Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03575

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 181/ШШ2024/03575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .................. давхарт байрлах, А ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Я, Н.З-г нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Я, Н.З-г нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.Я, Н.З-г нар нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А ХХК-тай ............. дугаартай Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ-г тус тус байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Э.Я, Н.З-г нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 1057 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон.

Э.Я, Н.З-г нар нь зээл авах үедээ ............ хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/03684 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч Э.Я, Н.З-г нар хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна.

Иймд Э.Я, Н.З-г нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А.Т-д олгосон итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ............. тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, баталгаат ипотекийн гэрээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/03684 дугаартай захирамж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар Э.Я, Н.З-г нарын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч А ХХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Я, Н.З-г нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч А ХХК нь Э.Я, Н.З-г нартай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ............. тоот Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Э.Я, Н.З-г нарыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Я, Н.З-г нар нь .............. тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт Э.Я, Х овогт Н.З нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Э.Я /РД:......../, Х овогт Н.З /РД:.........../ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт Э.Я /РД:......../, Х овогт Н.З /РД:.........../ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б овогт Э.Я, Х овогт Н.З нарыг оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч А ХХК /утас............../-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ