Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзулыг оролцуулж, Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Хаан банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй П.С, Д.Ж нарт холбогдох Зээлийн төлбөр 13.481.605,86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч П.С болон хамтран зээлдэгч Д.Дамдинсүрэн нар нь Хаан банкны Сэлэнгэ салбарын Шар-Усны эх тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЗГХ/СЗХ/14/751 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 15,6%-ийн хүүтэй цалингийн орлоготой уялдуулан төлөх нөхцөлтэйгөөр цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЗГХ/СЗХ/14/751 тоот зээлийн гэрээний эргэх төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2.850.285.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.295.906.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 422.16 төгрөг, нийт 4.145.971.02 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч П.Сд банкны зүгээс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш удаа дараа зээл төлөх мэдэгдлийг өгч, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. ...Иймээс банк Зээлийн гэрээнд заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

А/Үндсэн зээлийн төлбөр 7.133.708.62 төгрөг

В/Зээлийн хүүгийн төлбөр 5.465.500.11 төгрөг

С/Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 875.897.13 төгрөг

D/Нотариатын зардалд 6.500 төгрөг, Нийт 13.481.605.86 төргөг гаргуулах 2.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.358 төгрөг Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл авсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сард ажлаас халагдсан. Ажлаасаа гараад 05 дугаар сар хүртэл зээлээ төлөөд түүнээс хойш төлж чадаагүй. Тухайн үед зээлээ төлж чадахгүй байгаа юм чинь 90 хоногийн дотор Хаан банк шүүхэд өгөх боломж байсан байх гэж ойлгож байна. Гэтэл 5 жилийн дараа шүүхэд өгөхөд 6.000.000 төгрөгийн хүү бодогдож байгаа юм. Үндсэн зээлтэйгээ бараг адилхан хүү бодогдож байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. 90 хоногийн хүү 333.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүтэй нийлээд 7.465.000 төгрөгийг төлнө гэж бодож байгаа. Тухайн үед шүүхэд өгч хүүг зогсоосон бол хүү бодогдохгүй байх байсан. Иймд би хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч П.Солиос 3.734.572.50 төгрөг, хариуцагч Д.Жаас 3.734.572.50 төгрөгийг гаргуулж Хаан банкны Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.012.460.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 225.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Солиос 67.228 төгрөг, Д.Жаас 67.228 төгрөгийг гаргуулж Хаан банкны Сэлэнгэ салбарт олгосугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу дүгнэж үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж хариуцагч П.С. Д.Ж нараас тус бүр 3.734,572.50 төгрөг гаргуулж, 6,012,460.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх. хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн Дөчин дөрөвдүгээр бүлгийн хоёрдугаар дэд бүлэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох" харилцааг хуульчилсан бөгөөд банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд дээрх хуулийн дагуу банкны зээлийн үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банкны зээлийн үйл ажиллагааг зохицуулахаар хууль тогтоох байгууллагаас баталж хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөхөөр, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг ойлгоно. Мөн зүйл, заалтын нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр юм. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд төлөх төлбөр юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ажлаас халагдсан болон чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийн хүүг зогсоох талаар тохиролцоогүй, хуульд заагаагүй болно. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг авсан хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний хүү төлнө гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №38 дугаартай шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбар  хариуцагч П.С, Д.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг   13.481.605.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл:   Хаан банкны Шар усны эх тооцооны төв, хариуцагч П.С,  Д.Ж нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, цалингийн орлого барьцаалж, жилийн 15.6 хувийн хүүтэй, хугацаандаа зээл, хүүг төлөөгүй бол 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Хариуцагч нар нь зээлээ гэрээнд заасны дагуу зохих хуваарийн дагуу төлж байсан боловч 2015 оны 05 дугаар сараас эхлэн урьд эрхлэж байсан ажлаасаа гарсан гэдэг үндэслэлээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Хаан банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага гаргасан байна.

Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 сарын 10-ны өдөр дууссан тул түүнээс хойшхи хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд талуудын хооронд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэдий хугацаанд хэрхэн тооцох талаар маргасан байна.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж, 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заажээ.

Дээрхи зохицуулалтаас үзвэл банкнаас олгох зээлийн гэрээний онцлогийн нэг нь зээлийг гэрээнд заасан хугацаагаар буюу үүргийг бүрэн биелүүлж дуусгах хүртэл хугацаагаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан нь тухайн төрлийн гэрээний хариуцлага гэж үзэхээр байх тул зээлийн гэрээний хугацаа дуусснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс зээлдэгч нь чөлөөлөгдөх боломжгүй юм.

            Зээлдэгч П.С, Д.Ж нар нь 2015 оны 03 сард ажлаас гарсан бөгөөд зээлийн төлөлтөө хуваарийн дагуу төлж байгаад 2015 оны 06 сараас хойш төлөлт хийгээгүй талаар маргаагүй ба хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй байна.       

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа банк гэрээнд заасан эрхийнхээ дагуу зээлдэгч нар үүргээ зөрчсөн үеэс эхлэн гэрээний үүргийг биелүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх ёстой байсан гэж тайлбарладаг.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд гэрээний талуудын эрх, үүргийг заажээ. Эрх гэдэг нь тухайн этгээдэд олгож байгаа боломж бөгөөд гэрээний талуудын тухайн эрхээ эдлэх эсэх нь тухайн этгээдэд хадгалагддаг ба харин энэхүү эрхээ эдлэх нь зайлшгүй гэсэн ойлголт бус юм.

Гэтэл шүүх зээлдүүлэгчийн буюу /банк/-ыг зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх үүргээ биелүүлж, шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан гэж дүгнэн хариуцагч нарын нэхэмжлэлийн татгалзалыг хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Сайхан дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24.3-т зааснаар хариуцагч П.С, Д.Ж нараас зээлийн гэрээний үүрэг 13.481.605.86 төгрөг гаргуулан Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай. гэж

 

2 дахь заалтыг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 225.281 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.С, Д.Ж нараас 225.281 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 111.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН