| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03258/И |
| Дугаар | 181/ШШ2024/03638 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03638
2024 10 01 181/ШШ2024/03638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин овогт Д.М /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дамиран овогт А.Ц /РД:............../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.М,
Хариуцагч: А.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А.Цд холбогдуулан түрээсийн төлбөр 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч А.Цтай хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах ............. 408 тоотыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түрээсэлж, сар бүрийн түрээсийн төлбөр 1,089,000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцож, үйл ажиллагаа явуулсан. Уг түрээсийн төлбөрөөс А.Ц 400,000 төгрөгийг, Д.М би 689,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоны дагуу төлж байсан боловч А.Ц нь 2023 оны 6 дугаар сараас эхлэн 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрөө өгөөгүй.
Иймд 2023 оны 9 дүгээр сараас эхлэн А.Ц сар бүр 100,000 төгрөг өгч байхаар тохиролцсон боловч 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 01, 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Бид хоёр мессеж болон чатаар харилцаж, түрээсийн үлдэгдэл 1,200,000 төгрөг, мөн боловч 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 01, 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг эд зүйлсээ авахаар өгнө гэж тохирсны үндсэн дээр эд хогшлыг нь өгсөн.
А.Цгийн нөхөр нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эд хогшлыг нь авч явсан боловч одоо хүртэл түрээсийн төлбөрөө өгөхгүй байгаа тул түрээсийн үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 01, 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөгийг А.Цгаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А.Ц би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цахим сүлжээнд нийтлэгдсэн ........... аяллын клубын гишүүнчлэлийн тухай мэдээллийг хараад, Д.Мгийн багт аялагч түншээр бүртгүүлсэн. Бид нэг баг болсон учраас бүхий л үйл ажиллагаа, уулзалт, арга хэмжээ, оффисын түрээс зэрэгт өөрийн сайн дураар, чадах хэмжээгээрээ дэм болж ажилласан.
Би Д.Мг 2021 оны 12 дугаар сард ............ оффисын өрөө түрээсэлж ороход нь сайн дураараа сар бүр 500,000 төгрөг өгч байсан. Надтай адил багийн бусад гишүүд нь нэг ч төгрөгийн туслалцаа үзүүлдэггүй байсан. Миний хувьд ямар нэгэн хамтран үүрэг хүлээгээгүй, албан ёсны гэрээ байхгүй, сэтгэл гаргаж мөнгө өгч байсан.
Д.М багийн бусад гишүүдтэйгээ ............. 401 тоот өрөөнд, миний бие 408 тоот өрөөнд өөрийн багтайгаа орсон. Би ............. 408 тоот өрөөг 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын 1,080,000 төгрөгөөр түрээсэлж, барьцаанд 1,080,000 төгрөгийг төлсөн. Би тус 408 тоот өрөөний тохижилт болон түрээсийн төлбөрт 32,000,000 төгрөг зарцуулахдаа багийн бусад гишүүдээс нэг ч төгрөг авч байгаагүй.
Улмаар санхүүгийн байдал маань муудаж, өөрийн спонсор Д.Мд хэлэхэд Надад ч бас хүнд байна. Түрээс багатайгаар нь танай өрөөнд оръё. гэж хэлсэн. Ингээд миний ............ай хийсэн гэрээ дуусгавар болж, Д.М 408 тоот өрөөнд орж, гэрээг шинэчилж байгуулахдаа Миний санхүүгийн байдал муу байна. Чи барьцааныхаа 50 хувийг үлдээчих гэхээр нь би зөвшөөрч, барьцааны төлбөрөөс 50 хувийг үлдээсэн. Д.М миний өөрийн хөрөнгөөр тохижуулсан, цэвэрхэн, тохилог өрөөнд орсон. Миний санхүүгийн байдал муудсан учир би өөрийн хувийн бизнестээ цаг гаргахаар шийдэж, сүүлийн 1 жилийн хугацаанд аяллын клуб дээр 3-4 удаа л очсон. Д.М өөрийн багийн гишүүдээс түрээсийн мөнгө авна, тэгш эрхтэй байх ёстой гээд бусад хүмүүсээс мөн адил дэм болохыг шаардсан.
Би эхний сарын түрээсийн төлбөрт 250,000 төгрөг, 400,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр кофе цай, тавгийн чихэр, интернэтийн төлбөрт 290,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Д.М Надад дэм болох хүн байхгүй байна. гэж ярихаар нь би гэрийнхнээсээ зөрж байгаад 400,000 төгрөг өгсөн. Сүүлдээ гэрийнхэн маань уурлаад мөнгө өгөхөө зогсоо, эд зүйлсээ ав гэхэд нь би зөрж, бэлэн мөнгө аваачиж өгдөг байсан. Хамгийн сүүлд мөнгө өгөхдөө өөрийн үнэт эдлэлийг барьцаанд тавьж өгсөн. Ингэж явсаар Д.Мгаас барьцааны мөнгө болох 540,000 төгрөгийг асуухад Тийм зүйл байсан юм уу. Би мэдэхгүй гэж хэлэхээр нь энэ бүхнийг зогсоохоор шийдсэн.
Би өөрийн сайн дураар сэтгэл гаргаж, Д.Мд дэм болж байснаас бус түрээсийн төлбөрийг нь хамтран төлөх үүрэг хүлээгүй, ямар нэг гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөг төлсөн баримт, Д.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, дансны хуулга, А.Ц, Т.Ч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хуулбар/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалын Талуудыг эвлэрүүлэн зуучлалд дуудсан тухай баримт ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: А.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Цгийн дансны хуулгыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А.Цтай ........ оффисын 408 тоот хаягт байрлах оффисын өрөөг хамтран түрээсэлсэн, А.Ц нь түрээсийн үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 01, 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөгийг төлөөгүй тул А.Цгаас 1,700,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч А.Ц нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Мтай тус 408 тоот өрөөг хамтран түрээслэх гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөрөө төлөхөд нь сайн дураараа туслалцаа үзүүлж мөнгө өгч байсан. Д.Мд төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А.Цгаас 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч А.Цтай ............. 408 тоот өрөөг хамтран түрээсэлсэн. А.Ц 2023 оны 6 дугаар сар хүртэл сар бүрийн түрээсийн төлбөрт 400,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сараа түрээсийн төлбөрт 100,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч Д.М нь ........ оффисын 408 тоот хаягт байрлах оффисын зориулалттай өрөөг түрээсэлсэн түрээсийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй тул түүнийг тус оффисын зориулалттай өрөөг хэдэн төгрөгөөр, хэдий хугацаагаар түрээсэлсэн болохыг тодорхойлох боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Д.М, А.Ц нарын хооронд ........ оффисын 408 тоот хаягт байрлах оффисын зориулалттай өрөөний түрээсийн төлбөрийг хамтран төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй.
Иймд А.Цгаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 1,700,000 төгрөг гаргуулах тухай Д.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Цгаас 1,700,000 төгрөг гаргуулах тухай Д.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ