Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/01018

 

Б.Баяраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Б.Баяраагийн нэхэмжлэлтэй

Б.Мөнхбаатарт холбогдох

Гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Б.Баяраагийн эзэмшлийн “Санг янг коронда” маркийн 69-99 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а.в, 2.7 а, 9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг төв зам дээр Ж.Цолмонгийн эзэмшлийн бухыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдож, Б.Баяраад хохирол учруулсан. Иймээс Б.Мөнхбаатараас хохирлын үнэлгээ 7 786 000 төгрөг, автомашиныг журмын хашаанд тавьсан 150 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгээс ирээд Алтанбулаг явах хоёр хүүхдэд унаа олдохгүй байхаар нь хүргэж өгөх гээд явж байхад хариулгагүй үхэр замд явж байсныг мөргөөд зогсоход миний автомашины хаалганы хажуу талаас “Портер” маркийн автомашины ирж мөргөсөн тул уг жолооч энэ хэрэгт бас буруутай. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.3., 510 дугаар зүйлийн 510.1.-д тус тус зааснаар хариуцагч Б.Мөнхбаатараас 7 786 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баяраад олгож, нэхэмжлэлээс үлдэх 214 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 139 526 төгрөг нөхөн гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139 526 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь ойлгомжгүй, хариуцагчийн нэр зөрүүтэй, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтийг давхар гаргасан. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тухай үндэслэлгүй хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хууль бусаар чөлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ алдааг засаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д заасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл нь зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээр шийдвэрлэхдээ чөлөөлдөг байхад нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр чөлөөлжээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ”, Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 1.1 “Энэ зүйлийн 115.1.-д заасан “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно”, 5.1.-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд” гэж хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хуулийн дагуу хариуцвал зохих хуулийн этгээдийг хэлнэ” гэж заажээ. Дээрхээс дүгнэн үзвэл эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хохирсон этгээдэд төлж барагдуулахаар байна. Гэтэл Б.Мөнхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215, 216 дугаар зүйлийн 216.2.-т заасан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Мөнхбаатар нь Хас банкны эзэмшлийн гэх тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй, гэмт хэрэг биш гэж дүгнэсэн, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтанд Б.Мөнхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг нь дурдсан. Иймд Эрүүгийн хуулийн өөр өөр зүйл хэсэгт заасан гэмт хэргүүдийг холбож, тээврийн хэрэгсэл жолоодсон, зам тээврийн осол гарсан газрыг орхиж зугтаасан үйлдлүүдийн хор уршгийг нэг байгаа мэтээр ойлгон дүгнэж, үндэслэлгүйгээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн шаардлага хангаагүй нэхэмжлэлийг шүүх авч шийдвэрлэсэн.

Б.Баяраа нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь шүүх хүлээн авсан дардас болон хэргийг хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш шүүхэд ирүүлсэн №1119941 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарын нотариатаар гэрчилсэн он, сар, өдрөөс тодорхой харагдана. Осол гарсан өдөр “Санг янг коронда” маркийн 69-99 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Сэлэнгэ аймаг дахь Хас банкны эзэмшил, өмчлөлд байсан нь шийтгэх

тогтоолоор тогтоосон. Б.Баяраа нь анх осол болсноос хойш буюу 3 сар гарангийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шинэ дугаар сертэй шинэ гэрчилгээг авснаас харахад осол болсон тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь биш байсан гэдэг нь нотлогдож байхад шүүх уг баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь мөн байсан гэж дүгнэсэн нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэзээ үүссэн талаар огт дүгнэлт хийгээгүй, мөн уг бичиг баримт олгогдсон огноог анхааралгүй хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн байдаг. Хас банкны тодорхойлолтоор эвдрэл гэмтэл, эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг Б.Баяраагийн эзэмшилд шилжүүлсэн уг тээврийн хэрэгслийг Б.Баяраа эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш эрхийн доголдол байсан эсэхийг нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй нь Хас банкны эзэмшлийн тээврийн хэрэгслийг Б.Баяраа өөрийн эзэмшил мэтээр нэхэмжилж буй нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-т зааснаар Б.Мөнхбаатараас 7 786 000 гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь уг заалт нь “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” тухай асуудлыг тусгасан байна. Б.Мөнхбаатарт холбогдох Эрүүгийн хэргийн гэрч С.Анхбаяр нь “...69- 99 дугаартай автомашин нь манай ээж Б.Баяраагийнх юм, гараашнаас гарахдаа би жолоодож явсан ягаан 5 давхрын тэнд Б.Мөнхбаатарыг хүлээж байгаад, Б.Мөнхбаатарыг авч явсан “таны” дэлгүүрээс архи аваад жолоогоо Б.Мөнхбаатарт шилжүүлсэн” гэх, гэрч н.Хонголзулын “...уг тээврийн хэрэгслийн түлхүүр нь манай гэрт байсан манай нөхөр С.Анхбаяр нь шүүгээнээс аваад явсан юм байна лээ” гэх, Б.Мөнхбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...С.Анхбаяр нь өөрөө жолоодох эрхээ хасуулсан учраас намайг бариад явчих гээд гуйгаад байсан” гэх мэдүүлгүүдээр С.Анхбаяр нь тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч гаран бусдад жолоо шилжүүлсэн болох нь нотлогддог. Мөн эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Ж.Цолмон, С.Мөнхтуяа, Б.Мөнхбаатар нар 3-уулаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн талаар дурдсан байхад дан ганц Б.Мөнхбаатарыг буруутган төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан ноцтой алдааг засалгүй, шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Мөнхбаатар хохирол учруулсан мэт ташаа дүгнэлт хийсэн. “Санг янг коронда” маркийн 69-99 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хас банкинд зээлийн барьцаанд байсан тул Хас банкийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй гэжээ. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Мөнхбаатар осол гаргасан газрыг орхиж зугтаасан гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлж, уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхад миний үйлчлүүлэгчээс төлбөрийг нь гаргуулахаар удаа дараа шийдвэрлээд байна. Тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Б.Баяраагийн бус Хас банкны эзэмшил, өмчлөлд байсныг тогтоосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасныг зөрчиж шийдвэрийн үндэслэлд өөрчлөлт оруулсан магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргажээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтад үндэслэж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Баяраа нь хариуцагч Б.Мөнхбаатараас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 7 936 000 төгрөг, машиныг журмын хашаанд тавьсны хөлс 150 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Б.Мөнхбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Баяраагийн эзэмшлийн “Санг янг коронда” маркийн 69-99 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулснаас гадна  зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, машинд учирсан эд хөрөнгийн хохирлыг 7 936 000 төгрөгөөр үнэлсэн, гэмтсэн машины хууль ёсны эзэмшигч нь Б.Баяраа болохыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан ба хоёр шатны шүүх хариуцагч Б.Мөнхбаатарын гэм буруу, хохирол төлөх үндэслэлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. 

Иргэний хуульд гэм буруугүй бол гэм хор учруулсны хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөхийг зааснаас гадна гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохыг заажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “осол гарсанд надаас өөр хүний буруутай үйл ажиллагаа байгаа, нэхэмжлэгч Б.Баяраагийн хүү С.Анхбаяр нь эхнэртэйгээ хэрэлдсэн учир архи уусан байсан, машиныг бариад өгөөч гээд гуйхаар нь барьсан, Алтанбулаг явж байхад зам дээр хариулгагүй үхэр гарч ирээд мөргөсөн, зогсох үед хажуугаас “Портер” маркийн машин манай машиныг мөргөсөн, энэ талаар цагдаад хэлэх гэхэд С.Анхбаяр нь яах юм, зугтъя гэхээр нь Номт руу явсан, ...би шүүхээс ял шийтгүүлсэн...” /хх-30, 92, 93/ гэснээс үзэхэд осол гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм хорыг хариуцахгүй гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг татгалзсан байна.  

Хоёр шатны шүүх дээрх үйл баримтанд бүрэн дүгнэлт хийгээгүй, гэм хорыг багасгах үндэслэл бий эсэхийг дүгнээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол зохигчдын тайлбарт нэхэмжлэгч машинаа С.Анхбаярын эхнэрт шилжүүлсэн байсан, хүү С.Анхбаяр нь архи уусан байхдаа машиныг авч гарсан, машины жолоогоо Б.Мөнхбаатарт шилжүүлсэн, С.Анхбаяр нь 2015 оны 8 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан үйл баримт тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг С.Анхбаярын эхнэрт шилжүүлэн өгсөн, С.Анхбаяр нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, тээврийн хэрэгслийг ашигласан нь бусдад тээврийн хэрэгслээ ашиглах боломж олгосон, гэм хор учрахад нөлөөлсөн нэхэмжлэгчийн гэм бурууг нотолж байх ба шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй байна.  

Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч   тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4.-т заасан байна.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хариуцагч Б.Мөнхбаатарын хариуцах гэм хорын хэмжээг багасгах боломжтой, хохирол учирсанд тээврийн хэрэгслээ ашиглах боломж олгосон нэхэмжлэгч буруутай тул хохирлын хэмжээг багасгаж, хариуцагчаас 3 893 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсэг үндэслэлтэй тул хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно. Харин нэхэмжлэгч нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бус зөрчил гаргасан гэм буруутай этгээдээс хохирлоо шаардсан байхад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу боловч гэм хорын хохирлыг багасгасан тул хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр магадлал, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Мөнхбаатараас 3 893 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баяраад олгож, нэхэмжлэлээс 3 893 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтад “...139 526...” гэснийг “...77 238...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Мөнхбаатараас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 139 526  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР                                 

                                     ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА