| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03597/И |
| Дугаар | 181/ШШ2024/03640 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03640
2024 10 01 181/ШШ2024/03640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржигин овогт Б.Б /РД:........../-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК /РД:.........../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 20,834,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.А нар оролцов.
/Хариуцагч М ХХК-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 20,834,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Б.Б миний бие хариуцагч компанид борлуулалтын менежер ажилтай А-тэй 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр уулзахад хариуцагч компанийн зүгээс Хан-Уул дүүргийн ................... орон сууцны хотхонд 100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 76,000,000 төгрөгийг сар бүр 800,000 төгрөгөөр 8 жилийн хугацаанд ямар нэгэн хүүгүйгээр, хувь лизингийн нөхцөлөөр төлөх орон сууцны захиалгын гэрээ байгуулах саналыг тавьсан.
Миний зүгээс тус саналыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн .......... 405 тоот хаягт байрлах 50 м.кв хоёр өрөө орон сууцыг захиалан хариуцагч компанитай 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ......... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г бичгээр байгуулсан.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч миний бие 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 792,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 792,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, нийт 25,834,000 төгрөг төлсөн.
Дээрх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид 19 тахлаас улбаалан барилгын ажил удаашралтай байсан бөгөөд барилга хэзээ баригдаж, ашиглалтад орох нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Үүнээс шалтгаалан нэхэмжлэгч миний бие хариуцагч компанийн оффис дээр очиж уулзан хурдан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах тухай хүсэлт гаргахад хариуцагч компанийн зүгээс гэрээ цуцлах санал тавьсан. Миний зүгээс гэрээ цуцлах бодолгүй байгаагаа хэлсэн.
Гэтэл хариуцагч компаниас нэхэмжлэгч намайг захиалсан орон сууцныхаа дотор заслыг өөрөө хийгээд байраа хүлээн авч болно гэсэн. Миний хувьд барилгын талаар ямар ч мэдлэггүй бөгөөд орон сууцанд дотор засал хийх боломжгүй тул гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөн.
Ингээд бид 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж, тус актаар хариуцагч М ХХК нь миний гэрээний үүрэгт төлсөн 25,834,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч компани гэрээ цуцалсан акт үйлдэх үед орон сууц захиалан бариулах гэрээг эх хувиар нь буцаан авч, надад гэрээ цуцалсан акт гэсэн бичиг өгсөн.
Хариуцагч компанийн зүгээс гэрээ цуцалсан актад дурдсан хугацаа болох 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Миний зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч компанид хандан 25,834,000 төгрөгийг шаардахад М ХХК-ийн Хууль зүйн албанаас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ....... тоот албан бичгээр олон захиалагчийн буцаан олголтын ачааллаас хамааран хугацаа алдсан тул буцаан олголтын 25,834,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. гэх хариу өгсөн.
Хариуцагч компани 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн боловч үлдэх 20,834,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй байна.
Нэхэмжлэгч миний бие гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөн дээр мөнгө нэмж өөр газар орон сууц захиалахаар төлөвлөж байсан боловч хариуцагч компанийн энэхүү хариуцлагагүй байдлаас улбаалан мөнгө төгрөг, цаг хугацаагаар маш их хохирч байна.
Иймд хариуцагч компанитай байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ......... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсантай холбоотойгоор тус гэрээний үүрэгт төлсөн төлбөр 20,834,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 262,150 төгрөг төлсөн баримт, Э.З-д олгосон итгэмжлэл, Б.Бы Хаан банк дахь ............ тоот дансны хуулга, төлбөр төлсөн баримтууд, Гэрээ цуцалсан акт, М ХХК-ийн Хууль зүйн албаны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ......... тоот албан бичиг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.О-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Б.Б нь М ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ......... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ бичгээр байгуулж, Хан-Уул дүүргийн......... 405 тоот хаягт байрлах 50 м.кв хоёр өрөө орон сууцыг захиалан 25,834,000 төгрөг төлсөн. Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлаас шалтгаалан барилгын ажил удаашралтай байсан тул хариуцагчийн гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрч, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж, М ХХК нь миний гэрээний үүрэгт төлсөн 25,834,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч М ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн боловч үлдэх 20,834,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй тул үлдэх төлбөрөө гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Шүүх хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-д нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гараагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч М ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь М ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ......... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн......... 405 тоот хаягт байрлах 50 м.кв хоёр өрөө орон сууцыг захиалан 25,834,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн дансны хуулга, төлбөр шилжүүлсэн баримтууд, гэрээ цуцалсан актаар тогтоогдож байна. /хх1-2, 6-11/
Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-д 25,834,000 төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулга, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон.
5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
Талууд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж, М ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 25,834,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бы Хаан банк дахь ............ тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. /хх11/
Хариуцагч М ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 20,834,000 төгрөгийг буцаан олгох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч М ХХК-иас 20,834,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 20,834,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ