| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2138000000623 |
| Дугаар | 2022/ДШМ/17 |
| Огноо | 2022-10-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/17
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Б,
Ялтны өмгөөлөгч: Б.А,
Эрх бүхий албан тушаалтан: Э.С,
Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/12 дугаар захирамжтай Л.Гийн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаарх ялтны өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хул азаргат овогт Лийн Г, …. оны .... дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, …. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .............. сумын …. дугаар багт оршин суух бүртгэлтэй /регистрийн дугаар .........................../.
Л.Гийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн ба дээрх ялыг биелүүлэх үүргийг удаа дараа зөрчсөн үйлдэлд эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар солиулахаар прокурор дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/12 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан Л.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Гт оногдуулсан 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлд “...Ялтан Г нь тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлт, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд техникийн зааварчилгаа өгсөн тухай тэмдэглэл, хувийн баталгаа, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, ...шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар, ялтан Л.Гийн тайлбар, утсаар ярьсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар ялтан Л.Г нь зорчих эрх хязгаарлах ялын техникийн тоног төхөөрөмж болох цахим бугуйвчийг 2022-04-13-ны өдрийн 10 цаг 51 минутаас 2022-05-09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл унтрааж техикийн болон биечилсэн хяналтаас нийт 25 хоног 22 цаг 09 минүтын хугацаагаар зайлсхийж. ...улмаар техикийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас дээш хугацаагаар гарсан болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.
Учир нь ялтан Л.Г нь сэтгэцийн эрүүл мэндийн өвчний улмаас удаа дараа сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд түүнийг сэтгэцийн өвтэй болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 711 дугаартай дүгнэлтээр дүгнэж оношилсон байдаг.
Үүнд: Л.Г нь сэтгэл санааны /цочирдлын/ органик эмгэг, шинж тэмдэгийн цөөн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна, дээрх эмгэг нь олон улсын өвчний 10-р ангиллын дагуу F06.3 гэсэн кодтой эмгэг болно, ...одоогоор засрал сайжралын байдалд байгаа ба цаашид бүрэн эдгэрэх боломж багатай болно. Л.Г нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, өвчин сэдэрч хөдөлж дахисан тохиолдолд хэрэг хариуцах чадваргүй болно..., харин өвчин сэдэрч дахисан тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой байна..., харин цаашид ар гэр, асран хамгаалагчийн хараа хяналтанд байж, харъяа дүүргийн сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай байна...” гэж тус тус дүгнэгдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл ялтан Л.Гийг 2022-04-13-ны өдрийн 10 цаг 51 минутаас 2022-05-09- ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл 25 хоног 22 цаг 09 минутын хугацаанд зорчих эрх хязгаарлах ялын техникийн тоног төхөөрөмж болох цахим бугуйвчийг унтрааж зөрчсөн гэх энэ цаг хугацаанд түүний сэтгэцийн өвчин сэдэрч хөдөлж дахисан байх боломжтой эсэхийг шалгаж тодруулалгүйгээр түүнийг буруутгах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчихөд хүргэж байна.
...Ялтан Л.Г 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт ар гэрийнхний дэмжлэгээр хүргэгдэж эмчлэгч эмчийн анхны үзлэгийн дүгнэлтээр дор хаяж 14 хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмчилгээ эхэлсэн боловч Л.Гийн сэтгэцийн өвчин тогтворжихгүй байна, өөрийгөө хянах чадваргүй байна гэх оношоор 36 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлж байж сэтгэцийн эмгэг буюу өвчин нь засрал сайжралын байдалд орсон болох нь өвчтөний сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхээр нотлогддог.
...Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлд заасан Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдуулан гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан ялтны өмгөөлөгч Б.Аын давж заалдах гомдлыг хянаж үзлээ.
Л.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгээрлэх ялаар шийтгүүлсэн байх ба дээрх ялыг биелүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн тул эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар солиулахаар прокурор дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/12 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Л.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ялтны өмгөөлөгч Б.Аын “...ялтан Л.Гийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 51 минутаас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын техникийн тоног төхөөрөмж болох цахим бугуйвчийг унтрааж зөрчсөн гэх боловч энэ хугацаанд түүний сэтгэцийн өвчин сэдэрч, дахисан байх боломжтой эсэхийг шалгаж тодруулалгүйгээр түүнийг буруутгах нь түүний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчихөд хүргэж байна.
...Хэрэв түүний сэтгэцийн эмгэг өвчин дээрх хугацаанд сэдэрч хөдөлж дахисан байсан бол сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг зөв үнэлж дүгнэх чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй нөхцөл байдалд байхдаа шүүхээс оногдуулсан ялыг эдлэхээс зайлсхийсэн гэх үйлдэлд түүнийг буруутгах нь хуульд нийцэхгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...”гэх агуулга бүхий давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Л.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй болох нь 01/22230121 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Гийн дээрх өвчний онош, код нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны оны А/152, А/366 дугаарт тушаалд заагдсан хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарахгүй” гэх дүгнэлтээс үзэхэд ялтан Л.Гт оногдуулсан ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 711 дугаартай “Л.Г нь Сэтгэл санааны /цочирдлын/ органик эмгэг. Шинж тэмдгийн цөөн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олон улсын өвчний 10-р ангиллын дагуу F06.3 гэсэн кодтой буюу Сэтгэл санааны /цочирдлын/ органик эмгэг болно. Мөн дээрх эмгэг нь одоогоор засрал сайжралын байдалд байгаа ба цаашид бүрэн эдгэрэх боломж багатай болно. Харин дээрх эмгэг нь эмийн эмчилгээний үр дүнд засрал сайжралд орох боломжтой болно. Л.Г нь сэтгэцийн хувьд одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Г нь сэтгэцийн хувьд одоогоор хэрэг хариуцах чадвартай байна. Харин өвчин сэдэрч хөдөлж дахисан тохиолдолд хэрэг хариуцах чадваргүй болно. Л.Гийн сэтгэцийн байдал нь өвчний засрал сайжралын байдалд байгаа үедээ өөртөө болон бусдад аюул учруулах нь бага байна. Харин өвчин нь сэдэрч хөдөлж дахисан тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой байна. Л.Гийн сэтгэцийн өвчин нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарах эсэхийг манай комисс тогтоодоггүй болно. Л.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин цаашид ар гэр, асран хамгаалагчийн хараа хяналтад байж харьяа дүүргийн сэтгэц мэдрэлийн эмчийн хяналад байх шаардлагатай байна. Л.Г нь хэрэг үйлдэгдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, дээрх эмгэг нь засрал сайжралын байдалд байсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлтээс дүгнэж үзвэл ялтан Л.Гт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байх ба тэрээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн хугацаанд уг ялыг биелүүлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5, 5.6 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ялтаны өмгөөлөгч Б.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ