| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04814/И |
| Дугаар | 181/ШШ2024/03579 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03579
2024 09 27 181/ШШ2024/03579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:.................. тоот хаяг байрлах, А /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч А нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С ХХК-тай 2.... дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.С нь "GALAXY Z flip 5" загварын гар утас худалдан авах зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан.
Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт зээлийн жилийн хүү: 46.80%, 3.1.4 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа 18 сар, 3.1.5 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20/хорин/ хувь байна гэж тус тус заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 60 хоногт үндсэн зээл 3,037,770.14 төгрөг, зээлийн хүү 410,418.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 65,267.43 төгрөг, нийт 3,513,455.77 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,510,505.34 төгрөг, зээлийн хүү 198,505.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,475.86 төгрөг, нийт 1,728,486.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дугаар сарын 03-ны өдөр 101/Ш32024/09436 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С /РД: ........../-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, А-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А-иас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 25-ны №........ тоот Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн акт, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-ний хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/09436 дугаартай захирамжийг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар О овогт Б.С-ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч А нь Б.С-тай 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.С-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.С нь зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон ............тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/09436 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу О овогт Б.С /РД:............/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О овогт Б.С /РД:............/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О овогт Б.С /РД:............/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. О овогт Б.С /РД:............/-гийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч А /утас:.........../-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ