| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04972/И |
| Дугаар | 181/ШШ2024/03584 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03584
2024 09 27 181/ШШ2024/03584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Н-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Н-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Б овогт Э.Н нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр И ХХК-тай ЗГ2022/06/751 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 35,3%-ийн хүүтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн билээ.
Зээлдэгч Э.Н нь зээлийн гэрээний хавсралт-1-д заасан зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж байсан тул манай байгууллагын зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/00798 дугаар захирамжаар хариуцагч Э.Н нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд одоо оршин суудаггүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Э.Н (РД:............)-ийн оршин суугаа газар мэдэгдэхгүй, хаягийг нь тогтоолгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/00798 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, И ХХК-иас 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б.О-д олгосон итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГ2022/06/751 тоот зээлийн гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс авсан Э.Н-ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч И ХХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Н-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч И ХХК нь Э.Нтэй 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ2022/06/751 тоот Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Э.Н-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Н нь зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Баянзүрх дүүрэг, ............. 1012 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/00798 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт Э.Н /РД:............/-ийг сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Э.Н /РД:............/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт Э.Н /РД:............/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Б овогт Э.Н /РД:............/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч И ХХК /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ