Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 572

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч С.Оюунжаргал,

насанд хүрээгүй хохирогч Н.Б, хууль ёсны төлөөлөгч С.Нансалмаа,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын Нд холбогдох 1703000010103 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникийн инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 065 дугаар ангид байлдааны удирдлагын офицер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Х тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  М овогт Дын Н,  /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Насанд хүрээгүй хохирогч Н.Бын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад би Улсын багшийн их сургуулийн автобусны буудал дээрээс Зүүн салаа чиглэлийн автобусанд суугаад Зүүн салааны Улаан худаг гэх буудал дээр автобуснаас буусан. Тэгээд зам хөндлөн гарч явахад баруун талын ташаа хэсэг рүү машин мөргөсөн. Би юу болсныг мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэг орж толгой, нуруу, аарцагны томографийн шинжилгээг өгсөн. Толгойндоо оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлэг хэвтүүлээгүй тул “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиж 10 хоног хэвтээд гарсан. Одоо нуруу, толгой, түнх хэсгээр өвчтэй байгаа, хичээлдээ яваагүй акттай байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Ер нь тухайн үед ухаан орж гараад байсан. Гараа харахад цус болсон байсныг санаж байна. Тухайн осол болох үед надтай үеэл А хамт явж байсан. А нэгж авахаар дэлгүүр орсон үед нь би машинд мөргүүлсэн гэж байсан. Би зам хөндлөн гарах үедээ машин харж байгаад гардаг. Машин ирж байсныг санахгүй байна.  ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 16-17 х/,

 

1.2.Насанд хүрээгүй хохирогч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед өөрийгөө гарцгүй газраар гарч байсан гэж бодохгүй байна. Сүүлд очиж харахад автобусны буудлын дээд талд гарц байсан. Би тухайн автобусны буудлын гол хүртэл 5 метр орчим газар шидэгдсэн гэж бодоход явган хүний гарцнаас шидэгдсэн болж таарч байна. Би эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа хичээлээсээ их хоцорсон. Миний толгой их өвддөг болсон тул хичээлээ нөхөхөд хүндрэлтэй байна. Би 12 жилийн туршид өндөр төлбөрөөр англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурсан. Үүнийхээ үр дүнг гаргаж чадахгүйд хүрч байна. Би гадаадад сургуульд явах ёстой байсан, гэтэл уг ослоос авсан гэмтлийн улмаас явж чадахгүйд хүрч магадгүй байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.3.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчим миний охин Н.Б, үеэл А хоёр эмээ, өвөө дээрээ очихоор Зүүн салааны Улаан худаг гэх буудал дээр автобуснаас буугаад зам гарч яваад автомашинд мөргүүлсэн болно. Охин Н.Быг осолд орсон өдөр нь холбогдох шинжилгээнүүдийг өгч тухайн өдрөө “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлж 10 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан, шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Энэ дүгнэлтээр охин Бын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна, бидний эмчилгээнд зарцуулсан зардлыг жолооч гаргаж өгсөн. Охины эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжлэх болно, эмчилгээ хийлгэхийг хүсэж байна, одоо хичээлдээ явахгүй байгаа, дахин толгой, нурууны томографийн шинжилгээг өгөх болно. ...” гэх мэдүүлэг / хх 20-21 х/

 

            1.4.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нансалмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээр төлүүлэх хүсэлтэй байна. Өнөөдөр баримтаар 126,350 төгрөгийг  нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.5.Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 22 цаг 50 минутын орчим би өөрийн эзэмшлийн “Тоёото Истима” маркийн 28-46 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зүүн салаа уруудаад Улаан худгийн буудлын хажууд ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байтал урдаас ирж байсан автомашин гэрэл шилжүүлэхгүй хурц гэрэлтэй ирсэн. Би тухайн үед гэрлийн гялбаанд орсон, энэ үед гэнэт миний жолоодож явсан автомашины зүүн талаас пид хийх чимээ гарсан. Энэ үед би тормос гишгээд зогсож зүүн урд хаалганы цонхоор хартал 2 хөл харагдсан, би сандраад машинаа баруун гар тийш шахаад урагшлаад чөлөөлж зогсоод, машинаасаа бууж хохирогч Б дээр очиход толгой хэсгээс нь цус гарсан, зам дээр хэвтэж байсан. Тэгээд би 103 руу дуудлага өгсөн. Осол болсны дараа 2-3 минутын дараа нэг эмэгтэй хүүхэд та манай найзыг яачихваа гээд уйлаад байсан. Энэ охин миний утаснаас 2-3 хүнтэй яриад Бүжээ машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Дахин 102, 103 руу дуудлагаа тодруулж байтал хохирогч Б сэргэж ухаан ороод санаа алдаж амьсгалж байгаад гэнэт босоод ирсэн. Би түргэн тусламж руу дахин залгаад энэ мөргүүлсэн хүүхэд босоод ирлээ, ямар анхны тусламж үзүүлэх вэ? гэж асуучаад би эмнэлэг рүү аваад явах уу гэсэн урдаас хэрэггүй бид очиж явна хэвтүүлээд тайван байлга гэсэн тул зам дээрээ хэвтүүлж байсан. Б уйлаад байсан, хажууд нь байсан найз охин нь тайван гэж хэлсэн. Би машинаасаа анхааруулах тэмдэг 6-8 метрт тавьсан. Удалгүй нэг цагдаа хүрч ирж ослын газрыг хамгаалж, түргэн ирж хүүхдийн хөл, гарыг шалгаж үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Үүний дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсний дараа би гэмтлийн эмнэлэг орсон. Бын зүүн хөмсөгт 3 оёдол тавьсан гэж байсан. Тухайн өдөр гэмтлийн урд талын эмнэлэг дээр очиж Б толгойны томографийн шинжилгээг өгч, эход харуулсан. Гэмтлийн эмнэлэг Быг хэвтүүлэх шаардлагагүй гэж хэлсэн тул би өөрөө “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэж өгье гээд авч очиж хэвтүүлсэн. ...Бын ээж рүү би 537,000 төгргийг /200,000 төгрөгөөр, 327,500 төгрөгөөр/ хоёр хувааж шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгө томографийн төлбөр болох 380,000 төгрөг, нурууний бүсний 97,000 төгрөг, мөн тос авсан мөнгө гэсэн. Би дараа нь 146,000 төгрөгийн тос, “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэхэд нийт 590,000 төгрөг, дахин тос авахад 50,500 төгрөгийг төлсөн. Б дахин томографийн шинжилгээг өгнө гэсэн тул 100,000 төгрөг ээжийнх нь данс руу шилжүүлсэн. ... нийт 1,739,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан, одоо баримтаар нэхэмжилж байгаа 126,350 төгрөгийг төлнө, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхийг зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.6.Насанд хүрээгүй гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед би аавын дүү Отгонтөмөр ахын охин Бтай 21-р хорооллоос буюу гэрээс хамт гарч Баянхошууны Зүүн салаа руу өвөө Цэндийн гэрт очихоор такси бариад Баянхошууны Зүүн салааны Улаан худгийн буудал дээр буусан. Би нэгж авахаар буудлын хажуу талын дэлгүүр рүү орсон. Б автобусны буудал дээр үлдсэн. Дэлгүүрээс нэгж авчихаад иртэл Б машинд мөргүүлчихсэн зам дээр хэвтэж байсан. Бын хажууд саарал өнгийн автомашин байсан. Мөргөсөн машины жолооч ах цагдаа болон түргэнд дуудлага өгч байсан. Бын гэрээс анх Б бид хоёр гарах үедээ автобусаар 21 дүгээр хороолол орсон. 21-р хорооллоос Улаан худгийн буудал хүртэл такси барьж явсан. Би Бын машинд мөргүүлснийг хараагүй, дэлгүүрээс гараад иртэл хойноос урд зүг рүү явж байсан автомашинд Б мөргүүлчихсэн зам дээр хэвтэж байсан, автобусны буудал руу орох хэсэг дээр. Замын гэрэлтүүлэг ассан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/   . ...”  гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 х/

 

1.7.Шинжээчийн 12515 дугаар дүгнэлт

1.Н.Бын биед бүсэлхийн /L5-р/ нугалмын зүүн хөндлөн сэртэн зөрүүгүй хөндлөн хугарал, баруун талд умдаг ясны дээд салааны урд гадаргууд сэтэрсэн хугарал, ууцны 1-р нугалмын зүүн талын үений дээд сэртэнгээс доош зүүн талын хажуугийн хэсэг рүү үргэлжилсэн цуурал, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дух, зүүн хацар, шанаа, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг зулгаралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, хацар, завьж, хоншоор, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  гэсэн мэдүүлэг /хх 33 х/

 

1.8.Шинжээчийн 17/56650 дугаар дүгнэлт

1.Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийлэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 28-46 УНА улсын дугаатрай Тоёото Истима маркын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Доржбарт овогтой Нгийн эзэмшлийн Тоёото Истима маркын мөнгөлөг саарал өнгөтэй япон улсад үйлдвэрлэсэн 28-46 УНА улсын, AHR102001169 арлын 1654 цагаас 1725 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг  шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь ерөнхий байдал өнгө үзэмж муу, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, урд гэрэл зэрэг үзүүлэлтээр MNS4598:2011 стандартын шаардлага хангахгүй байна. гэсэн дүгнэлт /хх 40-42 х/

1.9.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 7-8 х/

1.10.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10 х/

 

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.

 

2.1.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74 х/

2.2.Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79 х/

2.3.Ажлын газрын тодорхйололт / хх 80 х/

2.4.Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 81 х/

 

Гурав:Хохирлын баримтууд.

 

3.1.Хохирлын баримтууд /хх 27, 59, 102-105 х/

3.2.Хохирол төлсөн баримтууд /хх 84-85, 89 х/

 

 Дөрөв:Бусад баримтууд

 

4.1.Хохирогч Н.Бын төрсний гэрчилгээ, гэрч Т.Алтануяагийн иргэний үнэмлэхний хуулбар  /хх 25, 30 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Нотлох баримтын талаар.

Насанд хүрээгүй хохирогч Н.Б, насанд хүрээгүй гэрч Т.А нар мэдүүлэг өгөх үедээ 16 насанд хүрсэн байсан нь хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 25 х/, гэрч Т.Агийн иргэний үнэмлэхний хуулбаруудаар тус тус нотлогдож байгаа.

Мөрдөн байцаалтын шатанд эдгээр хүмүүсээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг аваагүй тул тэдгээрийн мөрдөн байцаалтын явцад хохирогч /хх-ийн 16-17 х/, гэрч /хх-ийн 27-28 х/-ээр өгсөн мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй, Шинжээчийн 17/56650 дугаар дүгнэлт /хх-ийн 40-42 х/ нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт биш учраас эдгээр баримтуудыг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Д.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны шөнийн 22 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны “Улаан худагийн” автобусны буудлын хажуу замд “Тоёото Истима” маркын 28-46 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь.

 

- Шүүгдэгч Д.Нгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 22 цаг 50 минутын орчим би өөрийн эзэмшлийн “Тоёото Истима” маркийн 28-46 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зүүн салаа уруудаад Улаан худгийн буудлын хажууд ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байтал урдаас ирж байсан автомашин гэрэл шилжүүлэхгүй хурц гэрэлтэй ирсэн. Би тухайн үед гэрлийн гялбаанд орсон, энэ үед гэнэт миний жолоодож явсан автомашины зүүн талаас пид хийх чимээ гарсан. Энэ үед би тормос гишгээд зогсож зүүн урд хаалганы цонхоор хартал 2 хөл харагдсан, би сандраад машинаа баруун гар тийш шахаад урагшлаад чөлөөлж зогсоод, машинаасаа бууж хохирогч Б дээр очиход толгой хэсгээс нь цус гарсан, зам дээр хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нансалмаагийн “... 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчим миний охин Н.Б, үеэл А хоёр эмээ, өвөө дээрээ очихоор Зүүн салааны Улаан худаг гэх буудал дээр автобуснаас буугаад зам гарч яваад автомашинд мөргүүлсэн болно. ...” гэх мэдүүлэг / хх 20-21 х/

 

- Шинжээчийн 12515 дугаар дүгнэлт

1.Н.Бын биед бүсэлхийн /L5-р/ нугалмын зүүн хөндлөн сэртэн зөрүүгүй хөндлөн хугарал, баруун талд умдаг ясны дээд салааны урд гадаргууд сэтэрсэн хугарал, ууцны 1-р нугалмын зүүн талын үений дээд сэртэнгээс доош зүүн талын хажуугийн хэсэг рүү үргэлжилсэн цуурал, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дух, зүүн хацар, шанаа, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг зулгаралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, хацар, завьж, хоншоор, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  гэсэн мэдүүлэг /хх 33 х/

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 7-8 х/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Шүүгдэгчээс эмчилгээний зардлын төлбөрт нийт 1,739,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа, хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар 126,350 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Шүүгдэгч Д.Н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогчид учирсан бодит зардлыг өөрийн сайн дураар төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

                        Бусад асуудлын талаар.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн Д.Нгийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.М овогт Дын Нг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Н-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Н-д мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Нгээс 126,350 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн .... тоотод оршин суух Н.Б /РД:УК01242567/-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

6.Д.Нгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт хураагдан ирсэн .... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Нд буцаан олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ