| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03005/И |
| Дугаар | 181/ШШ2024/03641 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03641
2024 10 01 181/ШШ2024/03641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хурдан морьт овогт Ч.Б /РД:........./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК /РД:........./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 77,808,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 77,808,780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ч.Б миний бие М ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 1 мкв-ын үнийг 1,200,000 төгрөгөөр тооцож, Е блок, 1 дүгээр орц, 8 давхар, 802 тоот хаягт байрлах 64.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээний төлбөр 73,740,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М ХХК-ийн Төрийн банкны .......... тоот дансанд шилжүүлсэн.
Гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд М ХХК нь гэрээний хугацаанд орон сууцны барилгын ажлыг эхлээгүй, суурь нь ч тавигдаагүй учраас 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцалсан.
Хариуцагч М ХХК нь гэрээ цуцалсан актад 180 хоногийн дотор төлсөн төлбөрийг буцаан олгоно гэж заасан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа нь манай гэр бүлийн амьдрал, гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйд маш их хохирол учруулж байна.
Миний зүгээс хуулийн зөвлөхтэй нь удаа, дараа очиж уулзсан боловч тодорхой хариу өгөхгүй байгаа тул тус компаниас гэрээний үүрэгт шилжүүлсэн 73,740,000 төгрөг, Хаан банкны зээлийн хүү 4,068,780 төгрөгийг хохиролд тооцож, нийт 77,808,780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 546,994 төгрөг төлсөн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, гэрээ цуцалсан акт, төлбөр төлсөн баримт, М ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, Хаан банк ХХК, Ч.Б нарын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №ЗГ/2021..... дугаартай Зээлийн гэрээ, №БГХ/2021......... дугаартай Барьцааны гэрээ ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.О-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ч.Б нь М ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ бичгээр байгуулж, Хан-Уул дүүргийн .......... 202 тоот хаягт байрлах 61.45 м.кв, 3 өрөө орон сууцыг захиалан 73,740,00 төгрөг төлсөн. М ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгын ажлыг эхлээгүй, гэрээний хугацаа дууссан тул талууд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцалж, акт үйлдсэн. Уг актад дурдсанаар хариуцагч нь 180 хоногийн дотор төлбөрийг буцаан олгоно гэсэн боловч олгоогүй. Миний хувьд гэрээний төлбөрийг төлөхийн тулд Хаан банкнаас цалингийн зээл авч, зээлийн хүүд 4,068,780 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 73,740,000 төгрөгийг, зээлийн хүүд төлсөн 4,068,780 төгрөгийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Шүүх хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-д нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гараагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч М ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь М ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ....... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн .......... 202 тоот хаягт байрлах 61.45 м.кв, 3 өрөө орон сууцыг захиалан 73,740,00 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, төлбөр шилжүүлсэн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, гэрээ цуцалсан актаар тогтоогдож байна. /хх1-3, 6-8/
Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгч Ч.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М ХХК-д 73,740,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон.
5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч М ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүйгээс талууд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцалж, М ХХК нь 73,740,000 төгрөгийг гэрээ цуцалснаас хойш 180 хоногт нэхэмжлэгч Ч.Бын Хаан банк дахь .......... тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэжээ. /хх7/
Гэвч хариуцагч М ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Ч.Бын төлсөн төлбөрийг буцаан олгох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч М ХХК-иас 73,740,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгох нь зүйтэй.
6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ч.Б нь Хаан банк ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, зээлийн хүүд 4,068,780 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдсон. /хх16-20/
Нэхэмжлэгч Ч.Б нь М ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний төлбөрийг төлөхийн тулд цалингаа барьцаалан зээл авч, 4,068,780 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч М ХХК-ийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас талууд гэрээг цуцалсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Ч.Бын зээлийн хүүд төлсөн 4,068,780 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч М ХХК-иас 77,808,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгохоор шийдвэрлэв.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,994 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 546,994 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 77,808,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,994 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 546,994 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ