Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03570

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 181/ШШ2024/03570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .............. А ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Т-тай .......... дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчид 13,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,8% хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээнд бичигдсэн түүний бүртгэлтэй албан ёсны хаяг ..........0 тоот гэх боловч өөрөө оршин суудаг хаягаа ......... тоот хаягт амьдран суудаг гэж байсан. Уг хаягаар зээл авсны дараа манай ажилтнууд очиж уулзаж байсан боловч зээл эрсдээд эхэлсний дараа дээрх хаягт болон үндсэн хаяг дээрээ огт байхгүй, манайд бүртгэлтэй утас /........../ нь холбогдохоо байсан. Монгол шуудангаар зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдэгдэх хуудас явуулахад үндсэн зээлдэгч болох Б.Т нь дээрх хаягт байхгүй гэх үндэслэлээр мэдэгдэх хуудсыг гардаж авдаггүй буцаж ирдэг. Эхнэр Х нь /........../ Бид салсан хаа байгааг нь мэдэхгүй, хөдөө байгаа сурагтай, би фэйсбүүк чатаар нь л хааяа харьцаж байгаа хэлье гэх боловч эргэн холбогдоход холбоо барьж чадаагүй гэсэн тайлбар өгдөг. Зээлдэгч Б.Т-тай хамгийн сүүлд......... утсаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр утсаар холбогдоход Хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүй, цагдаа дээр байна гэж ярьснаас хойш холбоо барьж чадаагүй. Зээлдэгч Б.Тын бүртгэлтэй ............ гэх утасны дугаар нь удаан хугацааны турш холбогдохгүй байж байгаад саяхан холбогдоход хүүхэд шинээр худалдан авсан гэсэн тайлбар өгсөн, дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь эхнэр Хаагийн утсаар өгсөн тайлбар, Монгол шуудангаас буцан ирж байгаа шуудангийн баримт зэргээс Б.Т нь өөрийн өгсөн хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч талаас ямар хаягийг үндэслэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах нь тодорхойгүй, хариуцагчтай холбогдох боломжгүй болоод байгаа тул Б.Т /РД:........../-ыг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн .......... тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн тооцоолол, А ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ч.С-т олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/08874 дугаартай захирамж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар Б овогт Б.Тын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч А ХХК нь Б.Т-тай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр .......... тоот Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Т-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т нь ............... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа, Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт Б.Т /РД:........../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Б.Т /РД:........../-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт Б.Т /РД:........../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б овогт Б.Т /РД:........../-ыг оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч А ХХК /утас:........./-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ