Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 576

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  1708004050346 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо тэтгэвэрт, ам бүл 1, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010.04.26-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлсэн, О овогт Мгийн М /РД:.../.

Яллагдагч М.М нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод төрсөн охин М.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 11-ний өглөө ажлаас буусан. Гэртээ харихдаа дэлгүүрээс идэж уух юм аваад харьсан. 2,5 литрийн пиво авснаас нэг аягийг уугаад унтсан байсан. Охин загнаад пиво өшиглөж унагаад цуг байсан Бодь-Эрдэнийг үсдээд намайг” салгах гэтэл гэдэснээс хазахаар нь би сандлаар цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.  

Эрүүгийн 1708004050346  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Нын: “...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед гэртээ ирэхэд аав М нь хамтран амьдарч байгаа Бтэй цуг байсан. Би орж ирээд “архи уулаа” гэж хэлээд шаардлага тавихад аав М согтуу агсарч намайг зодож гэмтээсэн. ...Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх үйл байхгүй. Миний өргөдлийг хааж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-18-20, 23/,

Гэрч М.Цэндсүрэнгийн: “...Ээж А над руу залгаад аав чинь эгчийг нь зодоод байна, ирээд аваадах гэсэн. ..Дүү Э царай нь цайчихсан хашаанаасаа гарч ирэхэд би тааралдаад юу болсон талаар асуухад “ээж үхчихлээ” гэж орилоод уйлсан. Эгчийн байшинд ороход үүдэнд доошоо хараад ухаан алдаад уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Д.Аийн: “...Аръяагэрэл гэдэг эмэгтэй над руу залгаад “Нацагааг аав нь зодоод байна, нүүр ам нь авах юмгүй байна, та ирж авахгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт ирэхэд Нын нүүр битүү хавдсан харах юмгүй болчихсон байсан. Юм ярьж чадахгүй, биеийн ил харагдах бүх хэсгээр хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-29/,

Гэрч Т.Бодь-Эрдэнийн: “...М “би 3 хоног ажилтай нойргүй явсан, ирээд хоол хийгээд өгөөч” гэхээр нь би очсон. Дэлгүүрийн гадна уулзаад чихэр, жимс, дээр нь нэг пиво аваад охиныдоо очиход хүнгүй байсан. Бууз хийж өгөөд М пивоо задлаад аяганд хийж уусан. Дахин уугаагүй. Тэгээд “ядраад байна” гээд унтаад өгсөн. Би орных нь урд сууж байхад гаднаас охин Н орж ирээд юу ч дуугаралгүй шууд миний үснээс зулгааж авахад би хашгираад Мыг босооч гэхэд босож ирсэн. Тэгээд салгасан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-34/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.16-ны өдрийн 8919 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Нын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн гуя шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-36/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...Гаднаас охин орж ирээд “Юу болоод архи дарс авчраад хүн дагуулж ирээд давраад байгаа юм” гээд орны өмнө байсан ууж амжаагүй пивийг өшиглөхөөр би босож “би даварсандаа яасан юм” гэхэд Н “тэгвэл энийг чинь ална” гээд орон дээр унтаж байсан Бодь-Эрдэнийг үсдэж аваад татаж орноос буулгасан. Би болв гээд татахад охин маань гэдэснээс хазаад байхаар нь нүүр рүү нь нэг удаа цохиод авахад тэр ороо хавдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-43-44/,          

Хохирогчийн өргөдөл /хх-8/, өвчний түүх /хх-60-98/, насанд хүрээгүй гэрч Н.Эгийн мэдүүлэг /хх-32/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.М нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72 дугаар гудамж, 16б тоотод төрсөн охин М.Ныг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “Нэхэмжлэх зүйлгүй” гэж /хх-18-20/ мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэж, шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Мгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М 1000000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.М бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР