Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/902

 

 

 

 

 

 

                                                                     

О.М, О.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

хохирогч Б.Бгийн өмгөөлөгч М.Билгүтэй,

шүүгдэгч О.М, О.О, тэдний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Мэргэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1034 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, О.О, тэдний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч О.М, О.О нарт холбогдох 201725011304 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..... овгийн О.М, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .............. төрсөн, ......настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

2. .................. овгийн О.О, ....... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр ............. төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

Шүүгдэгч О.О, О.М нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “ЭП” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж, улмаар “ЭП” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж, орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч, О.О нь дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгийн төлбөрийг “ЭП” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй, харин төлбөрийн 80.000.000 төгрөгт барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож, нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” З.Стай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “ЭП” ХХК-ийн захирал        нь өөрийн ажилтан болох Г.О-д өгөх ёстой байсныг О.М нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцон Г.О-д тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцон 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “ЭП” ХХК-д 110.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.М, О.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.М, О.О нар нь бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Мэд 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.О-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, шүүгдэгч О.О-т 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.О, О.М нараас 104.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн орон сууц барилгын 14 хуудас материалыг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.О, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлан гэмшиж байна. Барилгын ажлын туршлага мэдлэггүй, гүйцэтгэлийн ажлыг актаар дүгнээгүй, баталгаажуулаагүй, хайхрамжгүй болгоомжгүйн улмаас нөхөж баршгүй алдаа гаргасандаа маш их гэмшиж, харамсаж байна. Миний санамсаргүй хайхрамжгүйн улмаас анх удаа гаргасан энэ алдаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулах шалтгаан болсон байна. Энэ гаргасан алдаандаа маш их гутарч, гэмшиж байна. Хохирогч Б.Бгийн хохирлыг бүрэн барагдуулж хохиролгүй болгосон. Би боловсролын байгууллагад 28,6 жил орос хэлний багшаар ажилласан. “Боловсролын тэргүүний ажилтан”, “Алтан гадас” одонтой.  Улсад 28,6 жил татвар төлсөн. 2007 онд “А” ХХК-ийг байгуулан захирлаар ажилласан. О.М нь Монгол Улсын Их сургуулийг сүлжээний инженерээр төгссөн, программист мэргэжилтэй, Герман улсад магистрийн зэрэг хамгаалсан. Хоёр хүүгийн хамт улсад эх орондоо Засгийн газрын 11-11 төв, Замын цагдаагийн торгуулийн программ, ТҮЦ /төрийн үйлчилгээний цахим машин/, Төрийн банк, PC молл, Монгол аялал, дулааны сүлжээ 70057005, УБЦТС 70047004, 137004-мессежээр мэдээлэх, Сангийн яамны веб, “Smart car” машины торгууль цахимаар төлөх, Нийслэлийн авто тээврийн газрын лавлагаа, Ачааны машины зөвшөөрөл олгох, сунгах, Гаалийн бүрдүүлэлтийг алсын зайнаас хийх, Татвар төлөгчийн мэдээллийг гар утсанд авах, Ковидын үед QR код нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийсэн. Мөн E-mongolia цахим үндэстэн хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд нэвтрүүлсэн. Төрийн бүх үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх ажлыг программ хөгжүүлэлтээр хийж амжилттай дуусгасан. Зохиогчийн эрхтэй 2 оюуны өмчтэй. /О.М, О.Э нар/ “А” ХХК нь Баянзүрх дүүргийн “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөл, Татварын Ерөнхий газрын дээд шагнал “шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч байв. “Ямахай” төвийн 11 давхарт хувийн оффистоо хүү бид нарын удирдлагад 30 технологийн инженер хамт ажилладаг. 15 дахь жилдээ улсад татвар төлж байна. Миний нөхөр хурандаа Д.О Сүхбаатар аймгийн цэргийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 48 настайдаа нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө том хүү О.М-дээ “намайг нас барахаар та нарыг ажилчдын байрнаас гаргана, өвөөгийнхөө өмчлөлийн газарт байшин барьж амьдраарай” гэж захисан байдаг учраас бид барилга барих болсон. Бид барилгын гүйцэтгэлд алдаа гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би сав тайруулах, бөөрний суваг давсагтай холбох, бамбай булчирхайн хагалгаанд орж байсан. Одоо эмчийн хяналтад байдаг. 65 настай, улс эх орондоо оруулж байгаа хувь нэмэр, миний биеийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие барилгын ажил гүйцэтгэх гэрээг “ЭП” ХХК-тай байгуулан ажлын гүйцэтгэлд 240.000.000 төгрөг төлөхөөр тохиролцон, үүнээс 130.000.000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 110.000.000 төгрөгөөс хийгээгүй ажлын төлбөрийг хасч тооцох маргаан гарсан. Миний тооцож байгаагаар 50.000.000 төгрөг хасч, 60.000.000 төгрөг төлөх ёстой гэж маргасан. Үүнийг миний бие иргэний маргаан гэж ойлгож хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн мэдлэггүйн улмаас гэмт хэрэг гэдгийг ойлгоогүй байсан байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа гэмт хэрэг гэдгийг ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч бас гэмшиж байна. Хохирол болох гэрээний үлдэгдэл төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Надад оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.О, О.М нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч О.О, О.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй, шүүхийн шатанд хохирлоо хэсэгчлэн төлсөн, шүүх хуралдааны дараа хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлуудын хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, мөн  О.О нь өндөр настай /65 настай/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ялаар өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.О, О.М нарын өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттэй санал нэгтэй байна. Шүүгдэгч нар хэргийг иргэний эрх зүйн гэрээтэй холбоотой маргаан гэж эндүүрч явсан учир гэм буруу дээрээ маргасан. Анхнаасаа хохирлыг барагдуулах байр суурьтай байсан. Шүүгдэгч О.О компанийнхаа 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд торгуулийн ял оногдуулбал төлж барагдуулах бүрэн боломжтой. Шүүгдэгч О.О-ийг хорих ангид цаашид үргэлжлүүлэн байх нь хүндрэлтэй, насны байдлаас хамаарсан эрүүл мэндийн шалтгаантай тухай 461 дүгээр хорих ангийн эмнэлгийн дүгнэлтийг шинээр гаргаж өгсөн баримтад хавсаргасан. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Бгийн өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар хохирогчид 100.000.000 төгрөгийг төлсөн. Миний үйлчлүүлэгч хохирол бүрэн барагдсан гэж үзэж, энэ тухайгаа шүүхэд албан ёсоор бичгээр гаргаж өгсөн. Уг баримтад шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ бичгээр гаргасан хүсэлтийг дэмжиж байна” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөр төлсөн учир оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай тайлбаруудыг хэлж байна. Хэргийн үйл баримтаас харахад 2015 онд захиалгын гэрээ хийгдэж, 2017 онд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг. 2017 оноос өнөөдрийг хүртэл хохирол төлөх бүрэн боломжтой байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч болох байсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.О, О.М нар нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “ЭП” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, “Барилгын ажлын угсралтын гэрээг" байгуулж, улмаар “ЭП” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж, орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч, О.О нь дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгийн төлбөрийг “ЭП” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй, харин төлбөрийн 80.000.000 төгрөгт барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ын үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож, нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” З.С-тай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “ЭП” ХХК-ийн захирал Б.Б нь өөрийн ажилтан болох Г.Оад өгөх ёстой байсныг О.М нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Оад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь бүлэглэн ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “ЭП” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “... Би “ЭП” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь барилга угсралтын чиглэлээр 2006 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 9 дүгээр сард би О.О болон түүний хүү О.М-тэй барилга угсралтын гэрээ байгуулж, захиалгын дагуу манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3180.5 м.кв орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр захиалагч тал болох О.О, О.М нар болон улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компанийн хувьд уг ажлыг 247.027.500 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба О.О, О.М нар 110.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд мөнгөө нэхэхэд О.О, О.М нар нь “баригдаж байгаа барилгыг ашиглалтад орсны дараа үлдэгдэл төлбөртөө 3 өрөө орон сууц өгье” гэж хэлсэн. Мөн тухайн барилгад батлагдсан зургаар 3 өрөө орон сууц байгаагүй тул 1 болон 2 өрөө орон сууцны метр квадратыг нийлүүлээд 3 өрөө гэж тооцохоор гэрээ байгуулсан. Орон сууцны гэрээг байгуулахдаа О.О, О.М болон манай эхнэр Р.С бид дөрөв ярилцаж байгаад О.М, Р.С нар байгуулсан. Ингээд уг орон сууцны барилга ашиглалтад орж манай эхнэр Р.С бид хоёр захиалсан байрандаа орох гэхэд О.О, О.М нар өөр иргэдийг оруулсан байсан ба тухайн иргэдээс учрыг нь асуухад “бид нар худалдаж авсан” гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. ... Г.О нь 2014-2018 оны хооронд манай компанид мужааны багийн бригадын даргаар ажиллаж байсан. Манай компани нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд О.О, О.М нарын захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд Г.О өөрийн бригадын 12-15 хүний хамт ажиллаж, ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000.000 төгрөгөө авч чадаагүй. Ингээд уг 30.000.000 төгрөгийг нь О.О, О.М нар байрны урьдчилгаанд өгснөөр тооцож Г.Отай орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Тэгтэл мөн байр ашиглалтад орсны дараагаар О.О, О.М нар Г.О-д өгөх байраа өгөөгүй тул цагдаад өргөдөл гаргасан ба Г.О-д захиалсан байрыг нь өгөх талаар ямар ч идэвхтэй үйлдэл хийхгүй байсан тул би Г.О-д 30.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. ...” /2хх 239-240/,

хохирогч Р.С-ын “Манай нөхөр Б.Б нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЭП” ХХК-ийн ерөнхий захирал юм. Нөхөр маань 2014 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих иргэн О.О-ийн 3180,6 м.кв барилгын ажлын угсралтыг 2014 оны 09 дүгээр сарын 23-наас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 245.027.500 төгрөгийн дүнгээр хийж гүйцэтгэх гэрээг О.О-ийн хүү О.М-тэй байгуулсан юм. Гэрээнд заасан ажлыг нөхрийн комлани гэрээний хугацаандаа багтааж О.М-д хүлээлгэн өгсөн юм. Харин О.М ажлын хөлсөнд өгөх 245.027.500 төгрөгөөс 110 орчим сая төгрөгийг цувуулж өгсөн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэхэд О.М гэрээнд заасан мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй юм. Тэгэхэд О.М манай нөхрийн компанид 110,000,000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд О.М-ээс мөнгөө нэхэхэд удаа дараа хойшлуулж явсан юм. ... Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр О.Мтэй миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 35 дугаар байрны 6 давхрын 80,41 м.кв 112.574.000 төгрөгийн орон сууцыг 80.000.000 төгрөгөндөө тааруулж авахаар тохирсон бөгөөд зөрүү 32.574.000 төгрөгийг нь орон сууц ашиглалтанд орсны дараа өгөхөөр тохирсон юм. Гэрээнд орон сууцыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр тохирсон боловч хугацаа нь болоход О.М-ээс байраа нэхэхэд “улсын комисс хүлээж авсны дараа байрыг чинь өгнө” гэж худлаа хэлж хойшлуулсаар байсан юм. Гэтэл О.Мийн барьсан орон сууцыг одоо улсын комисс хүлээж авсан бөгөөд надад өгөх ёстой байранд О.М өөр хүн оруулчихсан болохыг мэдсэн. Одоо 1.750.000 төгрөг тооцож ав гээд гэрээнд зааснаасаа өөр юм яриад байдаг юм. ...” /1хх 17-18/,

гэрч Г.Оын “...Миний бие “Эрчис проперти" ХХК-д 2014 оноос хойш мужаанаар хамтран ажиллаж байгаа. Уг ажилд би өөрийн бригадын 10 хүнийг ажиллуулсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 30.000.000 төгрөгийг “ЭП” ХХК-ийн захирал Б.Бгөөс авах ёстой байсан юм. ... 2017 оны 11 сард захиалагч О.М, Б.Б бид гурав уулзаж ажлын хөлсний төлбөрийн талаар ярихад О.М нь Б.Б бид хоёрт хандан “Очирбатын ажлын хөлс 30.000.000 төгрөгийн оронд би байр өгье, 1м.кв-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодож өгье” гэхээр нь Б.Б захирал бид хоёр хоорондоо ярилцаж байгаад зөвшөөрсөн юм. ...Гэтэл 2017 оны 2 дугаар сард байр ашиглалтад орсон бөгөөд О.М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, миний захиалсан байранд өөр хүн оруулаад намайг “байраа авъя” гэхээр “чи ямар миний хамаатан биш, би чамд 1.500.000 төгрөгөөр хямдхан өгнө гэж юу байдаг юм” гээд халгаадаггүй бөгөөд огт утсаа авахаа болиод уулзаж чадахгүй болсон. ... Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө оныг нь андуураад хэлчихсэн байна. О.Мтэй 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрээ хийсэн. ...” /1хх 19/,

гэрч Б.З-ийн “...2015 оны 5 дугаар сард О.М гэх хүн манай захиралтай уулзаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлж байгаа 35 дугаартай, 44 айлын орон сууцанд багш нарыг хөнгөлөлттэй үнээр хамруулна гэсэн санал тавьсан байсан. Үүний дагуу би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус компанийн захирал О.М болон түүний ээж О.О нартай очиж уулзаж мэдээлэл авч, тухайн өдрөө орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу О.Оийн эзэмшлийн “Голомт” банкин дахь 1509228513 тоот дансанд байрны урьдчилгаа болох 10.36 хувь буюу 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш мөн гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар өөрийн захиалсан 35 дугаар байрны 36 тоотод орсон. ... Би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр О.М болон О.О нартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба 6 давхарт байрлах 48.14 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан. ... Намайг анх 35 дугаар байрны 36 тоотод орж байх үед О.М манай байрыг өөр хэн нэгэн хүнд өгөхөөр гэрээ хийж байсан гэдгийг сонсож байсан ба би түрүүлж гэрээ байгуулсан. ...” /2хх 92-94/,

гэрч Б.Т-ын “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 34 тоот орон сууц нь манай аав Э.Баярын нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд манай аав, ээж болох Баяр, Мөнгөнчимэг нар 2018 оны 5 дугаар сард худалдаж авч байсан ба худалдан авснаас нь хойш би уг тоотод оршин сууж байна. ...” /2хх 125-127/,

шүүгдэгч О.М-ийн сэжигтнээр өгсөн “... “ЭП” ХХК-д 110.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй нь үнэн. Үүнээс 30.000 төгрөгийг нь Г.О гэх хүн өөрийн хийсэн ажлын хөлсөндөө авах ёстой байсан юм. ...” /1хх 29/ гэсэн мэдүүлгүүд,

орон сууц захиалгын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ-15 дугаартай /1хх 127-131/, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн /2хх 96- 97/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ-15 дугаартай /1хх-5-6/, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн /2хх 131-133/ тус тус гэрээнүүд,

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх 122-126, 132-136/,

үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 131-134/,

2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт  /1хх 120-121/,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх 63-66/,

Б.Б-гийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн гэх О.М-ээс гаргаж өгсөн хүснэгтэн баримт /1хх 165/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 8/328 дугаартай /1хх 175/, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 8/15 дугаартай /Зхх 89-95/ албан бичгүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М, О.О нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Барилгын ажил угсралтын RCH/1401 дугаартай гэрээнд захиалагч О.О-ийг төлөөлж О.М, гүйцэтгэгчийг төлөөлж “ЭП” ХХК-ийг ажилтан Б.Б нар гарын үсэг зурсныг баталгаажуулан О.О, “ЭП” ХХК-ийн захирал Б.Б нар мөн гарын үсэг зуржээ.

Дээрх гэрээний нэг тал буюу гүйцэтгэгч “ЭП” ХХК нь үүргээ биелүүлж, талууд ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгт 80.41 м.кв хэмжээ бүхий 3 өрөө байр өгөхөөр тохиролцож, О.М, “ЭП” ХХК-ийн захирал Б.Б-гийн эхнэр З.С нар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-15 дугаатай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна.

Орон сууц захиалгын гэрээний нэг тал болох О.О, О.М нар нь Орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, гэрээнд тодорхойлон заасан 35 дугаар байрны 6 дугаар давхарын 80.41 м.кв хэмжээ бүхий байрыг бусдад худалдсанаар “ЭП” ХХК-ийн захирал Б.Б нь уг 3 өрөө байрыг авах боломжгүй болжээ.

Түүнчлэн, О.О, О.М нар нь “ЭП” ХХК -ийн захирал Б.Бтэй ажлын хөлсний үлдэгдэл төлбөр дээр тохиролцож, түүний эхнэр З.Саруултамиртай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-15 дугаатай Орон сууц захиалгын гэрээ байгуулахаас өмнө 35 дугаар байрны 6 дугаар давхарын 80.41 м.кв хэмжээ бүхий байрыг бусдад худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь гэрч Б.Т, Б.З нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Хуурч мэхлэх нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн байдаг.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

 

Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.

 

Шүүгдэгч О.О, О.М нар нь 35 дугаар байрны 6 дугаар давхарын 80.41 м.кв хэмжээ бүхий байрыг бусдад худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болохоо мэдсээр байж дахин “ЭП” ХХК-ийн захирал Б.Бтэй ажлын хөлсний үлдэгдэл төлбөр дээр тохиролцож, түүний эхнэр З.С-тай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-15 дугаатай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болжээ.

 

Шүүгдэгч О.М “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байх тул надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч О.О “...бид барилгын гүйцэтгэлд алдаа гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би сав тайруулах, бөөрний суваг давсагтай холбох, бамбай булчирхайн хагалгаанд орж байсан. Одоо эмчийн хяналтад байдаг. 65 настай, улс эх орондоо оруулж байгаа хувь нэмэр, миний биеийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч О.М, О.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...О.О, О.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргаангүй, шүүхийн шатанд хохирлоо хэсэгчлэн төлсөн, шүүх хуралдааны дараа хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, мөн  О.О нь өндөр настай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж торгох ялаар өөрчилж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.М, О.О нарт оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М, О.О нарыг тус бүр 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Шүүгдэгч О.М, О.О нар нь 76 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт эдлэх торгох ялаас 1.140.000 төгрөгийг хасаж, 10.860.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Иймд шүүгдэгч нарыг нэн даруй суллаж, шүүгдэгч О.М, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1034 дугаартай шийтгэх тогтоолын:  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.М-д 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.О-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.М, О.О нарыг тус бүр 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан О.М, О.О нарын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг  хүртэлх цагдан хоригдсон 76 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.140.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, тэдгээрийн торгох ялын хэмжээг тус бүр 10.860.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, О.О нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, О.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч О.М, О.О нарт мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч О.М, О.О нар нь 100.000.000 төгрөгийг хохирогч Б.Б-д төлсөн болохыг дурдаж, тэднийг нэн даруй сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР