Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0854

 

 

 

 
2017 оны 12 сарын 06 өдөр     Дугаар 221/МА2017/0854             Улаанбаатар хот


Н.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.3.2, 46.4, Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-н Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12,401,700 төгрөгийн урамшуулал болох 1,240,170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29,121,800 төгрөгийн 2,912,180 төгрөг, нийт 41,523,500 төгрөгийн 10 хувь болох 4,152,350 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-т олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг шүүх нотлох үүргээ бүрэн биелүүлээгүй, хуулийг оновчтой зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэн эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр хянан үзэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. 1. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын татварын улсын байцаагч нарын байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээнд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга гарын үсэг зурсан боловч түүний эдлэх эрх, хүлээх үүрэг гэрээнд тодорхой тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү үр дүнгийн гэрээгээр Баянзүрх сумын Засаг дарга нь тус сумын татварын улсын байцаагч Н.Б-т татварын давсан орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох үүрэг хүлээгээгүй, энэ талаар үр дүнгийн гэрээнд тодорхой заагаагүй байна. Түүнчлэн ... 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар үр дүнгийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний төгсгөлд талууд болон Баянзүрх сумын Засаг дарга нар гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон байна.
Гэвч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Баянзүрх сумын татварын улсын байцаагч нар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр Баянзүрх сумын Засаг дарга тус сумын татварын улсын байцаагч Н.Б-т давсан орлогын 10 хувиар урамшуулах үүрэг хүлээгээгүй байна. Харин 2013 оны 474 дүгээр журамд заасны дагуу Татварын хэлтсийг ... урамшуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх үүрэг хүлээсэн байх ба Баянзүрх сумын татварын улсын байцаагч Н.Б-г давуулсан орлогын дүнгээс 10 хувиар урамшуулал олгох үүрэг хүлээгээгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2013, 2014 онуудад сумдад ажиллаж байсан татварын улсын байцаагч нар миний адилаар үр дүнгийн гэрээг байгуулаад сумын Засаг дарга нар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа уг асуудлыг гэрээнд заасны дагуу оруулаад давсан орлогоос урамшуулал авч ирсэн байдаг. Гэтэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга нар нь гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн атлаа үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүхээс “давсан орлогын 10 хувиар урамшуулах үүрэг хүлээгээгүй байна” гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна. Миний бие Засаг даргыг уг асуудлыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан асуудлыг шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа ба энэ эс үйлдэхүйг тогтоолгохыг хүсч байгаа билээ.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... гэж дүгнэсэн нь буруу байна. Дээрх урамшуулал нь 474 дүгээр тушаалаар батлагдсан журмын үйлчлэлтэй огт хамааралгүй байхад тухайн үйл баримтыг хэрэгт хамааруулан шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байсан гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Н.Б өмнө ажиллаж байсан Засаг дарга нар зөвшөөрч 2014 онд урамшууллын мөнгөний оронд мотоциклыг өгсөн гэж тайлбарлаж байгаа. Тайлбараас үзэхэд Н.Б-н 2013, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд тооцож Баянзүрх сумын татварын улсын байцаагчийн албан хэрэгцээний мотоциклыг түүнд өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга нь таны урамшуулалд олгож байгаа гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сар хүртэл эзэмшиж байсан нь тодорхой байхад хэт нэг талыг баримтлан ийм дүгнэлтийг шүүхээс гаргах ёсгүй. Яагаад гэвэл сумын Засаг даргын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу урамшуулах үйл ажиллагааг хэрэгжсэн байсан юм.
Маргаан бүхий урьд ажиллаж байсан Засаг дарга нарын шийдвэрийн дагуу олгогдон тэтгэвэрт гарснаас хойш миний эзэмшилд байсан мотоциклыг хурааж авснаар эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын болон Хөвсгөл аймгийн Засаг дарга нараар асуудлыг урьдчилан шийдвэрлүүлж, улмаар шүүхэд хандан асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүхээс үзсэнийг буруу гэж үзэж байна.
Эрх бүхий албан тушаалтнуудын хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй, үр дүнгийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж миний бие хохирч үлдэх ёсгүй ба шүүхээр 2 жил шахам хугацаанд явуулж чирэгдэл учруулан миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Н.Б нь “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12,401,700 төгрөгийн урамшуулал болох 1,240,170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29,121,800 төгрөгийн 2,912,180 төгрөг, нийт 41,523,500 төгрөгийн 10 хувь болох 4,152,350 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-т олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Н.Б нь 2013 он, 2014 онд тус тус үр дүнгийн гэрээг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй байгуулан ажиллаж байжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийн 2013 он, мөн 2014 оны үр дүнгийн гэрээний урамшууллыг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дарга 2013, 2014 оны тушаалуудаар тус тус олгосон байна.
Дээрх нэхэмжлэгчийн байгуулсан үр дүнгийн гэрээнүүдээс үзэхэд Баянзүрх сумын Засаг дарга “төсвийн орлого бүрдүүлэх, захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэх болон татварын хяналт шалгалт, мэдээллийн ажлын зардалд зориулж татварын улсын байцаагчид унаа, бичиг хэрэгсэл, телефон яриа, татвар хураалттай холбогдсон бензин шатахууны зардлыг гаргах” зэрэг үүргийг хүлээжээ.
Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Татварын улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, ажлын үр дүнгийн шагнал, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-т үр дүнгийн урамшууллыг тухай бүрт нь зохих хэмжээгээр олгосон.
Мөн 2014 оны үр дүнгийн мөнгөн урамшууллын оронд түүнд мотоциклыг өгсөн гэж шууд дүгнэх үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн маргаж буй 2013, 2014 оны татварын орлогоос давсан орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох үүргийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга хүлээгээгүй бөгөөд энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Тиймээс 2013 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 12,401,700 төгрөгийн урамшуулал болох 1,240,170 төгрөг, 2014 оны үр дүнгийн гэрээний урамшуулалд 29,121,800 төгрөгийн 2,912,180 төгрөг, нийт 41,523,500 төгрөгийн 10 хувь болох 4,152,350 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-т олгохгүй байгаа гэх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга нар нь гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн атлаа үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүхээс “давсан орлогын 10 хувиар урамшуулах үүрэг хүлээгээгүй байна” гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна ...” гэж сумын Засаг даргаас мөн урамшуулал авах ёстой гэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшууллыг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс зохих хэмжээгээр авсан бөгөөд сумын Засаг даргаас мөн үр дүнгийн урамшууллыг дахин шаардах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                  Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР