| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04059/И |
| Дугаар | 181/ШШ2024/02970 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/02970
2024 08 08 181/ШШ2024/02970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
Гуравдагч этгээд: төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, б /РД:ХК77091616/-г архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч ё, гуравдагч этгээд ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ё нь Захиргааны зөрчлийн бүртгэл 9 удаа, эрүүлжүүлэх байранд 16 удаа, торгуулийн хуудасны бүртгэл 17 удаа, гэмт хэрэгт уруу татагчийн судалгаа 1 удаа, архаг архичин судалгаанд 4 удаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бүртгэл 1 удаа тус тус бүртгэгдсэн.
Өөрийн оршин суух хаягтаа амьдардаггүй. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр сэлгүүцэж архи уудаг. Нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж явдаг. Иймд Ч.Баттулгыг архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байх тул холбогдох материалуудыг бүрдүүлж хүргүүлэв. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4-р зүйлд заасны дагуу материалыг бүрдүүлж хүргүүлэв. Архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд ё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи байнга уудаг. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Мөнгө байхгүй тул сайн дураараа эмчилгээнд явах боломжгүй.Тайлбар байхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хүсэлт гаргагчийн баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хүсэлт, 2024-08-08-ны өдрийн итгэмжлэх, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэх хуудас, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын тушаал, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны тодорхойлолт, Алтан-Өргөө сууц өмчлөгчдийн холбоо, хайлтын систем, гэрчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024.08.07-ны өдрийн хүсэлт, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ё, Х.Сэлэнгэ нарын хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар нь Ч.Баттулгыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг ё нь байнга архи уудаг, уусан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй, харин тус дүүргийн 8-9 хорооны нутаг дэвсгэрт хог түүж, байнга архидан согтуурдаг, өмнө нь гудамж талбайд архидан согтуурч, зөрчлийн улмаас баривчлагдаж байсан, архинд донтох өвчтэй гэж тайлбарлав.
Харин гуравдагч этгээд ё нь архины албадан эмчилгээнд сайн дураар явах санхүүгийн боломжгүй, өмнө нь 5 удаа албадан эмчилгээнд явж байсан, манай аав нас барснаас болоод дахиад ууж эхэлсэн гэжээ.
2. ё нь архи уусан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, өмнө нь удаа дараа архи уусан шалтгаанаар саатуулагдсан, гудамж талбайгаас олсон шил, лааз зэргийг тушаан архи худалдан авч байнга архи уудаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архинд донтох өвчний оноштой байна.
Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, архины албадан эмчилгээнд хамруулах тухай Алтан өргөө СӨХ болон гэрч А.Гантогтохын хүсэлт, холбогдогчдоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, АСААП сангийн мэдээлэл, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох дүгнэлт хэрэгт авагдсан байна. Гуравдагч этгээд ё нь удаа дараа тасралтгүй архи хэрэглэдэг нь түүний өөрийнх нь тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг дагуу албадан эмчлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй, архины эмчилгээ хийлгэж болохыг эрүүл мэндийн дүгнэлтэд нэгэнт дурдсан байх тул Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын гаргасан хүсэлтийг хангаж, Ч.Баттулгыг захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар б /РД:ХК77091616/-г захиргааны журмаар албадан эмчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т зааснаар Ч.Баттулгыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Ч.Баттулгыг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт үүрэг болгосугай.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД