Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 34

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

Гуравдагч этгээдийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлоор МА ХХК-ийн захирал Г.Эгийн нэхэмжлэлтэй СХ ХХК-ийн захирал СХд холбогдох Барьцааны гэрээг хүчингүй болгон, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжпэгч МА ХХК-ийн захирал Г.Э нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СХ ХХК-ний ХААН банкны зээлийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг нь тогтоож өгнө үү  хүсэлтээ шүүхэд тавьсан... Мөн өнөөдрийг хүртэл 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр СХ ХХК, Мон-Апи ХХК-ийн хооронд хийгдсэн  таван Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд аль нэг тал нь гомдол гаргаагүй учир дээрх гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг тогтоох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч СХ ХХК-ийн захирал Д.Бямбасүрэн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Мон-Апи ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан хуулийн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банкны барьцааны эрхийн талаар маргах, нэхэмжлэл гаргах ямар ч эрхгүй этгээд болох Мон-Апи ХХК-ийн захирал гэх Г.Э нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл маргаж байгаа Барьцааны гэрээ-г нэг талаас ХААН банк, нөгөө талаас СХ ХХК нар байгуулсан байхад энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар огт маргах эрхгүй, огт хамааралгүй, гэрээний оролцогч бус этгээд болох Мон-Апи ХХК нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Эндээс үзэхэд ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.14.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тодорхой нотлогдож байна. Иймд Мон-Апи ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар СХ ХХК, Хаан банкны хооронд байгуулсан 2003 оны 09 дүгээр оны 29-ний өдрийн Зээлийн гэрээ-ний үүргийг хангах Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-нд заагдсан Дэлгүүрийн зориулалттай барилга /тоосгон/ Сүхбаатар сумын төвд байрладаг 1317001561 дугаартай улсын бүртгэлтэй, дэлгүүрийн зориулалттай барилга /палк, тоосго /2002 он 63.06 м2, 1317002686 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга /тоосгон, нэг тал нь 2 давхар/ 250м2 1217001560 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга 339м2, 1317001559 дугаартай улсын бүртгэлтэй, хувийн байр /2 давхар, доороо зоорьтой 400.3м2, 1317003121 дугаартай улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь Мон-Апи ХХК болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 572 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдын хооронд байгуулсан 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээ"-г үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, Мон-Апи ХХК-ийн өмчлөлд шшгжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холооотой эд хөрөнгийн бусад эрхнййн улсын бүртгэлийн гэрчилгээ"-үүд авснаар дээрх гэрээ нь хүчин төгөлдөр болсон ба бэлэглэлийн гэрээ" нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар зохигчдын аль нэг тал нь Бэлэглэлнйн гэрээ-г хүчигүй болгуулахаар гомдол гаргаагүй ба 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчннгүй болгож болохгүй гэсэн заалтанд зааснаар дээрх гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ...Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банк нь Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-02-04-ний өдрийн 94 тоот шийдвэрт 5 үндэслэлээр гомдол гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Эдгээр үндэслэлүүдийг дараах байдлаар няцааж байна.

1.Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгосон нэг ч шийдвэр байхгүй. Харин хүчинтэй байгаа болохыг Мон-Апи компани болон түүний өмгөөлөгч, СХ ХХК -ын тайлбарууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдоно.

2. Барьцааны гэрээг хүчингүй болгох шаардлагын тухайд дараах утгууд бүхий гомдол гаргасан байна. Монгол улсын Дээд шүүхийн 2008-10-07-ны өдрийн 469 дугаар тогтоолд хоёр талын нэхэмжлэл, гомдолд дурдаагүй нотариатын баталгааг хүчингүй болгох, барьцааны гэрээг дуусгавар болсон тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт байгаа.

3.Мон-Апи компани нь ХААН банканд биш СХ компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Учир нь СХ компани нь ХААН банкны маргаад байгаа хөрөнгүүд нь Мон-Апи компанид хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжсэн бөгөөд Мон-Апи компанийн өмч болсныг хүлээн зөвшөөрч байгаа мэт боловч ямар ч санаачилга гаргахгүй, яавал ч яаг гэсэн шиг үл ойшоосон байдалтай байгаа нь манай компанийг эрсдэлтэй байдалд хүргэж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа тул бид эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрсэн.

СХ ХХКомпани Хаан банкны хооронд байгуулсан барьцааны гэрээний нотариатын баталгааг хүчингүй болгож шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь 2019-06-13-ны өдрийн 001/хт2019/00903 тоот тогтоолоор тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг өгч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Мон-Апи ХХК нь СХ ХХК-нд холбогдуулан 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн СХ ХХК-ний ХААН банкны зээлийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг нь тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Хаан банк нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцон Хаан банкны барьцааны болон батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр эсэхийг урьд шүүх шийдвэрлэсэн, банкны барьцааны эрхийн талаар нэхэмжлэгч Мон-Апи ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь буруу гэж маргасан байна.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 1.СХ ХХК нь ХААН банктай 2003 оны 09  дүгээр сарын 29-ний өдөр 60.0 сая төгрөгийн Зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө зээлдэгчийн үүргийн баталгааг ханган СХ ХХК-ийн өмчлөлийн болон эзэмшлийн Сүхбаатар суманд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан Барьцааны гэрээ байгуулсан.

2. СХ ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд Мон-Апи ХХК-тай Хамтран ажиллах гэрээ 2003 оны 10 сарын 15-ны өдөр байгуулж ажиллаж байсан ба СХ ХХК-ны Хаан банканд өөр эх үүсвэрээр зээл төлөх боломжтой талаар хүсэлт гарсан.

Тус хүсэлтийн дагуу Хаан банк 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр СХ ХХК нь ХААН банкнаас авсан бизнесийн зээлээ төлж дуусгасан болно гэсэн тодорхойлолт хийж өгсөн, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх тодорхойлолтыг үндэслэн СХ ХХК-ийн өмч болох 5 үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлжээ.

Ийнхүү барьцааны хөрөнгийг чөлөөлснөөр СХ ХХК нь өөрийн өмчлөлийн 5 үл хөдлөх хөрөнгийг 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-гээр Мон-Апи ХХК-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, бэлэглэлийн гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, улмаар Мон-Апи ХХК-ний өмчлөлд шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ олгосон байна.

МА ХХК нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах үед Хаан банк нь тухайн хөрөнгүүд нь хууль бусаар Мон-Апи ХХК нд шилжүүлсэн гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус маргааныг 2010 оны 02 сарын 22-ны өдрийн 62 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн.

Түүнчлэн Хаан банк СХ ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай нэхэмжлэл, СХ ХХК нь хариуцагч Хаан банкинд холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг 2008 оны 10 сарын 07-ны өдрийн 469 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор, мөн СХ ХХК нь Хаан банктай байгуулсан 2003 оны 09 сарын 29-ний өдрийн Барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай маргааныг Улсын дээд шүүхийн 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00903 дугаартай тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэжээ.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн захиргааны болон иргэний хэргийн танхимын тогтоолуудаас үзэхэд нэхэмжлэгч Мон-Апи ХХК-ийн өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэлийг шууд шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Учир нь СХ ХХК нь өөрийн өмчлөлийн 5 үл хөдлөх хөрөнгийг 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-гээр Мон-Апи ХХК-нд шилжүүлсэн тухай бүртгэлийг 2010 оны 02 сарын 22-ны өдрийн 62 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болгож, банкны барьцааны эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээхийг Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн ба энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгөнүүд нь СХ ХХК-ийн өмчлөлд, зээлийн барьцаанд улсын бүртгэлд бүртгэгдсэн нөхцөл байдалтай байна.

Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00903 дугаартай тогтоолоор СХ ХХК-ийн Хаан банктай байгуулсан 2003 оны 09 сарын 29-ны өдрийн Барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон.

Энэ байдлаас дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч Мон-Апи ХХК-ны СХ ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай иргэний хэргийг дээр дурдсан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2010 оны 02 сарын 22-ны өдрийн 62 дугаартай тогтоол болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00903 дугаартай тогтоолуудаас үүсэх хууль зүйн үр дагавар буюу нотариатын үйлдэл хүчингүй болсноор барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх эсэх, түүнтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хүчинтэй эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээс өмнө тухайн хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж, хэргийн оролцогчдын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх эсэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ажиллагааг хийх боломжтой байхад хэргийг шууд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс тухайн алдааг залруулж шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН