Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

 

 

 

 

 

   Б.Мд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Л.Отгончимэг,

Хохирогч: М.Ө,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Отгончимэгийн гаргасан эсэргүүцэл, хохирогч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Манлайбаярын нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох 2238000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овогт Б-ийн М, … оны ..... дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, . настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Б.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Б” буудлын гадна 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.Өтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Мыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Маас 763,900 (долоон зуун жаран гурван мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч М.Өд олгож, Эрүүгийн 2238000000030 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч М.Ө нь 6,746,330 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Маас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Отгончимэг эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял нь хэт хөнгөдсөн буюу түүний хувийн байдалд тохироогүй байна. Учир нь шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйн дээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй, гэртээ хүүхдээ хардаг талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг дурдаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Б.М прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: “... Прокурор нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж бичсэн эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Хөнгөн шийтгэл оногдуулсан гэж үзэх нь миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнтэй нийцэхгүй байна. ... Би өөрөө шүүхийн шийдвэрийг хүндэтгэж тохирох торгуулиа төлнө” гэжээ.

Хохирогч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хохирогч М.Өын эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болосн байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна” гэсэн нь учир дутагдалтай байна.

...Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа огт хүлээн зөвшөөрдөггүй.

...Түүний энэхүү гэм буруугаа огт хүлээн зөвшөөрдөггүй, хийсэн үйлдэлдээ гэмшдэггүй нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдааны дараа буюу шүүхийн шийтгэл тогтоол гарсаны дараа ч хэвээр үргэлжилсээр байгаа бөгөөд миний үйлчлүүлэгчид байнгын сэтгэл санааны зовиур шаналгааг төрүүлсээр байна.

...Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийн улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс түүний гэм буруутай үйлдэлд нь “...долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх...” санал, дүгнэлтийг гаргасан боловч ямар шалтгааны улмаас дээрх дүгнэлтийг няцаасан эсэх талаараа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаж шийдвэрлээгүй нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарагдаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шийдвэр болжээ гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон.

Хоёр: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...хохирогч М.Өын нийт нэхэмжилсэн 7,510,230 төгрөгийн хохирлоос 6,746,330 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй... шүүгдэгч Б.Маас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна...” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчийн асуусан асуулт зэрэгт тус, тус “...хэдий миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэлээ түүний эмчилгээний зардал болох 1,569,300 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэж хүсэл зоригоо тодорхой хэлж, ойлгуулсан байдаг.

Гэтэл шүүх хуралдаан даргалагчаас хэт нэг талыг илтэд барин хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчмуудыг ноцтой зөрчин шүүгдэгч Б.Маас дахин дахин тодруулсаар байгаад “...бодит хохирлыг нөхөн төлнө...” гэх тайлбарыг хэлүүлж, түүний санаа зорилгыг зориуд өөрчилсөнд хохирогч М.Өын хувьд маш их гомдолтой байгаа.

...Хавтаст хэрэгт авагдсан Монголын Татварын албаны Аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан 2021 оны 4 дүгээр улирлын тайлан, ХУР төрийн мэдээллийн системээс гаргуулсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь ойлгомжгүй бөгөөд үйл ажиллагааны орлогоо тодорхойлж, улмаар олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх эрхийг хязгаарласан нь хохирогч М.Өын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахуйц шийдвэр болсон тул уг давж заалдах гомдлыг гаргаж байгаа болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон шүүгдэгч Б.Маас 7,510,230 төгрөгийг гаргуулж хохирогч М.Өд олгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: “... Хохирогч нь нүдний косметик оёдлоо задлахдаа хэт согтуу байсан бөгөөд эрүүл болсны дараагаар гомдол гаргаж косметик оёдлын зардлыг төлбөл гомдлоо татна гэсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж удаа дараа гомдол мэдүүлж үндэслэлгүйгээр хэт их мөнгө нэхэж, ор үндэслэлгүй гүтгэж байна. ...Шүүх хуралдааны явцад зан байдлын доголдол гаргаагүй гэдгээ би гэрчилж байгаа учраас хэргийн үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсч байна. ...Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Маас үндэслэлгүй 7,510,230 төгрөгийг нэхэмжилсэн талаар маш нарийн хянан хэлэлцэж шүүгч шийдвэрээ гаргасан байхад шүүх хуралд шүүгдэгчийн зан байдал болон асуусан асуултад хариулаагүй гэж ил худал гүтгэж байна” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Б.Мд оногдуулсан ял нь тухайн зүйл хэсэгт заасан сонгох санкцитай гэмт хэргийн хамгийн доод хэмжээгээр оногдуулсан нь хувийн байдалд нь тохироогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналыг гаргаж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгчийн 7,510,230 төгрөгийн хохирлыг бүрэн хэмжээгээр шүүгдэгч Б.Маас гаргуулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Б” буудлын гадна 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.Өтай хэрүүл маргаан үүсгэн биед нь халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шинжээч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, мөн эмчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай нэмэлт дүгнэлт, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Прокурор Л.Отгончимэг “...шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь хэт хөнгөдсөн буюу түүний хувийн байдалд тохироогүй...” гэх агуулга бүхий эсэргүүцэл,

Хохирогч М.Ө болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар “...шүүх хуралдаан даргалагчаас хэт нэг талыг барин хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчмуудыг ноцтой зөрчин шүүгдэгч Б.Маас “...бодит хохирлыг нөхөн төлнө...” гэх тайлбарыг хэлүүлж, түүний санаа зорилгыг зориуд өөрчилсөн, .... шүүх хуралдаан даргалагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх заалтыг ноцтой зөрчиж, шүүх хуралдаан завсарлаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа явагдаж эхлээгүй байхад хохирлын баримтуудыг үнэлж дүгнэн, илтэд үгүйсгэж байсан. ... Иймд шүүгдэгч Б.Маас 7,510,230 төгрөгийг гаргуулж хохирогч М.Өд олгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангах учиртай бөгөөд оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шаардлага тавигддаг.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байх ба шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь хэт хөнгөдсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн шүүх хохирогч М.Өын эмчилгээний болон бусад зардлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж “нийт нэхэмжилсэн 7,510,230 төгрөгийн хохирлоос 6,746,330 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй 763,900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Маас гаргуулж хохирогч М.Өд олгох нь зүйтэй байна” гэж дүгнэж, 6,746,330 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Маас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн холбогдох заалттай нийцсэн байна.

Түүнчлэн Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

       ШҮҮГЧИД                                   Б.СОСОРБАРАМ

                                                                      Н.БАЯРХҮҮ