| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01580/И |
| Дугаар | 181/ШШ2024/03663 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03663
2024 10 01 181/ШШ2024/03663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогт Х.Б /РД:......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК /РД:.........../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Х.Бд даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч: П.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А нар оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б хариуцагч С ХХК-д холбогдуулан Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х.Б нь Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаартай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Э-07......... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 44..... дугаартай, Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг Шатахуун түгээх газар, агуулах-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг.
Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн уугуул оршин суугч бөгөөд өөрийн амьдарч буй газартаа өөрийн гэсэн газартай болж бизнес эрхлэх газар эзэмших зорилгоор Дорноговь аймаг, ............. 3 тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг авахаар анх дуудлага худалдаанд оролцож, улмаар дуудлага худалдаанд ялсан бөгөөд дуудлага худалдаагаар газрыг авах үед тухайн газрын үнийг төлөх боломжгүй байсан. Тиймээс хариуцагч С ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан гэдэг утгаараа дээрх газрыг худалдан авах гэж байгаа талаараа компанидаа хэлж, хүсэлт тавьсны үндсэн дээр компаниас 30,000,000 төгрөгийг зээлж авахаар болж, улмаар тус газрын дуудлага худалдааны төлбөрийг хариуцагчаар төлүүлсэн.
Ингэснээр Дорноговь аймгийн ............. Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаартай захирамжаар тус газар эзэмших эрхийг Х.Бд олгож, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ........... тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Нэхэмжлэгч Х.Б нь С ХХК-иас зээлсэн зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахаар болсон бөгөөд үүний дагуу С ХХК нь уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа.
Мөн газрын дуудлага худалдаанд оролцохдоо зээлсэн зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчид үлдээсэн.
Улмаар нэхэмжлэгч Х.Б нь өөрийн эзэмшил газраа ашиглахаар болсон тул хариуцагч С ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Гэвч хариуцагч С ХХК нь газрыг чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч Х.Б нь Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан боловч тус сумын Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/997 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.
Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. гэж заасны дагуу хариуцагч С ХХК-д холбогдуулан Дорноговь аймаг, ................ 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С ХХК нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд тус газрыг дуудлага худалдаагаар авч, шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор тухайн үед салбарын даргаар ажиллаж байсан Х.Быг дуудлага худалдаанд оролцуулж, дуудлага худалдааны үнийг манай компани төлсөн байдаг. Мөн тус газарт тухайн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл манай компанийн шатахуун түгээх станц ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байна.
Нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлдээ С ХХК-иас 30,000,000 төгрөгийн зээл авсан гэсэн байна. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа бөгөөд зээл олгох үйл ажиллагаа огт эрхэлдэггүй, зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд ажилтан Х.Бд огт зээл олгоогүй. Нэхэмжлэгч талаас бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийг зээл хүссэн өргөдөл гэж тайлбарлаж байгаа боловч энэ бол зээл хүссэн өргөдөл биш.
Компанийн зүгээс ажилтан Х.Быг тухайн үед дуудлага худалдаанд оруулж газрыг авсан бөгөөд Х.Бын нэр дээр газрын гэрчилгээ гарсан, харин С ХХК тус сумын газрын албатай газар эзэмших гэрээг байгуулж, газартай холбоотой бүх төлбөрийг энэ олон жилийн хугацаанд манай компани төлж байсан. Х.Б нь Дорноговь аймгийн салбарын даргын хувьд эд хариуцагч учраас Х.Бын дээр харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг бүртгэсэн.
Нэхэмжлэгч Х.Бд газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа, дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл газрыг шилжүүлэн өгөхгүй байгаа. Дээрх үндэслэлээр маргаан бүхий газрын шударга эзэмшигч нь С ХХК учраас Х.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч С ХХК нэхэмжлэгч Х.Бд холбогдуулан Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Х.Бд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Дорноговь аймгийн .........3 тоот, Ханги хилийн боомтын ойролцоо хаягт байрлалтай, нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв хэмжээтэй, шатахуун түгээх станцын зориулалттай газрыг анх 2017 онд дуудлага худалдаагаар С ХХК нь авсан байдаг. Манай компанийн зүгээс тухайн үед Дорноговь салбарын даргаар тогтвор суурьшилтай ажиллаж байсан Х.Быг компанийг төлөөлөн оролцуулж дуудлага худалдааны дэнчинг компаниас төлсөн, мөн дуудлага худалдаанд ялсан тул компаниас дэнчингийн мөнгө болон дуудлага худалдааны үнэ нийт 30,000,000 төгрөгийг төлсөн байдаг.
С ХХК-ийн зүгээс Дорноговь аймгийн ............ сумын газрын албатай гэрээ байгуулж, жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн шударга бөгөөд хууль ёсны эзэмшигч болно.
Дээрх газрын хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч нь С ХХК болохыг албан ёсоор мэдэгдэж, тус газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч иргэн Х.Б нь Удахгүй шилжүүлж өгнө гэж хугацаа авч явсаар байгаад 2022 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараагаас эхлэн газрыг чөлөөлөх шаардлага тавьж, өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөхгүй байгаа.
Газрын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар шатахуун түгээх станцын зориулалттай газрыг хувь хүнд олгодоггүй. Мөн Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл заавал шаардагддаг. Иймд тус газрыг Х.Б гэх иргэнд бус С ХХК-ийн Дорноговь аймгийн салбарт нь олгосон.
Нэхэмжлэгч Х.Б хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Дорноговь аймгийн салбарын даргын үүргийг гүйцэтгэж байсан, байгууллагын нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцох үүргийг гүйцэтгэж байгаа учраас хөдөлмөрийн харилцааны дагуу энэ харилцаа явагдсан. Иймд ажилтандаа ямар нэгэн байдлаар эрх олгосон итгэмжлэл олгох шаардлагагүй. Энэ бол хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдсан харилцаа.
С ХХК нь тухайн газрыг анх дуудлага худалдаагаар авсан цагаасаа эхлэн тус газарт шатахуун түгээх станцаа барьж байгуулан өнөөдрийг хүртэл шатахуун түгээх үйлчилгээг үзүүлэн ажиллуулж байна. Х.Б С ХХК-ийн нэрийн өмнөөс газрын эзэмших эрхийг өөрийн эзэмшилд байлгаж байсан. Нэхэмжлэгч Х.Бын С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна., мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж, 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. гэж, 96 дугаар зүйлийн 96.3-т Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно. гэж тус тус заасан байдаг.
Иймд Дорноговь аймгийн ............ сум, 3 дугаар баг, Агаруут-3 тоот, Ханги хилийн боомтын ойролцоо хаягт байрлалтай нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоож, мөн тус газрын эзэмших эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг иргэн Х.Бд даалгаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Х.Б нь Дорноговь аймгийн уугуул оршин суугч бөгөөд өөрийн амьдарч буй газартаа өөрийн гэсэн газартай болж бизнес эрхлэх газар эзэмших зорилгоор газрын дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны ялагчаар тодорч, Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаартай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Э-07......... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 44..... дугаартай Дорноговь аймаг, ............ сум, .............3 тоот хаягт байрлах 5000 мкв газрыг Шатахуун түгээх газар, агуулах-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших болсон.
Х.Б нь дуудлага худалдаагаар газрыг худалдан авах үед дуудлага худалдааны үнийг төлөх боломжгүй байсан учраас салбарын даргаар олон жил тогтвор, суурьшилтай ажилласан С ХХК-д 30,000,000 төгрөг зээлэхээр хүсэлт гаргаж, газрын дуудлага худалдааны төлбөрийг С ХХК-иар төлүүлсэн.
С ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл олгохын тулд заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй бөгөөд тус 30,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ ажилтан Х.Б нь уг компанийн салбарын даргаар удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажилсан тул зээл олгохыг зөвшөөрч олгосон. Үүнээс гадна С ХХК нь бусад ажилчиддаа хөнгөлөлттэй зээл олгодог байсан.
Х.Б нь газрын дуудлага худалдаанд оролцохдоо зээлсэн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг С ХХК-д үлдээсэн бөгөөд зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахаар болсны дагуу С ХХК нь уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа.
Улмаар нэхэмжлэгч Х.Б би өөрийн эзэмшил газраа ашиглахаар болсон тул С ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
Гэвч С ХХК нь өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөөгүй тул Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан боловч тус сумын Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/997 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.
Хариуцагч С ХХК-иас нэхэмжлэгч Х.Бд дуудлага худалдаанд оролцох үүрэг, чиглэл өгсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Газрын дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж аль аль нь оролцох эрхтэй. С ХХК нь Х.Быг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцуулсан бол итгэмжлэл олгох ёстой байсан. Мөн Х.Б С ХХК-д Дорноговь аймгийн салбарын өмнөөс биш өөрийн нэрийн өмнөөс хүсэлт гаргасан нь бэлэн мөнгө олгохыг хүссэн баримтаар тогтоогдоно. Зээлийг зээлдэгч өөртөө эсхүл бусад этгээдэд шилжүүлүүлэх замаар авсанд тооцно. Иймд С ХХК нь Х.Бд 30,000,000 төгрөгийн зээлийг Газрын албанд олгох замаар зээлсэн учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Х.Б нь зээлээ төлөх хүртэл хугацаанд С ХХК-д газраа эзэмшүүлж, ашиглуулахыг зөвшөөрсөн. Газрын шинж чанарт нөлөөлөхгүй учраас С ХХК-д шатахуун түгээх станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн.
Хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулгаар Х.Б гээд хувь хүний нэр дээр газрын төлбөр гээд авлагад бүртгэсэн.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна. гэж заасан. Гэвч С ХХК бүрэн эрх олгосон баримт байхгүй учраас энэ үндэслэл үгүйсгэгдэнэ.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй., мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. гэж тус тус заасан.
Иймд С ХХК нь эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй тул Дорноговь аймаг, ............ сумын ............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, А.А-д олгосон итгэмжлэл, Дорноговь аймаг, ............ сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаар захирамжийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, Дорноговь аймаг, ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн хуулбар, ........ дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн .......... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Дорноговь аймгийн ............ сумын 44..... дугаартай кадастрын зураг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 44..... дугаартай газар эзэмших эрхийн лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 44..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, 2023 оны 10 дугаар сарын 23-ны Х.Бын С ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн С ХХК-ийн Х.Бд хүргүүлсэн 25/1860 тоот албан мэдэгдлийн хариу, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Х.Бын Дорноговь аймаг ............ сумын Засаг даргад гаргасан гомдол, Дорноговь аймаг, ............ сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/997 тоот албан бичиг, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбарыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Б-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ........... дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 44..... дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, Дорноговь аймаг, ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, Шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлын хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .......... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаартай Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-ний хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл-ийн хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөрийн даалгавар 93 банкны гүйлгээний хуулбар, 0001797 дугаартай Галын аюулгүй байдлын зөшөөрөл-ийн хуулбар, .......... дугаартай Газрын төлбөр тооцоо нийлсэн акт-ын хуулбар, Х.Бын тооцооллын дансны дэлгэрэнгүй орлогын хуулбар, Х.Бын татвар төлсөн баримтын хуулбар, Монгол шуудангийн баримтын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 25/1860 дугаартай албан мэдэгдлийн хариуны хуулбар, Монгол шуудангийн баримтын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 25/1852 дугаартай албан шаардлагын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, Монгол шуудангийн баримтын хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 25/1901 дугаартай хүсэлтийн хуулбар, Дорноговь аймаг, ............ сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/67 тоот албан бичгийн хуулбар, С ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үндсэн хөрөнгийн тооллогын баримт, 2017/01/01-2024/01/31 тайлант үеийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын тамгын газраас Дорноговь аймгийн ............ сумын ........... 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай газрын хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Х.Б би Дорноговь аймгийн уугуул оршин суугч бөгөөд өөрийн амьдарч буй газартаа өөрийн гэсэн газартай болж, бизнес эрхлэх, газар эзэмших зорилгоор газрын дуудлага худалдаанд оролцож, Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаартай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Э-07......... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 44..... дугаартай Дорноговь аймаг, ............ сум, ..........., 3 тоот хаягт байрлах 5000 мкв газрыг Шатахуун түгээх газар, агуулах-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. Газрын дуудлага худалдааны үнэ 30,000,000 төгрөгийг С ХХК-иас зээлж, зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг С ХХК-д үлдээсэн. Улмаар өөрөө газраа эзэмшихээр болж, С ХХК-д газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч чөлөөлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: С ХХК нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд тус газрыг дуудлага худалдаагаар авч, шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор тухайн үед салбарын даргаар ажиллаж байсан Х.Быг дуудлага худалдаанд оролцуулж, дэнчин болон газрын үнийг төлж, газар эзэмших гэрээг байгуулан, шатахуун түгээх станцаа барьж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч Х.Бд газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа, дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл газрыг шилжүүлэн өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
С ХХК нь Дорноговь салбарын дарга Х.Быг дуудлага худалдаанд оролцуулан тухайн газрыг дуудлага худалдаагаар авч, тус газарт шатахуун түгээх станцаа барьж байгуулан өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа. Манай компанийн зүгээс Х.Бтай зээлийн гэрээ байгуулж, зээл олгоогүй бөгөөд Х.Б нь компанийг төлөөлөн дуудлага худалдаанд оролцож, газар эзэмших эрхтэй болсон. Уг газар эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Баас удаа, дараа шаардсан ч шилжүүлэн өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар Дорноговь аймгийн ............ сум, ......... 3 тоот, Ханги хилийн боомтын ойролцоо хаягт байрлалтай нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгож, газрын эзэмших эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг иргэн Х.Бд даалгуулахаар шаардах эрхтэй гэв.
5. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: С ХХК-иас ажилчиддаа зээл олгодог учраас тус байгууллагад тогтвор суурьшилтай, олон жил ажилласны хувьд компанид хүсэлт тавьж, газрын дуудлага худалдааны үнийг компаниар төлүүлсэн. Энэ зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг С ХХК-д үлдээж, өөрийн эзэмшлийн газарт түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. С ХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчээс газрыг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч Х.Б нь С ХХК-ийн Дорноговь аймгийн салбарт 2012 оны 8 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх52-57/
6.2. Нэхэмжлэгч Х.Б нь Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулан Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар Дорноговь аймаг, ............ сум, ............ хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 5000 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан нь Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаар захирамж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дүгээр захирамж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар эзэмших лавлагаа, дуудлага худалдаанд оролцох хүсэлт, Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хх5, 15, 34-35, 108-109, 112-113, 123/
6.3. Х.Баас С ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг, ............ сумын нутагт Ханги хилийн боомтын ойролцоо ШТС-ын зориулалтаар худалдан авсан газрын төлбөр 29,540,000 төгрөг олгохыг хүссэний дагуу С ХХК-иас Төрийн сангийн .......... тоот дансаар Дорноговь аймгийн Газрын албаны өмч хувьчлалын орлогод 29,520,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр газрын дуудлага худалдааны үнэ Х.Бын өмнөөс гэх утгатай шилжүүлсэн болох нь Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 93 дугаартай төлбөрийн даалгавраар тогтоогдож байна. /хх41-42/
6.4. Дорноговь аймгийн Газрын албанаас Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А91/2 тоот шийдвэрийг үндэслэн Х.Бд Дорноговь аймаг, ............ сум, ........... хаягт байрлах, нэгж талбарын 44..... дугаар бүхий газрын шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-07......... дугаарт бүртгэж, ........ дугаартай гэрчилгээ олгосон болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байна. /хх9, 16/
6.5. Улмаар, нэхэмжлэгч Х.Б нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулах хүсэлт гаргаж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Х.Бд ........... дугаартай гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон. /хх32, 106, 110/
6.6. Дорноговь аймгийн ............ сумын газрын даамал Л.Нармандах, газар эзэмшигч Х.Б нарын 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №.......... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-нд газар эзэмшигч хэсэгт Х.Б гарын үсэг зурж, С ХХК-ийн Дорноговь аймгийн Сайншанд сум дахь салбарын тамга дарагдсан байна./36-38/
6.7. С ХХК-ийн Сайншанд сум дахь салбарын харъяа ШТС шатахуун түгээх станц нь 2017 оны 9 дүгээр сараас хойш Ханги боомтын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгааг Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/67 тоот албан бичгээр тодорхойлсон байна. /хх61/
6.8. Нэхэмжлэгч Х.Б нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр С ХХК-д газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргад гомдол гаргаж, Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/997 тоот албан бичгийн дагуу тус шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. /хх17, 20-21/
6.9. С ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23/1860 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23/1852 тоот албан бичгээр Х.Бд газрын гэрчилгээг компанийн нэр дээр шилжүүлэх шаардлагыг хүргүүлсэн байна. /хх18-19, 51/
7. Талууд нэхэмжлэгч Х.Быг С ХХК-ийн Дорноговь салбарын даргаар ажиллаж байсан, энэ хугацаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож, Дорноговь аймаг, ............ сум, ........... хаягт байрлах, нэгж талбарын 44..... дугаар бүхий газрын шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон, уг газарт С ХХК шатахуун түгээх станц барьж байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтад маргаагүй.
Харин С ХХК, Х.Б нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгч Х.Б нь өөрийн нэрийн өмнөөс, эсхүл С ХХК-ийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцсон эсэх, тухайн газрыг шударгаар эзэмших эрхтэй этгээд нь хэн болох талаар маргасан.
8. Нэхэмжлэгч Х.Б нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. гэж заасныг үндэслэн хариуцагч С ХХК-ийн эзэмшлээс Дорноговь аймаг, ............ сум, ........... хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 5000 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардсан.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Б нь Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулан Дорноговь аймгийн ............ сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар Дорноговь аймаг, ............ сум, ........... хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 5000 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, ........ дугаартай гэрчилгээ авсан болох нь тогтоогдсон.
Харин хариуцагч С ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Х.Быг С ХХК-ийн Дорноговь салбарын даргаар ажилласан байсны хувьд салбарыг төлөөлөн дуудлага худалдаанд оролцсон, дуудлага худалдааны дэнчин, газрын үнийг С ХХК төлсөн тул тус газрын шударга эзэмшигч гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж оролцох эрхтэй байна.
Нэхэмжлэгч Х.Б нь 2012 оноос 2022 оны 6 дугаар сар хүртэл С ХХК-ийн Дорноговь салбарын даргаар ажиллаж байсан үйл баримтад талууд маргаагүй, С ХХК нь Дорноговь аймгийн ............ сумын газрын төлбөр 29,520,000 төгрөг, захирамжийн мөнгө 20,000 төгрөг, Ханги боомтын газрын дэнчин 480,000 төгрөгийг төлсөн болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 93 дугаартай төлбөрийн даалгавар, С ХХК-ийн 2023 оны 1 дүгээр улирлын газрын төлбөр төлсөн баримт, Голомт банкны орлогын мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Хариуцагч С ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн Дорноговь аймгийн салбарын даргаар ажиллаж байсан Х.Быг газрын дуудлага худалдаанд оролцуулахдаа итгэмжлэл олгоогүй гэх тайлбар нь С ХХК-иас Дорноговь аймгийн ............ сумын газрын төлбөр 29,520,000 төгрөг, захирамжийн мөнгө 20,000 төгрөг, Ханги боомтын газрын дэнчин 480,000 төгрөгийг төлсөн үйл баримтаар тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-т хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бөгөөд энэ үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ.
Нэхэмжлэгч Х.Б нь нэхэмжлэлийн үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа С ХХК-иас газрын дуудлага худалдааны үнэ 30,000,000 төгрөгийг зээлсэн, зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахаар болсон. гэж дурдсан боловч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Зээлийн төлбөрөө төлөх хүртэл хугацаагаар газрыг С ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрсөн гэж зөрүүтэй тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж заасантай нийцээгүй.
Хэрэгт авагдсан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд Х.Б нь Дорноговь аймаг, ............ сумын нутагт Ханги хилийн боомтын ойролцоо ШТС-ын зориулалтаар худалдан авсан газрын төлбөр 29,540,000 төгрөг олгоно уу гэснийг С ХХК-иас 30,000,000 төгрөг зээлэх хүсэл зориг илэрхийлсэн гэж үзэхгүй.
Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Х.Бтай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр газрын дуудлага худалдааны үнийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.Быг С ХХК-ийн нэрийн өмнөөс газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож, Дорноговь аймаг, ............ сум, ........... хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 5000 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Х.Быг шударга эзэмшигч гэж үзэхгүйн зэрэгцээ тус газар түүний эзэмшилд байхгүй, С ХХК шатахуун түгээх станцаа барьж, байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасан шаардах эрх үүсэхгүй.
10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар С ХХК-ийг Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай газрын шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд тус газар нь С ХХК-ийн эзэмшилд байгаа тул нэхэмжлэгч Х.Баас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр, Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай Х.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр С ХХК-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Х.Бд даалгаж шийдвэрлэв.
11. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг баримтлан Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай Х.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймаг, .............. 3 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 44..... дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр С ХХК-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Х.Бд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ