Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0876

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0876

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ж*******”  ХХК, А.Э*******,

Хариуцагч: Засгийн газрын хэрэг эрхлэх газар,

Маргаан төрөл: А.Э*******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Ж*******”  ХХК-иас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдуулан А.Э*******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдааныг болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Э*******, Ж.А******* нар нь  2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан байна.

3.Улмаар дээрх гомдолд хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ХЭГ/2264 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн.

4.Нэхэмжлэгч “Ж*******”  ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл /цаашид ХОЭАХЗ гэх/ -ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот зөвлөмжийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хороо нь ээлжит бус нэгдүгээр хуралдааныг зарлаж 14 тоот тогтоол гаргаж тус тогтоолыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 08 минутад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарсан байдаг.

2/Нэг өдрийн огноотой төрийн 3 өөр байгууллага гурвуулаа хуралдаад бүгд шийдвэрээ гаргасан гэх үйлдэл нь бодит амьдрал дээр байх боломжгүй тохиолдол юм. Иймд 14 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  32 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтууд цугларсан ба шүүхэд цугларсан нотлох баримтууд илэрхий худлаа мэт байсан учир “Ж*******” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* миний бие Засгийн газрын хэрэг эрхлэх газарт  хандан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний  өдрийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаантай холбоотой өргөдөл гаргахад Засгийн газрын хэрэг эрхлэх газраас А.Э******* надад 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдсан бичлэг, фото зураг байгаа мэт 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой ХЭГ/140 тоот хариу өгсөн.

3/А.Э******* миний бие уг хариуг шүүхэд нотлох баримтаар гарган өгч албан тоотод дурдагдсан баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахыг хүсэхэд шүүх хүсэлтийг ханган Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг баримтуудыг шаардсан.

Шүүхийн шаардсаны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүхэд албан тоотоор хариу өгөхдөө хурал болсон мэт худал хариу өгсөн ба Улсын Их Хурлын Тамгын газраас нотлох баримт шаардахад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14/413 тоот албан бичгээр ".. хуралдааны дуу дүрсний бичлэг болон фото зураг манай байгууллагад хадгалагдаагүй болно" гэж хариу ирсэн.

4/Улмаар “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* миний бие 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргаж 2017 оны 04 дугаар сарын 14-ний  өдрийн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаагүй хуралдааны 01 тоот зөвлөмжийг хүчингүй болгож хууль бус худал хариу өгсөн үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан.

Манай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шаардлагыг хүлээж аваад 2020 оны 07 дугаар сарын 19-ний дотор хуульд зааснаар хариу өгөх учиртай байтал хариу өгөхгүй хүнд суртал гаргаж байх тул аргагүйн эрхэнд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

А.Э******* миний хувьд бол Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан хаагчдад "Энэ муу хэн ч биш амьтанд юу ч гэж худлаа бичиж өгөхөд энэ муу амьтан юу олж долоохов" гэсэн байдалтай худлаа хариу өгсөн үйлдлийг миний хувьд намайг гутаан доромжилсон гэж үзэж цаашид Засгийн газрын хэрэг эрхлэх газар  гэдэг худал хуурмаг төрийн албан хаагчдын байгууллага гэж ойлгогдоход хүрсэн болно.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн  7.1.3,7.1.6 дахь заалтыг зөрчиж үнэ зөв мэдээлэл авах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны зөрчил юм.

  Иймд Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь “Ж*******”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний  өдрийн гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдааныг болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гаргасан зөвлөмжтэй холбогдуулж 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш үнэн зөв нотлох баримт шаардсан. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсаныг 14-ний өдөр болгож өөрчилсөн, хуралдааны дуу дүрсний бичлэг байхгүй гэсэн учраас Монгол Улсын Засгийн газарт өргөдөл бичсэн. Өргөдлийн дагуу аудио, видео бичлэг байгаа гэсэн учраас шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан ч байхгүй гэсэн хариу ирсэн. 5 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэхэд хуралдаан эхлэхэд хуралдааны ирц, эхлэх цаг байх ёстой ч эдгээр зүйл байгаагүй. Хуралдаан даргалсан хүмүүсийн нэр шүүхэд ирсэн хуралдааны тэмдэглэлд 2 өөр нэр бичигдсэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралтай гэсэн бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бичгээр 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээж авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зөвлөмж гаргасан байдаг. Цаг хугацааны хувьд ойлгомжгүй баримтууд байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд зөвлөлийн гишүүнд Ж.О******* гэж хүн асуулт асууж хариулт хэлсэн нь тэмдэглэлд байгаа хэдий ч 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зөвлөлийн гишүүнээр томилогдсон байдаг. Эдгээр ойлгомжгүй эргэлзээтэй баримтуудыг тодруулахаар шүүхээс албан тоотоор нотлох баримт шаардсан ч хүн итгэх баримт ирдэггүй. 20 жилийн хугацаанд шүүхэд хэргийн оролцогчоор оролцохдоо хуурамч нотлох баримтыг тогтоолгож байсан. Боломжгүй гэдгийг ойлгосон учраас хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болгож өөрчилсөн. Худал баримтаа баталгаажуулж чаддаггүй. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн сайтад хуралдаан болсон гэж оруулсан мэдээллийг хуулбарлаж авсны дараа мэдээллээ устгасан. Хуралдаан болсон өдрийн бичлэг нь он сартайгаа тодорхой байдаггүй. Үнэн бодит нөхцөл байдлыг тогтоолгохоор 5 жил явсан ч тогтоолгож чадаагүй. Монгол Улсын Засгийн газарт үнэн гэдэг зүйл байдаггүйг ойлгосон. Үнэн гэдэг зүйл Монгол Улсад байхгүй, улсынхаа ард иргэдэд хэлэхгүй байна. 5 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад үнэн гэж итгэх баримт одоо ч байхгүй байна. Тиймээс шүүх үнэнийг олж, шийдвэр гаргана гэж найдаж шүүхэд хандсан” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж шүүх хуралдаанд оролцоно. Монгол Улсын Засгийн газар нь “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоолгож, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зөвлөмжийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот зөвлөмжийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Харилцаа холбооны зохицуулах хорооны ээлжит бус нэгдүгээр хуралдааныг зарлаж 14 дүгээр тогтоолыг гаргаж тус тогтоолыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 08 минутад Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх зөвшөөрлийг баталсан байдаг. Төрийн 3 өөр чиглэлийн байгууллага нэг өдөр хуралдаж шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй бодит нөхцөл байдалд тохирох боломжгүй шийдвэр байсан. 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар шүүхэд цугларсан нотлох баримтууд нь илт хууль бус байсан тул “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Хэрэглэх эрхлэх газарт хандаж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаантай холбоотой өргөдлийг гаргахад Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Хэрэглэх эрхлэх газраас ирүүлсэн тайлбартаа “Тамгын газарт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хуралдаан болсон талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс гадна видео зураг, фото зургаар гэрчлэгдэж байгаа гэсэн” хариу ирсэн. Мөн шүүхээс нотлох баримт шаардсаны дагуу Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Хэрэглэх эрхлэх газраас албан тоотоор хариу өгөхдөө хурал болсон мэт худал хариу өгсөн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Тамгын Газраас нотлох баримт шаардахад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14/413 тоот албан бичгээр хуралдааны дуу, дүрсний бичлэг болон фото зураг хадгалагдаагүй гэсэн хариу ирсэн. Улмаар “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хуралдааны 01 тоот зөвлөмжийг хүчингүй болгож, хууль бус худал хариу өгсөн үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан. Үүний дагуу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авч 07 дугаар сарын 19-ний өдөр хуульд заасан хугацаанд хариу өгөх ёстой хэдий ч хариу өгөлгүй хүнд суртал гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. А.Э*******ийн хувьд Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Хэрэг эрхлэх газрын албан хаагчид үл тоосон байдлаар хандаж байсан үйлдэлд А.Э*******ийн зүгээс гомдолтой байгаа. Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Хэрэг эрхлэх газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4, 7.1.6 дахь заалтуудыг зөрчиж үнэн зөв мэдээлэл авах эрхийг зөрчсөн учир Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны зөрчил гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Хэрэг эрхлэх газрын А.Э*******ийн гаргасан өргөдөл гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрийн хуралдаагүй үйл баримтыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Мөн хуралдаагүй учраас 01 тоот зөвлөмж гарах боломжгүй гэж үзэж байгаа тул уг зөвлөмжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан дугаар тогтоолоор Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ажиллуулахаар байгуулсан бөгөөд тус зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно.

2/Зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралддаг бөгөөд тус зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордны в танхим /хуучин нэрээр/-д болж, уг хуралдаанаар "М*******” ХХК-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус компаниас гаргасан гомдол болон холбогдох бусад мэдээллийг авч хэлэлцэн зөвлөмж гаргасан байна.

3/Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ээлжит хуралдааны талаар тухайн үед нь хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хуудаснууд болон Засгийн газрын албан ёсны цахим хуудсаар  тус тус олон нийтэд мэдээлсэн.

Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7.1.1-д тус тус заасны дагуу олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх талаар авсан арга хэмжээ юм.

Түүнчлэн, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дээрх хуралдааны үеэр хийсэн дүрс бичлэг, фото зураг зэрэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хадгалагдаж байгаа тул нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

4/ “Ж*******” ХХК-иас 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах, худал хариу өгсөн үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан шаардлага бүхий гомдол ирүүлсэн бөгөөд уг гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалган нягталж, мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хЭГ/2264 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно.

Түүнчлэн, дээрх гомдолтой ижил агуулга бүхий гомдлыг 2018 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасныг судлан үзээд зохих хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭГ/140 тоот албан бичгээр хүргүүлж байсныг шүүхээс анхааран үзэхийг хүсье.

Иймд, дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 3 үндэслэлээр гаргасан байдаг. Нэгдүгээрт “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******ийн гомдолд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд хариу өгсөн эсэхийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0140 тоот албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02264 тоот албан бичгээр тус тус А.Э*******ийн гаргасан өргөдөлд хариу өгсөн байдаг. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл 2017 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тамгын Газар 02/453 тоот албан бичигт Монгол Улсын Их Хурлын чуулгын нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны хуралдааныг танхимуудад дуу, дүрсний төхөөрөмжүүдээр тоноглогдсон байх бөгөөд уг танхимд хуралдааныг зохион байгуулдаг. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хурлыг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулаагүй. Тийм учраас Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулсан хуралдааны дуу, дүрсний бичлэгийг тухайн хурал болсон өдөр нь файлыг огнооны хамт хуулж авч хадгалдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа хуралдааны бичлэгийг /16:23/ аудио файлаар бичсэн. Уг аудио файл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 32 минутад Төрийн ордны Үндсэн хуулийн В танхимын дууны төхөөрөмжийн бичигдсэн болохыг нотолсон Монгол Улсын Их  Хурлын Тамгын газрын даргын албан бичиг байдаг. Хуралдааны 2 цаг 40 минутын бичлэгийг сиди-д хуулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тухайд хуралдаан 14 цаг 32 минутад эхэлж 17 цаг өнгөрөөж тарсан. Маргааш өдөр нь холбогдох цахим хуудаснуудад хуралдаантай холбоотой мэдээллийг байршуулсан.  2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Zasag.mn, News.mn, Ikon.mn, Үнэн.mn эдгээр цахим хуудаснуудад “Mobicom networks компанийн гомдлыг хэлэлцэж тус компанийн нэмэлт тусгай зөвшөөрлийг цуцалсан хууль бус шийдвэрээ эргэж харахыг зөвлөлөө” гэсэн гарчигтай мэдээлэл тавигдсан. Уг гарчигтай мэдээллээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан зохион байгуулагдсан гэдгийг нотолж байгаа юм. Тухайн өдрийн мэдээлэл нийтлэгдсэн цахим хуудаснуудын холбоост үзлэг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нар захирамжид гомдол гаргахаа илэрхийлсэн тул үзлэг хийгдээгүй учраас хүсэлтээ дэмжиж байгаа. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд дээр дурдсан нотлох баримтуудаар 2017 оны 07 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 07 дугаар сарын 14-ний өдөр мэдээллүүд нийтлэгдсэн учраас 01 тоот зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч А.Э*******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгч А.Э******* нь “Ж*******” ХХК-ийн төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******гийн хамтаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж гомдол гаргасныг хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хэг/2264 тоот албан бичгээр хариуг хүргүүлжээ.

1.2.Нэхэмжлэгчээс “уг албан бичгийг надад танилцуулаагүй, мэдэгдээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуг хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “"гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг” хэлнэ, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч А.Э*******, “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* нарын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, хариуг өгсөн гэж үзэхээр байна.

Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хэг/2264 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хаягласан, гомдлыг шийдвэрлэсэн, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Иймд нэхэмжлэгч А.Э*******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан болох нь тус хуралдааны 02 дугаар дэлгэрэнгүй тэмдэглэл, гэрч Ш.Үнэнтөгсийн мэдүүлэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хэг/976 тоот албан бичгээр ирүүлсэн аудио болон дүрс бичлэг /СD/-ээр нотлогдож байна.

2.2.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “дээрх нотлох баримтууд хуурамч, хуралдаанд оролцох эрхгүй этгээдүүд оролцсон, огноо дугаар зөрүүтэй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зөвлөл хуралдсан, эрх хэмжээнийхээ хүрээнд зөвлөмж гаргасан” гэж тус тус маргажээ.

2.3.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар хуралдаанд Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.О*******, Монгол дахь Америкийн Худалдааны танхимын бодлогын асуудал эрхэлсэн захирал О.А******* нар оролцсон талаар тэмдэглэлд тусгажээ.

2.4.Гэтэл дээрх нэр бүхий гишүүдийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаар тушаалаар 1 жилийн хугацаатай томилсон, хуралдаан болсон өдөр төрийн ордонд нэвтэрсэн талаар бүртгэлд байхгүй болох нь Төрийн тусгай хамгаалалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 331 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна.

2.5. Гэсэн хэдий ч уг үйл баримт нь тухайн өдрийн хуралдаан болоогүйг, хуралдсан гэдгийг  шууд үгүйсгэх нотлох баримт болохгүй.

2.6.Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар тушаалаар баталсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажиллах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-д “Зөвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар захирамжаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг дарга, нарийн бичгийн даргын хамтаар 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус хуралдаанд дээрх иргэдээс гадна 12 хүн оролцсон байх тул ирц хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

2.7.Уг хуралдаанаар “М*******” ХХК-ийн гомдлыг хянан хэлэлцээд зөвлөмж гаргахаар тогтож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг гаргажээ.

2.8.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас журмын 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа өргөдөл, гомдлыг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана” гэж заасны дагуу буцаагаагүй гэж маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газар үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар урьдчилан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно” гэж, Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй” гээд 9.2.6-д “хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх” гэжээ.

Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах тогтвортой орчныг бүрдүүлэх талаар Монгол Улсын төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд зөвлөл дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 2.1.1-д “хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төрийн байгууллага, албан тушаалтан зөрчсөн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж шийдвэрлэх”, 2.1.3-д “хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон асуудлаар зөвлөмж боловсруулж, засгийн газарт танилцуулах” гэжээ.

2.8.Дээрхээс дүгнэвэл Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хууль болон журамд заасан чиг үүргийн хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.9. Учир нь тус хуралдаанаар нэхэмжлэгч “Ж*******”  ХХК болон “М*******” ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдээс гадна Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шалгалтын дүгнэлтийг хэлэлцэж зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг зөвлөмж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

2.10.Өөрөөр хэлбэл уг зөвлөмж нь Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Мобиком корпораци” ХХК-д тус тус хаяглагдсан, тэдгээр цаашид хийж гүйцэтгэх ажлыг зөвлөсөн агуулгатай байна.

2.11.Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны акт нь хуралдаан болсон буюу 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр огноологдоогүй нь техникийн шинжтэй алдаа байх боломжтой бөгөөд уг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдааныг болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус баримтлан “Ж*******”  ХХК, А.Э******* нарын нэхэмжлэлтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдох, нэхэмжлэгч А.Э*******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хуралдаагүй болохыг тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ