Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0908

 

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0908

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Саятан лото” ХХК,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхон,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Амгаланзаяа, түүний өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, хариуцагч Х.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Саятан лото” ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхонд холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргасан.

2.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

3.Гомдол гаргагчаас “мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрт мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж маргажээ.

4.Гомдол гаргагч “Саятан лото” ХХК шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагын үндэслэл: 

1/“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Х.Орхон нь иргэд, хэрэглэгчдээс “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д ирүүлсэн Харилцаа холбооны журмаар нэмүү өртөгт тусгай дугаар болох 141900-р эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчид тусгай дугаарт хариу мессеж илгээх үнэ/550төг/ тарифын мэдээллээр хэрэглэгчийг заавал тухайн смс бүртээ мэдээллээр мэдээлээр хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон гэж 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 0003091 тоот шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч байна.

2/Бид “Харилцаа холбоо зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтад орсон холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.4.2.1 дэх заалтыг үндэслэн олон нийтийн хэрэгсэл болох телевиз болон сошиалаар иргэд, хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээллээ тухай бүр олон нийтэд хүргэж байгаа болно. Мөн “Харилцаа холбоо зохицуулах хороо”-ны шаардлагын дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус газраас зөрчилгүй гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн байдаг.

 Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийдвэр нь хууль ёсны гэж үзэх боломжгүй тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэ тарифын асуудлыг урьдчилан мэдэгдэхдээ заавал тухайн сувгаа ашиглаж үнэ тарифаа мэдэгдэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг анзаарсан. Тийм учраас үнэ тарифын талаар урьдчилан мэдэгдэхдээ фейсбүүк хуудас, олон нийтийн телевизийн нэвтрүүлгээр үнэ тарифын талаар мэдээллээ мэдэгдэх нь асуудалгүй гэсэн байр суурьтай байсан. Мөн үүрэн телефоны оператор компаниудаас асууж тодруулсан гэдгийг хэлмээр байна” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Х.Орхон иргэдээс хэрэглэгчийн мэдээллийн төвд ирүүлсэн харилцааны холбооны журмаар нэмүү өртөг, тусгай дугаар буюу 141900 эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчид тусгай дугаарт хариу мессеж илгээхэд үнэ 550 төгрөг буюу тарифын мэдээллээр хангаагүй зөрчил илэрсэн гэж үзэж, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 тоот шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Тодруулбал Харилцаа холбооны зохицуулах хорооны  2021 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Харилцааны холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам байдаг. Энэхүү журмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн акт тавьсан үндэслэл мессеж бүрд тухайн үнэ тарифыг дурдах ёстой гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгчийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооны 74 тоот Харилцааны холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журамд “...Олон нийтэд нээлттэйгээр үнэ тарифыг мэдээлэх ёстой...” гэж заасан. Өөрөөр хэлбэл тус журмаар мессеж бүрд үнэ тарифыг тусгах ёстой гэсэн агуулга байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа шууд нэвтрүүлгээр тухайн мэдээллийг зарласан, мессеж илгээж сугалаа авах юм бол 550 төгрөг, сугалааг худалдаж авах юм бол 20,000 төгрөгт 6 ширхэг сугалаа авах боломжтой гэдэг агуулгаар мэдээлэл хүргэж байсан. Мөн 1900-0000 гэсэн албан ёсны фейсбүүк пейж хуудас байдаг, энэ хуудаст байршуулсан сурталчилгааны самбарт мессеж бичээд сугалааны эрх авах боломжтой үнэ 550 төгрөг гэсэн сурталчилгааг байршуулдаг. Түүнчлэн үүрэн холбооны 4 оператор компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу тусгай дугаар эзэмшиж, бүх холболтуудыг хийлгэсний үндсэнд  идэвхжүүлэх зорилгоор та сугалааны эрх авах боломжтой гэсэн мессеж илгээдэг. Харин Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журамд тухайн мессеж бүрд та хариу бичих юм бол 550 төгрөг авна гэж тусгаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас боломжит хэлбэр буюу олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд үнэ тарифын талаар мэдээллийг хүргэж байсан. Мөн нэг мессеж нь 160 тэмдэгтэд багтдаг ба энэ нь 13-14 үг болдог. Хэрэв тухайн тэмдэгтээс илүү гарсан тохиолдолд мессежний үнэ 2-3 дахин өндөр болдог. Дээрх хязгаарлагдмал нөхцөл байдалд мессеж илгээж байгаа учраас нэмэлт мэдээллийг оруулахад хүндрэлтэй нөхцөл байдал нөлөөлдөг. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Х.Орхон нь иргэд, хэрэглэгчдээс “Хэрэглэгчийн мэдэллийн төв”-д ирүүлсэн Харилцаа холбооны журмаар нэмүү өртөгт тусгай дугаар болох 141900-р эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчид тусгай дугаарт хариу мессеж илгээх үнэ /550 төг/ тарифын мэдээллээр хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон гэж 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч байна” гэсэн тухайд:

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн агентлагийн даргын 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 01/10 тоот удирдамжтай “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах" тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар “Саятан лото” ХХК нь 1900-0000 тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулахдаа хэрэглэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон тусгай дугаарт мессеж илгээх төлбөрийн мэдээллээр хангаж ажиллаагүй зөрчил илэрсэн.

Тодруулбал, “Саятан лото” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мэдээлэл лавлах үйлчилгээнд ашиглах” зорилгоор 1900-0000 тусгай дугаарыг 30010508 тоот гэрээний дагуу эзэмшдэг байна. Гэвч тус газар нь уг тусгай дугаарыг “Мэдээлэл лавлах үйлчилгээнд ашиглах” гэсэн үйлчилгээний хамрах хүрээнээс өөрөөр буюу иргэд, хэрэглэгчдэд эд мөнгөний хонжворт сугалааг борлуулах үйл ажиллагааг эрхэлсэн. Ингэхдээ хэрэглэгчид байгууллагын талаар болон борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар түүнчлэн хэрэглэгчид үнэгүй сугалааны эрх бэлэглэж байна гэсэн мессеж илгээсэн боловч хэрэглэгч бэлгийн сугалааг идэвхжүүлэхэд хариу мессеж илгээх үнэ тарифын талаарх мэдээллүүдээр хэрэглэгчийг хангаж ажиллаагүй байна.

Сангийн сайдын 2019 оны 168 дугаар тушаалаар “Саятан лото” ХХК-д олгосон "Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах" тусгай зөвшөөрөлд гаргах сугалааны нэрийг “Саятан эд мөнгөний хонжворт сугалаа” гэж бичсэн байх боловч 1900-0000 тусгай дугаараар "Үндэсний сугалаа" гэх нэрээр сугалааг борлуулсан, түүнчлэн 2022 оны 07 сарын 23-ны өдөр “Саятан лото” XXK-ийн “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх боловч 2022 оны 08 сарын 03-ны өдрийн байдлаар 1900-0000 тусгай дугаараар хонжворт сугалаа борлуулах үйлчилгээг эрхэлсээр байгаа зөрчлүүд нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 01/1064 тоот бичиг, "Скайтел" XXК-ийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 22/12258, “Юнител” ХХК-ийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 20 тоот, “Жимобайл” ХХК-ийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 01/5407 тоот бичгүүд, үүрэн телефоны оператор компаниудын харилцагчдад илгээсэн хонжворт сугалаа худалдан борлуулсан SMS болон хэрэглэгчдийн хариу илгээсэн SMS, Сангийн яамны веб сайтад нээлттэй байршуулдаг тус яамнаас олгодог тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл болон холбогдогчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Иймд “Саятан лото” ХХК-ийн 1900-0000 тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон гаргаж буй бүтээгдэхүүний талаар мөн тусгай дугаарт хариу мессеж илгээх үнэ тарифын мэдээллээр хэрэглэгчийг хангаагүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. 

2/Бид “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаар тогтоолын хавсралтад орсон холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.4.2.1 дэх заалтыг үндэслэн олон нийтийн хэрэгсэл болох телевиз болон сошиалаар иргэд, хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээллээ тухай бүр олон нийтэд хүргэж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардлагын дагуу бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус газраас зөрчилгүй гэсэн хариу мэдээдэл ирүүлсэн” гэсэн тухайд:

“Саятан лото” XXК-ийн 1900-0000 тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулахдаа хэрэглэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон тусгай дугаарт мессеж илгээх төлбөрийн мэдээллээр хангаж ажиллаагүй нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 41 дүгээр тогтоолын хавсралт "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.4.2.1-т “Мессежний үйлчилгээнд ашиглагдах тусгай дугаар эзэмшигч нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үйлчилгээний зориулалт, үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр тогтмол сурталчилна” гэж, тус компанийн Харилцаа холбооны зохицуулах хороотой байгуулсан “Тусгай дугаар ашиглах” 30010508 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.7, 2.8, 2.11, 2.14, 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Энэхүү Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Иймд тус компанийн 1900-0000 тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон тусгай дугаарт мессеж илгээх төлбөрийн мэдээллээр хэрэглэгчийг хангаж ажиллаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул “Саятан лото” ХХК-ийн 2022 оны 08 сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагчийн зүгээс сугалааны үнэ тарифын мэдээллийн талаар олон нийтийн телевизийн нэвтрүүлэг болон фейсбүүк пейж хуудаст сурталчилгааны баннерыг байршуулсан учраас зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа идэвхжүүлэлтийн мессеж буюу хэрэглэгч бүрд очсон мессежний тэмдэгтийг тоолж үзэхэд 133 тэмдэгт гэж тоолсон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хамгийн дээд тал нь 160 тэмдэгт байдаг учраас “нэг мессеж 550 төгрөг” гэж бичих ямар ч боломж байхгүй гэж тайлбарлаж байна. Хэрэглэгч очиж бүрд очиж байгаа мессежинд “1 мессеж 550 төгрөг” гэж бичихэд үүрэн телефоны оператор компаниудаас тавьж шаардлагыг зөрчихгүй нөхцөл байдалтай байна. Тийм учраас нэхэмжлэгчээс гаргасан дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт: Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлагдсан 74 дүгээр журамд зааснаар мессеж тус бүрд 550 төгрөг буюу үнэ тарифын талаар мэдээллийг тусгах шаардлагагүй, энэ талаар нарийвчилж зохицуулсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Энэ тохиолдолд тус журмаас илүүтэйгээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль үйлчлэх ёстой. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд тухайн бараа, бүтээгдэхүүний үнэ тарифын мэдээллийг хэрэглэгчдэд өгөх талаар тусгайлан зохицуулсан байдаг. Гэтэл тус жишээнд худалдагч “Саятан лото” ХХК нь мессеж явуулсан буюу бараа бүтээгдэхүүнээ үзүүлээд, харин үнэ тарифын талаар хэрэглэгчдэд хэлэхгүй байна. Тухайн фейсбүүк пейжид мессежний талаар үнэ тарифыг тавьсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн хэрэглэгч дээрх мэдээллийг авах боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн мэдээлэл авах эрхийг хангаагүй нөхцөл байдал байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах”, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-д “барааны нэр төрөл, үнэ” гэжээ.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.4-д “Тусгай дугаарт мессежийн үйлчлэгч нь дараах шаардлагыг хангаж ажиллана” гээд 5.4.10-д “Өөрийн үйлчилгээний үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр нийтэд ил тод сурталчилна” гэжээ.

          2.Гомдол гаргагчаас “мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрт мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж, хариуцагчаас “мессежний үнийг мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.

3.Гомдол гаргагчаас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл /түүвэрлэсэн/ иргэд рүү 141900 тусгай дугаараас мессеж илгээхдээ хариу мессежний үнэ 550 төгрөг болох талаар мэдэгдээгүй байна.

          4.Гэсэн хэдий ч энэ нь гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. 

          5.Учир нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 5.4.10-д “Өөрийн үйлчилгээний үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр нийтэд ил тод сурталчилна” гэж заасан бөгөөд гомдол гаргагчаас Үндэсний сугалаа 1900-0000 цахим хаяг болон шууд нэвтрүүлгийн үеэр үнэ тарифын талаар мэдэгдсэн болох нь шүүхийн хуралдааны шатанд хийсэн үзлэгээр нотлогдож байна.

          6.Харин дээрх хууль болон журамд тусгай дугаарт мессежийн үйлчилгээг ашиглах бүрт үнэ тарифыг мэдэгдэх талаар зохицуулаагүй байх тул уг үндэслэлээр шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй байна.

          7.Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил нь бараа бүтээгдэхүүний үнийг огт мэдээлээгүй, эсхүл худал мэдээлсэн тохиолдолд хамаарах бөгөөд гомдол гаргагчийн дээр үйлдэл уг зөрчилд хамаарахааргүй байна.

          Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Саятан лото” ХХК-ийн гомдолтой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхонд холбогдох зөрчлийн хэргийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ