| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02087/И |
| Дугаар | 181/ШШ2024/03662 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03662
2024 10 01 181/ШШ2024/03662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Барнууд овогт М.Н /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зажин овогт С.С /РД:........./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З,
Хариуцагч: С.С,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.Сад холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч М.Н нь 2013 онд Улаанбаатар хотод амьдардаг өөрийн найз Б.Бт ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгсэл захиж байсан ба 2013 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод ирж, өөрийн хар өнгийн .......... улсын дугаартай, ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон.
С.С нь 2014 оны 3 дугаар сард М.Н рүү утсаар ярьж, .......... улсын дугаартай, ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн үнийг шилжүүлээрэй гэж хэлсэн тул М.Н нь С.Сын Төрийн банкин дахт ............. тоот дансанд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлж, .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлсөн.
Гэтэл С.С нь М.Нгээс төлсөн тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөгийг машины өмчлөгч А.Гад шилжүүлэн өгөөгүйн улмаас 2022 оны 8 дугаар сард А.Г нь М.Нд холбогдуулан .......... улсын дугаартай ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №00943 дугаар шийдвэрээр М.Нгээс 35,000,000 төгрөгийг гаргуулж А.Гад олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №00003 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №00229 дүгээр тогтоолоор М.Нгээс гаргасан гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
М.Нгээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг С.С нь А.Гал шилжүүлээгүй болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 000943 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул М.Нгээс 35,000,000 төгрөг гаргуулж, А.Гад олгохоор шийдвэрлэсэн ба дээрх 35,000,000 төгрөгийг М.Н нь С.Саас нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүйг тогтоосон юм.
М.Н, С.С нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. С.С нь өөрийн дансаар шилжүүлэн авсан мөнгийг Б.Б болон А.Гад өгсөн болох нь тогтоогддоггүй бөгөөд өөртөө авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.
Иймд хариуцагч С.Саас 35,000,000 төгрөгийг гаргуулан М.Нд олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч С.С, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би нэхэмжлэгч М.Н болон А.Г гэдэг хүмүүсийг огт танихгүй. Миний ах Б.Б нь нэхэмжлэгч болон түүний төрсөн дүү нарт байнга тусалдаг тухайгаа надад ярьдаг байсан. Миний төрсөн ах Б.Б нь 2014 онд надад хандан Би дансаараа мөнгө авч болохгүй байна. Эхнэр мөнгөний хэрүүл хийгээд хэцүү байна. Би М.Нгаас мөнгө авах ёстой юм. Чиний дансаар дамжуулаад авъя гэсэн тул би зөвшөөрч, дансанд мөнгө орсон даруйд тухайн мөнгийг бэлнээр авч өөрийн ах Б.Бт аваачиж өгч байсан.
Цаашлаад нэхэмжлэгч нь миний ах болох Б.Бт тээврийн хэрэгсэл захиж байсан тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан байна. Үүнээс үзэхэд миний ах Б.Б болон нэхэмжлэгч нарын хооронд 2013 онд худалдах худалдан авах хэлцэл үүссэн байхаар байна. Мөн тухайн автомашины өмчлөгч А.Г нь миний ах Б.Боор дамжуулан нэхэмжлэгчид автомашинаа шилжүүлсэнтэй хэн ч маргадаггүй болно.
Иймд нэхэмжлэгч М.Н болон миний ах болох Б.Б нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь миний төрсөн ах Б.Бтой байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, түүнд автомашин худалдан авсан мөнгийг шилжүүлсэн. Гэвч ах Б.Б нь миний дансаар авах хүсэлтэй байсан тул нэхэмжлэгч нь миний данс руу шилжүүлсэн үйл баримт л болсон. Миний хувьд нэхэмжлэгч М.Н гэх хүнийг огт танихгүй бөгөөд түүн рүү холбогдож, ярьж мөнгө нэхэж, дансны дугаараа өгч байгаагүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нь нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгөө шилжүүлсэн ба энэ шилжүүлэг нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй байх тохиолдол-д үүсдэг билээ. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон бусад үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь автомашин худалдан авсан төлбөрийг миний ах Б.Бт миний дансаар шилжүүлэн дамжуулан төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ худалдаж авсан автомашины төлбөрөө төлсөн гэдэг. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Иймд тухайн мөнгийг би авч хэрэглээгүй, өөрийн төрсөн ах Б.Бт өгсөн. Цаашлаад нэхэмжлэгч нь тухайн мөнгийг шилжүүлэх гол зорилго нь миний ах Б.Бтой байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор шилжүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан болон хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар:
Улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг төлсөн баримт, А.З-т олгосон итгэмжлэл, Төрийн банкны орлогын мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00943 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 225/МА2023/00003 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00229 дүгээр тогтоол, утасны билл ирүүлсэн.
3.2. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар:
С.Сын иргэний үнэмлэхний хуулбар, С.Сын Төрийн банк дахь ........... тоот дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Бын нас барсны бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас Б.Б /РД:.........../, С.С /РД:........./, Г.А /РД:........../ нарын 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Г.А /РД:........../-ийн 2014 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг, Хаан банк ХК, Голомт банк ХК, Төрийн банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Хас банк ХК нараас Г.А /РД:........../ тус банкинд хадгаламжийн болон харилцах данс эзэмшдэг эсэх, данс эзэмшдэг бол тус дансны 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх дансны хуулгыг тус тус гаргуулсан.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК, Голомт банк ХК, Төрийн банк ХК, Хас банк ХК нараас Б.Б /РД:.........../ тус банкинд харилцах болон хадгаламжийн данстай байсан эсэх лавлагаа, харилцах болон хадгаламжийн данстай байсан бол тухайн дансны 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хуулгыг гаргуулсан, Г.А, А.Г, Б.М нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Боор дамжуулан А.Гын .......... улсын дугаартай, ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Б.Бын дүү С.Сын Төрийн банкны ............. тоот дансанд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсны төлбөр болох 35,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл С.С нь 35,000,000 төгрөгийг машины өмчлөгч А.Гад шилжүүлээгүй, А.Гын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Гад 35,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч С.С бидний хооронд ямар нэг гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, С.С нь автомашин худалдан авсны төлбөр 35,000,000 төгрөгийг А.Гад шилжүүлэлгүй, өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би нэхэмжлэгч М.Н болон автомашины өмчлөгч гэх А.Г нарыг огт танихгүй. Би ах Б.Бын хэлсний дагуу М.Нгээс 35,000,000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан авч, бэлнээр Б.Бт өгсөн. М.Н нь автомашин худалдах худалдан авах гэрээний төлбөрөө төлсөн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Түүнчлэн, гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.Сын Төрийн банк дахь ........... тоот дансанд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Төрийн банкны орлогын мэдүүллэг, С.Сын дансны хуулгаар тогтоогдож байна. /хх5-8/
4.2. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 493 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар магадлалаар ...нэхэмжлэгч А.Г, хариуцагч М.Н нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн...Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин худалдаж төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцох саналыг талийгаач Б.Б зуучилсан. Хариуцагч М.Н нь нэхэмжлэгч А.Гын машины үнэ болох 35,000,000 төгрөгийг С.Сын дансанд шилжүүлээрэй гэсэн учраас С.Сын дансанд 35,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримт нэхэмжлэгч талын тайлбар, Төрийн банкны ......... журналын дугаартай орлогын баримтуудаар тогтоогдсон... гэж дүгнэжээ. /хх9-17/
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00229 дүгээр тогтоолоор хариуцагч М.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 493 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар магадлал хүчин төгөлдөр болжээ. /хх18/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
5. Нэхэмжлэгч М.Н хариуцагч С.Саас 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А.Гын автомашин худалдан авсан төлбөрийг С.Сын дансанд шилжүүлсэн боловч С.С нь А.Гад шилжүүлэлгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.Сын дансанд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 35,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч М.Н нь уг 35,000,000 төгрөгийг Б.Боор дамжуулан А.Гаас худалдан авсан машины төлбөрийг шилжүүлсэн гэж, хариуцагч С.С нь Б.Бын хэлсний дагуу 35,000,000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан авч, мөнгө шилжиж орох бүрт бэлнээр авч Б.Бт өгсөн гэж тус тус тайлбарласан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбараас дүгнэхэд, нэхэмжлэгч М.Н, хариуцагч С.С нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүсээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.Саас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 35,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.
6. Хариуцагч С.С нь М.Нгээс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 31,400,000 төгрөгийг данснаас бэлнээр авсан, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 14,000,000 төгрөгийг данснаас бэлнээр авсан, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг данснаасаа бэлнээр авсан болох нь хариуцагч С.Сын Төрийн банк дахь ........... тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч С.Сын гаргасан Б.Б мөнгө аваад өг гэхээр нь тэр дор нь аваад өгсөн. Дансанд мөнгө орсон даруйд тухайн мөнгийг бэлэн хэлбэрээр авч өөрийн ах болох Б.Бт аваачиж өгсөн. гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хариуцагч С.С 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд ...Б ахад хоёр удаа 10 гаруй сая төгрөгөөр аваачиж өгсөн... гэж тайлбарласан, гэрч Г.А мэдүүлэгтээ ...Б.Б гэх нагац ах маань надтай утсаар яриад хэдэн төгрөг авч ирж өгөх гэж байна. Хүргээд өг гээд их хэмжээний мөнгө болохоор нь би хамт хүргэж өгсөн...2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш мөнгө аваачиж өгсөн, 30 сая төгрөг байх... гэж зөрүүтэй мэдүүлсэн тул гэрч Г.Аийн шүүхэд өгсөн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч С.С нь хууль болон гэрээний үндсэн дээр М.Нгээс 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн М.Нгээс өөрийн дансанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг Б.Бт дамжуулсан өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч С.Сыг М.Нгээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг.
Иймд хариуцагч С.Саас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгох үндэслэлтэй байна.
7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., 75 дугаар зүйлийн 75.1.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна., 75.2.1.-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.Саас гэрээний үүрэгтэй холбоотойгоор 35,000,000 төгрөгийг шаардаагүй тул энэ маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж тус тус заасан.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгч М.Нг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч С.Сад холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлээр, хариуцагч С.Саас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгохоор шийдвэрлэв.
9. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Саас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ