Ч- оос Д.Ц уяж хурдлуулах, боломж таарвал зарж борлуулуулах зорилгоор 8 тооны адууг өгсөн. Үүнээс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны орчим Батзаяа, Мөнх-Орших нартай хамт очиж 5 тооны адуу авснаас хамт явсан Мөнх-Орших  нэг тооны адууг нь авч түүний үнийг нэхэмжлэгчид шууд шилжүүлэн өгсөн, бусад адуунууд нь Батдорж, Шаарав, Энхбаатар, Бат-Очир, Ган-Эрдэнэ, Эрхэмбаяр, Бэхбат нарын эзэмшилд очсон, бусдын эзэмшилд очсоноос хойш хүрэн гүү үхсэн, сартай хээр сарваа алга болсон, Д.Ц, Х.М нар нь 2008 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлт дуусгавар болсон, Д.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсныг иргэний бүртгэлийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон болно.

5. Дээрх үйл баримтад талууд маргаагүй.

6. Тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч У.Ч, хариуцагч Х.М нарын хооронд гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй байна.

Нэхэмжлэгч Х.М нь нас барагч Д.Ц-ын эхнэр учир дээрх 5 тооны адууг зүсээр нь Х.М-аас авах, үхсэн болон алга болсон адууны үнэ нийт 3,500,000 төгрөгийг Х.М-аас гаргуулна гэжээ.

Нас барагч Д.Ц-ын бусдад шилжүүлсэн 7 тооны адуу нь Х.Мядагмаагийн эзэмшилд байхгүй учир хариуцагчийн эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжгүй юм.

Нас барагчийн тодорхой өв, эд хөрөнгө нь түүний эхнэр Х.М шилжсэн, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан талаар холбогдох баримтгүй тул Х.М нас барагч Д.Ц-ын бусдын өмнө хүлээх үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч У.Ч нь хариуцагч Х.М-аас  түүний нөхөр нас барагч Д.Ц уяж уралдуулах, боломжийн үнээр бусдад зарж борлуулуулахаар шилжүүлсэн 5 тооны адууг зүсээр нь гаргуулах, үхсэн болон алга болсон адууны үнэ 3,500,000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл Х.М нь хариуцах этгээд биш юм.

 

7. Иймд нэхэмжлэгч У.Ч-ийн хариуцагч Х.М-аас түүний нөхөр нас барагч Д.Ц-ын нэхэмжлэгч Ц.Ч- оос уяж уралдуулах, боломжийн үнээр бусдад зарж борлуулахаар авсан гэх 5 тооны адууг зүсээр нь, үхсэн болон алга болсон 2 адууны үнэ 3,500,000 төгрөгийг тус тус  гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч У.Ч-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 ( дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

        1.Нэхэмжлэгч У.Ч-ийн хариуцагч Х.М-аас түүний нөхөр нас барагч Д.Ц-ын нэхэмжлэгч Ц.Ч-оос уяж уралдуулах, боломжийн үнээр бусдад зарж борлуулахаар авсан гэх 5 тооны адууг зүсээр нь, үхсэн болон алга болсон 2 адууны үнэ 3,500,000 төгрөгийг тус тус  гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 (дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш                                  14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХТУЯА