| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0662/Э |
| Дугаар | 574 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 574
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бгийн Бд холбогдох 1703000010100 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1953 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух,
1983 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1985 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Бгийн Б /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар 22-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтийн “МТ” колонкын урд замд өөрийн эзэмшлийн Сузуки Карри маркын ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд явж байгаад “МТ” колонк өнгөрөөд ертөнцийн зүгээр урагш гэр рүүгээ орохоор үргэлжилсэн цагаан шугамаар зүүн гар тийш эргээд ортол баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан автомашинтай мөргөлдсөн байсан. Тэгээд би ухаан алдаж ГССҮТ-д хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байхдаа шөнө нь ухаан орсон. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2.Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөр ч байхад Баянхангай сумаас Улаанбаатар хот руу явах гээд замын унаа болох приус маркын автомашинд суугаад Эмээлтийн замд “МТ” колонкийн хажууд явж байтал эсрэг урсгалаас Сузуки маркын жижиг ачааны автомашин гэнэт үргэлжилсэн цагаан шугам давж эргэж миний сууж явсан машины урдуур орж ирээд мөргөлдөж 2 машин замын хажуу талын жалга руу онхолдсон. Би тэр үед машины ард талын хамгаалах бүс зүүгээгүй сууж байсан. Машинаас буутал баруун гар хугарчихсан байсан. Мөргөлдсөн Сузуки маркын автомашин дээр очтол жолооч нь миний хүзүү өвдөөд байна гээд жолооны ард талаас бууж чадахгүй байсан. Приус маркын автомашины жолооч түргэн тусламж болон цагдаа руу дуудлага өгсөн. Түргэн тусламжийн автомашин нөгөө машины жолоочийг үзээд даралт нь ихэссэн байна гээд эмнэлгийн машинтай гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би хамт эмнэлгийн машинтай яваад гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл хагалгаанд орох шаардлагатай гээд 6 хоног хэвтсэн. Эмч намайг чихрийн шижин өвчтэй учир хагалгаанд орж болохгүй гэрээр эмчилгээ хийлгэ гээд эмнэлгээс гаргасан. Тархи хөдөлсөн, баруун гар хугарсан өөр гэмтэл байхгүй. Одоогийн байдлаар 350,000 гаруй төгрөг зарцуулаад байгаа. Жолоочийн зүгээс мөнгө зарцуулаагүй. Эмчилгээний төлбөрөө гаргуулчихвал гомдолгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 х/
1.3.Гэрч Н.Чингүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны орой 20 цаг 30 минутын орчим Төв аймгийн Баянхангай сумаас гараад Улаанбаатар хот руу баруунаас зүүн тийш найз Дэлгэржаргал, замаас суусан танихгүй Б нарын хамт өөрийн эзэмшлийн Тоёото приус маркын 34-51 УНҮ улсын дугаартай автомашинтай 55 км/цагийн хурдтай Эмээлтийн даваа уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан автомашин ойртож ирээд огцом эргэлт хийсэн. Тухайн автомашин эргэх үйлдэл хийхдээ дохио өгөөгүй. Тэр машин эсрэг урсгалын 2-р эгнээгээр явж байсан гэтэл 10 метрийн зайнаас гэнэт эргэх үйлдэл хийх үед нь зогсох арга хэмжээ авч тоормос гишгэж машины хурд хасагдсан боловч бүрэн зогсож амжаагүй. Би хурдаа сааруулах явцдаа зайлуулах үйлдэл хийсэн боловч тухайн машин хоёр эгнээ замыг хааж зогссон байсан. Мөргөлдсөний дараа миний машины тоормос ажиллагаагүй болж замаас гарч баруун талын шороон зам руу орсон байсан. Хойно сууж байсан Б гэж хүн намайг машинаа зогсоогооч гэж хэлэхэд тормосоо гишгэж зогсоосон. Ослын дэр задарсан болохоор би замаас унаснаа мэдээгүй. Би машиныхаа урд талаар тухайн машины дунд тал руу очиж мөргөлдсөн. Миний машины баруун хойд тал зурагдсан байсан, би тэр машинтай мөргөлдөх үед тухайн машиныг суурин дээрээ эргэлдсэн болов уу гэж бодсон. Мөргөлдсөн машин замын баруун талд зам руугаа чиглэсэн байдалтайгаар зогсож байсан. ...Би машинаасаа бууж замын цагдаагийн 102, түргэний 103 дугаар руу өөрийнхөө 99977782 дугаарын утаснаас дуудлага өгсөн. Нөгөө машин дээр очиход ухаан алдсан байдалтай байж байсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн хэмжилт хийсний дараа бид нар түргэн тусламжийн авто машинтай эмнэлэг орсон. Нөгөө машины жолооч тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт шууд хэвтсэн. Миний машинд сууж явсан. Б гэх хүн гэмтлийн эмнэлэгт хэвтэх гэсэн боловч ор байхгүй гээд гарыг нь гипсдүүлээд гаргасан. Машины ослын дэр задарсан болохоор гайгүй, баруун гарны бугуй, зүүн хөлний шагай зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хэлсэн. Автомашины мотор, урд гупер, радиатор, урд талын бүх гэрэл, 2 карлон, урд копуд гэх урд хэсгийн бүх эд ангиуд эвдэрсэн. Сээр нурууны 2 үе зууралттай гэж сонссон. Машины кабин, ачаа, тээш хаалга хонхойсон байсан. Жолооч талын цонх хагарсан. Өөр гэмтлийг мэдэхгүй байна. Хойно сууж явсан Боос бусад нь хамгаалах бүс зүүсэн байсан. Осол болох үед бид 2-ын дэр задарсан болохоор гайгүй байсан. Жолоодох эрхийн үнэмлэхтэй. Жолооч болоод 6 жил болж байна, цаг агаар тогтуун, гэрэлтүүлэггүй зам, зорчих хэсэг дээр хөдөлгөөн байхгүй. Эсрэг урсгалтай 4 эгнээ зам байсан. Би зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан. Би машиныхаа 4 дугуйг солиод 2 хонож байсан. Миний машин өөр эвдрэл гэмтэлгүй, бүрэн ажиллагатай машин байсан. ...Автомашинд учирсан хохирлыг даатгалаар шийдүүлсэн, шүүх хуралд оролцохгүй болно. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 70-71 х/
1.4.Гэрч Д.Дэлгэржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд найз Н.Чингүүнтэй хамт түүний эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота Приус” маркын 34-51 УНҮ улсын дугаартай автомашинтай Атарын сангийн аж ахуйгаас нэг танихгүй эрэгтэй хүнийг аваад Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд бид нар шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн “МТ” колонкын урдуур ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй ойролцоогоор 50-60 орчим км/цагийн хурдтай замын нэгдүгээр эгнээгээр явж байтал эсрэг урсгалд буюу ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан жижиг ачааны автомашин гэнэт үргэлжилсэн цагаан шугам даваад эргэсэн. Тэр үед жолооч Чингүүн жижиг автомашиныг хараад шууд тоормос гишгээд зогсож чадалгүй ачааны машины баруун гар талын хэсэг рүү мөргөөд замын хажуу руу гараад зогссон. Манай найз Чингүүн бид хоёр нөгөө ачааны машин руу гүйгээд очтол жолооч нь хагас ухаантай байсан. Бид хоёр зүүн гар талын хаалгыг нь нээж жолоочийг автомашинаас гаргасан. Манай найз Чингүүн өөрийнхөө 99977782 дугаартай гар утаснаас цагдаа, түргэн тусламж, даатгалд тус тус дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирээд бид нарын биеийн байдлыг үзээд зорчигч болон жижиг ачааны автомашины жолооч нарыг ГССҮТ- рүү авч явсан. Манай найз Чингүүн ослын газраа үлдэж цагдаагийн албан хаагч нартай хэргийн газарт үзлэг шинжилгээ хийлгэсэн. Ослын газар очсон цагдаагийн албан хаагч нар жолоочийг шалгаж үзэхэд эрүүл байсан. Би ачааны автомашиныг эсрэг урсгалд орж байхыг 10 метрийн зайнаас харсан. Тэр үед ачааны жижиг автомашин эсрэг урсгалд нэгдүгээр эгнээгээр явж байгаа харагдсан. Гэтэл тэр автомашин манай автомашинтай зэрэгцээд ирэх үед гэнэт шууд дараад эсрэг урсгал руу ороод ирсэн. Тэгээд осол болсон. Үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа харанхуй, зам түгжрэлгүй, асфальтан, шулуун тэгш, хуурай, явган хүний гарц гэрэл дохио байхгүй, суурингийн доторхи эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ зам байсан. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, миний бие зүгээр. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-74 х/
1.5.Шинжээчийн 9497 тоот дүгнэлт
1.Г.Бын биед баруун атгаалын хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 31 х/,
1.6.Замын цагдаагийн шинжээчийн 513 тоот дүгнэлт
1. ... ... УНТ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.4-т заасан хэвтээ тэмдэглэл 7.3. “дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” мөн дүрмийн 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 71.1-7.3, 7.14, 7.16. а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг .... зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 65 х/
1.7.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 9-11 х/
1.8.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-14, 78-80, 89 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Жолооны үнэмлэх хүчинтэй талаарх лавлагаа /хх 103 х/
2.2.Б.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 107 х/
2.3.Хорооны тодорхойлолт /хх 102 х/
Гурав:Хохирлын талаарх баримтууд.
3.1.Иргэний нэхэмжлэгч Н.Чингүүний автомашины хохирлын үнэлгээ /хх 77 х/
3.2.Иргэний нэхэмжлэгч Н.Чингүүнд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 123 х/
3.3.Хохирогч Г.Б-д хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 122 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б 2017 оны 07 дугаар сарын 22-ны шөнийн 23 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн “МТ” шатахуун түгээх станцын урд замд өөрийн эзэмшлийн “Suzuki Carri” маркын ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.4-т заасан хэвтээ тэмдэглэл 7.3. “дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” мөн дүрмийн 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 71.1-7.3, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж хэвтээ тэмдэглэгээг давж эргэсний улмаас Н.Чингүүний жолоодож явсан “Тоёото Приус-20” маркын 34-51 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч Г.Бын эрүүл мэндэд “баруун гарын атгаалын хугарал” бүхий хүндэвтэр хохирол /иргэний нэхэмжлэгч Н.Чингүүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 4,697,750 төгрөгийн хохирол/ учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Б.Бгийн “...Би 2017 оны 07 дугаар 22-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтийн “МТ” колонкын урд замд өөрийн эзэмшлийн Сузуки Карри маркын ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд явж байгаад “МТ” колонк өнгөрөөд ертөнцийн зүгээр урагш гэр рүүгээ орохоор үргэлжилсэн цагаан шугамаар зүүн гар тийш эргээд ортол баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан автомашинтай мөргөлдсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Хохирогч Г.Бын “...2017 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цаг өнгөр ч байхад Баянхангай сумаас Улаанбаатар хот руу явах гээд замын унаа болох приус маркын автомашинд суугаад Эмээлтийн замд “МТ” колонкийн хажууд явж байтал эсрэг урсгалаас “Сузуки” маркын жижиг ачааны автомашин гэнэт үргэлжилсэн цагаан шугам давж эргэж миний сууж явсан машины урдуур орж ирээд мөргөлдөж 2 машин замын хажуу талын жалга руу онхолдсон. Би тэр үед машины ард талын хамгаалах бүс зүүгээгүй сууж байсан. Машинаас буутал баруун гар хугарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 х/
- Гэрч Н.Чингүүний “...2017 оны 07 дугаар сарын 22-ны орой 20 цаг 30 минутын орчим Төв аймгийн Баянхангай сумаас гараад Улаанбаатар хот руу баруунаас зүүн тийш найз Дэлгэржаргал, замаас суусан танихгүй Б нарын хамт өөрийн эзэмшлийн Тоёото приус маркын 34-51 УНҮ улсын дугаартай автомашинтай 55 км/цагийн хурдтай Эмээлтийн даваа уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан автомашин ойртож ирээд огцом эргэлт хийсэн. ... Хойно сууж байсан Б гэж хүн намайг машинаа зогсоогооч гэж хэлэхэд тормосоо гишгэж зогсоосон. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 70-71 х/
- Гэрч Д.Дэлгэржаргалын “... Эмээлтийн “МТ” колонкын урдуур ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй ойролцоогоор 50-60 орчим км/цагийн хурдтай замын нэгдүгээр эгнээгээр явж байтал эсрэг урсгалд буюу ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан жижиг ачааны автомашин гэнэт үргэлжилсэн цагаан шугам даваад эргэсэн. Тэр үед жолооч Чингүүн жижиг автомашиныг хараад шууд тоормос гишгээд зогсож чадалгүй ачааны машины баруун гар талын хэсэг рүү мөргөөд замын хажуу руу гараад зогссон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-74 х/
- Шинжээчийн 9497 тоот дүгнэлт
1.Г.Бын биед баруун атгаалын хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 31 х/,
- Замын цагдаагийн шинжээчийн 513 тоот дүгнэлт:
1. ... ... УНТ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.4-т заасан хэвтээ тэмдэглэл 7.3. “дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” мөн дүрмийн 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 71.1-7.3, 7.14, 7.16. а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг .... зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 65 х/
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 9-11 х/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-14, 78-80, 89 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Иргэний нэхэмжлэгч Н.Чингүүний автомашинд 4,697,750 төгрөгийн хохирол учирсан болох нь Мастер үнэлгээний газрын үнэлгээ /хх 77 х/-р тогтоогдсон бөгөөд хохирол төлөгдсөн болох нь иргэний нэхэмжлэгчид “автомашинд учирсан хохирлыг даатгалаар шийдүүлсэн” гэх хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 123 х/-р, хохирогч Г.Б нь хохирол, төлбөргүй болох нь түүнд хэргийн материал танилцуулсан “шүүх хуралд оролцохгүй, гомдол, санал байхгүй гэсэн тэмдэглэл /хх 122 х/, шүүгдэгчийн “хохирогч Г.Б-д 1,000,000 төгрөг төлсөн, харин автомашины хохирлыг даатгалаас төлсөн” гэх тайлбараар тус тус нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Шүүгдэгч бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцогдож харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Шүүгдэгч Б.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогчид учирсан бодит зардлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд тэтгэвэрт байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн Б.Бгийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт Бгийн Бг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Б-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д мэдэгдсүгэй.
5.Б.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн 374938 дугаартай В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Бд буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ