Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03580

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 181/ШШ2024/03580

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Л-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Л-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч А ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С ХХК-тай 2..... дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч З.Л нь Galaxy A54 загварын гар утас худалдан авах зорилгоор 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан.

Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт зээлийн жилийн хүү: 46,80 %, 3.1.4 дэх хэсэгт Зээлийн гэрээний хугацаа: 12 сар, 3.1.5 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20/хорин/ хувь байна гэж тус тус заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 95 хоногт үндсэн зээл 1,209,863 төгрөг, зээлийн хүү 133,853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,259 төгрөг, нийт 1,357,975 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,209,863 төгрөг, зээлийн хүү 133,853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,259 төгрөг нийт 1,357,975 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 182/Ш32024/09565 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Л /РД:............../-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, А ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэл, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №..... тоот Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн акт, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-ний хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/09565 дугаартай захирамжийг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар Боржигон овогт З.Л-ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч А" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Л-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч А ХХК нь З.Л-тай 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт З.Л-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Л нь ............ хаягт бүртгэлтэй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Л-гийн оршин суух хаягийг ........... тоот гэж тодорхойлсны улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/09565 дугаар захирамжаар хариуцагч З.Л-г тус хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын захирамжийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт З.Л /РД:............../-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй буюу ........... тоот хаягт оршин суудаггүй гэж үзэх үндэслэлгүй байх тул З.Л-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан үндэслэлгүй тул Боржигон овогт З.Л /РД:........../-г эрэн сурвалжлуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ