| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1934005920283 |
| Дугаар | 2022/ДШМ/58 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/58
2022 09 20 2022/ДШМ/58
...................т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч ..................., шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ...................т холбогдох 1934005920283 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
урьд:
Төв аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 2 жил, 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.
Төв аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: ...................;
Шүүгдэгч ................... нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутаг "Хөх хошуу" гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ...................г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас ...................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ...................ийг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ...................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...................ийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн 1934005920283 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг нь 13.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ................... нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдолдоо: Төв аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШШТ/218 тоот шийтгэх тогтоолтой танилцан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хохирогч ...................гийн мэдүүлэг хэсэгт "...Би согтоогүй байсан. ................... архи согтууруулах ундаа их уусан их согтуу байсан. ...................той ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй байсан..." гэж мэдүүлсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг үед шүүгдэгч ................... нь өөрийгөө хянах чадваргүй байсан. Өөрийгөө хянах чадваргүй байгаа нь хохирогч ...................г хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах сэдэл байгаагүй гэж тайлбарлаж болно.
2. Гэрч ...................ийн мэдүүлэг хэсэгт "...Тэр хоёр маргалдаад л ...................гийн нуруунаас цус гараад хутгаар хутгалчихлаа гэхээр шууд аваад гэрээс гарсан. Тэр хооронд газар унагаагаад өшиглөсөн зүйл байхгүй. Хэрэв ................... өшиглөсөн бол ...................д нэлээн гэмтэл учирна. Яагаад гэвэл ................... тухайн үед бакаал өмссөн байсан. Хаана ямар хутга байгаа гэдгийг хараагүй. Ер нь энэ хутга айл болгонд байдаг хутга шүү дээ..." гэж тусгагдсан. Шүүгдэгч ................... нь хүнд хохирол учруулах санаатай байсан бол тухайн үед хутгалсны дараагаар өшиглөх, нэмэлт хохирол учруулах боломж байсан.
3. Шүүгдэгч ...................ийн мэдүүлэг хэсэгт "...Би ................... гэх хүнийг хутгалсан эсэхээ санахгүй байгаа. ................... бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би ...................гийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..." гэж тусгагдсан. Шүүгдэгч ..................., хохирогч ...................гийн мэдүүлгээр хоорондын өр авлага, өш хонзон байхгүй байж яагаад санаатай хүнд хохирол учруулав гэдгийг нотлон тогтоож өгөөгүй нь харагдаж байна.
4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см-ийн урттай, 12 см урт хар бариултай, ажлын хэсэг нь 13 см хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар "тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэх ангилалд орох эсэхийг тогтоогоогүй байна. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгө хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгож үздэг. Эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай" зүйл мөн эсэхийг шинжээч томилон дүгнэлт гаргуулаагүй байна.
Дээрх нөхцөл байдлаас харахад ...................ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ялласан нь алдаатай гэж харж байгаа тул зөв зүйлчилж өгөхийг хүсэж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2006 онд Өршөөлийн хуульд хамрагдаж байсан гэдэг баримт байхгүй учраас түүнд оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өөрчилж өгөх эсхүл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...................т холбогдох 1934005920283 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.
Шүүгдэгч ...................т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Шүүгдэгч ................... нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хөх хошуу гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ...................г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан
Хохирогч ...................гийн: “Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан Уул аймаг руу Батзориг гээд найзынхаа хамт явсан... Тэдний гэр нь дөхөөд ирсэн чинь ................... гэнэт намайг заамдаад боосон, би машинаа зогсоогоод намайг тавьчих гэсэн чинь тавихгүй байсан тэгээд би хүчээр 2 гарыг нь салгасан. ................... намайг машинаас буугаад ир, хоёулаа зодолдъё гэсэн. Тэгээд би машинаас буусан чинь ................... надтай барилцаж аваад нэлээн ноцолдсон. Тэгээд би босоод машиндаа суугаад ...................ийг тэр газарт нь орхиод гэрт нь очсон чинь Батзориг ...................ийн гэрт нь унтаж байсан. Би эргэж гараад машиндаа суух гээд явж байтал ................... араас гүйж ирээд миний араас хоолой боосон. Тэгээд Батзориг босож ирээд бид 2-г салгасан. Батзориг намайг харснаа чамайг хутгалчихсан байна ш дээ гэж хэлсэн. Би хэдийд нь хутгалуулсныгаа мэдээгүй. Тэгээд Батзориг намайг машинд суулгаад Баянчандмань сумын эмнэлэгт ирсэн. Би ухаан алдаад дахиж сэрэхдээ ГССҮТ-д сэрсэн. Бид хоёрын хажууд Батзориг, мөн ...................ийн дүү Ган-Эрдэнэ нар байсан. Миний санаж байгаагаар шөнийн 03-04 цагийн хооронд болж өнгөрсөн. ................... намайг ямар шалтгааны улмаас хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. Нээх маргаагүй байж байгаад гэнэт намайг цохиж эхэлсэн. Яг хутгалсан эсэхийг сайн санахгүй байна. Тухайн үед нойрны эм гээд 3 рүнк архи уусан байсан. Би согтоогүй байсан. ................... архи согтууруулах ундаа их уусан их согтуу байсан, болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. ...................той ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй байсан. Тухайн үед ...................той ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. " /хх 12-13, 14-15, 21-22/,
Гэрч ...................ийн: “... Бид нар ...................ийн хөдөө гэрт 20 цагийн үед ирээд дэлгүүрээс авсан архиа ..................., ................... нартай хувааж уугаад талд нь оруулаад би дахиж ууж чадахгүй болоод унтахаар хэвтсэн. Намайг хэвтэх үед ..................., ................... хоёр морь яриад сууж байсан. Би шөнө 00 цаг өнгөрч байхад сэрэхэд ..................., ................... хоёр гэрт байхгүй байхаар нь гэрт унтаж байсан Ган- Эрдэнээс нөгөө хоёрыг асуухад хаашаа явсан талаар мэдэхгүй байна гэсэн. Би гараад харахад миний машин байхгүй байхаар нь буцаж гэрт орж ирээд унтсан. Шөнө 02-03 цагийн хооронд унтаж байхад гэрийн гадна машин ирээд хүмүүс бууж ирээд машины хаалга хаах чимээгээр сэрэхэд гаднаас ................... эхэлж орж ирээд араас нь ................... орж ирээд хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь би босоод тэр хоёрыг салгах гээд гутлаа өмсөөд үдээсийг нь үдэж байхад нь ................... "...................оо чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би шууд очоод ...................ийг ор руу түлхэж унагаагаад ...................г аваад шууд Баянчандмань сумын эмнэлэгт авчирсан. ................... цээж нүцгэн, доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй байсан гутлыг нь анзаарч хараагүй. Харин ................... футболктой, гадна талаараа алаг өнгийн куртиктэй, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, бакаалтай байсан. Би тодорхой хэмжээний согтолттой байсан. Харин ..................., ................... хоёр хэр хэмжээний согтолттой байсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг унтахад үлдээсэн байсан Соёрхол архи тэр хэвээрээ байсан... Яг юунаас болж маргаж муудсан талаар нь мэдэхгүй байна... ...................ийг хаанаас ямар хутга аваад ...................г хатгаж гэмтээсэн талаар хэлж мэдэхгүй байна. Тэр хоёрын маргаан гэр дотор болсон. Би тэгээд л шууд ...................г аваад эмнэлэг рүү явсан... Тэр хоёр маргалдаад л ...................гийн нуруунаас цус гараад хутгаар хутгалчихлаа гэхээр нь шууд аваад гэрээс гарсан. Тэр хооронд газар унагаагаад өшиглөсөн зүйл байхгүй. Хэрэв ................... өшиглөсөн бол ...................д нэлээн гэмтэл учирна. Яагаад гэвэл ................... тухайн үед бакаал өмссөн байсан.” /хх 26/,
Гэрч ...................ын: “ ................... манайд 2022 оны 2 дугаар сарын 05-нд ирсэн. 3 хонож байсан... ...................ийг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болон эрэн сурвалжлагдаж байсан талаар мэдээгүй. Намайг Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Нарны зам 59б байр 7 давхарт 21 тоотод гэртээ байхад 2022 оны 2 дугаар сарын 7-ны 16 цагийн орчимд хаалга үүд тогшоод байсан. би хэн бэ гэж асуугаагүй хаалга онгойлгож өгөөгүй цуг байсан ................... цагдаа нар байна би цагдаа дээр жижигхэн асуудалтай байгаа юм хаалгаа битгий онгойлгож өг гэсэн юм. Тэгээд би онгойлгож өгөөгүй.” /хх 169-170/,
Насанд хүрээгүй гэрч ...................ийн: “2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хөх хошуу гэх газрын хөдөө гэртээ ганцаараа байсан. Гэтэл оройн 21 цагийн үед манай гэрт цагаан өнгийн приус машинтай Батзориг, ................... гэх ах нар ирсэн. Тун удалгүй араас нь манай ах ................... мотоциклтой ирсэн. Тэгээд тэд нар манай гэрт ороод архи уусан. Тэгээд би шөнийн 23 цагийн үед унтахаар орондоо ороод унтаад өгсөн. Гэтэл шөнө дунд хүмүүс зодолдож байсан. Тэгэхээр нь сэрээд харсан чинь чи муу амжих уу гээд хоорондоо ноцолдсон. Тэгснээ ................... гэх ах нь чи намайг хутгалчихлаа ш дээ гэж орилсон. Тэгээд Батзориг гэх ах ................... гэх хүнийг аваад сумын төв рүү яваад өгсөн. Би тухайн үед айгаад сайн харж чадаагүй. ................... гэх хүнийг манай гэрт байсан шар иштэй хутгаар хутгалсан. Би юунаас болж хутгалсан талаар мэдэх зүйл байхгүй” /хх 17/,
Гэрч ...................ын: "2019 оны 7 дугаар сарын 21-нд шилжих шөнө 02 цаг 10 минутад хүлээн авах тасагт бусдаар түшүүлсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн гэсэн ухаантай бусдад зодуулсан гэх хүн ирсэн. Үзлэг хийхэд зүрхний цохилт 186, даралт 90/60, сотурац 80, амьсгалын тоо 28 байсан. Биеийн байдал хүнд, арьс салст цэвэр хүүхэн хараа 2 талд гэрлийн урвалтай, зүрхний авиа бүдэг, уушиг 2 талдаа цүлцэлгийн амьсгалтай, баруун талд амьсгал сул, чагнахад хэржигнүүр сонсогдоно, нурууны гол шугамаас баруун талд 1 см орчим 3 см орчим зүсэгдсэн шархтай, гүн нь 4 см орчим шарх ташуу байрлалтай, шархнаас доош 4 см орчим газар хийн бөмбөлөг тэмтрэгдэнэ, биеийн байдал хүнд байсан болохоор яаралтай багаа дуудсан. Өвчтөнг Улаанбаатар хот руу зөөвөрлөөд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Шархыг цэвэрлэж өвдөлт намдаах оёдол тавьсан. Цус тогтоохоор виксол 2 амполоор, як 100 мг-аар судсаар, хордлого тайлах шингэн 1 литр хийсэн. Монитол 25 мл-ээр хийсэн, өвдөлт намдаахаар кетанол 150 мл-аар шулуун гэдсээр хийсэн. Анальгин, демедрол судсаар хийж, катедор уян зүү тавьсан.” /хх 23-24/,
Шүүгдэгч ...................ийн: “...Тэгтэл цаг шөнийн 00 цаг өнгөрч байхад ................... гэх залуу сумын төв рүү архинд явах уу гэхээр нь би согтуу байж дэмий, би хойд талд байдаг айлаасаа нэрмэл архи аваад өгье гэсэн. Тэгсэн чинь за тэгье гээд ................... бид хоёр Приус-20 машинаар манай хойд талын айл Баярхүүгийнд очоод би 2 литр архи аваад гараад ирсэн чинь нэг мөсөн 5 литр архи авчих гэсэн. Тэгэхээр нь дахиж ороод 5 литр монгол архи Баярхүүгээс аваад гарч ирээд ...................д өгсөн. Тэгээд бид хоёр манай гэрт очоод авчирсан нэрмэл архиа уусан. Архи уугаад сууж байх үедээ ................... намайг ална гээд над руу томроод байсан. Тэгээд бид хоёр муудалцаад зодолдсон. Тэгсэн чинь Батзориг босож ирээд бид хоёрыг салгасан. Тэрүүхэн хооронд би ................... гэх хүнийг хутгалсан эсэхээ санахгүй байгаа. Батзориг босож ирээд ...................г аваад машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би тэр шөнөдөө гэртээ хоноод маргааш өглөө нь цагдаагаас зугтаагаад Улаанбаатар хот орж найз нөхөд болон буудлаар явж байгаад өнөөдөр цагдаад баригдаж байна.” /хх 15, 20, 42/ гэх мэдүүлгүүд,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №530 дугаартай: "
1. ...................гийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” /хх 28/ гэх дүгнэлт,
Шаргал өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 13,5 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №08 дугаартай тогтоол / хх 08/, Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5/, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол /хх 10/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, прокуророос шүүгдэгч ...................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч ...................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалаас “......................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ялласан нь алдаатай тул зөв зүйлчилж өгөхийг хүсэж байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байхыг шаарддаг. Хэрэв уг хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлж зүйлчлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч ................... нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хөх хошуу гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ...................г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт:- Энэ хуульд заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан. Хутга, сэлэм, жад зэрэг галт биш, ирт мэсийн зүйлс нь хүйтэн зэвсэг гэх ойлголтод хамаардаг. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч ...................ийн гэм буруутай үйлдлийн талаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч ...................гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар "тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэх ангилалд орох эсэхийг тогтоогоогүй, "тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай" зүйл мөн эсэхийг шинжээч томилон дүгнэлт гаргуулаагүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Гэмт хэрэг үйлдэгдэх цаг үед шүүгдэгч ................... нь өөрийг хянах чадваргүй байсан. Өөрийгөө хянах чадваргүй байгаа нь хохирогч ...................г хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах сэдэл байгаагүй” гэсэн байх боловч шүүгдэгч ................... нь хохирогч ...................тай хоорондоо маргалдаж хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалсан талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар хавтаст хэрэгт мэдүүлсэн бөгөөд гэмт үйлдлийн сэдэлт нь тогтоогдсон байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч ...................т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ................... өмнө нь Төв аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсний дараа 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 2 жил, 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүнд оногдуулсан ялыг нь өөрчлөх эсхүл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх саналыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан. Хэдийгээр хавтаст хэрэгт шүүгдэгч ...................ийн 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 2 жил, 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж хорих ангиас суллагдсан талаарх баримт авагдаагүй боловч 1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ................... нь 2006 оны 7 сарын 3-ны өдөр Амгалан 421 дүгээр хорих ангиас Өршөөлийн хуулиар суллагдсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч ...................ийн цагдан хоригдсон 126 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...................ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ