Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09           20                                       2022/ДШМ/60

 

 

 

...................ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Ариунзул,

            Шүүгдэгч ...................,

            Иргэний хариуцагч /.................../-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., ...................      /цахимаар/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ...................ад холбогдох 1934004400413 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч ................... нь 2019 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай замд ...................УНӨ улсын дугаартай "Вeiben" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн а/, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ................... УБХ улсын дугаартай "Тоёота Ланд круйзер-200" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар ................... УБХ улсын дугаартай "Тоёота Ланд круйзер-200" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ..................., ...................нарын эрүүл мэндэд хөнгөн, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол буюу 110.453.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ...................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ...................ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн 1934004400413 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ................... энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн жолоочийн В, С ангиллын ................... дугаартай үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч ................... дугаарын регистртэй, ...................ад буцаан олгохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч ...................аас 3,322,500 /гурван сая гурван зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Нирун овгийн Чилхаажавын Отгонбаатарт,

иргэний хариуцагч ...................өөс 51,953,000 /тавин нэгэн сая есөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулан "..................." ХК-д тус тус олгож,

Мөн иргэний нэхэмжлэгч ...................нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд бус зардал 29,215,000 /хорин есөн сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч ...................аас,

Мөн иргэний нэхэмжлэгч ...................олох ёстой байсан орлого 16,200,000 /арван зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн баримтаа,

Хохирогч Ё.Гансүх, насанд хүрээгүй хохирогч ..................., О.Ариунтамир, тэдний хууль ёсны төлөөлөгч ...................нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж шүүгдэгч ...................аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Харин Иргэний нэхэмжлэгч "..................." ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 29,849,240 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 5,000,000 /таван сая/ төгрөгийг, зөрүү 44,000,000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг, "Номин даатгал" ХК-ийн 7,000,000 /долоон сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...................ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Эрдэнэбат би, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн шүүгдэгч ...................ад холбогдох эрүүгийн 1934004400413 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан ...................өд хууль зүйн туслалцаа үзүүлж, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна.

Шүүгдэгч ................... нь 2019 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө ...................УНӨ улсын дугаартай Beiben маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймаг руу явах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Ногоон дов гэдэг газар ...................ийн жолоодож явсан ................... УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 110.453.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, миний үйлчлүүлэгч ................... энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан юм.

Дээрх зам тээврийн осол гарах үед ................... УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ..................., ...................нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ...................ад холбогдох Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас их хэмжээний буюу 51,953,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа юм. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт....Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн зүйлийн 2 дахь хэсэгт....Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Их хурлаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг....Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэж тодорхойлж, хуульчилсан байна. Хуулийн дээрх заалтаас үзвэл хэрвээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болон жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, тэр дундаа хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Харин дээрх зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинжүүдийг заасан байх ба тэр дундаа 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн улмаас "....Их хэмжээний хохирол учирсан...." тохиолдолд л дээрх зүйл, хэсгээр хэргийг зүйлчилж, хэргийг шалгаж шийдвэрлэх, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дээрх зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол эсхүл бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас учирсан хүний эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгохгүй байгаа тохиолдолд гэмт хэрэгт тооцох боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинж, хэргийн үйл баримтыг харьцуулж дүгнэвэл шүүгдэгч ...................ад холбогдох 2019 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө ...................УНӨ улсын дугаартай ВЕIВЕN маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймаг руу явах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Ногоон дов гэдэг газар ...................ийн жолоодож явсан ................... УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 110,453,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжгүй байна.

            Гэтэл мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ..................., ...................нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад мөрдөгч, прокуророос зөвхөн ................... УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд их хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш хохирол учирсан үндэслэлээр хэргийг зүйлчилж 3 жилийн хугацаанд хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч ...................ыг гэмт хэргийн шинжгүй үйлдэлд гэм буруутайд тооцож, цаашлаад шүүгдэгчийн гэмт хэргийн шинжгүй үйлдлийн улмаас учирсан гэх 51.953.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч ...................өөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т ... Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих гэж заасан байх ба хэрэв анхан шатны шүүхээс шүүгдэгч ...................ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан гэх 51.953.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ...................ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж түүнд холбогдох 2019 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 7418 УНӨ улсын дугаартай ВЕIВЕN маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймаг руу явах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Ногоон дов гэдэг газар ...................ийн жолоодож явсан ................... УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

Бэсүүд овгийн ...................ад холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүн хэлэлцээд 2022/ШЦТ/279 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ...................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.14 дүгээр зүйлийн 1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ...................ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

...................ад холбогдох хэргийн зүйлчлэлийн талаарх Улсын Дээд Шүүхийн 2022 оны 7 сарын 21-ний өдрийн тайлбар гарсан байдаг. Прокурор иргэн ...................ыг яллахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй, харин уг заалтад "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол... "гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан", эсхүл эд хөрөнгөд хохирол учруулсан" үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул ...................ын үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж, бусдын автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ...................ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Мөн бусдад учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэртээ тусгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ................... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан зүйлчлэлтэй холбоотойгоор Улсын Дээд шүүх одоогоор тайлбар гаргаагүй байгаа. Иргэний нэхэмжлэлийн талаар яръя гэхээр хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэдэг зүйлийг хэлээд байгаа учраас хуулийн талаар ярихаас өөр аргагүй байна. Улсын Дээд шүүхээс ямар нэгэн тайлбар гаргаагүй учраас тогтоолыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргах боломжгүй. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэнийн хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн ослын улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч ...................ыг цагаатгаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ................... тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна гэв.

                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...................ад холбогдох 1934004400413 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Шүүгдэгч ...................ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан үндсэн болон нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол эсхүл бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуульд хуульчлан тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн хохирлын хэмжээ нь дангаараа уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэдэг шинжийг хангасан тохиолдолд бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчлэх үндэслэлтэй болно.

...................ын үйлдсэн зам тээврийн ослын улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Зөрчлийн тухай хууль, гэм хорыг арилгахтай холбоотой асуудлыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэх нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлох, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хууль ёсны болон гэм буруугийн зарчим, түүнчлэн Эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байна.

...................ад холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...................ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...................ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, эрүүгийн 1934004400413 дугаартай Төв аймгийн Прокурорын газарт хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

2. Цагаатгагдсан этгээд ...................ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ