Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03602

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баян-Өндөр овогт С.О /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хаадай овогт Т.Ө /РД:...............-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,

Хариуцагч: Т.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.А оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.О хариуцагч Т.Өөд холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие С.О нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд өөрийн ажилдаа ойр байр хайж байтал Ремакс-ын зууч болох Н.Б 2023 оны 6 дугаар сард надтай утсаар холбогдож, тус байршилд 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орох ............ 55.67 м.кв талбайтай, бартерын хоёр өрөө орон сууцыг надад санал болгосон. Үүний дагуу уг байрыг Ремакс-ын зуучлагч Н.Бтай хамт очиж үзэхэд байр нь 16 давхрынхаа 8 давхрын цутгалтыг хийгээд гадна фасадаа давхар хийсэн харагдаж байсан. Тухайн үед тус байранд барилгын ажил хийгдэж байсан бөгөөд байр ашиглалтад орох хугацаа нь 2023 оны 12 дугаар cap, хамгийн цаад хугацаа нь 2024 оны 02 дугаар cap гэхэд ашиглалтад орно гэсний дагуу би хүлээн зөвшөөрч, байр худалдан борлуулж байсан Т.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ах Т.Өтэй Баянзүрх дүүрэгт байрлах нотариатын газар 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээг хийж, улмаар нотариатаар баталгаажуулсан юм.

Би гэрээний дагуу нийт 50,000,000 төгрөгийг Т.Өийн Хаан Банкны ................ тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4,500,000 төгрөг, 500,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн.

Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 20-нд тус барилгын ажилтай очиж танилцахад барилгын ажлын өрлөг нь гүйцэд дуусаагүй, барилгын ажил зогссон байсан. Иймд Т.Өтэй 2023 оны 11 дүгээр сараас утсаар холбогдож байрны ажил удаашралтай, хугацаандаа ашиглалтад орох боломжгүй байгааг хэлж, мөнгөө буцааж авах хүсэлтээ хэлэхэд надаас байрны үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардсан. Би байшин баригдахгүй байгаа учраас би мөнгө нэмж төлөхгүй гэсэн.

Т.Ө нь манай нөхөр лүү 2024 оны 1, 2 дугаар сарын үед мессеж бичиж, мөнгөө төлөхийг шаардахад бид хоёр унаж байгаа мерседэс бенз е загварын машинаа байрны төлбөрт авахыг санал болгоход хариу өгөөгүй. Ингээд миний бие удаа дараалан Т.Өийн .......... утас руу залгахад утсаа авахгүй, мессеж бичээд огт хариу өгөхгүй байсан. Ингээд 2024 оны 5 сард үлдэгдэл төлбөрөө яаж шийдэх талаар Т.Өтэй холбогдож нотариат дээр уулзахаар тохирсон. Энэ үед Т.Ө нь утсаа авахгүй байсан тул дүү Т.Ттэй нотариат дээр уулзаж, асуудлаа шийдэхээр уулзахаар тохиролцсон боловч надаас алданги тооцож 2,000,000 төгрөг нэхсэн. Үүний хариуд би тус орон сууц нь хугацаандаа ашиглалтад ороогүй учраас би алданги төлөхгүй гээд 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Одоо хүртэл байрны дотоод өрлөг нь дуусаагүй, уг байр нь ашиглалтад энэ ондоо ч орохооргүй байгаа тул би мөнгөө буцааж авъя, эсвэл одоогийн зах зээлийн ханшаар хамтарч бусдад худалдан шилжүүлэх санал тавихад миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй надаас 2,000,000 төгрөгийн алданги нэхэж, надад 48,000,000 төгрөг өгч болно гэсэн. Гэхдээ одоо чамд өгөх мөнгө байхгүй, уг байрыг өөр хүнд худалдаж борлуулсны дараа чамд мөнгийг чинь гаргаж өгч болно гээд явсан. Түүнээс хойш Т.Ө нь утсаа авахгүй байсан тул 1 сарын дараа Т.Ттэй утсаар холбогдоход одоо энэ байрыг худалдан борлуулах хүсэлгүй байгаа, надад зах зээлийн ханшаа судлаад хариу мэдэгдэхээр тохиролцсон боловч одоо хүртэл зах зээлийн ханшаа судлаад хариу хэлэлгүй өдий хүрсэн.

Би Т.Тийн судалсан зах зээлийн ханшийн дагуу тус байрыг өөр хүнд худалдах зар тавихаар тохиролцсон боловч одоо хүртэл надад өөрийн судалсан үнэ, ханшаа хэлэхгүй, утсаар холбогдоход шүүх, цагдаагаараа явж шийдвэр гарсан тохиолдолд чиний мөнгийг буцааж өгье гэх болсон.

Иймд надтай орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан Т.Өөөс байрны урьдчилгаа төлбөр болох 50,000,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Т.Тийн олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлөн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр С.Отэй 0853 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г талуудын хүсэл зоригийн дагуу байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Уг гэрээний дагуу 122,374,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 21,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 56,374,000 төгрөгийг төлөгдмөгц гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлох бичгийг тухайн барилгын гүйцэтгэгч компанид өгч захиалгын гэрээг С.Оийн нэр дээр болгон шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Гэвч С.О нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой 45,000,000 төгрөгийг огт төлөлгүй байсаар 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 24,000,000 төгрөг шилжүүлсэн боловч үлдэгдэл 21,000,000 төгрөгийг огт төлөөгүй.

2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 56,374,000 төгрөгийг төлөлгүй байсаар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр болох 51,374,000 төгрөгийг мөн адил төлөөгүй.

Дээрх Орон сууц захиалгын гэрээ-г санхүүгийн болон эрх үүргийн хувьд сахилга баттай хүнд шилжүүлэхээр гэрээлсэн бол аль аль талын ажил амьдралд төвөг чирэгдэл учрахгүй байсан.

Түүнчлэн, уг гэрээгээр би тухайн байр хугацаандаа орох, орохгүйтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан миний ажил амьдралд хүндрэл үүсэж байгаа тухай бодож үзэлгүйгээр надаас 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь нотариатын өрөөнд гэрээ байгуулж, хэн хэнийхээ өмнө эрх, үүрэг хүлээсэн тухайгаа огт хүндэтгэж үзэхгүй байна.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алдангийн төлбөрийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд төлж барагдуулах ёстой.

Нэхэмжлэгчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ....гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу нэхэмжилсэн дүнгээс төлбөл зохих алдангийн төлбөрийг суутган авч үлдэгдэл төлбөрийг С.От буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг төлсөн баримт, С.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 22/09/29-3 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Т.Тээс Т.Өөд олгосон итгэмжлэл, Ч ХХК-ийн гэрээний менежер И.М-ын тодорхойлолт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: хариу тайлбар, Т.Тийн Ч ХХК-д гаргасан хүсэлтийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Т.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өтэй 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ............ 55.67 м.кв талбайтай орон сууц захиалгын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний эрхийг 122,374,000 төгрөгөөр шилжүүлэн авч, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу Т.Өийн дансанд 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Тус орон сууц нь 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орно гэсэн боловч 2023 оны 10 дугаар сарын байдлаар барилгын ажил зогссон байсан. Иймд орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 50,000,000 төгрөгийг Т.Өөөс гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний хувьд Т.Тийг төлөөлж С.Отэй орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр тухайн байрыг хугацаанд нь ашиглалтад оруулахтай холбоотой ямар нэг үүрэг хүлээгээгүй. Зөвхөн захиалан авсан байрны эрхээ л худалдсан. Бидний хооронд байгуулсан гэрээгээр С.Оийг төлбөрөө төлж дуусахад захиалагчийн эрхээ шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байснаас болж гэрээнээс татгалзах эрхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Т.Т нь Ч ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн ................. 55.67 м.кв талбайтай орон сууцыг захиалж, Ч ХХК нь 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх5-6/

 

4.2. Т.Тээс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Т.Өөд Сүхбаатар дүүргийн ............. 55.67 м.кв талбайтай, 2022.09.29-ний өдөр Ч ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ /№22/09/29-3/-г захиалагчийн эрхийг бусдад шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ болон холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, санал хүсэлт гаргах, төлбөр тооцоо хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ. /хх7/

 

4.3. Хариуцагч Т.Ө нь Т.Тээс олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч С.Отэй 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Т.Тийн Ч ХХК-тай байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 22/09/29-3 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний захиалагчийн эрхийг эрх хүлээн авагч С.От 122,374,000 төгрөгт тооцон шилжүүлэх, эрх хүлээн авагч С.О нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 21,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх4/

 

4.4. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Т.Өийн Хаан банк дахь ................ тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 21,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 24,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөр шилжүүлсэн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх9-14/

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж, 260 дугаар зүйлийн 260.1-т Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна. гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан С.О, Т.Ө нарын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ-ний эрх шилжүүлэгч Т.Т нь өөрийн захиалсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг С.От шилжүүлэх, эрх хүлээн авагч С.О нь эрх шилжүүлсний төлбөрт 122,374,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, эрх шилжүүлэгч Т.Тийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Т.Ө уг гэрээг С.Отэй байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. гэж, 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. гэж заасан.

 

Иймд хариуцагч Т.Ө нь эрх шилжүүлэгч Т.Тийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний нэрийн өмнөөс нэхэмжлэгч С.Отэй Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх тул С.О, Т.Ө нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлөгч Т.Өөд бус гагцхүү төлөөлүүлэгч Т.Тт бий болно.

Түүнчлэн, хариуцагч Т.Ө нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Оээс 50,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон боловч Т.Ө нь энэхүү төлбөрийг Т.Тээс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу хүлээн авсан байх тул нэхэмжлэгч С.Оийн гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээгээр төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгох үүргийг хариуцагч Т.Ө хүлээхгүй.

 

Иймд Т.Өөөс 50,000,000 төгрөг гаргуулах тухай С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч С.Оийн гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлээ эрх шилжүүлэгч Т.Тт холбогдуулан гаргахад саад болохгүйг дурдъя.

 

6. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй тул Т.Өөөс 50,000,000 төгрөг гаргуулах тухай С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ