Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 415

 

А.М-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0384 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М-ийн 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0384 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан А.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М-ийн “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн заалт нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлж, 52.8 буюу F үнэлгээ авсан тул эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үнэлгээг үндэслэн аймгийн Засаг дарга хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-т 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг 4 сар 07 хоног тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан.

4. Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлсэн. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасны дагуу үнэлсэн үнэлгээ юм. Маргаан бүхий актын гол үндэслэл нь хариуцагчаас эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үнэлгээг үндэслэсэн. Нэхэмжлэгч нь үнэлгээн дээр огт маргаагүй бөгөөд гомдол гаргах хугацаа хэтэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тогтоогддог.

5. Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд…”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж хариуцагчийн эрхийг тусгайлан заажээ. Энэ утгаараа нэхэмжлэгчийн /Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 6.6-д “...шинээр томилогдсон төсвийн шууд захирагч нь гэрээний биелэлтийг бүтэн жилээр тайлагнана”/ гэрээний биелэлтийг Боловсрол, соёл урлагийн газар үнэлж, аймгийн Засаг даргад ирүүлсэн үнэлгээг үндэслэн хариуцагчаас хариуцлага тооцсон нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг огт зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь бүтэн жилийн үнэлгээ байдаг.

6. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв байна.

8. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэсэн гэх боловч үнэлгээ нь бодитой бус буюу нэхэмжлэгч нь хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх,... зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ баталгаа гаргахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Харин хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь 2017 оны А/593 дугаар захирамжаараа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг үнэлж дүгнэх үүргийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт даалгасны дагуу тус газрын даргаас холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан “Ажлын хэсэг” байгуулсан байх бөгөөд ажлын хэсгээс нэхэмжлэгч болон бусад сургууль, цэцэрлэгчийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг дүгнэжээ. Ийнхүү Засаг даргаас үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх ажлыг бусад байгууллагаар хийлгүүлсэн нь түүнээс гарах үр дагаврыг хариуцахгүй гэсэн үг биш, өөрөөр хэлбэл ажлын хэсгийн хийсэн үнэлгээг нягтлах, шалгах, хууль, журмын дагуу, бодитой хийхийг холбогдох этгээдээс шаардах, шаардлагатай бол дахин хийх зэргээр эцсийн үр дагаврыг Засаг дарга хариуцна. Иймээс маргаан бүхий акт хууль бус бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээний биелэлтийг Боловсрол, соёл урлагийн газар үнэлж, ирүүлсэн, Засаг дарга ирүүлсэн үнэлгээг л үндэслэн нэхэмжлэгчид хариуцлага тооцсон тул хариуцагчийг буруутгах боломжгүй” гэх гомдол /Тодорхойлох хэсгийн 3-5/ үндэслэлгүй.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, захиргааны актын хувьд нэг бол хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой байтал нэхэмжлэгчээс “үнэлгээ хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлага гаргасныг шүүх тодруулах шаардлагатай байсан. Учир нь, захиргааны акт хууль бус болохыг тогтоох нь нэхэмжлэгчийн хувьд ямар ч эрх зүйн хамгаалалт буюу үр дагаврыг үүсгэхгүй юм.

11. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, анхан шатны шүүх үнэлгээтэй холбоотой шаардлагыг “бие даасан шаардлага”-ын хүрээнд хангаж шийдвэрлэсэн атлаа түүнд холбогдуулан тус гэрээг үнэлсэн Боловсрол, соёл, урлагийн газрыг хариуцагчаар татах, хэрэг үүсгэх, холбогдох тайлбар, нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллаагааг хийгээгүй нь буруу байна.

12. Харин давж заалдах шатны шүүх үр дүнгийн гэрээг эрх зүйн үр дагаваргүй тул тусдаа захиргааны акт биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, үр дүнгийн гэрээний үнэлгээ нь хамааралт этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэх боломжтой бөгөөд ийм ч учир зөвхөн үнэлгээний үр дүнг эс зөвшөөрч “үнэлгээ бодитой бус, журам зөрчсөн, эсхүл үнэлгээ хийх эрхгүй этгээд хийсэн” зэрэг үндэслэлээр тухайн үнэлгээг хийсэн этгээдтэй, эсхүл дээд шатны захиргаатай маргах, цаашилбал уг асуудлаар  Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэх эрхтэй юм.

13. Хэдийгээр энэхүү маргааны хувьд дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний үр дагаврыг Засаг дарга өөрөө хариуцах ёстой, энэ утгаараа тухайн үнэлгээг үндэслэн гарсан Засаг даргын захирамж нь угтаа хариуцагчийн нэг л үйл ажиллагаа, иймээс маргаан бүхий актын үндэслэл болсон үнэлгээ нь тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул захиргааны акт биш гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш ч хэрэв нэхэмжлэгч зөвхөн үнэлгээтэй маргавал захиргааны акт гэж үзнэ, харин үнэлгээ болон түүнийг үндэслэн гарсан өөр нэгэн акттай хамтад нь маргавал үнэлгээг акт гэж үзэхгүй гэх нь бодит байдал дээр ойлгомжгүй, маргаантай байдлыг бий болгоход хүргэнэ.

14. Иймээс маргаан бүхий “үнэлгээ”-г бие даасан захиргааны акт гэж үзэх нь зүйтэй, гэхдээ анхан шатны шүүх захиргааны актад хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй, иймд давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв гэж үзнэ.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0384 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ